
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ.Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инновэйшн инвестмент ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, болон Худалдаа Хөгжлийн банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн индексүүд бууралттай хаагдлаа. TOP-20 индекс -1.27%-иар буурч 50,119.16 нэгжид, MSE A индекс -0.69%-иар унан 19,005.34 нэгжид, харин MSE B индекс -2.26%-ийн бууралттайгаар 14,159.61 нэгжид тус тус хаагджээ. MSE B индексийн харьцангуй огцом бууралт нь хөрвөх чадвар багатай, жижиг болон дунд хэмжээний компанийн хувьцаанд зарах дарамт илүү байсныг харуулж байна. Харин MSE A индексийн уналт харьцангуй бага байгаа нь томоохон, идэвхтэй арилжаалагддаг компаниуд тодорхой хэмжээнд тогтвортой байсныг илтгэв. Долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнд улирлын болон техникийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн бөгөөд суурь үзүүлэлтүүдийн доройтлоос үүдсэн эрсдэл ажиглагдсангүй.
Тухайн хугацаанд хэд хэдэн компанийн хувьцаа ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор ex-dividend төлөвт орсноор хувьцааны үнэ ногдол ашгийн хэмжээнд нийцүүлэн буурах хандлага ажиглагдсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (ХЭХ)-ын тов зарлагдаж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл эхэлсэн нь богино хугацааны хөрөнгө оруулагчдын байр суурь болон арилжааны идэвхэд тодорхой нөлөө үзүүлсэн байна. Ногдол ашигтай холбоотой үнийн тохируулга болон хөрөнгө оруулагчдын богино хугацааны байр суурийн өөрчлөлт нь өнгөрсөн долоо хоногийн бууралттай үр дүнгийн гол шалтгаан боллоо.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 50,119.16 |
-1.27% |
| MSE A Индекс | 19,005.34 | -0.69% |
| MSE B Индекс | 14,159.61 | -2.26% |
⇒ III САРД ИНФЛЯЦ ЭРГЭН ЭРЧИМЖИЖ 7.3%-Д ХҮРЧЭЭ
2026 оны гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд 7.4 хувь болж, өмнөх сараас 1.2 нэгж хувиар эрчимжлээ. Инфляцын энэхүү өсөлтөд шатахууны үнэ болон хүнсний бүлгийн барааны ханшийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна.
Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдэж, тээвэр, логистикийн өртөгт дарамт учруулжээ. Үүний зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь инфляцын дарамтыг цаашид ч хадгалагдах эрсдэлтэй байгааг харуулж байна. Улсын хэмжээнд хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9–15.2 хувиар өссөн нь инфляцын бүтцэд хүнсний бүтээгдэхүүн давамгайлж байгааг илтгэж байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн нь хэрэглээний үнийн индексэд хамгийн өндөр хувь нэмэр оруулсан үзүүлэлт болжээ. Энэ нь нийлүүлэлтийн улирлын онцлог, тээвэрлэлтийн зардлын өсөлт, импортын нөлөөллүүдтэй холбоотой байж болзошгүй байна.
Харин Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөөд байна. Нийслэлийн инфляцын гол хөдөлгөгч хүчин зүйл мөн л хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт байлаа. Тус бүлгийн үнэ гуравдугаар сард 15.3 хувиар өссөн нь 2023 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс шатахуун болон махны үнийн өсөлт хадгалагдвал инфляц ойрын саруудад цаашид ч эрчимжих төлөвтэй байгааг онцолж байна.
⇒ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: ОНЫ ЭХНИЙ ӨНДӨР ЭРЧ БА ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВ
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хоёр сард уул уурхайн салбарын идэвхжил, улирлын нөлөөллийн дэмжлэгээр өндөр өсөлттэй гүйцэтгэл үзүүллээ. Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр бодит ДНБ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3 хувь, үйлчилгээний салбарынх 4.2 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Ийнхүү эдийн засаг оны эхний сард 8.6 хувь, хоёрдугаар сард 7.6 хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч Дэлхийн Банкны Монголын эдийн засгийн шинэ тойм тайланд дурдсанаар 2025 онд огцом тэлсэн өсөлт 2026 онд 5.0 хувь орчимд саарах төлөвтэй байна. Өмнөх онд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл эрчээ авсан, мөн мал аж ахуйн салбар зудын хорогдлын дараа огцом сэргэсэн нь нүүрсний экспортын бууралт, гадаадын сул хөрөнгө оруулалтыг нөхөж, эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд хүргэн тэтгэсэн юм. Харин энэ онд эдгээр онцгой хүчин зүйлс хэвийн түвшинд шилжсэнээр нийт өсөлтийн хурд саарах хүлээлт давамгайлж байна.
Цаашид дотоодын тогтвортой эрэлт, төрийн оролцоотой төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалт эдийн засгийн идэвхийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байх боловч геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны зөрчил, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад орчны эрсдэлүүд өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байгааг Дэлхийн Банк анхааруулжээ. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн үндсэн бүтээн байгуулалтын үе шат дуусахын хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт удааширч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд хязгаарлагдмал байх төлөвтэйг онцолсон байна.
Дотоодын хувьд төсвийн сул бодлого богино хугацаанд өсөлтийг дэмжих ч инфляцын дарамтыг нэмэгдүүлж, урсгал дансны алдагдлыг тэлэх эрсдэлтэй гэж үзжээ. Үүний улмаас мөнгөний хатуу бодлого хадгалагдах нөхцөл бүрдэж болзошгүй бөгөөд макро эдийн засгийн дарамт өндөр хэвээр байгаа энэ нөхцөлд инфляц 2026 оны турш дунджаар 8.5 хувь орчимд хадгалагдана гэсэн төсөөллийг гаргасан байна.
⇒ ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын санхүүгийн салбарын анхаарал уламжлалт зээлийн өсөлтөөс илүү экспорт, худалдааны санхүүжилт (Trade Finance) д чиглэж, валютын орлого бүрдүүлдэг салбаруудыг эрсдэл багатай, урсгалд суурилсан санхүүжилтээр дэмжих чиг хандлага нэмэгдэж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Худалдаа, Хөгжлийн банкны “Худалдааны санхүүжилтийн форум” Resource economy буюу “Нөөцийн эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж, байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцсэн байна. Форумоор банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан харилцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдэд төвлөрчээ.
Дэлхийн хэмжээнд технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засаг тэлж буйтай холбоотойгоор зэс, лити, газрын ховор элемент зэрэг стратегийн металлын эрэлт 2030 он гэхэд 30–40 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь баялаг ихтэй орнуудад боломж нээж буй ч уг боломжийг бодит эдийн засгийн өгөөж болгоход санхүүжилт, худалдаа, бодлогын уялдаа чухал хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.
Монгол Улсын хувьд эрдэс баялгийн салбар эдийн засгийн гол тулгуур хэвээр бөгөөд гадаад худалдаа, санхүүжилтийн илүү тогтвортой, үр ашигтай тогтолцоо шаардлагатай болж байна. Худалдаа, Хөгжлийн банк 2025 оны байдлаар банкны сектор дахь уул уурхайн санхүүжилтийн 32 хувийг дангаар олгосон бөгөөд үүний 60.7 хувь нь алт, 19.6 хувь нь нүүрс, 12.3 хувь нь төмрийн хүдэр, үлдсэн 7.4 хувь нь бусад ашигт малтмалын төслүүдэд ногдож байна. Энэ нь санхүүжилтийн бүтэц аажмаар төрөлжиж буйг илтгэж байна. Нийт дүнгээр Trade Finance ийн идэвхжил нь “уул уурхайн бус экспорт”-ыг санхүүгийн түвшинд бодитоор дэмжих анхны бодит хөдөлгөөн эхэлж буйн дохио хэмээн зах зээлийн зүгээс үнэлэгдэж байна.
Долоо хоногийн дүнгээр дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд эерэг сэргэлт давамгайлж, ихэнх бүс нутагт индексүүд өсөлттэй хаагдлаа. АНУ болон Европын зах зээлд өсөлт харьцангуй хүчтэй байсан бол Азийн зах зээлд нийтлэгдээ эерэг ч улс, салбарын түвшинд гүйцэтгэлийн ялгаа ажиглагдсан нь хөрөнгө оруулагчдын стратеги бүс нутаг бүрд өөр хэвээр байгааг харуулж байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын зах зээл долоо хоногийн турш эерэг гүйцэтгэл үзүүлж, гол индексүүд өсөлттэй хаагдаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлд дурлах хандлага сэргэснийг илтгэлээ. Зах зээлийн гол индексүүд бүгд эерэг өгөөж үзүүлснээр зах зээлийн таатай хүлээлт давамгайлсан байна. S&P 500 +3.48%, Nasdaq +4.03%, Dow Jones +3.11%-иар тус тус өссөн байна. Зах зээлийн энэхүү эерэг гүйцэтгэл нь макро эдийн засгийн тодорхой бус байдал намжих хүлээлт, мөн компанийн ашигт ажиллагаатай холбоотой төсөөлөл тогтворжиж буйтай холбоотой байж болохоор байна. Ялангуяа Nasdaq-ийн илүү өндөр өсөлт нь өсөлтийн болон технологийн хувьцаануудын сэргэлт давамгай байсныг харуулж байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын зах зээлүүд өргөн хүрээний өсөлттэй байж, бүс нутгийн бүх гол индексүүд хүчтэй гүйцэтгэл үзүүллээ. DAX 40 +2.68%, STOXX Europe 600 +2.81%, CAC 40 +3.27%, FTSE 100 +1.57%-иар өссөн байна. Европын зах зээлийн энэхүү өсөлт нь гадаад зах зээлийн эерэг хандлага, мөн бүс нутгийн эдийн засгийн төлөвийн талаарх хүлээлт тогтворжсон нь зах зээлийн өсөлтийг дэмжив. Ялангуяа өргөн хүрээг хамарсан STOXX Europe 600 индексийн хүчтэй өсөлт нь зах зээлийн ерөнхий сэтгэл зүй сайжирсныг илтгэж байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлттэй гүйцэтгэл үзүүлж, бүс нутаг даяар хөрөнгө оруулагчдын эрсдэлд дурлах хандлага эрчимжив. Гол индексүүд бүгд өсөлт үзүүлсэн нь гадаад орчны эерэг нөлөө болон бүс нутгийн эдийн засгийн хүлээлт сайжирсныг харууллаа. Nikkei 225 (Япон) индекс +6.99%-иар огцом өсөж, экспортод чиглэсэн болон технологийн салбарын хувьцаанууд гүйцэтгэлийг тэргүүлэв. KOSPI (БНСУ) индекс +8.03%-ийн өсөлтөөр бүс нутагтаа хамгийн өндөр гүйцэтгэл үзүүлж, хагас дамжуулагч болон өндөр технологийн компаниудын хувьцааны эрэлт нэмэгджээ. CSI 300 (БНХАУ) индекс +4.29%, SSEC +2.63%-иар өссөн нь бодлогын дэмжлэг болон дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсэнийг илтгэв. Азийн зах зээлийн энэхүү өсөлт нь АНУ, Европын зах зээл дэх эерэг хандлага болон бүс нутгийн эдийн засгийн төлөвт итгэх итгэл сайжирсантай уялдаж, ялангуяа Япон, Солонгосын зах зээлд ажиглагдсан гүйцэтгэл нь дэлхийн технологийн салбарын мөчлөг сэргэж буй дохио боллоо.
⇒ ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НАМЖИЖ, ЗАХ ЗЭЭЛҮҮД АМСХИЙВ
Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн эцсийн мөчид түр гал зогсоох тохиролцоонд хүрснээр олон улсын санхүүгийн зах зээлүүдэд тодорхой хэмжээний тайвшрал ажиглагдлаа. Ормузын хоолой дахин нээгдсэн нь эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлийг богино хугацаанд намжааж, газрын тос болон байгалийн хийн зах зээл дээрх үнийн дарамтыг огцом сулруулав. Талууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрснээр мөргөлдөөн цаашид даамжрах эрсдэл түр хугацаанд буурч, зах зээлүүд “хамгийн муу хувилбар”-аас зайлсхийж чадлаа. Энэхүү тохиролцоо нь урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах орон зайг нээж өгч байгаа ч шинжээчдийн зүгээс суурь зөрчил бүрэн арилаагүй, тодорхой бус байдал хэвээр байгааг анхааруулж байна.
Зах зээлийн шууд хариу үйлдэл эрчим хүчний салбарт илэрч, брент төрлийн газрын тосны үнэ нэг өдрийн дотор 16 хүртэл хувиар буурч, баррель нь 95 ам.долларын орчимд хүрлээ. Мөн Европын байгалийн хийн фьючерсийн ханш 20 хувиас дээш унаж, сүүлийн хоёр жилийн хамгийн огцом уналтыг үзүүлэв. Эрчим хүчний үнийн энэхүү огцом засвар нь инфляцын дарамт түр хугацаанд сулрах хүлээлтийг зах зээлд бий болгосон байна. Эрсдэлийн уур амьсгал намжихын хэрээр хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөөс гарч, бонд, технологи болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд руу дахин чиглэж эхэллээ. Үүний зэрэгцээ ам.долларын ханш суларч, Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн индексүүд III сарын эхэн үеийн түвшиндээ дөхөж очсон бол Биткойн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрч өсөв.
Нийт дүнгээр авч үзвэл, өнгөрсөн долоо хоногт зах зээлүүд геополитикийн хурц эрсдэлээс түр хугацаанд ангижирч, эрсдэлд дурлах хандлага сэргэх дохио өглөө. Гэсэн ч гал зогсоох тохиролцоо богино хугацааны шинжтэй хэвээр байгаа тул геополитикийн тодорхойгүй байдал зах зээлийн гол эрсдэл хэвээр үлдэж байна.
⇒ SAMSUNG ELECTRONICS: AI ЧИПИЙН ЭРЭЛТ АШГИЙГ ОГЦОМ ӨСГӨВ
Samsung Electronics (005930.KS) 2026 оны I улиралд зах зээлийн хүлээлтийг үлэмж давсан гүйцэтгэл үзүүлж, үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 755 хувиар өсөж 57.2 их наяд вонд хүрлээ. Үүнийг хиймэл оюуны зориулалттай чипийн эрэлт огцом нэмэгдсэн явдал голлон дэмжсэн бөгөөд борлуулалтын орлого 68 хувиар өсөж 133 их наяд вон болсон байна. Тус улирлын ашиг нь 2025 оны бүтэн жилийн ашгийг давсан нь зах зээлийн анхаарлыг татсан гол үзүүлэлт болов.
AI д суурилсан өндөр хурдны санах ойн чипийн захиалга үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид болон дата төвүүдээс эрчимтэй өссөнөөр чипийн бизнесийн ашиг ухаалаг гар утасны сегментийг давсан байна. Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал хадгалагдаж байсан ч AI чипийн эрэлт тогтвортой байсныг шинжээчид онцолжээ. Эерэг тайлангийн дараа Samsung ийн нэгж хувьцааны үнэ 196,500 вон дээр 1.8%-иар өсөж хаагдсан бол өдрийн доторх арилжаагаар өсөлт 5 хувьд хүрсэн байна.
Үүний зэрэгцээ зах зээлийг доргиосон өөр нэг үйл явдал болж, компанийн үүсгэн байгуулагчийн гэр бүлийн гишүүн 15 сая ширхэг хувьцааг 3.1 их наяд вонтой тэнцэх дүнгээр зах зээлд зарсан нь БНСУ ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн томоохон хэлцлүүдийн нэгээр бүртгэгдлээ. Уг хэлцлийг өв залгамжлалын татвар болон санхүүгийн үүрэг гүйцэтгэх зорилгоор хийсэн бөгөөд олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкнууд андеррайтераар хамтран ажилласан нь зах зээлийн итгэл харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна.