Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.01.26

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.01.26

Уншсан既読Read 24
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм. 
  • Монголбанк өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоолоо.  
  • Мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрч, жилийн өсөлт 8.7%-д хүрэв. 
  • 2025 оны улсын нэгдсэн төсөв гүйцэтгэлийн урьдчилсан дүнгээр  алдагдалтай гарлаа. 
  • Алт, мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрч, үнэт металлын зах зээл хүчтэй өслөө. 
  • АНУ–БНХАУ-Канадын худалдааны маргаан хурцдаж, 100 хувийн татварын эрсдэл үүслээ. 
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм. 

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 4.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, АПУ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, АПУ ХК болон ЛэндМН ББСБ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын 1 удаагийн арилжаа зохион зохион байгуулагджээ. Тодруулбал:    

  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 778 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,285 төгрөгөөр буюу нийт 1 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 14.1 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Зах зээлийн үнэлгээ өсөхөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2,774,599,298,000 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлснээс гадна "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт хүчтэй нөлөө үзүүлэв. 

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлд ялгаатай хөдөлгөөн ажиглагдлаа. Top 20 индекс 0.15%-иар буурсан нь томоохон зах зээлийн жинтэй хувьцаанд богино хугацааны засвар хөдөлгөөн үргэлжилснийг илтгэв. Харин MSE A индекс 0.46%, MSE B индекс 0.49%-иар өссөн нь дунд болон жижиг үнэлгээтэй компанийн хувьцаанд хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэнийг харуулж байна. 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 54,781.37

-0.15%

MSE A Индекс 21,067.50 +0.46%
MSE B Индекс 14,357.97 +0.49%

 


⇒  МОНГОЛБАНК ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ 45%-ИАР ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар банкнаас шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45%-иас хэтрүүлэхгүй байхаар шинэчлэн тогтоолоо. Мөн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14% болон 19%-д хүргэхээр шийдвэрлэлээ. 

Эдгээр бодлогын шийдвэрийг боловсруулахдаа дараах гол нөхцөл, хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна. Тухайлбал, 

  • Эдийн засаг 2025 оны эхний 11 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.4%-иар өсөөд байна. 
  • Мөнгөний бодлого хатуу хэвээр үргэлжилж байгаа хэдий ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл жилийн өсөлтөөр 21%-д хүрчээ. 
  • Хэрэглээний зээлийн эрчимтэй тэлэлт нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өдөөхөөс гадна бизнесийн зээлд чиглэх санхүүжилтийн эх үүсвэрийг хумих, улмаар импортын хэрэглээг нэмэгдүүлснээр валютын ханш болон төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. 
  • Мөн олон улсын эдийн засгийн орчин тодорхой бус хэвээр байгаа энэ үед банкны салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадавхыг бэхжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна. 

Монголбанк энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хязгаарлах, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс үүдэх эрсдэлийг бууруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилготой гэж тайлбарлаж байна. Тушаалын хэрэгжилтэд Мөнгөний бодлогын газар, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар болон Хяналт шалгалтын газар хамтран хяналт тавьж ажиллах юм.


 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 47.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 8.7%-Д ХҮРЭВ

2025 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт (М2) урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр буюу 8.7%-иар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламжийн огцом нэмэгдэл голлон нөлөөлсөн байна. 

  • Бага мөнгө (М1): 11.2 их наяд төгрөг, өмнөх оноос –3.9% буурсан 
  • Мөнгөний нийлүүлэлт (М2): 47.1 их наяд төгрөг, өмнөх оноос +8.7% өсөв 
  • Төгрөгийн хадгаламж: 26.0 их наяд төгрөг, жилийн өсөлт +18.3% 
  • Бараг мөнгө: 35.8 их наяд төгрөг, өмнөх оноос +13.4% 
  • Валютын хадгаламж: 5.6 их наяд төгрөг, жилийн өсөлт +16.0% 
  • Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө: 1.2 их наяд төгрөг, жилийн өсөлт +1.8% 

Төгрөгийн хадгаламжийн 21.6 их наяд төгрөг буюу 82.8 хувь нь иргэдийнх, 4.5 их наяд төгрөг буюу 17.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хадгаламжид төвлөрч, харин М1 буурсан нь эдийн засгийн идэвхээс илүүтэйгээр хуримтлал нэмэгдэж, хэрэглээний эргэлт харьцангуй саарч буйг илтгэж байна. 


 2025 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ ОРЛОГО ӨССӨН Ч АЛДАГДАЛТАЙ ХААГДЛАА

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр буюу 3.8%-иар өссөн байна. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламж 30.1 их наяд төгрөг болж, өсөлт 1.3%-д хязгаарлагджээ. Төсвийн нийт зарлага болон цэвэр зээл 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 698 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр, улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гүйцэтгэгдэв. 

Орлогын бүтэц: 

  • Татварын орлого: 27.1 их наяд төгрөг, өмнөх оноос 332 тэрбум төгрөгөөр буурсан 
  • Орлогын албан татвар –431 тэрбум төгрөг 
  • Бусад татвар, төлбөр хураамж –1.4 их наяд төгрөг 

Өсөлттэй гарсан орлогын эх үүсвэрүүд: 

  • Нийгмийн даатгалын шимтгэл: +892 тэрбум төгрөг 
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ): +358 тэрбум төгрөг 
  • Хөрөнгийн татвар: +148 тэрбум төгрөг 
  • Гадаад худалдааны татвар: +57 тэрбум төгрөг 

Ингэснээр 2025 онд төсвийн орлого нэрлэсэн дүнгээр өссөн боловч татварын бүтцийн сулрал, зарлагын тэлэлт нь төсвийн алдагдлыг үүсгэх гол шалтгаан болжээ. Орлогын өсөлт татварын тогтвортой эх үүсвэрээс бус, хэсэгчилсэн нэмэгдлээс бүрдсэн нь дунд хугацаанд төсвийн сахилга бат, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж болзошгүй байна. 

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд бүс нутгийн ялгаа тод ажиглагдлаа. АНУ-д болгоомжлол давамгайлж индексүүд буурсан бол Европт холимог, Азид харьцангуй эерэг уур амьсгал бүрдэв. Технологийн салбарын хөдөлгөөн Азийн зах зээлийг дэмжсэн ч Хятадын эдийн засгийн сэргэлтийн талаарх эргэлзээ хэвээр байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид бодлогын хүү, макро эдийн засгийн шинэ мэдээллийг хүлээсэн болгоомжтой байр сууриа хадгалсан үе байлаа. 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.35%
  • Dow Jones: -0.53%
  • Nasdaq: -0.06%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл сул гүйцэтгэлтэй байлаа. S&P 500, Dow Jones болон Nasdaq индексүүд бүгд бага хэмжээгээр буурсан нь инфляцын талаарх болгоомжлол, бодлогын хүүгийн ирээдүйн чиглэл тодорхой бус хэвээр байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийсэн хандлагатай байсныг илтгэв. Ялангуяа томоохон компаниудын хувьцаанд богино хугацааны ашиг авалт давамгайлжээ. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -0.51%
  • STOXX Europe 600: +0.21%
  • DAX 40 (Герман): -0.16%
  • CAC 40 (Франц): +0.22%

Европын зах зээлд хөдөлгөөн харьцангуй холимог байв. STOXX Europe 600 болон Францын CAC 40 индексүүд өсөлттэй гарсан ч Их Британийн FTSE 100 болон Германы DAX 40 сул гүйцэтгэл үзүүллээ. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв жигд бус, үйлдвэрлэл болон экспортын салбарт тодорхойгүй байдал үргэлжилж байгааг харуулж байна. 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225:+0.86%
  • KOSPI: +3.33%
  • CSI 300-0.57%
  • SSEC : +1.11%

Азийн голлох зах зээлүүд харьцангуй эерэг байлаа. Японы Nikkei 225 болон БНСУ-ын KOSPI индексүүд хүчтэй өсөлт үзүүлсэн нь технологийн салбарын сэргэлт, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнтэй холбоотой. Харин Хятадын CSI 300 буурсан ч Шанхайн SSEC өсөлттэй хаагдаж, зах зээл дотор чиглэл зөрүүтэй хэвээр байгааг харууллаа. 

 


 АЛТ, МӨНГӨНИЙ ҮНЭ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧ, ҮНЭТ МЕТАЛЛЫН ЗАХ ЗЭЭЛ ХҮЧТЭЙ ӨСЛӨӨ 

Олон улсын үнэт металлын зах зээлд эрсдэлээс хамгаалах эрэлт огцом нэмэгдэж, алт болон мөнгөний үнэ зэрэг түүхэн дээд түвшинд хүрлээ. Геополитикийн тодорхойгүй байдал, АНУ–Европын харилцааны хурцадмал нөхцөл, мөн Холбооны нөөцийн сангийн бодлогын ирээдүйн талаарх хүлээлт нь хөрөнгө оруулагчдыг үнэт металл руу чиглүүлж байна. 

Алтны зах зээл 

Нью-Йоркийн Comex бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ өмнөх өдрөөс ойролцоогоор 40 ам.доллароор өсөж, унц нь 5,025 ам.долларт хүрснээр дахин түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо. Алтны үнэ ийнхүү огцом өсөхөд Гренландтай холбоотой АНУ-ын гадаад бодлогын мэдэгдлүүд, мөн Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд үүсэж болзошгүй эрсдэлийг зах зээл үнэлж эхэлсэн нь голлон нөлөөлөв. Үүний зэрэгцээ ам.долларын ханш сулрах хандлага алтны үнийг нэмэлтээр дэмжжээ. 

  • Алтны фьючерсийн үнэ унц тутамд 5,000 ам.долларын босгыг давж, 5,025 ам.долларт хүрэв. 
  • DXY ам.долларын индекс 98.22 нэгж хүртэл буурсан нь алтанд эерэг нөлөө үзүүлэв. 

Мөнгөний зах зээл 

Мөнгөний үнэ ч мөн хүчтэй өсөлт үзүүлж, гуравдугаар сард нийлүүлэх фьючерсийн үнэ унц нь 100 ам.долларын босгыг анх удаа даван, 100.035–104 ам.долларын түвшинд хүрээд байна. Мөнгөний өсөлт нь зөвхөн санхүүгийн хамгаалалтын хэрэгцээнээс гадна аж үйлдвэрийн салбарын эрэлт нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Ялангуяа Азийн зах зээл, тэр дундаа Шанхайн бирж дээрх идэвхжил эрс нэмэгдсэн нь мөнгөний зах зээлийг хүчтэй дэмжжээ. 

  • Мөнгөний фьючерсийн үнэ өдөрт 3.8% өсөж, унц нь 100 ам.доллароос давлаа. 
  • 2025 онд мөнгөний үнэ 141% өссөн, 2026 оны эхнээс хойш дахин 40% нэмэгдээд байна. 

Геополитикийн тодорхойгүй байдал, ам.долларын сулрал болон мөнгөний бодлого зөөлрөх хүлээлтийн нөлөөгөөр алт, мөнгө хоёул түүхэн дээд түвшинд хүрч, үнэт металлууд хөрөнгө оруулагчдын гол хамгаалалтын хэрэгсэл хэвээр байгааг зах зээл тод харуулж байна. 

 


⇒  АНУ–КАНАД–ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ МАРГААН ХУРЦДАЖ, 100 ХУВИЙН ТАТВАРЫН ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улс Хятадтай худалдааны шинэ гэрээ байгуулбал Канадын бүх бараанд 100 хувийн импортын татвар ногдуулна хэмээн анхаарууллаа. Энэхүү мэдэгдэл нь Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы дараа гарч, хоёр улсын харилцаанд дахин тодорхойгүй байдал үүсгээд байна. 

Канадын Ерөнхий сайд Марк Карни БНХАУ-д айлчилж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаны дараа хоёр улс худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм. Үүнд Хятадын цахилгаан автомашиныг Канадын зах зээлд нэвтрүүлэх, харин Хятадын талаас Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг бууруулах зохицуулалт багтжээ. 

Трамп энэхүү алхмыг АНУ-ын ашиг сонирхолд заналхийлж болзошгүй хэмээн үзэж, Канад Хятадын барааг АНУ-д дамжуулах “гарц” болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Гол онцлох баримтууд: 

  • АНУ–Канадын худалдааны эргэлт 2024 онд 900 тэрбум ам.доллароос давсан. 
  • Канадын экспортын ойролцоогоор 75% нь АНУ-д чиглэдэг. 
  • Хятад улс дэлхийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. 
  • АНУ өмнө нь Канадын зарим бараанд 35%-ийн татвар ногдуулах шийдвэрийг хянаж байгаа. 

Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын худалдааны дарамт Канад улсыг эдийн засгийн түншлэлээ солонгоруулах, Хятад болон Азийн зах зээлтэй харилцаагаа гүнзгийрүүлэхэд түлхэц болж байна.