Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.16

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.16

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • 2026 оны 2-р сард Монгол Улсын инфляц 6.5% болж буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын гол дарамт хэвээр байна.
  • Монгол Улсын экспорт 3 тэрбум ам.доллар давж, 51.9%-иар өссөн нь нүүрсний экспортын нэмэгдэлтэй холбоотой байна.
  • Нүүрсний экспорт өсөж, өдрийн дундаж 320–330 мянган тоннд хүрлээ.
  • Ойрхи дорнодын хурцадмал байдал нефтийн зах зээлд дарамт үзүүлж, үнийн эрсдэл нэмэгдлээ.
  • Nvidia Nebius-тай стратегийн түншлэл байгуулж, 2 тэрбум ам.Долларын хөрөнгө оруулна.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 7.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Инновэйшн инвестмент ХК болон Шивээ овоо ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын арилжаа зохион байгуулагдаагүй байна. Тодруулбал:    

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 56.8 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 8,800 төгрөгөөр буюу нийт 500 сая төгрөгөөр;  
  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 533 мянган сая ширхэг үнэт цаас нэгжийн 1,295 төгрөгөөр буюу нийт 690 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 52,802.39 нэгжид хүрч 0.29%-иар нэмэгдсэн бол MSE A индекс 20,269.60 нэгжид хүрч 0.45%-ийн өсөлт үзүүлэв. Мөн MSE B индекс 14,535.12 нэгжид хүрч 0.42%-иар өссөн байна. Ийнхүү зах зээлийн бүх гол индексүүд эерэг өөрчлөлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж, зах зээлийн ерөнхий хандлага тогтвортой байгааг илтгэж байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 52,802.39

+0.29%

MSE A Индекс 20,269.60 +0.45%
MSE B Индекс 14,535.12 +0.42%

 


⇒  ИНФЛЯЦ 6.5%-Д ХҮРЧ, ҮНИЙН ӨСӨЛТИЙН ХУРДАЦ СААРАВ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5%-иар, өмнөх сараас 0.5%-иар өссөн байна. Ингэснээр инфляцын түвшин 2025 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн 9.6%-ийн түвшнээс 3.1 нэгж хувиар буурч, үнийн өсөлтийн хурдац тодорхой хэмжээнд саарчээ.

Жилийн инфляцын өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн их нөлөөлсөн хэвээр байна. Тухайлбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт инфляцын 3.3 нэгж хувь буюу нийт өсөлтийн 51%-ийг бүрдүүлсэн бол хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 нэгж хувь (12.9%)-ийн нөлөө үзүүлжээ.

Гол үзүүлэлтүүд:

  • Улсын жилийн инфляц: 6.5%
  • Сарын өсөлт: 0.5%
  • Барааны бүлгийн үнэ: +6.3%
  • Үйлчилгээний бүлгийн үнэ: +7.0%

Бүс нутгийн хамгийн өндөр өсөлтүүд:

  • Төвийн бүс – барааны үнэ +8.2%
  • Баруун бүс – үйлчилгээний үнэ +8.4%
  • Улаанбаатар – хүнсний үнэ +12.8%
  • Баруун бүс – хүнсний бус бараа +6.0%

Инфляцын бүтцийг задлан харвал мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувь (51.2%), мөн импортын барааны үнэ 1.2 нэгж хувь (17.8%)-ийн нөлөө үзүүлсэн байна. Инфляцын өсөлтийн хурд буурсан нь мөнгөний бодлогын хатуу нөхцөл үр дүнгээ өгч байгааг харуулж байгаа ч хүнсний үнийн өндөр өсөлт нь өрхийн хэрэглээ болон инфляцын дарамтыг дунд хугацаанд хадгалах эрсдэлийг илтгэж байна.

 


 ГАДААД ХУДАЛДААНЫ ЭКСПОРТ 50%-ИАР ӨСЖЭЭ

Гаалийн Ерөнхий Газрын мэдээлснээр, 2026 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 906.5 сая ам.доллар буюу 24.4%-иар өссөн байна. Экспорт импортын хэмжээнээс давснаар гадаад худалдааны баланс 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Тухайн хугацаанд Монгол Улс нийт 3.05 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 51.9%-иар өссөн үзүүлэлт болж байна. Экспортын өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ялангуяа нүүрсний экспортын огцом өсөлт голлон нөлөөлжээ.

Гол үзүүлэлтүүд:

  • Нийт гадаад худалдааны эргэлт: 4.6 тэрбум ам.доллар
  • Экспорт: 3.046 тэрбум ам.доллар (+51.9%)
  • Худалдааны баланс: +1.5 тэрбум ам.долларын ашиг

Экспортын бүтэц:

  • Чулуун нүүрс: 15.8 сая тонн экспортолж 1.0 тэрбум ам.долларын орлого, жилийн өсөлт +54.4%
  • Зэсийн баяжмал: 42 мянган тонн экспортолж 1.4 тэрбум ам.долларын орлого
  • Боловсруулаагүй нефть: 0.52 сая баррель экспортолсон нь 14.5%-иар буурсан

Нүүрс болон зэсийн баяжмалын экспорт нь Монгол Улсын гадаад худалдааны нийт орлогын ойролцоогоор 80%-ийг бүрдүүлж, экспортын гол хөдөлгөгч хүчин хэвээр байна. Нүүрсний экспортын хэмжээ огцом өссөн нь БНХАУ-ын эрэлт болон тээвэр, логистикийн хүчин чадал сайжирсантай холбоотой. Экспортын өндөр өсөлт нь Монгол Улсын валютын урсгал, төлбөрийн тэнцлийг дэмжиж байгаа ч экспортын бүтэц уул уурхайн бүтээгдэхүүнд төвлөрсөн хэвээр байгаа нь эдийн засгийг түүхий эдийн үнийн савлагаанд эмзэг байлгах эрсдэлтэй хэвээр байна.

 


НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨСӨЖ, ӨДРИЙН ДУНДАЖ 320–330 МЯНГАН ТОННД ХҮРЛЭЭ

Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, Монгол Улсын нүүрсний экспорт 2026 оны эхний саруудад мэдэгдэхүйц өсөлттэй гарч, экспортын гол хөдөлгөгч салбар хэвээр байна. Тухайлбал, нэгдүгээр сард 10 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 5.8 сая тонноос 73%-иар өссөн үзүүлэлт болж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортолсон байна.

Харин хоёрдугаар сард 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Монгол, Хятадын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан болон сарын хоногийн тоо бага байсан нь экспортын хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч амралтын өдрүүдийг хасвал өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортлогдсон байна.

Гол үзүүлэлтүүд:

  • 2026 оны 1-р сар: 10 сая тонн нүүрс экспорт (+73%)
  • 2026 оны 2-р сар: 6.4 сая тонн экспорт (+11%)
  • Өдөрт дундаж экспорт: 320–326 мянган тонн
  • 3-р сарын 10-ны байдлаар: 3 сая тонн экспорт, жилийн өсөлт 2.6 дахин

Мөн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын төмөр замаар тээвэрлэх нүүрсний экспортын хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж Зам, тээврийн яам мэдээлжээ. Ингэснээр тээврийн зардал буурч, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэхээс гадна эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажил одоогоор ойролцоогоор 10%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нүүрсний экспортын өсөлт болон логистикийн дэд бүтцийн шинэ төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын экспортын орлого болон валютын урсгал дунд хугацаанд нэмэгдэх боломжтой байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2026 оны 3-р сарын 9-нөөс 13-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд бүс нутгаас хамаарсан ялгаатай хөдөлгөөн ажиглагдлаа. АНУ-ын зах зээлүүд геополитикийн эрсдэл, нефтийн үнийн өсөлт болон мөнгөний бодлогын тодорхойгүй байдлаас шалтгаалан буурсан бол Европын зах зээлүүд эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгтэйгээр харьцангуй тогтвортой байв. Харин Азид технологийн салбарын өсөлт, Хятадын эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлт зах зээлийг дэмжсэн ч Японд валютын хэлбэлзэл дарамт үзүүлж, бүс нутгийн зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй долоо хоног боллоо.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -1.00%
  • Dow Jones: -1.72%
  • Nasdaq: -0.50%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлүүд бууралттай хаагдлаа. Зах зээлийн хөдөлгөөнд Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, нефтийн үнийн өсөлт, мөн Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын талаарх тодорхойгүй хүлээлт голлон нөлөөлөв. Хөрөнгө оруулагчид инфляц дахин нэмэгдэх эрсдэл болон өндөр хүүгийн орчин урт хугацаанд үргэлжилж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас технологи болон томоохон компанийн хувьцаанаас тодорхой хэмжээнд ашиг хураах хөдөлгөөн ажиглагдсан байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +0.11%
  • STOXX Europe 600: +0.33%
  • DAX 40 (Герман): +1.95%
  • CAC 40 (Франц): -0.05%

Европын хөрөнгийн зах зээлүүд харьцангуй тогтвортой, зарим индексүүд өсөлттэй хаагдлаа. Ялангуяа Германы DAX индекс өсөлт үзүүлсэн нь үйлдвэрлэлийн салбар болон экспортын компаниудын эерэг гүйцэтгэлтэй холбоотой байв. Нөгөө талаас эрчим хүчний үнэ өссөн нь Европын эрчим хүчний болон түүхий эдийн компаниудын хувьцаанд дэмжлэг болсон ч Францын зах зээл дээр хөрөнгө оруулагчдын болгоомжлол хэвээр байж, индекс бага зэрэг бууралттай хаагдсан байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -1.44%
  • KOSPI: +4.21%
  • CSI 300: +1.50%
  • SSEC : -0.08%

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл холимог байлаа. Японы Nikkei индекс буурсан нь иений ханшийн хэлбэлзэл болон технологийн салбарын хувьцааны засвар хөдөлгөөнтэй холбоотой байв. Харин БНСУ-ын KOSPI индекс хүчтэй өссөн нь хагас дамжуулагч болон технологийн компаниудын хувьцааны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Хятадын зах зээлд эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлт нэмэгдсэнээр CSI 300 индекс өссөн бол Шанхайн индекс харьцангуй тогтвортой байлаа.

 


⇒  ОЙРХИ ДОРНОДЫН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛД ДАРАМТ ҮЗҮҮЛЖ, ҮНИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЛЭЭ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, Персийн буланд худалдааны хөлөг онгоцнууд руу халдсан тухай мэдээлэл гарснаар дэлхийн нефтийн зах зээлд эрсдэлийн хүлээлт өсөж байна. Зарим шинжээчид нөхцөл байдал даамжирвал нефтийн үнэ баррель нь 200 ам.долларт хүрэх эрсдэлтэй гэж анхааруулж байгаа бол Ираны эрх баригчид бүс нутгийн мөргөлдөөн үргэлжилбэл нефтийн тээвэрлэлтийн урсгалд ноцтой саад учирч болзошгүйг сануулжээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн мэдээлснээр, Персийн булан дахь нөхцөл байдал тогтворгүй хэвээр үргэлжилбэл дэлхийн нефтийн нийлүүлэлтэд томоохон доголдол үүсч болзошгүй тул шаардлагатай тохиолдолд стратегийн нөөцөөс нефть гаргах боломжийг хэлэлцэж байгаа аж. Дэлхийн нефтийн тээвэрлэлтийн ойролцоогоор 20% нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг тул энэ бүсийн аливаа саатал зах зээлд хүчтэй нөлөөлдөг.

Сүүлийн долоо хоногуудад АНУ болон Израилын цэргийн ажиллагаа, мөн Ираны хариу довтолгоонуудын дараа бүс нутгийн мөргөлдөөн Ливан болон Персийн булангийн бүс рүү өргөжих эрсдэл нэмэгдсэн байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Персийн буланд худалдааны хэд хэдэн хөлөг онгоц халдлагад өртсөн нь нефть, шингэрүүлсэн хий тээвэрлэлтэд тодорхойгүй байдал үүсгээд байна.

Зах зээлд нөлөөлж буй гол хүчин зүйлс:

  • Персийн булан дахь тээврийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн
  • Ормузын хоолойгоор дамжих нефтийн урсгал тасалдах магадлал
  • Геополитикийн эрсдэлээс шалтгаалан нефтийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдал

Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв мөргөлдөөн өргөжиж, нефтийн тээвэрлэлтэд саад гарвал нефтийн үнэ огцом өсөх боломжтой. Зарим зах зээлийн судалгаанд ийм нөхцөлд нефтийн үнэ 150–200 ам.долларын түвшинд хүрэх эрсдэлтэй гэж дүгнэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн инфляц болон эдийн засгийн өсөлтөд хүчтэй дарамт үзүүлэх магадлалтай байна.

 


⇒  NVIDIA NEBIUS-ТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛЖ, 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Хиймэл оюуны дэд бүтцийг өргөжүүлэх зорилгоор NVIDIA болон Nebius компаниуд стратегийн түншлэл байгуулж, дараагийн үеийн “hyperscale” үүлэн тооцооллын платформ хөгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. Хэлэлцээрийн хүрээнд NVIDIA компани Nebius группт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.
 
Дэлхий даяар хиймэл оюуны хэрэглээ, өндөр хүчин чадалтай тооцооллын эрэлт огцом өсөж буй энэ үед уг хамтын ажиллагаа нь Nebius компанийн хиймэл оюунд суурилсан үүлэн платформын хөгжлийг хурдасгах зорилготой аж. Тус компани одоогоор АНУ болон бусад бүс нутагт байрлах гигаваттын хүчин чадалтай AI дата төвүүддээ NVIDIA-гийн дэд бүтцийг ашиглаж байна.

Түншлэлийн хүрээнд Nebius компани NVIDIA-гийн дараагийн үеийн тооцооллын архитектурууд болох Rubin GPU, Vera CPU болон BlueField өгөгдөл боловсруулах системүүдийг платформдоо нэвтрүүлэх юм. Мөн AI-д суурилсан үйлдвэрлэлийн шийдэл, дата төвийн зураг төсөл болон тооцооллын дэд бүтцийн өргөтгөл зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Шинжээчдийн үзэж буйгаар, AI-д зориулсан дата төвүүд болон өндөр хүчин чадалтай тооцооллын дэд бүтцэд хийж буй хөрөнгө оруулалт нь технологийн салбарын дараагийн том өсөлтийн хөдөлгөгч хүчин болж, хиймэл оюуны экосистемийн өрсөлдөөнийг улам ширүүсгэх төлөвтэй байна.