Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.08.03

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.08.03

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 865.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөв.
  •  “Инновэйшн инвестмент" ХК хуримтлагдсан ашгаасаа ногдол ашиг хуваарилна.
  • МҮЦАЭХ “Market Opportunities for Foreign Banks in Mongolia” арга хэмжээнд оролцлоо.
  • Газрын тосны үнэ геополитикийн эрсдэлийн нөлөөгөөр өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна.
  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцын эсрэг болгоомжтой байр сууриа хадгаллаа.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 3.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 4.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Таван толгой ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, АПУ ХК, болон Худалдаа Хөгжлийн банк хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд хувьцааны багцын арилжаа явагдаагүй байна.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд энэ долоо хоногт ерөнхийдөө өсөлттэй хаагдлаа. TOP-20 индекс 2.85%-иар өсөж 54,126.05 нэгжид, MSE A индекс 2.50%-иар өсөж 20,800.63 нэгжид, MSE B индекс 1.52%-иар өсөж 14,402.83 нэгжид тус тус хүрсэн байна. Харин FTI индекс 0.38%-иар буурч 1,011.38 нэгжид хаагджээ.

Том, дунд болон жижиг ангиллын хувьцаанд худалдан авах идэвх харьцангуй жигд нэмэгдэж, зах зээлийн өргөн хүрээний өсөлтийг дэмжлээ. Харин FTI индекс бага зэрэг буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ сул байсныг илэрхийлэв. Нийт дүнгээр хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагдсан байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 54,126.05

+2.85%

MSE A Индекс 20,800.63 +2.50%
MSE B Индекс 14,402.83 +1.52%
FTI Индекс 1,011.38 -0.38%

 


⇒  ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ ХОЁР ДАХИН ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 865.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 435.4 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь анхдагч зах зээлийн идэвхжил байсан бөгөөд нийт гүйлгээний 66.0 хувь буюу 570.9 тэрбум төгрөгийг эзэлсэн бол хоёрдогч зах зээлийн гүйлгээ 294.7 тэрбум төгрөг буюу 34.0 хувийг бүрдүүлжээ.


Гол үзүүлэлтүүд
•    Нийт үнэт цаасны гүйлгээ: 865.6 тэрбум төгрөг (+2.0 дахин)
•    Анхдагч зах зээл: 570.9 тэрбум төгрөг (нийт гүйлгээний 66.0%)
•    Хоёрдогч зах зээл: 294.7 тэрбум төгрөг (нийт гүйлгээний 34.0%)
•    Зах зээлийн үнэлгээ: 13.7 их наяд төгрөг (+12.8%)
•    TOP-20 индексийн сарын дундаж: 51,621.47 нэгж (+2,896.34 нэгж, жилийн өмнөхөөс)


Нийт арилжааны үнийн дүн огцом өссөн хэдий ч арилжсан үнэт цаасны тоо 266.3 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар буурсан нь онцлох үзүүлэлт байв. Энэ нь зах зээлд өмнөхөөсөө цөөн тооны боловч илүү өндөр үнийн дүнтэй хэлцлүүд, тэр дундаа компанийн бонд болон анхдагч зах зээлийн санхүүжилт давамгайлсныг харуулж байна. Мөн нийт үнэт цаасны гүйлгээний 53.5 хувийг компанийн бонд, 16.2 хувийг компанийн хувьцаа, 15.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14.8 хувийг Засгийн газрын бонд эзэлсэн нь Монголын хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгслийн санхүүжилтийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг илтгэж байна.


 ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК ХУРИМТЛАГДСАН АШГААСАА НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА.. 

"Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ТУЗ-26/26 тоот тогтоолоор хуримтлагдсан цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Тус компани нийт 11.09 тэрбум төгрөгийг 184.9 сая ширхэг энгийн хувьцаанд хуваарилж, нэгж хувьцаанд 60 төгрөгийн мөнгөн ногдол ашиг олгоно. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр 2026 оны 8 дугаар сарын 14 бөгөөд ногдол ашгийг 2026 оны 8 дугаар сарын 26-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.


•    Нийт ногдол ашиг: 11.09 тэрбум төгрөг
•    Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг: 60 төгрөг
•    Нийт гаргасан хувьцааны тоо: 184,889,160 ширхэг
•    Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийг тогтоох өдөр: 2026 оны 8 дугаар сарын 14
•    Ногдол ашиг олгох хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 26-ны дотор
•    Олголтын хэлбэр: Мөнгөн хэлбэрээр

 


  МҮЦАЭХ “MARKET OPPORTUNITIES FOR FOREIGN BANKS IN MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны УЗ-ийн дарга Г.Энхбат БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Market Opportunities for Foreign Banks in Mongolia” арга хэмжээнд оролцож, Монголын банк, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын боломж, Банкны тухай хуульд орох өөрчлөлт болон банкнаас гадна хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулах боломжуудыг танилцууллаа.

Үзүүлэлт

Мэдээлэл

Гол сэдэв

Банк, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын боломж

Хуулийн өөрчлөлт

Хувьцаа эзэмших дээд хэмжээ 20% → 34%, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн босго 5% → 10%

Онцлох боломж

Банкны хувьцаа худалдан авах, салбар/охин компани болон хөрөнгө оруулалтын банк байгуулах

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Долдугаар сарын 27–31-ний долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийн хөдөлгөөнийг төв банкуудын мөнгөний бодлого, томоохон компаниудын улирлын тайлан болон хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх хүлээлт голлон тодорхойлов. АНУ болон Европын зах зээлүүд компанийн ашиг, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн дэмжлэгтэйгээр өсөлттэй хаагдсан бол Азийн зах зээлүүд технологийн салбарын засвар хөдөлгөөнөөс шалтгаалан дарамтад орлоо. Үүний зэрэгцээ Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл болон газрын тосны үнийн хэлбэлзэл нь инфляц, мөнгөний бодлогын төлөвт нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр үлдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлийн удирдлагад илүү анхаарал хандуулсан долоо хоног боллоо.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.34%                           
  • Dow Jones: +0.60%      
  • Nasdaq: +0.55%     

АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийг өсөлттэй өндөрлүүллээ. Хөрөнгө оруулагчдын анхаарал Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) долоодугаар сарын мөнгөний бодлогын хурлын шийдвэр, АНУ-ын II улирлын ДНБ-ий үзүүлэлт болон технологийн томоохон компаниудын санхүүгийн тайланд төвлөрөв. ХНС бодлогын хүүг хэвээр хадгалсан ч инфляцын эрсдэлийн талаар болгоомжтой байр сууриа хадгалсан нь бондын өгөөжийг өсгөсөн хэдий ч Microsoft зэрэг компаниудын хүчтэй тайлан зах зээлийг дэмжлээ. Харин хиймэл оюун ухааны өндөр хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх эргэлзээ үргэлжилж, технологийн салбарын хэлбэлзэл өндөр хэвээр байв. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100:+0.80%
  • STOXX Europe 600: +0.50%
  • DAX 40 (Герман): +0.67%
  • CAC 40 (Франц): +0.79% 

Европын хөрөнгийн зах зээл эерэг гүйцэтгэлтэй байлаа. Компанийн санхүүгийн тайлангууд ерөнхийдөө хүлээлтээс давж, долоодугаар сард STOXX Europe 600 индексийг шинэ дээд түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэв. Эрчим хүчний компаниуд газрын тосны үнийн өсөлтөөс ашиг хүртсэн бол технологийн салбар АНУ-ын томоохон технологийн компаниудын тайлан болон Хятадын хагас дамжуулагчийн салбарын өрсөлдөөнтэй холбоотойгоор савлагаатай байлаа. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид Евро бүсийн инфляц болон Европын Төв банкны дараагийн бодлогын чиглэлийг анхааралтай ажиглав.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -1.23%  
  • KOSPI: -3.10%    
  • CSI 300: -2.43%    
  • SSEC : -0.67%    

Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийг бууралтаар өндөрлүүлэв. Хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын өндөр үнэлгээний талаархи болгоомжлол нэмэгдсэнээр Япон, БНСУ-ын технологийн хувьцаанд хүчтэй борлуулалт ажиглагдав. Ялангуяа БНСУ-ын KOSPI индекс чип үйлдвэрлэгчдийн уналтаас хамгийн их дарамт амссан бол Японд мөн хагас дамжуулагчийн компаниудын хувьцаа сулрав. Харин БНХАУ-ын зах зээл эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлтээр тодорхой хэмжээнд дэмжигдсэн ч хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлсан хэвээр байлаа.


⇒   НЕФТИЙН ҮНЭ ХЭЛБЭЛЗЭЛТЭЙ ХЭВЭЭР, ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙГ АНХААРЧ БАЙНА.

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна. Долдугаар сарын сүүлийн долоо хоногт АНУ, Ираны хооронд дипломат яриа хэлэлцээ өрнөх боломж нэмэгдэж, АНУ цэргийн ажиллагаагаа түр хойшлуулсан тухай мэдээллийн дараа газрын тосны үнэ огцом буурсан ч бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл бүрэн арилаагүй тул зах зээл болгоомжтой байр сууриа хадгалсаар байна.


•    Brent газрын тос: ойролцоогоор 89.45 ам.доллар/баррель
•    WTI газрын тос: 83–84 ам.доллар/баррель
•    Гол нөлөөлөгч хүчин зүйл: АНУ–Ираны харилцаа, Улаан тэнгис болон Ормузын хоолойн тээврийн эрсдэл
•    Зах зээлийн төлөв: Нийлүүлэлтийн эрсдэл буурсан ч геополитикийн тодорхойгүй байдал хэвээр


Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ, Ираны хооронд дипломат шийдэлд хүрэх боломжийг эерэгээр үнэлж эхэлсэн нь нефтийн зах зээлд хуримтлагдсан геополитикийн "эрсдэлийн шимтгэл" тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлжээ. Үүний зэрэгцээ Саудын Арабын санаачилгаар Улаан тэнгисийн тээврийн аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар олон улсын хэлэлцээ идэвхжсэн нь нийлүүлэлтийн тасалдлын эрсдэлийг хэсэгчлэн намжаасан байна.


Гэсэн хэдий ч зах зээлийн тодорхойгүй байдал бүрэн арилсангүй. Ормузын хоолойгоор дамжих тээвэр хэвийн түвшинд бүрэн сэргээгүй бөгөөд бүс нутагт худалдааны усан онгоцуудад учрах эрсдэл, Йеменийн хуситуудын халдлагын аюул үргэлжилж байгаа нь нефтийн нийлүүлэлтийн тогтвортой байдалд дарамт үзүүлсээр байна. Иймээс газрын тосны үнэ богино хугацаанд геополитикийн мэдээ, дипломат хэлэлцээний явцаас өндөр хамааралтай хэвээр байгаа юм. 


Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл нефтийн үнэ 100 ам.доллараас доош буурсан нь дэлхийн инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд сааруулах эерэг дохио болж байна. Энэ нь төв банкуудын мөнгөний бодлогод үзүүлэх дарамтыг бууруулах боломжтой ч геополитикийн нөхцөл байдал дахин хурцадвал эрчим хүчний үнэ богино хугацаанд дахин огцом өсөх эрсдэл хэвээр байна.
 


⇒  ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦЫН ЭСРЭГ БОЛГООМЖТОЙ БАЙР СУУРИА ХАДГАЛЛАА.

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) долоодугаар сарын мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 3.50–3.75%-ийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн боловч санал хураалт 9:3 харьцаатай болж, гурван гишүүн бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх санал өгсөн нь ХНС дотор инфляцын эрсдэлийн талаарх байр суурийн зөрүү нэмэгдэж байгааг харууллаа.


ХНС мэдэгдэлдээ АНУ-ын эдийн засаг Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч тогтвортой өсөлтөө хадгалж, хөдөлмөрийн зах зээл харьцангуй хүчтэй хэвээр байгааг онцоллоо. Хөдөлмөр эрхлэлт ажиллах хүчний өсөлттэй зэрэгцэн нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин бага өөрчлөгдсөн бол хөрөнгө оруулалт болон бүтээмж өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь эдийн засгийн суурь нөхцөл тогтвортой байгааг илэрхийлжээ. Үүний зэрэгцээ эрчим хүч болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц зорилтот 2%-ийн түвшнээс өндөр хэвээр байгааг дахин онцолж, үнийн тогтвортой байдлыг сэргээх нь мөнгөний бодлогын тэргүүлэх зорилт хэвээр байгааг мэдэгдсэн.


Кевин Уорш ирээдүйн бодлогын талаар тодорхой чиглэл өгөхөөс татгалзаж, эдийн засгийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах зарчмаа үргэлжлүүлсэн нь зах зээл дэх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв. Үүний дараа АНУ-ын Засгийн газрын урт хугацааны бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчид энэ оны сүүлээр бодлогын хүү дахин өсөх магадлалыг дахин үнэлж эхэлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь богино хугацаанд санхүүгийн нөхцөлийг тогтвортой хадгалах эерэг нөлөөтэй боловч ХНС доторх саналын хуваагдал болон инфляцын эрсдэл өндөр хэвээр байгаа нь "өндөр хүү удаан үргэлжлэх" хүлээлтийг бэхжүүлж байна.