Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.05.04

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.05.04

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Мөнгөний бодлогын хороо гадаад эх үүсвэрт тавих шаардлагыг чангатгалаа.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг өвлүүлэх эрх зүйн боломжийг нээхээр боллоо.
  • Монголбанк 4-р сард 1.06 тонн үнэт металл худалдан авч, жилийн дүнгээр өсөлт үзүүллээ.
  • Газрын тос $111 давж, Xормузын тодорхойгүй байдал үргэлжилж байна.
  • OPENAI-ийн зорилт биелээгүй нь ai салбарын хувьцаануудад дарамт үзүүллээ.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 14.48 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.19 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Худалдаа Хөгжлийн Банк, Монголын хөрөнгийн бирж ХК болон Голомт Банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ.  

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 115 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 10,560 төгрөгөөр буюу нийт 1.2 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн индексүүд өсөлтөө хадгалж, сэргэлтийн хандлага үргэлжиллээ. TOP-20 индекс +1.04%, MSE A индекс +0.59%, MSE B индекс +1.09%-иар өссөн нь зах зээлд худалдан авалтын идэвх тогтвортой байгааг илтгэнэ. Ялангуяа MSE B индексийн өсөлт нь жижиг сегментэд идэвх нэмэгдэж, өсөлт илүү өргөн хүрээнд тархаж эхэлснийг харуулж байна. Индексүүдийн энэхүү хөдөлгөөн нь өмнөх экс-дивидендийн дараах дарамт саарч, зах зээл богино хугацаанд сэргэлтийн үе шатнаас тогтвортой өсөлтийн шат руу шилжиж буйг илтгэнэ. Гэсэн хэдий ч зах зээлийн өсөлт одоогоор бүрэн өргөн суурьтай биш, хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар хязгаарлагдмал хэвээр байна. Иймд одоогийн өсөлтийг засварын дараах сэргэлтийн үргэлжлэл гэж үзэх боломжтой бөгөөд цаашдын чиг хандлага нь зах зээлийн өргөн оролцоо болон хөрвөх чадвараас ихээхэн хамаарах төлөвтэй байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 51,397.55

+1.04%

MSE A Индекс 19,649.58 +0.59%
MSE B Индекс 14,385.91 +1.09%

 


⇒  МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО ГАДААД ЭХ ҮҮСВЭРТ ТАВИХ ШААРДЛАГЫГ ЧАНГАТГАЛАА  

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар банкны гадаад эх үүсвэрт хамаарах заавал байлгах нөөцийн шаардлагад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, 2026 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн банкуудын гадаад зах зээлээс татсан 360 хоногоос 3 жилийн хугацаатай гадаад валютын бонд, зээлийн эх үүсвэрийн 25%-ийг заавал байлгах нөөцөд хамруулах юм.

Бодлогын үндэслэл ба хамрах хүрээ

  • Гадаад хамаарлын өсөлт: Банкны нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн бөгөөд энэ нь санхүүжилтийн бүтцийн гадаад эмзэг байдлыг нэмэгдүүлж байна гэж МБХ үнэлжээ.
  • Урт хугацааны тогтворт шилжих зорилго: Шийдвэр нь богино, дунд хугацааны гадаад эх үүсвэрийн сэдлийг бууруулж, урт хугацаат тогтвортой санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн байна.
  • Валютын болон хугацааны зөрүүг бууруулах: Гадаад валютаар авсан зээлийг төгрөгөөр олгох тохиолдолд үүсдэг валют болон хугацааны зөрүүнүүд банкны тогтвортой байдалд эрсдэл учруулдаг тул энэхүү арга хэмжээ нь тэдгээрийг хязгаарлахад чиглэсэн.
  • Стресс тест: МБХ-ны хийсэн стресс тестийн дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх системийн хэмжээнд зохистой байна гэж үнэлжээ.
  • Мөчлөгийн эрсдэл буурсан: МБХ санхүүгийн мөчлөг өмнөх үетэй харьцуулахад илүү тэнцвэртэй түвшинд шилжсэн гэж дүгнэж, энэ нь макро зохистой бодлогын дараагийн алхмыг авах боломж олгож байна гэж үзжээ.

Энэхүү шийдвэр нь банкны санхүүжилтийн бүтцэд гадаад эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, богино болон дунд хугацааны гадаад санхүүжилтээс хамаарал өсөж буй нөхцөлд гарчээ. Мөнгөний бодлогын хороо уг арга хэмжээгээр гадаад эх үүсвэрийг илүү урт хугацаатай, тогтвортой бүтэц рүү шилжүүлэх, мөн валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна.

Мөн дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа энэ үед гадаад санхүүжилтийн өртөг, хүртээмж богино хугацаанд хэлбэлзэх эрсдэлтэйг онцолж, энэ нь хөрөнгийн урсгалд нөлөөлж болзошгүйг дурдсан байна.

Нийт дүнгээр, уг бодлогын өөрчлөлт нь банкны салбарын гадаад санхүүжилтийн хэт хамаарлыг бууруулж, илүү тогтвортой эх үүсвэрийг дэмжих чиглэлтэй макро зохистой бодлогын арга хэмжээ болж байна. Цаашид макро, санхүүгийн орчны өөрчлөлтөөс хамааран бодлогын дараагийн алхмуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

МХБ-д бүртгэлтэй банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийн дараа банкуудын санхүүжилтийн бүтэц, гадаад зээлийн хэмжээ болон зардлын өөрчлөлтийг дараагийн улирлын тайлан гарах үед нарийвчлан хянах нь зүйтэй. 25%-ийн шаардлага нь богино-дунд хугацааны гадаад санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлэх бөгөөд банкуудын санхүүжилтийн бүтэц болон зээлийн хүүд шахалт үзүүлж болзошгүй. Гадаад санхүүжилтийн эзлэх хувь харьцангуй өндөр банкуудад илүү шууд нөлөөлнө.
 


 “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖИЙГ НЭЭХЭЭР БОЛЛОО

Засгийн газрын 2026 оны 4-р сарын 29-ний ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны 12-р сарын 31-ний байдлаар "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн бүртгэлд хувьцаа эзэмшиж байгаад нас барсан нийт 132,203 иргэний 1,072 хувьцааг хуулийн хүрээнд өвлүүлэх, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Хэрхэн өвлөх вэ

  • Нотариат: Өв залгамжлагч (үр хүүхэд болон хамаатан садан) хэн нь өвлөх эрхтэйгээ тогтоосны дараа нотариатад хандаж баримт бүрдүүлнэ.
  • Үнэт цаасны данс: Нотариатаар баталгаажсаны дараа "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-д хувьцааг өв залгамжлагчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлнэ.
  • Ногдол ашиг авах: Шилжүүлэлт хийгдсэний дараа өмнөх жилүүдэд хуримтлагдан байгаа ногдол ашгийг авах эрх нэгэн зэрэг үүснэ.
  • Одоогийн байдлаар өмнөх жилүүдийн ногдол ашиг тодорхой хэмжээгээр төрийн дансанд төвлөрсөн бөгөөд өвлөх үйл явцыг гүйцэтгэснээр иргэд эдгээр хуримтлагдсан орлогоо авах боломжтой болно.
  • Хамрах хугацаа: Холбогдох бэлтгэл ажлыг хангаж дууссаны дараа энэхүү үйл явцыг 2026 оны 6 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тус тогтоол нь "Эрдэнэс Тавантолгой"-г 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байгааг ЗГХЭГ онцолсон байна.

Энэхүү тогтоол нь хувьцааг худалдах, худалдан авах эрхийг нээгээгүй болно. 2012 оны Засгийн газрын 181-р тогтоолын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг аливаа хэлбэрээр захиран зарцуулах хориг хэвээр байна.
 


 МОНГОЛБАНК 4-Р САРД 1.06 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧ, ЖИЛИЙН ДҮНГЭЭР ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс хуримтлагдсан нийт худалдан авалт 4.3 тонн-д хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.7%-иар өссөн үзүүлэлт болж, алт худалдан авалтын идэвхжил нэмэгдсэнийг илтгэж байна.

Худалдан авалтын бүтэц бүс нутгаар ялгаатай байсан бөгөөд Баянхонгор аймаг дахь салбар 1,020.3 кг, харин Дархан-Уул аймаг дахь салбар 124.2 кг үнэт металл худалдан авсан нь нийлүүлэлт тодорхой бүсэд төвлөрч байгааг харуулж байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнэ нь олон улсын зах зээлийн үнэтэй уялддаг бөгөөд 2026 оны 4-р сард алт худалдан авах дундаж үнэ 541,552 төгрөг/гр орчим байжээ. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, олборлогчдыг зах зээлд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж байна.

Үнэт металлын худалдан авалтын өсөлт нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд алтны нийлүүлэлт богино хугацаанд тогтвортой хадгалагдах хандлага ажиглагдаж байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ эерэг гүйцэтгэлтэй байсан ч өсөлт нь жигд бус, бүс нутгийн онцлогоос хамаарсан хэвээр байна. АНУ-д өргөн суурьтай өсөлт давамгайлж, Европт болгоомжлол давамгайлсан тогтуун хөдөлгөөн, Азид дотоод хүчин зүйлсэд тулгуурласан холимог гүйцэтгэл ажиглагдлаа. Энэ нь зах зээлүүд синхрон хөдөлгөөнөөс илүүтэйгээр салбарын бүтэц, мөнгөний бодлогын хүлээлт, геополитикийн орчин зэрэг хүчин зүйлсээс хамаарсан тархмал, сегментчилсэн динамик-д шилжсэнийг илтгэж байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +1.08%
  • Dow Jones: +0.79%
  • Nasdaq: +1.30%

АНУ-ын зах зээлд өсөлт жигд тархаж, S&P 500 (+1.08%), Nasdaq (+1.30%), Dow Jones (+0.79%) индексүүд бүгд эерэг хаагдлаа. Nasdaq-ийн илүү өндөр өсөлт нь технологи болон өсөлтийн хувьцаануудын эрэлт хэвээр байгааг илтгэж байгаа бол Dow Jones-ийн харьцангуй бага өсөлт нь уламжлалт салбаруудын гүйцэтгэл илүү тогтуун байсныг харуулж байна. Өсөлтийн суурь нь өргөн хүрээтэй байгаа нь зах зээлд эрсдэлийн дуршил тодорхой хэмжээнд сэргэж, хөрөнгө оруулагчид макро тодорхойгүй байдлыг түр хойш тавин корпорацийн орлого, зах зээлийн momentum-д төвлөрч байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч хүүний хүлээлт болон инфляцын чиг хандлагатай холбоотой тодорхойгүй байдал бүрэн арилгагдаагүй тул өсөлт илүү сонгомол хэв шинжтэй хэвээр байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +0.42%
  • STOXX Europe 600: +0.16%
  • DAX 40 (Герман): +0.40%
  • CAC 40 (Франц): -0.56%

Европын зах зээлүүдэд өсөлт хязгаарлагдмал, жигд бус байлаа. FTSE 100 (+0.42%), DAX 40 (+0.40%), STOXX Europe 600 (+0.16%) индексүүд бага өсөлттэй хаагдсан бол CAC 40 (-0.56%) буурсан нь бүс нутгийн доторх гүйцэтгэл салбарын ялгаанаас шалтгаалж зөрүүтэй байгааг харуулж байна. Эрчим хүчний үнэ, инфляцын дарамт болон мөнгөний бодлогын чиглэл тодорхой бус хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын байр суурийг болгоомжтой хэвээр хадгалж, өсөлтийг хязгаарласан байна.  

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -0.61%
  • KOSPI: +1.00%
  • CSI 300: +0.48%
  • SSEC : +0.92%

Азийн зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байж, Хятадын SSEC (+0.92%), CSI 300 (+0.48%) болон Солонгосын KOSPI (+1.00%) өссөн нь дотоод бодлогын хүлээлт болон хөрөнгө оруулалтын урсгал тодорхой хэмжээнд сэргэснийг илтгэж байна. Харин Японы Nikkei 225 (-0.61%) буурсан нь иений ханшийн хэлбэлзэл болон өмнөх өсөлтийн дараах техникийн засварын нөлөө байж болох юм. Азийн зах зээлүүдийн хувьд гадаад хүчин зүйлсийн нөлөө харьцангуй саарч, улс бүрийн дотоод макро орчин болон бодлогын хүлээлт илүү тодорхой нөлөөлсөн хэв шинж ажиглагдлаа.

 


⇒  ГАЗРЫН ТОС $111 ДАВЖ, ХОРМУЗЫН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой цэргийн ажиллагаанд хамаарах “War Powers Resolution”-ийн 60 хоногийн хугацаатай тулгараад байгаа нь зах зээлийн анхаарлын төвд байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгч цэргийн ажиллагааг 60 хоногийн дотор Конгрессоор батлуулах эсвэл зогсоох ёстой. Гэвч АНУ-ын засаг захиргаа 4-р сарын эхээр тохиролцсон гал зогсоолт нь “дайсагналцлыг дуусгасан” гэж үзэж, Конгрессын зөвшөөрөл шаардлагагүй болсон гэж тайлбарлаж байна.

Баасан гарагт газрын тосны үнэ өсөж, өмнөх өдрийн өндөр хэлбэлзэлтэй арилжааны дараахан зах зээлд геополитикийн эрсдэл хэвээр байгааг илтгэлээ. Brent маркийн газрын тосны 6-р сарын гэрээ нэг баррель нь $126.41 хүрч дөрвөн жилийн дээд түвшинд хүрсэн ч эцэстээ $114.01-д хаагдсан нь зах зээлийн тогтворгүй байдлыг харуулж байна. Мөн 7-р сарын Brent фьючерс 1.11%-иар өсөж $111.63, WTI газрын тос 0.45%-иар нэмэгдэж $105.54-д хүрсэн байна. Энэ нь зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл болон геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж буйг илтгэнэ.

  • Хормуз хаалттай хэвээр: Дэлхийн нийт тосны 20 хувь нь дамждаг Хормузын хоолойн хаалт 2-р сарын 28-аас хойш тасралтгүй үргэлжилж байна. Иран цөмийн яриа хэлэлцээрийн өмнө хоолойг нээхгүй гэж байр суурийг хатуу барьж байна.
  • Конгрессийн маргаан: Ардчилагч хууль тогтоогчид Трамп Конгрессийн зөвшөөрөлгүйгээр дайн эхлүүлсэн нь хуульбус гэж мэдэгдэж байгаа бол Трамп 1973 оны хуулийг "үндсэн хуульд нийцэхгүй" гэж маргаж байна.
  • Дахин цохилт өгөх эрсдэл: Axios-ийн мэдэгдснээр Адмирал Брэд Купер Трампад Иранд "богино бөгөөд хүчтэй" цохилт өгөх шинэ төлөвлөгөө танилцуулах гэж байгаа тул дахин байлдааны ажиллагаа эхлэх боломж хэвээр байна.
  • ING Bank таамгаа дээшлүүлэв: ING Bank 2-р улирлын Брент тосны дундаж үнийн таамгийг 96 ам.доллараас 104 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
  • АНЭУ ОПЭК-ийг орхив: Нефтийн өсөлтийн дунд Нэгдсэн Арабын Эмирт Улс 5-р сарын 1-нд ОПЭК-ийн гишүүнчлэлээ зогсоосноо мэдэгдэв.
  • АНУ-ын шатахууны үнэ: Калифорни мужид 1 галлон бензин 6 ам.доллараас дээш болж, үндэсний дундаж шинэ дэгдэлтэд хүрлээ.

Нийт дүнгээр, гал зогсоолт хүчин төгөлдөр хэвээр байгаа ч хууль эрх зүйн тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн эрсдэл зэрэг хүчин зүйлс газрын тосны үнийг дэмжиж, дэлхийн зах зээлд хэлбэлзэл өндөр хэвээр байгааг харуулж байна. Брент тосны үнэ 110 ам.доллараас дээш тогтвортой байх нь Монголын шатахууны импортын зардлыг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг хэвээр барих болно. МХБ-д бүртгэлтэй тосны бүтээгдэхүүн ашигладаг тээвэр, уул уурхайн компаниудын хоёрдугаар улирлын зардлын өртөгт энэ тосны үнийн байдал шууд тусгагдаж болзошгүй.

 


⇒  OPENAI-ИЙН ЗОРИЛТ БИЕЛЭЭГҮЙ НЬ AI САЛБАРЫН ХУВЬЦААНУУДАД ДАРАМТ ҮЗҮҮЛЛЭЭ

Хиймэл оюуны салбарын тэргүүлэгчдийн нэг “OpenAI” компанийн орлого болон хэрэглэгч татах төлөвлөгөө хүлээлтэд хүрээгүй гэх мэдээлэл гарсны дараа тус компанитай шууд болон шууд бусаар холбогддог компаниудын хувьцааны ханш огцом буурлаа.

Японы “SoftBank Group”  (OpenAI-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг) Токиогийн хөрөнгийн бирж дээр -9.9%-иар унасан бол АНУ-д хиймэл оюуны тооцооллын хүчин чадал нийлүүлэгч “CoreWeave” -8%-иар буурч $103.05-д хүрлээ. Мөн технологийн экосистемийн томоохон тоглогчид болох Oracle (-6.3%), Nvidia (-3.9%), AMD (-7.3%) тус тус буурсан нь зах зээлд AI салбарын өсөлтийн хүлээлтэд эргэлзээ үүссэнийг илтгэж байна.

Үүнээс гадна хиймэл оюуны дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотой компаниуд ч дарамтад орж, GE Vernova (-5.2%), Vertiv (-7.2%), Caterpillar (-2.7%) зэрэг эрчим хүч, дата төвийн дэд бүтцийн компаниудын хувьцаа буурсан байна. Энэ нь AI-ийн өсөлт зөвхөн программ хангамж төдийгүй эрчим хүч, сервер, дэд бүтцийн бүхэл бүтэн сүлжээнд нөлөөлж байгааг харуулж байна.

OpenAI орлого нэмэгдүүлэх болон шинэ хэрэглэгч татах зорилтоо биелүүлж чадаагүй бөгөөд үүний улмаас өндөр өртөгтэй тооцооллын гэрээнүүдийн төлбөрийг санхүүжүүлэхэд хүндрэл үүсч болзошгүй байна. Компанийн удирдлагын зүгээс ч мөн энэ эрсдэлийг онцолж, санхүүгийн дарамт нэмэгдэж байгааг дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд AI салбарт хэт өндөр хүлээлт үүсч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэвч бодит орлогын урсгал, хэрэглэгчийн өсөлт нь энэ хурдтай нийцэхгүй байх эрсдэл ил болж эхэлж байна. Зах зээлд одоо “AI monetization gap” буюу технологийн боломж ба бодит орлогын хоорондын зөрүү илүү тодорхой харагдаж эхэлж байна.

Нийт дүнгээр, OpenAI-ийн гүйцэтгэлд үүссэн эргэлзээ нь зөвхөн нэг компанийн асуудал бус, харин хиймэл оюуны бүх экосистемийн үнэлгээ, өсөлтийн таамаглалд нөлөөлөх системийн шинжтэй эрсдэл болж байна. Богино хугацаанд AI-тэй холбоотой хувьцаануудын хэлбэлзэл өндөр хэвээр байх төлөв ажиглагдаж байна.