Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.04.27

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.04.27

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Шатахууны үнэ, геополитик, хөрөнгийн зах зээл: Монголын эдийн засагт учирч буй гадаад шахалт.
  • Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2026 оны эхний улиралд 61%-иар өсөж, уул уурхай гол хөдөлгүүр болов.
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөж, зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байна.
  • "Nikkei-225" индекс 60,000 нэгжийн босгыг давав: Тэргүүлэгч AI хувьцаанууд.
  • АНУ–Ираны хэлэлцээ цуцлагдаж, газрын тосны үнэ өслөө.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 6.37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 13.25 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан банк ХК, Голомт Банк ХК, Ард кредит ББСБ ХК, Хас Банк болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:    

  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 610 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,240 төгрөгөөр буюу нийт 756.4 сая төгрөгөөр;
  • Ард кредит ББСБ ХК-ийн (ADB) 6.67 сая ширхэг үнэт цаас нэгжийн 122 төгрөгөөр буюу нийт 812.93 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн индексүүд өсөлттэй хаагдаж, зах зээлд эерэг хандлага хадгалагдлаа. TOP-20 индекс +1.41%, MSE A индекс +1.53%, MSE B индекс +0.16%-иар тус тус өссөн байна. Өсөлт нь өмнөх долоо хоногийн сэргэлтийн үргэлжлэл байж, зах зээлд худалдан авалтын идэвх тогтвортой хадгалагдсаныг илтгэнэ. Ялангуяа MSE A индексийн өсөлт нь том болон дунд зах зээлийн үнэлгээтэй хувьцаануудын гүйцэтгэл харьцангуй сайн байсныг харуулж байна. Харин MSE B индексийн бага өсөлт нь жижиг сегментэд илүү тогтуун, хязгаарлагдмал хөдөлгөөн үргэлжилж байгааг илтгэж байна. Нийт дүнгээр, зах зээл богино хугацаанд тогтвортой өсөлтийн үе шатанд шилжиж, өмнөх улирлын техникийн нөлөөллүүд (экс-дивиденд, улирлын хэлбэлзэл) аажмаар саарч буй дүр зураг ажиглагдлаа.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 51,318.49

+1.41%

MSE A Индекс 19,681.55 +1.53%
MSE B Индекс 14,255.85 +0.16%

 


⇒  ШАТАХУУНЫ ҮНЭ, ГЕОПОЛИТИК, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ УЧИРЧ БУЙ ГАДААД ШАХАЛТ

2026 оны 4-р сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан дэлхийн газрын тосны үнэ нэмэгдэж, дотоодын шатахууны зах зээлд нөлөөлж байна.

Тухайлбал, дотоодын зах зээл дэх энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200 төгрөг, Евро-5 дизель 5,300 төгрөг, АИ-95 бензин 4,100 төгрөг болж өсөх нөхцөл байдал үүссэн байна. Засгийн газар нөхцөл байдлыг хянаж, импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох эрхийг өөртөө авах тухай УИХ-д хуулийн төсөл өргөн барьжээ. Харин 4-р сарын 23-нд зарим мэдэгдлийн дагуу шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй гэсэн байр суурийг засгийн газар илэрхийлсэн байна.

  • Шатахууны эрсдэл: Дизель болон АИ-95-ийн үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн бөгөөд тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн өртөг өсөх эрсдэлтэй.
  • Хууль эрх зүйн арга хэмжээ: Засгийн газар гаалийн татварын уян хатан зохицуулалтын эрхийг авах зорилгоор УИХ-д яаралтай хуулийн төсөл өргөн барилаа.
  • МХБ-ийн байдал: Жишиг индекс 2026 оны эхээр түүхэн дээд түвшинд хүрсний дараа уналт үргэлжлэх магадлалтай байна.  
  • Инфляцын дарамт: Шатахуун болон энергийн үнийн өсөлтөөс хамааран 2026 онд инфляц 7.0% орчим хэвээр байх таамаглал бий.

Дэлхийн нефтийн үнийн хэлбэлзэл нь шатахуунаа бүхэлдээ импортоор хангадаг улсад инфляцын нэмэлт дарамт болдог. Засгийн газар гаалийн татварыг уян хатан зохицуулах эрхийг авах нь богино хугацаанд үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бий болгож болох ч дунд хугацаандаа төсвийн орлогод дарамт учруулж болно. МХБ-ийн хувьд шатахуун, тээвэр, хоол хүнсний компаниудын зардлын өртөг нэмэгдэх нь хоёрдугаар улирлын ашгийн тайланд тусч, ханшийн уналтыг улам гүнзгийрүүлж болзошгүй.  
 


 АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 61%-ИАР ӨСӨЖ, УУЛ УУРХАЙ ГОЛ ХӨДӨЛГҮҮР БОЛОВ

Үндэсний Статистикийн Хорооны 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 16.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд буюу 61.2%-иар өслөө. Энэ нь 2023 оны мөн үеийн 8.7 их наяд, 2024 оны 11.7 их наяд, 2025 оны 10.2 их наяд төгрөгтэй харьцуулахад мэдэгдэхүйц ахиц юм.

Өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар байв. Энэ салбарын үйлдвэрлэл 13.6 их наяд төгрөгт хүрч, 74.2%-иар өсөхөд металлын хүдэр олборлолт 2.3 дахин (4.8 их наяд төгрөг) өсч, чулуун нүүрс 28.0%-иар (1.0 их наяд төгрөг) нэмэгдсэн нь нөлөөлжээ. Борлуулалтын хувьд ч нийт 18.8 их наяд төгрөгт хүрч 75.3%-иар өссөн бөгөөд гадаад зах зээлийн борлуулалтын 62.9%-ийг металлын хүдэр олборлолт дангаараа бүрдүүлсэн байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Нийт өсөлтийн 94% орчим нь уул уурхайн салбараас бүрдсэн бөгөөд эдийн засгийн олон талт байдлын хувьд эрсдэл хэвээр байна.
  • Зэсийн баяжмал металл агуулгаараа 36.4%-иар өсч 611 мянган тонд хүрэв.
  • Чулуун нүүрс 68.7%-иар өсч 25.7 сая тонд хүрсэн нь экспортын гол бүтээгдэхүүний нэг болж буйн илрэл юм.
  • Цемент үйлдвэрлэл 96.7%-иар өсч 171 мянган тонд хүрсэн нь барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж буйг харуулна.
  • Хүнс, ундаа сектор харьцангуй суларсан: ус, ундаа жүүс 18.2%-иар, малын мах 62.3%-иар буурсан нь анхаарал татаж байна.
  • Үйлдвэрлэлийн биет хэмжээний индекс 2026 оны 3-р сард 214.0 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан байна.

Нийт үйлдвэрлэлийн өсөлт нь голчлон уул уурхай, олборлох салбараас хамаарсан бөгөөд биет хэмжээний индекс өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан нь нэрлэсэн үнийн нөлөө бодит хэмжээний өсөлтөөс давамгайлж байгааг харуулна. Иймд зах зээлийн үнэлгээ дахь инфляцын нөлөөллийг хөрөнгө оруулагчид нарийн ялган авч үзэх шаардлагатай.
 


 УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨВЛӨРӨЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА  

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тонн-д хүрч, тогтвортой өсөлтийн чиг хандлага хадгалагдлаа. Нийт экспортын 86% нь БНХАУ-руу чиглэсэн нь зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг илтгэж байна.

Экспортын бүтцийн хувьд 75% нь таримал ургамал, 24% нь боловсруулсан бүтээгдэхүүн, үлдсэн 1% нь модон материал эзэлж байна. Таримал бүтээгдэхүүний экспортод рапс, тэжээлийн хивэг, өвс зонхилж, үүнээс рапс 100.8 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, төмс 10.8 мянган тонн-ын экспорт хийгджээ. Мөн чацаргана, луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр экспортлогдсон байна.

Экспортын өсөлт нь газар тариалангийн салбарт тодорхой идэвхжил бий болгож, таримлын төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг дэмжиж байна. Үүний зэрэгцээ зах зээлийн өндөр төвлөрөл нь экспортын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл хэвээр байгааг харуулж байна.

Нийт дүнгээр, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байгаа нь хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэлийг дэмжиж байгаа ч зах зээлийн төрөлжилт, бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх чиглэлд цаашдын динамик чухал хэвээр байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2026 оны 4-р сарын 21–25-ны долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн нөхцөл байдал болон корпорацийн ашгийн мэдэгдлүүдийн нөлөөг зэрэг шингээсэн, харилцан зөрчилтэй динамиктай байлаа. АНУ–Ираны гал зогсоох хугацааны дуусалт болон Ормузын хоолойн тасалдал үргэлжилсэн нь ялангуяа Европын зах зээлд дарамт үзүүлж, эрчим хүчний өртөг өсөх, инфляцын дарамт нэмэгдэх хүлээлтийг дэмжсэн байна. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлүүд бүс нутгаар ялгаатай гүйцэтгэлтэй байж, АНУ-д холимог хөдөлгөөн, Европт өргөн хүрээний бууралт, харин Азид харьцангуй хүчтэй сэргэлт ажиглагдлаа. Энэ нь зах зээлийн чиг хандлага нэгэн жигд бус, харин макро орчин, салбарын бүтэц, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ зэргээс хамаарсан тархмал шинжтэй хэвээр байгааг илэрхийлж байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.67%
  • Dow Jones: -0.39%
  • Nasdaq: +1.72%

АНУ-ын зах зээлд индексүүдийн гүйцэтгэл зөрүүтэй байж, Nasdaq-ийн өсөлт нь технологи болон өсөлтийн хувьцаануудын эрэлт хадгалагдсаныг харуулж байна. Харин Dow Jones-ийн бууралт нь аж үйлдвэр, уламжлалт салбарууд харьцангуй сул гүйцэтгэлтэй байсныг илтгэнэ. Зах зээлд өргөн хүрээний өсөлт ажиглагдаагүй, харин сонгомол худалдан авалт давамгайлж, хөрөнгө оруулагчид тодорхой сегментүүдэд төвлөрсөн хэв шинж ажиглагдлаа. Мөн зах зээлд хүүний хүлээлт, инфляцын чиг хандлагатай холбоотой тодорхойгүй байдал бүрэн арилгагдаагүй байгаа нь индексүүдийн жигд өсөлтийг хязгаарласан хүчин зүйл болов.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -2.17%
  • STOXX Europe 600: -0.90%
  • DAX 40 (Герман): -2.32%
  • CAC 40 (Франц): -1.88%

Европын зах зээлүүдэд бууралт жигд тархаж, өмнөх өсөлтийн дараах засвар (correction) илүү тод илэрлээ. DAX 40 болон FTSE 100 индексүүдийн бууралт нь аж үйлдвэрийн болон экспортод чиглэсэн компаниудын ханшид дарамт үүссэнийг илтгэнэ. Үүнээс гадна бүс нутагт эдийн засгийн өсөлтийн хүлээлт, инфляц болон мөнгөний бодлогын чиглэлтэй холбоотой тодорхойгүй байдал хадгалагдсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэл бууруулах байр суурийг дэмжсэн байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +2.12%
  • KOSPI: +6.86%
  • CSI 300: +0.86%
  • SSEC : +0.70% 

Азийн зах зээлүүдэд өсөлт давамгайлж, ялангуяа KOSPI-ийн +6.86%-ийн өсөлт нь технологи болон экспортын салбарын сэргэлттэй холбоотой байв. Япон мөн эерэг гүйцэтгэлтэй байсан бол Хятадын зах зээлүүд харьцангуй бага өсөлттэй, тогтуун динамик үзүүлсэн нь дотоод эдийн засгийн нөхцөл болон хөрөнгө оруулагчдын болгоомжлол бүрэн арилгагдаагүй байгааг илтгэнэ. Азийн зах зээлүүдийн хувьд гадаад эрсдэлийн нөлөө харьцангуй буурч, дотоод бодлого болон салбарын суурь үзүүлэлтүүд илүү нөлөөлсөн долоо хоног байв.

 


⇒  "NIKKEI-225" ИНДЕКС 60,000 НЭГЖИЙН БОСГЫГ ДАВАВ: ТЭРГҮҮЛЭГЧ AI ХУВЬЦААНУУД

Токиогийн хөрөнгийн биржийн Пүрэв гаргийн арилжааны явцад "Nikkei-225" индекс 60,013.98 нэгжид хүрч, 1950 онд бий болсноосоо хойш анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа. Энэхүү түүхэн амжилтыг SoftBank Group (+6.4%), Advantest (+2.65%), Tokyo Electron (+1.76%), Fujikura (+0.65%) зэрэг AI болон хагас дамжуулагчтай холбоотой компаниудын хувьцааны хүчтэй өсөлт тэтгэсэн байна.

Гэвч рекорд тогтоосны дараа удалгүй ашиг авалт эхэлж, хаалтанд индекс 58,952.11 нэгжид хүрч 1.06% буурсан бөгөөд “TOPIX” индекс ч мөн 0.76%-иар буурч 3,716.38 нэгжид хаагдлаа. Токиогийн хөрөнгийн биржийн нийт 1,600 гаруй компанийн зөвхөн 23% нь өсч, 72% нь буурсан нь өсөлт зах зээлд өргөн тархаагүйг харуулав.

Өсөлтийн гол хөдөлгүүрүүд

  • SoftBank Group +6.4%: Охин компани Arm Holdings-ийн AI чип хөгжүүлэлтийн мэдэгдэл болон AI роботикийн хөрөнгө оруулалт нь тус компанийг долоо хоногийн тэргүүлэгч болгов.
  • Advantest +2.65%, Tokyo Electron +1.76%: ASML болон TSMC нарын хагас дамжуулагч тоног төхөөрөмжийн эрэлтийн таамгаа дээшлүүлснийг дагаад Японы чип сектор дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оров.
  • АНУ-Иран гал зогсоолтын сунгалт: Пакистаны зуучлалаар Трамп гал зогсоолтыг тодорхойгүй хугацаагаар сунгасан нь арилжааны эхэн цагт эрсдлийн хандлагыг дэмжсэн гол дохио болжээ.

Сүүлийн саруудад Японы зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдэж, харьцангуй зөөлөн мөнгөний бодлого, компанийн засаглалын сайжрал зэрэг нь зах зээлийг дэмжиж ирсэн. Ялангуяа технологийн салбарын өсөлт богино хугацаанд индексийг огцом өсгөсөн. Гэсэн хэдий ч зах зээлийн өсөлт хурдтай явагдсанаас үүдэн үнэлгээ өндөрдсөн байж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, арилжааны төгсгөлд засварын хөдөлгөөн ажиглагдлаа. Үүнтэй зэрэгцэн Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал хурцдаж, Иран Ормузын хоолойд хөлөг онгоц саатуулсан тухай мэдээлэл гарснаар газрын тосны үнэ өсөж, эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгджээ.  Үүний нөлөөгөөр ам.долларын ханш чангарч, 1 ам.доллар = 159 иен орчимд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын байр сууринд нэмэлт дарамт үзүүлэв.

 


⇒  АНУ–ИРАНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЦУЦЛАГДАЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЛӨӨ

АНУ–Ираны хооронд Пакистанд хийхээр төлөвлөж байсан хоёр дахь шатны хэлэлцээ цуцлагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээлд өсөлт ажиглагдаж, геополитикийн эрсдэл нэмэгдлээ.
 
Арилжааны мэдээллээр, Brent маркийн газрын тосны долоодугаар сарын фьючерс үнэ 2.30%-иар өсөж $101.41/баррель, харин WTI төрлийн газрын тосны зургадугаар сарын гэрээ 2.15%-иар нэмэгдэж $96.43/баррель-д хүрсэн байна. Энэ нь нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буй хүлээлт зах зээлд туссаныг илтгэнэ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны нийслэл Исламабад хотод хийхээр төлөвлөсөн төлөөлөгчдийн айлчлалыг цуцалснаа мэдэгдэж, дараа нь Ираны талаас илүү ашигтай шинэ санал ирсэн талаар дурдсан байна. Харин Ираны тал анхнаасаа АНУ-тай албан ёсны уулзалт товлогдоогүй гэж мэдэгдсэн нь талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байгааг харуулж байна.
 
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайдтай хийсэн яриандаа шахалт, хориг арга хэмжээ болон боомтын хязгаарлалтын нөхцөлд энхийн хэлэлцээнд оролцох боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь хоёр талын харилцаа ойрын хугацаанд ахиц гарах магадлал бага байгааг илтгэнэ.
 
Энэхүү нөхцөл байдал нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолойн эрсдэлийг дахин нэмэгдүүлж, зах зээлд тодорхойгүй байдлыг хадгалж байна. Тус хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20% дамждаг бөгөөд аливаа тасалдал нь үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлдөг. Хэлэлцээр урагшлахгүй байгаа нь геополитикийн эрсдэлийн нэмэлт “premium”-ийг газрын тосны үнэд шингээж, инфляц болон зардлын дарамтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх суурь хүчин зүйл хэвээр байна.