Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.09.28

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.09.28

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм
  • Хаан банкны зах зээлийн үнэлгээ 1 тэрбум ам.долларын босгыг давлаа
  • “Дэвшил Мандал” ХК-н хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа
  • Вьетнам улс FTSE Russell-ийн хөгжиж буй зах зээлийн индекст нэгдлээ
  • Хиймэл оюуны өсөлтийн ирээдүй нь томоохон технологийн компаниудын мөнгөн урсгал гурав дахин өсөж, 2 их наяд ам.долларт хүрэхээс хамаарна
  • Холбооны Нөөцийн Сан хүүгээ дахин өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд үүссэнтэй холбоотойгоор холбоотойгоор АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрлээ
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 69.495 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 10.291 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Худалдаа Хөгжлийн банк, Премиум Нэксус ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, болон Голомт Банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Премиум Нэксус ХК (CUMN) – 1 сая 819 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 350 үнээр, нийт 636,650,000 төгрөгөөр арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн эерэг байж, зах зээлийн өсөлтийн төлөв хадгалагдлаа. MSE A Индекс 7.65% -ийн өсөлтөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байж, 26,343.25 нэгжид хүрсэн бол, TOP 20 индекс 5.65% - ийн өсөлтөөр  66,618.37 нэгжид, FTI индекс 0.82%- -ийн өсөлтөөр 1062.31 нэгжид, MSE-B Индекс 0.28%- иар 15297.21 нэгжид тус тус хүрсэн байна. Индексүүдийн өсөлтөөс харахад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын идэвх, худалдан авах сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа MSE A болон TOP 20 индексүүд өндөр өсөлт үзүүлсэн нь зах зээлийн үнэлгээ өндөр, хөрвөх чадвар сайтай компаниудын хувьцаанд эрэлт нэмэгдсэнийг илтгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь банк, санхүүгийн салбарын хувьцаа ихээхэн нөлөөлсөн байна. MSE B индекс харьцангуй бага буюу 0.28%-ийн өсөлттэй байсан нь дунд болон бага үнэлгээтэй хувьцаануудын хөдөлгөөн тогтвортой байсныг харуулж байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 66,618.37 +5.65%
MSE A Индекс 26343.25 +7.65%
MSE B Индекс 15,297.21 +0.28%
FTI Индекс 1,062.31 +0.82%

 


⇒  ХААН БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ ДАВЛАА.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй ХААН Банк ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн арилжааны хаалтын ханшаар 3.629 их наяд төгрөгт хүрч, 1 тэрбум ам.доллароос давсан байна.

Ингэснээр ХААН Банк нь Монголын хөрөнгийн зах зээлд 1 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны компани болж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хэмжээнд шинэ босго тогтоолоо.

Тус банк 2022 онд МХБ-д IPO хийж, 183.4 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд түүнээс хойш зах зээлийн үнэлгээ нь мэдэгдэхүйц өссөн байна. Мөн 2025 онд FTSE Russell-ийн Frontier индексийн Mid Cap болон Mid/Large Cap ангилалд багтсан анхны Монголын компани болсон нь олон улсын хөрөнгө оруулагчдын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлийн харагдацыг нэмэгдүүлсэн үйл явдал болсон.

ХААН Банкны зах зээлийн үнэлгээ ийнхүү 1 тэрбум ам.долларыг давсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын үнэлгээ өсөж, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох боломж өргөжиж байгааг илэрхийлсэн онцлох үзүүлэлт болж байна.


⇒  “ДЭВШИЛ МАНДАЛ” ХК-ИЙН ХУВЬЦААГ МХБ-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА.

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд 1993 оноос бүртгэлтэй байсан “Дэвшил мандал” ХК-ийн 70,420 ширхэг хувьцааг 2026 оны 9-р сарын 24-ний өдрийн шийдвэрээр биржийн бүртгэлээс хаслаа. Нэг бүр нь ₮100-ийн нэрлэсэн үнэтэй тус хувьцааны бүртгэлээс хасах хүсэлтийг компани 9-р сарын 4-ний өдөр МХБ-д хүргүүлсэн байна.

“Дэвшил мандал” ХК нь DMA үсгэн код, MN00DMA03006 ISIN кодтой бөгөөд МХБ-ийн мэдээллээр боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, одоогоор үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогссон компанийн статустай байжээ.

Ийнхүү тус компанийн хувьцаа МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдсанаар хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн тоо болон бүртгэлтэй үнэт цаасны бүтцэд өөрчлөлт орж байна.

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Хөрөнгө оруулагчид хүүгийн өсөлтийн талаарх санаа зовнилыг геополитикийн сайжирсан байдал болон технологийн хувьцааны өсөлттэй тэнцвэржүүлснээр дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй долоо хоногийг даван туулсан. Зах зээлийн гүйцэтгэл бүс нутгуудад харилцан адилгүй байсан бөгөөд АНУ-ын технологийн хувьцаа, Японы хувьцаа, Өмнөд Солонгосын хувьцаанууд илүү үзүүлэлттэй байсан бол Хятадын зах зээл хоцорч байв.

АНУ-д зах зээлийн гол индексүүд харилцан адилгүй үзүүлэлт үзүүлэв. S&P 500 индекс долоо хоногийн турш бараг өөрчлөлтгүй хаагдсан бол Dow Jones Industrial Average индекс бага зэрэг уналт үзүүлжээ. Харин технологийн салбарын хувьцаа давамгайлсан Nasdaq Composite индекс хиймэл оюун ухаантай (AI) холбоотой хүчтэй өсөлтийн хандлага болон өсөлтийн чиглэлийн хувьцаанд хөрөнгө оруулагчдын зүгээс тогтвортой эрэлт хэрэгцээ байснаар бусад индексээс илүү сайн үзүүлэлт үзүүлэв.

Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийн зах зээлийн төлөв нь мөнгөний хатуу бодлогын нөлөө болон эрсдэл хүлээх хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэж буй хандлагын хоорондын тэмцлийг илэрхийлж байлаа. Бондын өгөөж өндөр хэвээр байгаа нь зах зээлд дарамт болсон хэдий ч хиймэл оюун ухаанд суурилсан өсөлтийн хүлээлт, геополитикийн хурцадмал байдал намжсан байдал, мөн нефтийн үнийн бууралт зэрэг хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг дэмжиж, дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийг харьцангуй тогтвортой байхад нөлөөлсөн байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.66%
  • Dow Jones: -0.21%
  • Nasdaq: +2.21%

S&P 500 индекс хэлбэлзэл ихтэй арилжааны долоо хоногийг үдлээ. Долоо хоногийн эхээр 7,780-аас дээш гарч дээд цэгтээ хүрсэн хэдий ч АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж огцом өсөж, хөрөнгө оруулагчид тус улсын мөнгөний бодлогын төлөв байдлыг дахин үнэлснээр уг индекс хэлбэлзэж эхэлсэн. Гэсэн хэдий ч тус индекс долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр 0.66%-иар өсөж, алдагдлынхаа тодорхой хэсгийг нөхөж чадлаа.

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж, мөнгөний бодлого улам чангарна гэсэн хүлээлт нь хувьцааны зах зээлд хүндрэлтэй орчин бүрдүүлсэн бол геополитикийн хурцадмал байдал намжих хандлага, газрын тосны үнийн бууралт болон хиймэл оюун ухаантай холбоотой өөдрөг хүлээлтүүд нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжсэн байна. S&P 500 индекс долоо хоногийг бага зэрэг буурч өндөрлөсөн хэдий ч макро эдийн засгийн болон геополитикийн томоохон сөрөг хүчин зүйлсийн нөлөөн дор зах зээл харьцангуй өндөр уян хатан, тогтвортой байдлаа хадгалж чадсан байна.

Dow Jones Industrial Average индекс 2026 оны 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт ойролцоогоор 0.3%-ийн өсөлттэй байж, 51,828.62 нэгжид хаагдсан байна.

2026 он 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт Nasdaq Composite индекс АНУ-ын томоохон хувьцааны индексүүдээс хамгийн өндөр өсөлттэй байж, ойролцоогоор 2.0%-иар өсөн 30,608.13 нэгжид хаагдсан байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +0.34%
  • STOXX Europe 600: +0.39
  • DAX 40: -0.32%
  • CAC 40: -0.32%

FTSE 100 индекс 2026 оны 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт ойролцоогоор 0.3%-иар өсөж, 10,695.25 нэгжид хүрч хаагдсан байна. Дэлхийн санхүүгийн зах зээлүүдэд савлагаа өндөр байсан хэдий ч Их Британийн жишиг индекс олон улсын зарим томоохон индексүүдээс илүү гүйцэтгэл үзүүлж, геополитикийн нөхцөл байдал сайжирч буй хүлээлт болон уул уурхай, санхүүгийн салбарын хувьцааны өсөлтөөс дэмжлэг авчээ.

STOXX Europe 600 индекс долоо хоногийг бараг өөрчлөлтгүй буюу үл ялиг өсөлттэй өндөрлөж, 9 дүгээр сарын 25-нд 638.65 нэгжид хүрсэн бол 9 дүгээр сарын 21-нд 641.93 нэгж байсан байна. Европын хувьцааны зах зээлд тулгарсан гол дарамт нь АНУ тэргүүтэй улс орнуудын Засгийн газрын бондын өгөөжийн огцом өсөлт байлаа. Бондын өгөөж өссөнөөр төв банкууд хүүгийн түвшинг урт хугацаанд өндөр хадгалж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж, эрсдэлтэй хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж, зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь дэлхийн санхүүгийн нөхцөл болон эдийн засгийн өсөлтийн хүлээлтэд мэдрэмтгий Европын зах зээлүүдэд онцгой нөлөө үзүүлсэн байна.

DAX 40 индекс долоо хоногийг бараг өөрчлөлтгүй буюу бага зэрэг буурсан үзүүлэлттэй өндөрлөж, 25,408.64 нэгжид хаагдсан байна. DAX индексийн хөдөлгөөнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь долоо хоногийн сүүлээр газрын тосны үнэ буурсан явдал байв. Эрчим хүчний үнэ буурах нь үйлдвэрлэл болон эрчим хүч их шаарддаг боловсруулах салбараас өндөр хамааралтай Германы эдийн засагт эерэг нөлөөтэй тул компанийн ашигт ажиллагаа болон эдийн засгийн идэвхийн төлөвийг сайжруулжээ.

CAC 40 индекс долоо хоногийн турш харьцангуй тогтвортой үзүүлэлттэй байж, 9 дүгээр сарын 25-нд 8,077.80 нэгжид хүрч хаагдсан байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.25%
  • KOSPI: +2.05%
  • CSI 300: -1.88%
  • SSEC: -0.81%

Nikkei индексийн өсөлтийг дэмжсэн гол хүчин зүйлсийн нэг нь технологи болон хиймэл оюун ухаантай холбоотой компаниудад хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хэвээр байсан явдал юм. Хиймэл оюун ухаантай холбоотой өсөлтийн хүлээлт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийг дэмжсэн хэвээр байсан бөгөөд энэ нь ялангуяа хагас дамжуулагч үйлдвэрлэгчид, технологийн нийлүүлэгчид болон экспортод чиглэсэн салбарууд давамгайлсан зах зээлүүдэд эерэг нөлөө үзүүлжээ. Японы олон компани дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул тус салбар хөрөнгө оруулагчдын хүчтэй эрэлтээс ихээхэн ашиг хүртсэн байна.

KOSPI индекс нь 2026 оны 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт судалгаанд хамрагдсан голлох зах зээлүүдээс хамгийн өндөр өсөлттэй нь байлаа. Индекс долоо хоногийн хугацаанд ойролцоогоор 2.05%-иар өсөж, 7,080.92 нэгжид хаагдсан.

Шанхай болон Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн том компаниудын гүйцэтгэлийг хэмждэг CSI 300 индекс 2026 оны 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт дэлхийн голлох хувьцааны индексүүдтэй харьцуулахад сул үзүүлэлттэй байв.

Shanghai Composite Index (SSEC) индекс 2026 оны 9 дүгээр сарын 25-нд дууссан долоо хоногт сул гүйцэтгэл үзүүлж, 9 дүгээр сарын 21-ний 3,920.27 нэгжээс 9 дүгээр сарын 25-ны 3,888.37 нэгж хүртэл буурсан байна. Энэ нь долоо хоногийн хэмжээнд ойролцоогоор 0.81%-ийн алдагдал хүлээсэн үзүүлэлт бөгөөд Хятадын хөрөнгийн зах зээлийг дэлхийн томоохон индексүүдийн дундах сул гүйцэтгэлтэй зах зээлүүдийн нэг болгожээ.


⇒   ВЬЕТНАМ УЛС FTSE RUSSELL-ИЙН ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСТ НЭГДЛЭЭ.

Вьетнам улс FTSE Russell-ийн Хөгжиж буй зах зээлийн индексэд багтсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах зорилгоор олон жилийн турш хэрэгжүүлсэн шинэчлэлийн томоохон үр дүн болж байна. Вьетнам улс 2018 оноос хойш FTSE Russell-ийн ажиглалтын жагсаалтад багтаж байсан бөгөөд энэхүү ахиц дэвшлийн үр дүнд Хятад, Энэтхэг зэрэг томоохон хөгжиж буй зах зээлүүдтэй нэг ангилалд орлоо. FTSE Russell-ийн тооцоолсноор энэхүү шийдвэр нь цаашид Вьетнамын хөрөнгийн зах зээлд 6 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтын урсгал татах боломжтой юм.

Энэхүү мэдэгдлийг зах зээл эерэгээр хүлээн авч, Вьетнамын хөрөнгийн зах зээлийн гол индекс арилжааны эхэнд өссөн ч өдрийн сүүлээр өсөлтийнхөө тодорхой хэсгийг буцаан алдсан байна. Ангилал ахих хүлээлт нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэдийнээ татаж, өнгөрсөн долоо хоногт Вьетнамын хувьцаанаас цэвэр дүнгээр 2.7 их наяд донг буюу ойролцоогоор 104 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Гэсэн хэдий ч энэхүү худалдан авалтын идэвхи сэргэснээс үл хамааран гадаадын хөрөнгө оруулагчид энэ онд нийт дүнгээрээ цэвэр борлуулагч хэвээр байна.

Тус индекст багтах үйл явц 2027 он хүртэл үе шаттайгаар хэрэгжинэ. Вьетнам улс эхний ээлжид есдүгээр сард 10%, дараа нь гуравдугаар сард нэмэлт 20%, улмаар зургаа болон есдүгээр сард тус бүр 35% нэмэгдэх үе шаттай явагдана. Зах зээлийн оролцогчдын үзэж буйгаар, индексэд багтах үе шат бүр ойртох тусам хөрөнгө оруулагчдын анхаарал болон хөрөнгийн урсгал нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа илүү өндөр дараа дараагийн шатнууд хэрэгжих үед хөрөнгө оруулалтын урсгал мэдэгдэхүйц өснө гэсэн хүлээлттэй байна.

Шинжээчид энэхүү өөрчлөлтийн шууд нөлөө эхний үед хязгаарлагдмал байж болзошгүйг анхааруулж байна. SSI Securities компанийн Глобал зах зээлийн газрын захирал Томас Нгуен-ий үзэж байгаагаар, индексэд багтах дараагийн томоохон үе шат ойртох хүртэл зах зээлийн идэвх харьцангуй сул хэвээр байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч тэрээр Вьетнамын индекс дэх жин аажмаар нэмэгдэхийн хэрээр дотоодын хөрөнгө оруулагчид энэ өөрчлөлтийн үр нөлөөг улам тодорхой мэдэрч эхэлнэ гэж үзэж байна.

Энэхүү ахиц дэвшил нь олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж таамаглаж байна. Тухайлбал, "Vanguard" компани ойрын хэдэн жилийн хугацаанд Вьетнам дахь хөрөнгө оруулалтаа ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувь хэмжээнд тавигдах хязгаарлалт болон зарим компанийн хувьд чөлөөт эргэлтэд байгаа хувьцааны хэмжээ хязгаарлагдмал байх зэрэг сорилтууд байсаар байна.

⇒   ХИЙМЭЛ ОЮУНЫ ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ НЬ ТОМООХОН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН МӨНГӨН УРСГАЛ ГУРАВ ДАХИН ӨСӨЖ, 2 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХЭЭС ХАМААРНА.

Томоохон технологийн компаниудын хиймэл оюун ухаантай холбоотой зарцуулалтын огцом өсөлт нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн улам бүр чухал хөдөлгөгч хүч болж байна. 2026 онд хиймэл оюун ухааны дэд бүтцийн өргөжилтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт нь АНУ-ын эдийн засгийн нийт өсөлтийн ойролцоогоор 20 хувийг бүрдүүлжээ.

Goldman Sachs-ийн мэдээлснээр, тэргүүлэгч дөрвөн hyperscaler компани болох Alphabet, Amazon, Meta болон Microsoft нь энэ жил хөрөнгө оруулалтын зардалдаа (capital expenditures) ойролцоогоор 800 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2019 оны зарцуулалтын түвшинтэй харьцуулахад арав дахин өссөн үзүүлэлт юм.

Даваа гарагт зах зээл хиймэл оюун ухаантай (AI) холбоотой хувьцаануудаас ихээхэн хамааралтай болох нь тод ажиглагдлаа. "Hyperscaler" буюу асар том хэмжээний үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч Meta болон чип үйлдвэрлэгч Arm, Intel компаниудын хувьцааны ханш огцом өссөний нөлөөгөөр Nasdaq Composite индекс 2.3%-иар өсөж, түүхэн дээд түвшинд хаагдсан бол S&P 500 индекс 1.5%-иар өссөн байна.

Гэвч зах зээлийн өсөлт нь нийт үзүүлэлтүүдээс харагдаж буй шиг өргөн хүрээг хамарсангүй. Бодит байдал дээр зах зээлийн идэвхжил хязгаарлагдмал байсан бөгөөд S&P 500 индексийн бүрэлдэхүүнд багтах ердөө долоон компани сүүлийн 52 долоо хоногийн дээд түвшиндээ хүрсэн бол 30 компанийн хувьцаа доод түвшиндээ унажээ. Энэхүү эрс тэнцвэргүй байдал нь хиймэл оюун ухааны (AI) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны компаниуд зах зээлийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлоход улам бүр гол үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.

Гол индексүүд мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн хэдий ч энэхүү өсөлтийг цөөн тооны хувьцаа голлон хөдөлгөсөн байна. Даваа гарагт S&P 500 индексийн бүрэлдэхүүнд багтдаг 30 компанийн хувьцаа сүүлийн 52 долоо хоногийн доод түвшиндээ хүртэл унасан бол дээд түвшиндээ хүрсэн компани ердөө долоохон байв. Энэ нь зах зээлийн ерөнхий өсөлтийн цаана мэдэгдэхүйц тэнцвэргүй байдал оршиж байгааг харуулж байна.

⇒   ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН ХҮҮГЭЭ ДАХИН ӨСГӨНӨ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ЗАХ ЗЭЭЛД ҮҮССЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ХОЛБООТОЙГООР АНУ-ЫН 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 2007 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ.

АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 5.12%, харин 30 жилийнх нь 5.37% болж өсөв. Үнэт цаасны өгөөжийн энэхүү өсөлт нь хөрөнгийн зах зээлийн уналттай давхцсан байна.

Хөрөнгө оруулагчид хүлээлтээс давсан эдийн засгийн үзүүлэлтүүд, газрын тосны үнийн өсөлт болон инфляцыг хяналтад авахын тулд бодлогын хүүг нэмэлтээр өсгөх шаардлагатай байж болзошгүйг илтгэсэн Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) албаныхны мэдэгдэлд хариу үйлдэл үзүүлэв. ХНС бодлогын хүүг дахин өсгөх хүлээлт эрс нэмэгдэж, зах зээл уг арга хэмжээ хэрэгжих магадлалыг 70 хувьтай гэж үнэлж байна.

Брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 100 ам.долларт дөхөж, түлшний нийлүүлэлт хумигдаж болзошгүй гэх болгоомжлол үүссэнээс үүдэн эрчим хүчний үнэ өссөн нь инфляцтай холбоотой санаа зовнилыг улам нэмэгдүүллээ. EY-Parthenon компанийн эдийн засагч Грегори Дако зэрэг эдийн засагчид Холбооны Нөөцийн Сан (ХНС) 12 дугаар сард хүүг дахин 25 суурь нэгжээр өсгөж болзошгүй гэж үзэж байна.