
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 4.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 10.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Мандал даатгал ХК Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк ХК, Хас Банк ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. MSE A индекс 0.39%-иар, MSE B индекс 1.42%-иар тус тус өссөн бол TOP-20 индекс 0.37%-иар, FTI индекс 0.87%-иар буурсан байна. MSE B индексийн өсөлт хамгийн өндөр байсан ба тус индексэд багтдаг хувьцаануудын эрэлт харьцангуй нэмэгдсэн харагдаж байна. Харин TOP-20 индексийн бага хэмжээний бууралт нь зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудын ханшид сулрал ажиглагдсаныг харууллаа. Үүний зэрэгцээ FTI индекс 0.87%-иар буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэ буурсныг илэрхийлж байна.
Нийт дүнгээр, зах зээлийн хөдөлгөөнөөс харахад жижиг болон дунд ангиллын хувьцаануудад худалдан авах идэвх харьцангуй давамгайлсан бол зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдэд сул гүйцэтгэл ажиглагдлаа.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 51,581.69 |
-0.37% |
| MSE A Индекс | 20,006.74 | +0.39% |
| MSE B Индекс | 14,290.77 | +1.42% |
| FTI Индекс | 1,020.50 | -0.87% |
⇒ "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ДАХИН ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 438 дугаар тушаал, мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дугаар тушаалын дагуу, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
6 дугаар сард мэдээлсэнчлэн, компанийн хувьцаа Канадын Торонтогийн хөрөнгийн биржид тогтмол нэмж бүртгэгдэж байгаа бөгөөд энэ удаад дахин 16,667 ширхэг энгийн хувьцааг тус биржид нэмж бүртгэсэн байна. Энэхүү өөрчлөлтийг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд тусган, компанийн нийт бүртгэлтэй хувьцааны тоог 65,451,375 ширхэг болгон шинэчилжээ.
Ийм төрлийн бүртгэлийн шинэчлэл нь хоёр биржийн бүртгэлийн мэдээллийн уялдааг хангах ач холбогдолтой бөгөөд компанийн нийт гаргасан хувьцааны албан ёсны бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж байна.
⇒ КАКАОБАНК, М-СИ-ЭС ГРУПП ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол–Солонгосын Бизнес Форумын үеэр М-Си-Эс Групп болон БНСУ-ын дижитал банк КакаоБанк хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк нь М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийх, зээлийн эрсдэлийг үнэлэх скорингийн загварыг хамтран хөгжүүлэх, дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнгийн мэдээлснээр, тус банк өөрийн зээлийн скорингийн загварт тулгуурлан нийт 16 их наяд воны зээл олгосон туршлагатай ба тэрээр Монгол Улсын залуу хүн ам болон хөгжиж буй дижитал дэд бүтэц нь хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Холбогдох зөвшөөрөл, зохицуулалтын шаардлагуудыг хангасны дараа КакаоБанк М банканд энэ онд багтаан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
⇒ ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ БОЛОН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.
2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Засгийн газрын 2 болон 3 жилийн хугацаатай, купонтой дотоод үнэт цаасыг нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжааллаа.
Арилжаанд 2 жилийн хугацаатай купонтой бондод нийт 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод мөн 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 захиалга ирсэн байна. Ийнхүү нийт 13.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгджээ.

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 ширхэг үнэт цаас арилжаалагдсан бөгөөд 2 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.101%, 3 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.741% тус тус тогтсон ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 7-р сарын 9-с эхэлсэн байна.
ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийн дагуу 2026 оны 3-р улиралд купонтой болон хямдруулалттай ₮70 тэрбумийн үнэт цаас арилжаалагдана. Хөрөнгө оруулагчид эдгээр үнэт цаасанд MICC-ээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой.
2026 оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 19-ний хоорондох Засгийн газрын үнэт цаасны арилжааны хуваарь:

7-р сарын 6–17-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт голлон нөлөөллөө. AI салбарын өндөр үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх болгоомжлол нэмэгдсэнээр технологийн хувьцаанд дарамт үүсэж, хөрөнгө оруулагчид хамгаалалтын болон уламжлалт салбарууд руу шилжих хандлага ажиглагджээ.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээлд индексүүдийн гүйцэтгэл ялгаатай байлаа. Nasdaq-ийн бууралт нь AI болон хагас дамжуулагчийн хувьцаанд чиглэсэн борлуулалт болон хөрөнгө оруулагчид AI-ийн өсөлтийг дэмжиж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөж, үнэлгээний тогтвортой байдалд болгоомжлох болсонтой холбоотой. Үүнээс шалтгаалан технологийн салбараас хөрөнгө шилжсэнээр Dow Jones харьцангуй эерэг гүйцэтгэл үзүүлсэн байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээлүүд мөн бууралттай байв. Дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч болон Европын томоохон компаниудын технологийн салбартай холбоотой хувьцаанд үзүүлсэн дарамт болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт үүссэн тодорхойгүй байдал нь зах зээлийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөв.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээлүүд хамгийн хүчтэй бууралт үзүүллээ. Ялангуяа Өмнөд Солонгосын KOSPI индексийн огцом уналтад AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт, мөн хөшүүрэг ашигласан арилжааны байр суурийн бууралт нөлөөлөв. Япон болон Хятадын зах зээлүүд мөн дэлхийн технологийн хувьцааны сулрал, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил багассаны нөлөөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
⇒ АНУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙН ТАЙЛАН ГАРЛАА.
6-р сарын үзүүлэлтээр Хэрэглээний Үнийн Индекс 3.5% болж, таамаг (3.8%)-аас бага гарлаа. Гэсэн ч сайжралтын дийлэнх нь Иран-тай гал зогсоох хэлэлцээрийн үеэр бензин хямдарсантай холбоотой түр зуурын үзэгдэлд тооцогдож байна.
Бензиний үнэ долоо хоногийн хугацаанд нэг галлон нь 3.79 ам.доллароос 3.86 ам.доллар болж өссөн нь 7-р сарын инфляцын үзүүлэлтэд дахин өсөх дарамт үүсгэж болзошгүй юм.
Хүнс, эрчим хүчний үнийг хассан үндсэн инфляц 2.6% болж бага зэрэг буурсан ч Холбооны нөөцийн сангийн 2%-ийн зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байна. Мөн автомашины даатгал, тамхины үнэ зэрэг зарим үзүүлэлтийн бууралт нь тогтвортой чиг хандлага гэхээсээ илүү түр зуурын хэлбэлзэл байж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Хүүгийн бодлогын хувьд Холбооны нөөцийн сан энэ сард бодлогын хүүгээ 3.50%–3.75%-ийн түвшинд хэвээр хадгална гэсэн хүлээлт давамгайлж байна. Харин геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй тул зах зээл 9-р сард хүүгийн өсөлт үргэлжлэх магадлалыг ойролцоогоор 60% гэж үнэлжээ. Иймээс инфляцын дарамт бүрэн арилаагүй бөгөөд 7-р сард инфляц дахин өсөх эрсдэлтэй байна.
⇒ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨСӨЛТИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ЭРГЭЛЗЭЭ НЭМЭГДЭВ.
2026 оны 7-р сарын 7-нд хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухаантай холбоотой технологи, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны огцом өсөлт цаашид тогтвортой үргэлжлэх эсэх эргэлзээ дагуулж салбарын зах зээлийн хүлээлт суларлаа. Samsung Electronics компанийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 19 дахин өсөж, 89.4 их наяд вонд хүрэхээр байсан ч энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн оронд хиймэл оюун ухаантай холбоотой чипийн эрэлт цаашид тогтвортой байх эсэх талаарх болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.
Хөрөнгө оруулагчид санах ойн чип зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлтийн хязгаарлалт буурвал хиймэл оюун ухааны чипийн эрэлт болон үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагааны өсөлт саарах эрсдэлтэй гэж үзжээ. Мөн Хятадын DeepSeek өөрийн хиймэл оюун ухааны чипийг хөгжүүлж байгаа талаарх мэдээлэл нь томоохон чип үйлдвэрлэгчдийн ирээдүйн эрэлтэд нэмэлт эргэлзээ үүсгэв.
Хиймэл оюун ухааны салбарын өндөр үнэлгээ болон өсөлтийн хүлээлтэд эргэлзээ нэмэгдэх нь хөгжиж буй зах зээлийн хувьцаа, бонд зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгөд чиглэх хөрөнгө оруулалтын сонирхлыг бууруулах боломжтой.