Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.07.27

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.07.27

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • ХасБанк ХК хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө дахин хэрэгжүүлнэ.
  • Монгол улсын гадаад худалдааны эргэлт өссөөр байна. 
  • ЗГДҮЦ-ны дараагийн арилжаанууд үргэлжилж байна. 
  • Нефтийн үнэ өсөж, зах зээл геополитикийн эрсдэлийг ажиглаж байна. 
  • Хиймэл оюун ухаанд оруулж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх болгоомжлол нэмэгдэв. 
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 10.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 4.7 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Би Ди Сек ХК, Инвескор ББСБ ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан Банк ХК, болон Голомт Банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. 

Энэ хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгдсэн. Үүнд: 

  • Би Ди Сек ХК (BDS) – 325,464 ширхэг үнэт цаасыг нэгжийн 1,266 үнээр, нийт 412.0 сая төгрөгөөр; 
  • Инвескор ББСБ ХК (INV) – 39,225 ширхэг үнэт цаасыг нэгжийн 7,650 үнээр, нийт 300.1 сая төгрөгөөр; 
  • Инвескор ББСБ ХК (INV) – 84,510 ширхэг үнэт цаасыг нэгжийн 10,650 үнээр, нийт 900.0 сая төгрөгөөр; 
  • Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) – 193,814 ширхэг үнэт цаасыг нэгжийн 3,000 үнээр, нийт 581.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ. 

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 2.02%-иар, MSE A индекс 1.43%-иар тус тус өссөн бол MSE B индекс 0.73%-иар, FTI индекс 0.51%-иар буурчээ. 

Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч болон томоохон компаниудын хувьцаанд худалдан авах сонирхол харьцангуй хүчтэй байсан бол жижиг, дунд ангиллын хувьцаанд борлуулалтын дарамт нэмэгдсэнээр ханш холимог хөдөлгөөнтэйгээр хаагдлаа. Харин FTI индекс 0.51%-иар буурч, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ бага зэрэг суларсныг харууллаа. 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 52,625.64

-2.02%

MSE A Индекс 20,293.45 +1.43%
MSE B Индекс 14,186.75 -0.73%
FTI Индекс 1,015.27 -0.51%

 


⇒  ХАСБАНК ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛНЭ. 

ХасБанк ХК нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө дахин хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийг 2024 онд эхлүүлсэн бөгөөд Монголбанкны зөвшөөрөл болон ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 23-наас эхлэн дахин 12 сарын хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Эргүүлэн худалдан авах ажиллагаа нь Монголын хөрөнгийн биржээр дамжин нээлттэй зах зээл дээр хэрэгжих бөгөөд нийт 7.5 сая хүртэлх ширхэг хувьцааг нэгж бүрийг 1,200 төгрөгөөс хэтрэхгүй үнээр худалдан авахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 9.0 тэрбум төгрөг хүртэл байх ба 2027 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй байна. 

Хөтөлбөр нь төлөвлөсөн хувьцааны тоо бүрэн худалдан авагдах эсвэл төсөвлөгдсөн санхүүжилтийн хэмжээ бүрэн ашиглагдсан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болох боломжтой юм. 


 МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨССӨӨР БАЙНА. 

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний 6.5 сард 17.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 35.9%-иар өссөн байна. Үүнээс экспорт 57.5%, импорт 10.5%-аар тус тус өсчээ. Худалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өссөн байна. 

Экспортод зэсийн хүдэр, баяжмал тэргүүлж, үнийн дүн 4.9 тэрбум доллар (+93%) болов. Чулуун нүүрсний экспорт 4.2 тэрбум доллар (+57%), самнасан ноолуур бараг 2 дахин өсч 124.8 сая доллар болсон байна. Алт үнийн дүнгээрээ тогтвортой байгаа боловч экспортлосон хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Импортод дизель түлш 976.9 сая доллар (+50.5%), автобензин 376.0 сая доллар (+23%) болж нэмэгдсэн бол суудлын автомашины импорт 553.8 сая доллар (-22.6%) болж буурчээ. 

Уул уурхайн экспорт, ялангуяа зэс, нүүрс, ноолуурын хүчтэй өсөлт нь Монголын худалдааны тэнцлийг түүхэн өндөр түвшинд гаргалаа. Импортын өсөлт голчлон шатахуунаар хязгаарлагдаж, харин автомашин, будааны импорт буурсан нь хэрэглээний зарим ангиллын сулралтыг харуулав. 

 


  ЗГДҮЦ-НЫ ДАРААГИЙН АРИЛЖААНУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. 

2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар Засгийн газрын 5 жилийн купонтой болон 52 долоо хоногийн хямдруулалттай үнэт цаас амжилттай арилжаалагдаж, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн ба үлдсэн арилжаанд MICC-ээр дамжуулан оролцох боломжтой юм.  

2026 оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 19-ний хоорондох Засгийн газрын үнэт цаасны арилжааны хуваарь:

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Долдугаар сарын 20–24-ний хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давсан, мөн Alphabet болон Tesla компанийн санхүүгийн тайлангийн дараа хиймэл оюуны (AI) салбарын өндөр хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Зах зээл долоо хоногийн дунд үед өсөлт үзүүлсэн ч пүрэв гарагт технологийн хувьцааны огцом уналтаар эргэн буурч, баасан гарагт Азийн зах зээлүүдэд дарамт үргэлжилсэн бол АНУ болон Европын зах зээлүүд тогтворжих, хэсэгчлэн сэргэх төлөв ажиглагдлаа. 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.61%                             
  • Dow Jones: -0.38%        
  • Nasdaq: -2.13%       

АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш савлагаатай байлаа. Даваа гарагт газрын тосны үнэ өссөнөөр индексүүд бага зэрэг буурсан бол мягмар гарагт хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны өсөлт гурван үндсэн индексийг бүгдийг нь дээш татав. Лхагва гарагт газрын тосны үнэ нэг сарын дээд түвшинд хүрсний дараа S&P 500 болон Dow Jones бараг өөрчлөлтгүй хаагдсан бол Nasdaq буурлаа. Пүрэв гарагт Alphabet AI-д хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө нэмэгдүүлж, Tesla хүлээлтээс доогуур ашиг тайлагнасны дараа технологийн хувьцаанууд огцом унаж, Nasdaq нэг өдрийн дотор 2.15%-иар буурсан байна. Баасан гарагт Dow Jones болон S&P 500 бага зэрэг сэргэж тогтворжсон бол Nasdaq дахин сул үзүүлэлттэй хаагджээ. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100:+1.28%
  • STOXX Europe 600: +0.46%
  • DAX 40 (Герман): +1.08%
  • CAC 40 (Франц): +0.40% 

Европын хөрөнгийн зах зээл долоо хоногийн ихэнх хугацаанд тогтвортой өсөлттэй байсан ч пүрэв гарагт буурав. Даваа гарагт хөрөнгө оруулагчид газрын тосны үнийн өсөлт болон Ойрх Дорнод дахь дипломат нөхцөл байдлыг ажигласнаар индексүүд бараг өөрчлөлтгүй хаагдсан. Мягмар гарагт технологи болон уул уурхайн салбарын хувьцааны өсөлт зах зээлийг дэмжсэн бол АНУ Ираны эсрэг шинэ цохилт өгсний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өссөн байна. Лхагва гарагт эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хувьцааны өсөлтөөр индексүүд хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрсэн бол АНУ-ын технологийн компаниудын тайлангийн өмнө технологийн хувьцаанууд бага зэрэг суларчээ. Харин пүрэв гарагт Alphabet болон Tesla-ийн тайлангийн дараах АНУ-ын технологийн салбарын уналт Европын зах зээлд нөлөөлж, гол индексүүд буурсан байна. 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.97% 
  • KOSPI: -1.90%    
  • CSI 300: +2.61%
  • SSEC : +1.33%

Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш холимог гүйцэтгэлтэй байлаа. Япон улсын зах зээл даваа гарагт бүх нийтийн амралтын өдөртэй холбоотойгоор хаалттай байсан бөгөөд мягмар гарагт дахин нээгдэхэд Nikkei 225 индекс 3.26%-иар, БНСУ-ын KOSPI индекс мөн хүчтэй өссөн нь өмнөх долоо хоногийн уналтын дараах худалдан авалт эрчимжсэнтэй холбоотой байв. Лхагва гарагт Уолл Стритийн өмнөх өдрийн өсөлтийг даган Азийн ихэнх зах зээлүүд өссөн ч Nikkei өдрийн эхний өсөлтөө хадгалж чадалгүй бага зэрэг буурч хаагджээ. Пүрэв гарагт Японы хагас дамжуулагч болон AI-тэй холбоотой хувьцаанд эрэлт нэмэгдсэнээр Nikkei 225 0.46%-иар, БНСУ-ын KOSPI 4.4%-иар өсөв. Харин баасан гарагт АНУ-ын зах зээлийн огцом уналт болон газрын тосны үнэ 100 ам.долларыг давсны дараах эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, Азийн зах зээлүүд өргөн хүрээнд буурсан бөгөөд KOSPI 5%-иас дээш, Nikkei 225 2%-иас дээш унасан байна. 


⇒   НЕФТИЙН ҮНЭ ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙГ АЖИГЛАЖ БАЙНА. 

Долдугаар сарын 23-нд Brent төрлийн газрын тосны үнэ ойролцоогоор 7%-иар өсөж, нэг баррель нь 100 ам.долларт хүрсэн нь тавдугаар сарын 22-ноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. Үнийн огцом өсөлтөд Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан тухай мэдээлэл, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг "томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж байна" хэмээн мэдэгдсэн нь голлон нөлөөлөв. 

Нийлүүлэлтийн эрсдэлийг Казахстаны шийдвэр мөн нэмэгдүүллээ. Тус улс дроны халдлагын дараа Каспийн хоолойн консорциумын (CPC) терминалаар дамжих газрын тосны экспортоо түр зогсоосон нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн тасалдлын талаарх болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. 

Газрын тосны үнэ долоо хоногийн эхнээс өсөх хандлагатай байсан бөгөөд даваа гарагт ойролцоогоор 87 ам.доллар байсан Brent төрлийн газрын тос лхагва гараг гэхэд 94 ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, гал зогсоох хэлэлцээ ахицгүй байсан нь үнийн өсөлтийг дэмжсэн юм. 

Өнгөрсөн сарын АНУ-ын инфляцын тайланд шатахууны үнэ буурсны нөлөөгөөр инфляц харьцангуй саарсан үзүүлэлт гарсан. Харин газрын тосны үнэ дахин өсөж буй нь 7 дугаар сарын инфляцын үзүүлэлт хүлээлтээс өндөр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж энэ оны хамгийн өндөр түвшинд хүрэв. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.66%-д хүрсэн бол 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-иас дээш түвшинд 27 дараалсан арилжааны өдөр хадгалагдсан нь 2007 оноос хойших хамгийн урт хугацааны үзүүлэлт болж байна. 

Холбооны Нөөцийн Сангийн зарим албан тушаалтнууд, тэр дундаа Захирагч Кристофер Уоллер, эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг цаашид нэмэгдүүлбэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бус, бодлогын хүүг дахин өсгөх шаардлага үүсч болзошгүй гэдгийг онцолсон байна. 


⇒  ХИЙМЭЛ ОЮУН УХААНД ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙН ТАЛААРХ БОЛГООМЖЛОЛ НЭМЭГДЭВ.

Alphabet болон Tesla компаниуд долдугаар сарын 22-ны арилжаа хаагдсаны дараа 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Alphabet-ийн орлого, ашиг зах зээлийн хүлээлтээс давсан ч компани хиймэл оюуны (AI) дэд бүтцэд хийх 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өмнөх 180–190 тэрбум ам.доллар байсныг 195–205 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарлав. 

Харин Tesla-ийн улирлын ашиг зах зээлийн төсөөллөөс доогуур гарсан бөгөөд тайлант хугацаанд автомашины нийлүүлэлт өндөр байсан ч хоёр компани хоёулаа улирлын чөлөөт мөнгөн урсгал (free cash flow)-ын сөрөг үзүүлэлт тайлагнажээ. 

Үүний дараа долдугаар сарын 23-ны арилжаагаар хөрөнгө оруулагчид хоёр компанийн хувьцааг эрчимтэй худалдаж, Alphabet-ийн хувьцаа 6.5%-иар, Tesla-ийн хувьцаа 14%-иар тус тус буурлаа. Мөн AI-д өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй Meta, Microsoft, Amazon зэрэг томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч мөн буурч, Nasdaq Composite индекс 2.15%-иар унасан байна. 

Энэхүү бууралт нь хиймэл оюуны хөгжүүлэлтэд зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт урт хугацаанд хангалттай өгөөж бий болгож чадах эсэх талаарх хөрөнгө оруулагчдын эргэлзээг илэрхийлж байна. АНУ-ын хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компаниудын индекс 2025 оны дөрөвдүгээр сард тарифын бодлогын нөлөөгөөр зах зээл огцом унаснаас хойших хамгийн их нэг өдрийн уналтаа бүртгэсэн байна.