Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.06.22

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.06.22

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм. 
  • Үнэт цаасны зах зээлийн гүйлгээ 2.4 дахин өсөж, анхдагч зах зээл өсөлтийг тэргүүлж байна.
  • Төгрөгийн ханш харьцангуй тогтвортой ч голлох валютуудын эсрэг суларчээ.
  • Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр 67-д эрэмбэлэгдлээ.
  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцтай тэмцэх байр сууриа дахин баталлаа.
  • Нефтийн үнэ буурч, зах зээл инфляцын дарамт сулрах хүлээлттэй байна.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм. 

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 7.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Инновэйшн инвестмент ХК, Хаан банк ХК, Худалдаа Хөгжлийн банк, Монголын хөрөнгийн бирж ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нэг удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

  • Инновэйшн инвестмент ХК-ийн (QPAY) 2.4  ширхэг сая үнэт цаас нэгжийн 271 төгрөгөөр буюу нийт 650.4 сая төгрөгөөр арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 0.09%-иар буурч 51,371.42 нэгжид хүрсэн нь томоохон үнэлгээтэй хувьцаануудад ашиг авалт ажиглагдсаныг илтгэж байна. Харин MSE A индекс 0.48%-иар, MSE B индекс 0.11%-иар өссөн нь дунд болон жижиг үнэлгээтэй хувьцаануудад худалдан авах сонирхол хадгалагдаж байгааг харууллаа. Мөн FTI индекс 1.28%-иар өсөж 1,057.61 нэгжид хүрсэн нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ эерэг хөдөлгөөнтэй байсныг илэрхийлэв.

Зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчид томоохон хувьцаануудаас илүү сонгомол байдлаар дунд болон жижиг үнэлгээтэй компаниуд, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө шилжүүлж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Нийтдээ индексүүдийн гүйцэтгэл зах зээлд өргөн хүрээний борлуулалт бус, харин салбар болон бүтээгдэхүүн хоорондын эргэлт давамгайлсан, харьцангуй тогтвортой орчин үргэлжилж байгааг илтгэж байна.
 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 51,371.42

-0.09%

MSE A Индекс 19,800.53 +0.48%
MSE B Индекс 14,195,10 +0.11%
FTI Индекс 1,057,61 +1.28%

 


⇒  ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 2.4 ДАХИН ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээллээр 2026 оны эхний таван сарын байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 797.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 465.1 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн байна. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч нь анхдагч зах зээлийн санхүүжилт байсан бөгөөд нийт гүйлгээний 70 орчим хувийг бүрдүүлжээ.

Гол үзүүлэлтүүд

  • Нийт үнэт цаасны гүйлгээ: 797.5 тэрбум төгрөг (+465.1 тэрбум төгрөг, 2.4 дахин)
  • Анхдагч зах зээлийн гүйлгээ: 551.6 тэрбум төгрөг (нийт гүйлгээний 69.2%)
  • Хоёрдогч зах зээлийн гүйлгээ: 245.9 тэрбум төгрөг (+0.3%)
  • ТОП-20 индекс: 50,866.82 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 1,293.4 нэгжээр өсөв

Нийт гүйлгээний бүтцийг харахад компанийн бонд 54.7%-ийг эзэлж хамгийн өндөр жинтэй хэвээр байгаа бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16.3%, компанийн хувьцаа 15.2%, Засгийн газрын бонд 13.6%-ийг тус тус бүрдүүлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үзэж, компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилт татах идэвх өндөр байгааг илтгэж байна.

Харин арилжсан үнэт цаасны тоо 235.4 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 47.8%-иар буурсан байна. Үүнээс хоёрдогч зах зээл дээр арилжигдсан үнэт цаасны хэмжээ мөн 48.6%-иар буурсан нь гүйлгээний өсөлт нь арилжааны идэвхээс илүү өндөр дүнтэй анхдагч санхүүжилтээр дэмжигдэж байгааг харуулж байна. Мөн 2026 оны 5 дугаар сарын байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.1%-иар өссөн бөгөөд ТОП-20 индекс өмнөх сараас 149.5 нэгжээр нэмэгдсэн нь томоохон хувьцаануудын үнэлгээ тогтвортой өсөлттэй байгааг илэрхийлжээ.

Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл гүйлгээний өсөлт нь хөрөнгийн зах зээлээр дамжих санхүүжилтийн үүрэг нэмэгдэж байгааг харуулж байгаа ч өсөлтийн ихэнх хэсгийг анхдагч зах зээл бүрдүүлж байна. Харин хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвх сул хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх, зах зээлийн гүнзгийрлийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байгааг илтгэж байна.
 


  ТӨГРӨГИЙН ХАНШ ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРТОЙ Ч ГОЛЛОХ ВАЛЮТУУДЫН ЭСРЭГ СУЛАРЧЭЭ

Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны мэдээллээр 2026 оны 5 дугаар сарын байдлаар төгрөгийн голлох гадаад валютуудтай харьцах ханшид бага хэмжээний өөрчлөлт ажиглагдсан байна. Ам.долларын дундаж ханш 3,576.06 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.30 төгрөгөөр, өмнөх сараас 2.55 төгрөгөөр суларсан бол юань, рублийн эсрэг мөн сулрал үргэлжилжээ. Харин еврогийн ханш өмнөх сараас бага зэрэг чангарсан үзүүлэлттэй гарсан байна.

Гол үзүүлэлтүүд

  • Ам.доллар: 1 USD = 3,576.06 төгрөг (өмнөх оны мөн үеэс -3.30 төгрөг, өмнөх сараас -2.55 төгрөг)
  • Евро: 1 EUR = 4,175.46 төгрөг (өмнөх оны мөн үеэс -144.29 төгрөг, өмнөх сараас +1.35 төгрөгөөр чангарсан)
  • Юань: 1 CNY = 525.91 төгрөг (өмнөх оны мөн үеэс -30.82 төгрөг, өмнөх сараас -3.40 төгрөг)
  • Рубль: 1 RUB = 48.97 төгрөг (өмнөх оны мөн үеэс -4.65 төгрөг, өмнөх сараас -2.38 төгрөг)

Ханшийн хөдөлгөөнөөс харахад төгрөгийн сулрал үргэлжилж байгаа ч өөрчлөлтийн хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Энэ нь гадаад валютын зах зээлд огцом савлагаа үүсээгүй, ханш тогтвортой түвшинд хадгалагдаж байгааг илтгэж байна.

Нөгөө талаас, валютын ханшийн өөрчлөлт нь импортын зардал, бизнесийн гадаад төлбөр тооцоо болон өрхийн хэрэглээнд шууд нөлөөлөх хүчин зүйл хэвээр байна. Ялангуяа юань болон ам.долларын эсрэг төгрөг сулрах нь импортын барааны өртөгт дарамт үүсгэх боломжтой бол еврогийн ханш өмнөх сараас бага зэрэг чангарсан нь Европын зах зээлтэй холбоотой төлбөр тооцоонд эерэг нөлөө үзүүлж болох юм.

Одоогийн байдлаар ханшийн хөдөлгөөн тогтвортой байгаа ч цаашдын төлөв нь экспортын орлого, гадаад валютын урсгал болон олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах төлөвтэй байна.


  МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 67-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2026”-д Монгол Улс 39.02 оноотойгоор 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онд Монгол Улс 69 улсаас 65-д бичигдэж байсан бөгөөд энэ жилийн тайланд эрэмбэ хоёр байраар ухарсан байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Монгол Улс 39.02 оноотойгоор 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдэв.
  • Эдийн засгийн тамир тэнхээ болон засаглалын үр ашиг үзүүлэлтүүд буурсан бол бизнесийн үр ашиг сайжирчээ.
  • Инфляц, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжийг өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлээр нэрлэв.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт болон боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь Монголын харьцангуй давуу тал хэвээр байна.

Тайланд Монгол Улсын эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар сул, үйлчилгээний экспортын өрсөлдөх чадвар хангалтгүй байгааг онцолжээ. Мөн инфляцын өндөр түвшин, өрийн дарамт, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, ложистик болон дэд бүтцийн хязгаарлалт нь бизнесийн орчинд гол сорилт болж байгааг дурдсан байна. Нөгөө талаас боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажиллах хүч болон хүн амын өсөлт сайжирч байгаа нь урт хугацааны эерэг хүчин зүйл гэж үнэлэгджээ. Мөн ДНБ-д эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт нь олон улсын хэмжээнд харьцангуй сайн түвшинд хэвээр байна.


Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл өрсөлдөх чадварын үнэлгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын бизнесийн орчин, институцийн чанар болон эдийн засгийн тогтвортой байдлыг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Бизнесийн үр ашгийн үзүүлэлт сайжирсан нь хувийн хэвшлийн идэвх сэргэж байгааг харуулж байгаа ч инфляц, бодлогын тогтворгүй байдал болон дэд бүтцийн сул хөгжил зэрэг асуудлууд урт хугацааны хөрөнгө оруулалтын урсгалд тодорхой сорилт хэвээр байна.

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлт болон хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр өндөр хэлбэлзэлтэй байлаа. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны энхийн хэлэлцээний ахиц, газрын тосны үнийн бууралт нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн бол долоо хоногийн дунд үеэс Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах төлөвтэй байгааг онцолсноор зах зээлүүдэд ашиг авалт эрчимжив.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.22%             
  • Dow Jones: +0.39%   
  • Nasdaq: -0.64%     

АНУ-ын зах зээл долоо хоногийг холимог гүйцэтгэлтэй өндөрлүүллээ. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны түр хэлэлцээрийн мэдээллийн дараа газрын тосны үнэ огцом буурч, инфляцын дарамт багасах хүлээлт бий болсноор Dow Jones шинэ дээд түвшинд хүрч, SpaceX IPO, Nvidia болон хагас дамжуулагчийн хувьцаанууд хүчтэй өсөлт үзүүлсэн. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээхийн зэрэгцээ энэ онд дахин хүү өсгөх боломжийг нээлттэй үлдээсэн нь технологийн салбарт дарамт болж, Nasdaq болон S&P 500 индексүүд долоо хоногийн эцэст бууралтаар хаагдлаа. Хөрөнгө оруулагчид өсөлтийн хувьцаанаас илүү хамгаалалтын салбарууд руу хэсэгчлэн шилжих хандлага ажиглагдав.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -0.65%
  • STOXX Europe 600: -0.17%
  • DAX 40 (Герман): +0.37%
  • CAC 40 (Франц): -0.48% 

Европын зах зээлүүд мөн холимог хөдөлгөөнтэй байлаа. Долоо хоногийн эхэнд газрын тосны үнэ буурч, Ойрхи Дорнодын эрсдэл намжсан нь агаарын тээвэр, банк болон экспортын компаниудад эерэг нөлөө үзүүлэв. Ялангуяа Германы DAX 40 индекс эерэг бүсэд хадгалагдсан нь аж үйлдвэрийн компаниудын тогтвортой үзүүлэлттэй холбоотой байлаа. Харин FTSE 100 болон CAC 40 индексүүд хөрөнгө оруулагчдын болгоомжлол, мөнгөний бодлогын тодорхойгүй байдлын улмаас бага зэрэг буурч, нийт Европын зах зээлд өсөлтийн эрч саарсан дүр зураг ажиглагдав.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +6.69% 
  • KOSPI: +6.17% 
  • CSI 300: +2.33% 
  • SSEC : +0.91%

Азийн зах зээлүүд долоо хоногийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүллээ. Газрын тосны үнийн бууралт нь импортод түшиглэдэг Япон, Өмнөд Солонгосын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг сэргээв. Samsung Electronics, SK Hynix, SoftBank болон технологийн бусад компаниудын өсөлт KOSPI болон Nikkei индексүүдийг 6%-иас дээш өсгөжээ. Хятадын CSI 300 болон Shanghai Composite индексүүд мөн өсөлттэй хаагдсан ч өсөлтийн хэмжээ харьцангуй даруухан байж, хөрөнгө оруулагчид эдийн засгийн бодлогын дараагийн дэмжлэгийг хүлээсэн хэвээр байна.


⇒  ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ БАЙР СУУРИА ДАХИН БАТАЛЛАА

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) шинэ дарга Кевин Уоршийн удирдсан анхны мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 3.50–3.75%-ийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр ХНС дөрөв дэх удаагаа дараалан бодлогын хүүг өөрчлөлгүй хадгалж байгаа бөгөөд инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа нөхцөлд болгоомжтой байр сууриа үргэлжлүүлж байна.

Гол үзүүлэлтүүд

  • Бодлогын хүү: 3.50–3.75% (өөрчлөлтгүй)
  • 5-р сарын хэрэглээний үнийн индекс (CPI): 4.2% (жилийн дүнгээр)
  • ХНС-ийн инфляцын зорилт: 2.0%
  • ХНС-ийн шинэ төсөөлөл: 2026 оны үлдсэн хугацаанд бодлогын хүүг дахин нэг удаа өсгөх боломжтой гэж үзэв.

Анхны хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-ийн шинэ дарга Кевин Уорш инфляцыг бууруулах нь төв банкны хамгийн чухал зорилт хэвээр байгааг онцолж, "Үнэ тогтвортой байх нь урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс" хэмээн мэдэгдэв. Тэрээр сүүлийн жилүүдэд инфляц зорилтот 2%-ийн түвшнээс тогтмол өндөр байсныг хүлээн зөвшөөрсөн ч сүүлийн үеийн эрчим хүчний үнийн өсөлтийг урт хугацааны тогтвортой инфляцын дохио гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.


Шинэ удирдлагын дор ХНС мөн бодлогын мэдээллийн арга барилдаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ирээдүйн бодлогын талаар илүү хязгаарлагдмал мэдээлэл өгөх бөгөөд эдийн засгийн бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан шийдвэр гаргах "data-dependent" зарчмыг илүү тодорхой баримтална гэж мэдэгдсэн байна. Мөн төв банкны харилцаа, баланс, инфляцын хэмжилт зэрэг чиглэлээр дотоод шинэчлэлийн ажлын хэсгүүд байгуулагдахаар болжээ.


Хөрөнгийн зах зээлийн хувьд энэхүү шийдвэр нь богино хугацаанд хувьцааны зах зээлд тодорхой дарамт үзүүлсэн ч бодлогын чиглэл илүү тодорхой болж эхэлснийг хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байна. Гэсэн хэдий ч ХНС энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй гэсэн дохио өгсөн нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг өндөр түвшинд хадгалж, технологи болон өндөр үнэлгээтэй өсөлтийн хувьцаануудын хэлбэлзэл үргэлжлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас инфляц аажмаар саарч эхэлбэл 2027 онд мөнгөний бодлого зөөлрөх боломж дахин нээгдэх хүлээлт зах зээлд хадгалагдсаар байна.


⇒  НЕФТИЙН ҮНЭ БУУРЧ, ЗАХ ЗЭЭЛ ИНФЛЯЦЫН ДАРАМТ СУЛРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА 

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулагдах хүлээлт нэмэгдэж, Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэл намжсанаар дэлхийн газрын тосны зах зээлд үнэ буурах хандлага үргэлжилж байна. Зах зээлийн оролцогчид Ормузын хоолойн тээвэр хэвийн үргэлжилж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл буурч байгааг эерэг дохио гэж үнэлж байна.

Гол үзүүлэлтүүд

  • Brent газрын тос: 1.13%-иар буурч, нэг баррель нь 78.65 ам.доллар
  • WTI газрын тос: 1.26%-иар буурч, нэг баррель нь 75.82 ам.доллар
  • IEA-ийн төсөөлөл: 2027 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 110.3 сая баррельд хүрч, нийлүүлэлтийн илүүдэл үүсэх боломжтой
  • Ормузын хоолойн эрсдэл буурснаар нийлүүлэлтийн тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын хүлээлт нэмэгдэв


Сүүлийн долоо хоногуудад нефтийн үнэ геополитикийн эрсдэлийн улмаас огцом өсөөд байсан ч АНУ, Ираны энхийн хэлэлцээрийн талаарх мэдээлэл гарсны дараа зах зээл эрсдэлийн үнэлгээгээ дахин тооцож эхэлжээ. Ингэснээр нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой нэмэлт "эрсдэлийн шимтгэл" аажмаар буурч, нефтийн үнэ дарамтад орсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн үзэж буйгаар, хэрэв нөхцөл байдал тогтвортой үргэлжилбэл ОПЕК+ болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгчдийн олборлолт нэмэгдэж, 2027 онд дэлхийн зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй болох төлөвтэй байна. Энэ нь эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлаж, дэлхийн инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзэж байна.


Гэвч шинжээчид болгоомжтой байр сууриа хадгалсаар байна. Нефтийн үнэ мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд стратегийн газрын тосны нөөцийг сэргээх, далайн тээврийн хэвийн үйл ажиллагааг бүрэн сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай хэвээр байна. Иймээс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал дахин хурцадвал газрын тосны зах зээл богино хугацаанд өндөр савлагаатай хэвээр байх эрсдэлтэй.