Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.05.11

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.05.11

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2026 оны i улиралд ашигтай гарч, гадаад худалдаа өсөлтийг дэмжлээ.
  • Гадаад худалдааны нөхцөл сайжирч, экспортын үнийн өсөлт давамгайлжээ.
  • Засгийн газар гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлж, татварын ачааллыг бууруулах өөрчлөлтүүд танилцууллаа.
  • Европын хөрөнгийн зах зээлд болгоомжлол нэмэгдэж, батлан хамгаалахын хувьцаанууд огцом буурчээ.
  • Ормузын хямрал газрын тосны зах зээлийг дарамталж, нийлүүлэлтийн эрсдэл гүнзгийрч байна. 
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 16 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  6.06 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. ҮҮүнээс Тавилга ХК, Хаан банк ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, АПУ ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ.

  • Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн (AARD) 121 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 2,944 төгрөгөөр буюу нийт 357 сая төгрөгөөр;
  • Тавилга ХК-ийн (TVL) 26 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 142,000 төгрөгөөр буюу нийт 3.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагджээ. 

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдаж, өмнөх өсөлтийн дараах богино хугацааны засварын хөдөлгөөн давамгайллаа. TOP-20 индекс -1.00%, MSE A индекс -0.66%-иар тус тус буурсан нь том болон дунд зах зээлийн үнэлгээтэй хувьцаануудад ашиг авалт болон болгоомжлол нэмэгдсэнийг илтгэж байна. Харин MSE B индекс +0.13%-иар бага хэмжээний өсөлт үзүүлсэн нь жижиг сегментэд идэвх бүрэн саараагүй, сонгомол худалдан авалт үргэлжилж байгааг харууллаа. Индексүүдийн энэхүү хөдөлгөөн нь зах зээл өргөн хүрээний өсөлтөөс илүүтэйгээр тэнцвэржилтийн үе шатанд шилжиж байгааг илэрхийлж байна. Ялангуяа өмнөх долоо хоногуудын сэргэлтийн дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээ дахин үнэлэх хандлага ажиглагдлаа. Нөгөө талаас, MSE B индекс эерэг хадгалагдсан нь хөрвөх чадвар харьцангуй бага сегментэд тодорхой хэмжээний идэвх үргэлжилж байгааг илтгэж байгаа ч нийт зах зээлийн идэвх сулрах шинжтэй байна. 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 50,835.94

-1.00%

MSE A Индекс 19,509.76 -0.66%
MSE B Индекс 14,370.15 +0.13%

 


⇒  МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 2026 ОНЫ I УЛИРАЛД АШИГТАЙ ГАРЧ, ГАДААД ХУДАЛДАА ӨСӨЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 

Монголбанкны мэдээлснээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2026 оны эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 697.6 сая ам.доллараар сайжирсан байна. Урсгал данс мөн 412.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт болжээ.

Гол үзүүлэлтүүд:

  • Урсгал дансны ашиг: 412.5 сая ам.доллар  
  • Төлбөрийн тэнцлийн нийт ашиг: 95.5 сая ам.доллар  
  • Экспорт: +68.3% YoY  
  • Импорт: -7.8% YoY  
  • Барааны худалдааны ашиг: 2.4 тэрбум ам.доллар  
  • Үйлчилгээний дансны алдагдал: 1.0 тэрбум ам.доллар  
  • Анхдагч орлогын дансны алдагдал: 1.1 тэрбум ам.доллар

Энэхүү сайжралд барааны худалдааны тэнцэл голлон нөлөөлсөн бөгөөд барааны дансны ашиг 2.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 9 дахин өссөн байна. Экспорт 68.3%-иар өсөж 4.8 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 7.8%-иар буурч 2.4 тэрбум ам.доллар болсон нь гадаад худалдааны илүүдлийг огцом нэмэгдүүлжээ. Харин үйлчилгээ болон орлогын дансанд дарамт үргэлжилсэн хэвээр байна. Үйлчилгээний данс 1.0 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 26.7%-иар өссөн бол анхдагч орлогын дансны алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрч, 2 дахин нэмэгджээ. Үүнд гадаад хөрөнгө оруулагчдад төлөх ашиг болон хүүгийн төлбөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Санхүүгийн дансны хувьд 2026 оны эхний улиралд 85.8 сая ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд бусад хөрөнгө оруулалтын урсгалын алдагдал өссөн нь үүнд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч шууд хөрөнгө оруулалтын цэвэр урсгал өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсөж, гадаадын хөрөнгө оруулалтын идэвх тодорхой хэмжээнд хадгалагдсан байна.  

Эрсдэл дагуулж буй хүчин зүйлс:

  • Үйлчилгээний импорт өндөр хэвээр байна  
  • Гадагш чиглэсэн ашиг, ногдол ашиг, хүүгийн төлбөрийн нэмэгдэл
  • Санхүүгийн данс алдагдалтай хэвээр байна  
  • Экспорт уул уурхай, түүхий эдээс өндөр хамааралтай

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2026 оны эхний улиралд мэдэгдэхүйц сайжирсан ч өсөлт нь голчлон түүхий эдийн экспорт болон импортын бууралтаас шалтгаалсан хэвээр байна. Үйлчилгээний алдагдал болон орлогын гадагшлах урсгал өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг үргэлжлүүлэн харуулж байна. 
 


 ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ САЙЖИРЧ, ЭКСПОРТЫН ҮНИЙН ӨСӨЛТ ДАВАМГАЙЛЛАА

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны 3-р сард 97.1 болж, өмнөх оны мөн үеэс 19.3%-иар өссөн байна. Энэ нь экспортын үнийн өсөлт импортын үнээс илүү хурдацтай өссөнийг илтгэж байгаа бөгөөд Монгол Улсын худалдааны нөхцөл харьцангуй сайжирсныг харуулж байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Гадаад худалдааны нөхцөлийн индекс: 97.1  
  • Өмнөх оны мөн үеэс: +19.3%  
  • Өмнөх сараас: +0.8%  
  • Экспортын үнийн индекс: 100.4  
  • Импортын үнийн индекс: 103.4

Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өссөн нь алт болон зэсийн үнийн өсөлттэй холбоотой байв. Тухайлбал:

  • Алтны үнэ: +86.2%  
  • Зэсийн үнэ: +56.7%

Харин импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.5%-иар буурсан нь импортын өртгийн дарамт тодорхой хэмжээнд саарч байгааг илтгэж байна. Үүний үр дүнд экспортын орлогын худалдан авах чадвар сайжирч, гадаад худалдааны нөхцөлд эерэг өөрчлөлт ажиглагджээ. Түүхий эдийн өндөр үнэ, ялангуяа алт болон зэсийн үнийн өсөлт нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад валютын урсгалыг сайжруулах суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, валютын нөөц болон төгрөгийн ханшид богино хугацаанд эерэг дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн гадаад худалдааны нөхцөлийн индекс 100-аас доогуур түвшинд хадгалагдаж байгаа нь экспортын үнэ сайжирсан ч импортын өртөгтэй харьцуулахад урт хугацааны тэнцвэрт түвшинд хараахан хүрээгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл 2026 оны эхний улиралд мэдэгдэхүйц сайжирсан ч энэхүү өсөлт нь голчлон алт, зэс зэрэг түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарсан хэвээр байна. Иймээс дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл цаашид Монголын экспортын орлого болон гадаад секторын тогтвортой байдалд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл хэвээр байх төлөвтэй байна. 
 


 ЗАСГИЙН ГАЗАР ГАДААД ЗЭЭЛИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ТАНИЛЦУУЛЛАА

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Сангийн сайд З.Мэндсайхан гадаад зээлийн өнөөгийн байдал, ашиглалт болон татварын багц хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 39.4%-тай тэнцэж байгаа нь Монгол Улсын төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод гадаад санхүүжилтийн үүрэг өндөр хэвээр байгааг харуулж байна.

Гадаад зээлийн санхүүжилтийг салбараар нь авч үзвэл:

  • 26% – Зам тээврийн салбар  
  • 22% – Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууц  
  • 14% – Ус хангамж, эрүүл ахуй, эрүүл мэнд  
  • 11% – Эрчим хүч  
  • 9% – Боловсрол, онцгой байдал  
  • 18% – Бусад салбар

Засгийн газрын зүгээс цаашид гадаад зээлийг эдийн засаг, нийгмийн өгөөж өндөр төслүүдэд төвлөрүүлж, үр ашиггүй зардлыг бууруулах, төсвийн сахилга батыг чангатгах чиглэл баримтална гэдгээ мэдэгдлээ. Мөн Төсвийн тухай хуулийн хүрээнд жил бүр бага дүнгээр зээлийн ашиглалт баталж ирсэн нь төслүүдийн хэрэгжилтийг дунджаар 5–10 жилээр хойшлуулах, улмаар зээлийн үйлчилгээний төлбөр болон нийт өртөг өсөх эрсдэл үүсгэж байгааг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барихаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ татварын хуулийн өөрчлөлтүүдийг танилцуулсан бөгөөд гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнесийг дэмжихэд чиглэж байна.

Мөн татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүрэн царцаадаг зохицуулалтыг өөрчилж, орж ирэх мөнгөн урсгалын 20%-ийг ашиглах боломж үлдээх, алдангийн дээд хэмжээг 50%-иар хязгаарлах, тайлан залруулах хугацааг уртасгах зэрэг бизнесийн орчныг уян хатан болгох зохицуулалтууд багтжээ.

Татварын өөрчлөлтийн гол саналуудаас:

  • Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум төгрөгөөс доош хувиараа бизнес эрхлэгчдэд 1%-ийн татвар ногдуулах  
  • Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх  
  • 6–10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15%-ийн шинэ шатлал бий болгох  
  • 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой 180 мянга орчим ЖДҮ-ийн татварыг 1% болгон бууруулах  
  • НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх  
  • IT болон виртуал бүсийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх

Засгийн газрын танилцуулсан өөрчлөлтүүд нь нэг талаас гадаад зээлийн үр ашиг, төсвийн сахилга батыг сайжруулах, нөгөө талаас хувийн хэвшил, жижиг дунд бизнесийн татварын дарамтыг бууруулах замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилготой байна. Гадаад өрийн түвшин өндөр хэвээр байгаа нөхцөлд зээлийн өгөөж, төсвийн тогтвортой байдал цаашид зах зээлийн гол анхаарах хүчин зүйл хэвээр байх төлөвтэй байна. 

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн эрсдэл болон AI-д суурилсан технологийн өсөлтийн хоорондын тэнцвэрийг шингээсэн, өндөр савлагаатай орчинд арилжаалагдлаа. АНУ-д AI болон технологийн салбар өсөлтийг үргэлжлүүлэн тэргүүлж, Европт эрчим хүч болон макро болгоомжлол давамгайлсан хэвээр байсан бол Азид технологи болон дотоод бодлогын дэмжлэгтэй сэргэлт илүү хүчтэй ажиглагдлаа. Энэ нь дэлхийн зах зээлүүд синхрон хөдөлгөөнөөс илүүтэйгээр салбарын бүтэц, геополитикийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хүлээлтээс хамаарсан тархмал, сегментчилсэн динамик руу улам бүр шилжиж байгааг харуулж байна. 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +2.36%
  • Dow Jones: +0.39%
  • Nasdaq: +5.42%

АНУ-ын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагдаж, ялангуяа технологийн салбар дахин зах зээлийн гол хөдөлгөгч хүч болов. Nasdaq индекс +5.42%-иар огцом өссөн нь AI, хагас дамжуулагч болон mega-cap технологийн компаниудын өсөлтөөр дэмжигдсэн бол S&P 500 +2.36%-иар өсөж, Dow Jones +0.39%-ийн илүү тогтуун өсөлт үзүүллээ. Зах зээлийн өсөлтөд AMD, Arm, Qualcomm зэрэг технологийн компаниудын хүчтэй орлогын тайлан, AI хөрөнгө оруулалтын хүлээлт голлон нөлөөлсөн байна. Долоо хоногийн эхэнд Ормузын хоолойн хурцадмал байдал, газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан зах зээл савласан ч долоо хоногийн дунд үеэс АНУ–Ираны хэлэлцээ урагшилж магадгүй гэх мэдээлэл гарснаар газрын тосны үнэ огцом буурч, эрсдэлийн дуршил сэргэв. Гэсэн хэдий ч өсөлт өргөн хүрээнд бус, голчлон технологийн цөөн компаниудад төвлөрсөн хэвээр байгааг шинжээчид онцолж байна. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -1.28%
  • STOXX Europe 600: +0.04%
  • DAX 40 (Герман): +0.26%
  • CAC 40 (Франц): -0.12%

Европын зах зээлүүдэд хөдөлгөөн харьцангуй хязгаарлагдмал, жигд бус байлаа. STOXX Europe 600 индекс бараг өөрчлөлтгүй (+0.04%) хаагдсан бол DAX 40 +0.26%-иар өссөн, харин FTSE 100 -1.28%, CAC 40 -0.12%-иар тус тус буурлаа. Европын зах зээлүүдэд газрын тосны үнийн өндөр хэлбэлзэл, эрчим хүчний өртгийн дарамт, мөн Ойрхи Дорнодын геополитикийн тодорхойгүй байдал хүчтэй нөлөөлөв. Ялангуяа Их Британид газрын тосны үнийн өсөлт инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлж, бондын өгөөж өссөнөөр FTSE 100-д дарамт болов. Мөн Европын батлан хамгаалах салбарын хувьцаанууд өмнөх долоо хоногийн хүчтэй өсөлтийн дараа ашиг авалтын нөлөөгөөр буурсан нь зах зээлийн momentum-ийг саарууллаа. Германы DAX индекс харьцангуй тогтвортой байсан нь аж үйлдвэрийн болон экспортын компаниудын гүйцэтгэлтэй холбоотой байсан ч нийтдээ Европын хөрөнгө оруулагчид илүү хамгаалалтын байр суурь баримталсан хэвээр байв.  

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +1.36%
  • KOSPI: +10.54%
  • CSI 300: +0.29%
  • SSEC : +1.08%

Азийн зах зээлүүд нийтдээ эерэг гүйцэтгэлтэй байж, ялангуяа Солонгосын KOSPI +10.54%-иар огцом өссөн нь бүс нутгийн хамгийн хүчтэй rally боллоо. Энэхүү өсөлтөд технологи, AI болон экспортын салбарын хувьцаанууд голлон нөлөөлсөн бөгөөд гадаад хөрөнгө оруулалтын урсгал эрчимжсэн нь зах зээлийг дэмжив. Хятадын SSEC (+1.08%) болон CSI 300 (+0.29%) индексүүд мөн өссөн нь үйлдвэрлэлийн үзүүлэлт болон экспортын мэдээлэл харьцангуй эерэг гарсантай холбоотой байв.  Харин Японы Nikkei 225 +1.36%-иар өссөн ч долоо хоногийн турш иений ханшийн хэлбэлзэл, Токиогийн валютын интервенцтэй холбоотой тодорхойгүй байдал зах зээлийн савлагааг нэмэгдүүлэв. Япон болон Хятадын хувьд АНУ–Хятадын дээд түвшний уулзалтын хүлээлт, нийлүүлэлтийн сүлжээ болон газрын ховор элементийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа.

 


⇒  ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД БОЛГООМЖЛОЛ НЭМЭГДЭЖ, БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУВЬЦААНУУД ОГЦОМ БУУРЧЭЭ

2026 оны 5-р сарын 11-ний байдлаар Европын хөрөнгийн зах зээлүүд холимог, болгоомжлол давамгайлсан хөдөлгөөнтэй байлаа. АНУ–Ираны энхийн хэлэлцээ ахицгүй болж, геополитикийн тодорхойгүй байдал дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээнд шууд нөлөөлөв.

Өнгөрсөн долоо хоногт энхийн хэлэлцээний хүлээлтээр өсөлт үзүүлж байсан Европын батлан хамгаалах компаниуд энэ удаа огцом засвар хийв.

  • Rheinmetall: -3.6%  
  • Renk: -3.2%  
  • Leonardo: -4.4%  
  • Hensoldt: -3.4%
  • Babcock International: -3.5%

Энэхүү бууралт нь зах зээл өмнөх өдрүүдэд геополитикийн эрсдэл буурна гэсэн хүлээлтээр хэт хурдан өссөнтэй холбоотой бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон нөхцөлийг  хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээ дахин үнэлж эхэлсэн байна.

Ираны талын мэдээллээр Тегеран дайныг бүх фронтоор зогсоох, хориг арга хэмжээг цуцлах шаардлага тавьсан бол Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Ирантай холбоотой дайн дуусаагүй” гэж мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдал ойрын хугацаанд бүрэн намжихгүй гэсэн дохио болов. Үүний нөлөөгөөр газрын тосны үнэ дахин өсөж, Brent тосны ханш өндөр түвшинд хадгалагдсан нь Европын инфляц болон үйлдвэрлэлийн өртөгт дарамт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мөн хөрөнгө оруулагчдын анхаарал Дональд Трампын БНХАУ-д хийх айлчлал руу шилжиж байна. Тэрээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй худалдаа, газрын ховор элемент, геополитикийн асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөсөн нь Европын үйлдвэрлэл болон экспортын компаниудад шууд нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг болж байна. Ялангуяа Германы аж үйлдвэрийн компаниуд Хятадын эрэлт болон нийлүүлэлтийн сүлжээнээс өндөр хамааралтай хэвээр байгаа тул DAX индексийн хөдөлгөөнд энэ сэдэв мэдрэг нөлөөлж байна.

Геополитикийн тодорхойгүй байдал, эрчим хүчний үнийн эрсдэл, мөнгөний бодлогын болгоомжлол зэрэг хүчин зүйлсийн улмаас хөрөнгө оруулагчид хамгаалалтын байр суурь руу хэсэгчлэн шилжиж, зах зээлүүд илүү сонгомол, салбар хооронд ялгаатай хөдөлгөөнтэй хэвээр байна. 

 


⇒  ОРМУЗЫН ХЯМРАЛ ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ДАРАМТАЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЭРСДЭЛ ГҮНЗГИЙРЧ БАЙНА

АНУ, Израил болон Ираны хооронд үргэлжилж буй геополитикийн хурцадмал байдлын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд ойролцоогоор 1 тэрбум баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн гүйцэтгэх захирал Амин Насер мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Ормузын хоолойн бүслэлт зогсож, нийлүүлэлт хэвийн болсон ч дэлхийн газрын тосны зах зээл богино хугацаанд тогтворжих боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Мөн газрын тосны салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь нийлүүлэлтийн нөөцийг сулруулж, өнөөгийн геополитикийн хямралыг улам эмзэг болгож байгааг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор “Saudi Aramco” Персийн булангаас Улаан тэнгис рүү өдөрт 7 сая баррель хүртэл нефть дамжуулах хүчин чадалтай хоолойн системээ идэвхтэй ашиглаж эхэлсэн байна.

Зах зээлд нөлөөлж буй гол хүчин зүйлс:

  • Ормузын хоолойн тасалдал дэлхийн нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлэв 
  • Газрын тосны нөөц түүхэн хэмжээнд огцом буурч байна 
  • Эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын дутагдал дарамт үүсгэсээр байна

2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь сүүлийн жилүүдийн хамгийн огцом бууралтын нэг болсон гэж үзэж байна. Мөн “S&P”-ийн тооцооллоор дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 5 сая баррелиар буурсан ч нийлүүлэлт өдөрт 6.6 сая баррелиар агшсан нь зах зээлд илүү хүчтэй нийлүүлэлтийн шок үүсгэжээ. 

Өнөөгийн зах зээл дээр олборлосон боловч боловсруулаагүй түүхий тосны тодорхой хэмжээний нөөц байгаа ч ихэнх нь боловсруулах үйлдвэр болон дамжуулах сүлжээний хэвийн ажиллагааг хангахад ашиглагдаж байгаа тул бодит “чөлөөт нөөц” хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс геополитикийн нөхцөл байдал хурц хэвээр үргэлжилбэл газрын тосны үнэ цаашид өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй гэж зах зээл үнэлж байна.