
2025 оны эхний 11 сард эдийн засаг 6.4%-иар өслөө.
2025 онд гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
БНХАУ-д дефляцын дарамт үргэлжилж, үнэ өсөлт зорилтод түвшнээс доогуур байна.
Alphabet inc. Apple inc.-ыг зах зээлийн үнэлгээгээр давж, хиймэл оюунд суурилсан өсөлтөөр тэргүүллээ.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 13.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Ремикон ХК болон ЛэндМН ББСБ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
Ар баянхангай ХК-ийн (ABH) 4.2 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 750 төгрөгөөр буюу нийт 3.2 сая төгрөгөөр;
Инвескор ББСБ ХК-ийн (INV) 37.5 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9735 төгрөгөөр буюу нийт 366 сая төгрөгөөр;
Монложистикс Холдинг ХК-ийн (MLG) 1.6 сая ширхэг үнэт цаас нэгжийн 190 төгрөгөөр буюу нийт 315 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлд эерэг хандлага давамгайлсан долоо хоног болж өнгөрлөө. TOP-20 индекс 54,902.96 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.33%-иар өссөн нь зах зээлийн томоохон хувьцаанууд тогтвортой гүйцэтгэл үзүүлснийг илтгэж байна. MSE A индекс 21,026.92 нэгж болж, 0.62%-ийн өсөлт үзүүлсэн нь А ангиллын хувьцаануудын эрэлт сайжирч, хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсэнийг харуулж байгаа бол MSE B индекс 14,211.97 нэгжид хүрч, 0.74%-иар буурсан нь В ангиллын хувьцаануудад тодорхой хэмжээнд ашиг хүртэх дарамт үүссэнийг илтгэж байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 54,902.96 |
+0.33% |
| MSE A Индекс | 21,026.91 | +0.62% |
| MSE B Индекс | 14,211.97 | -0.74% |
⇒ 2025 ОНЫ ЭХНИЙ 11 САРД ЭДИЙН ЗАСАГ 6.4%-ИАР ӨСЛӨӨ
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг (урьдчилсан гүйцэтгэлээр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 6.4%-иар өссөн байна. Жилийн эхэнд өсөлт харьцангуй сул, нэгдүгээр сард 2.4% байсан ч хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийн гүйцэтгэлийг жилийн туршид дэмжжээ.
Салбараар авч үзвэл, ДНБ-ий өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6%-иар, үйлдвэрлэл, барилгын салбар 10.1%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарын өсөлт 2024 оны эхний 11 сард 10.6% байсан бол 2025 онд 1.9% болж саарсан нь дотоод эрэлтийн тэлэлт жигд бус байгааг илтгэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт 0.9%-иар буурч, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлжээ.
Эдийн засгийн өсөлтийн бүтцийг задлан харвал, нийт 6.4 нэгж хувийн өсөлтийн 3.2 нэгж хувь нь хөдөө аж ахуйгаас, 1.2 нэгж хувь нь уул уурхай, олборлолтоос, 1.2 нэгж хувь нь үйлдвэрлэл, барилгаас, 1.0 нэгж хувь нь үйлчилгээний салбараас бүрдсэн байна. Энэ нь өсөлт салбар хооронд харьцангуй тэнцвэртэй боловч хөдөө аж ахуй давамгайлсныг харуулж байна.
Гол дүгнэлтүүд:
2025 оны эхний 11 сарын өсөлт нь улирлын болон бүтцийн хүчин зүйлсээс шалтгаалж хөдөө аж ахуйд ихээхэн түшиглэсэн байна. Цаашид өсөлтийн тогтвортой байдлыг хангахын тулд үйлчилгээний салбарын идэвхжил, бүтээмжийг нэмэгдүүлэх, татварын суурийг тэлэх бодлого чухал хэвээр байна.
⇒ 2025 ОНД ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА
2025 онд Монгол Улс дэлхийн 163 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь 2024 оныхоос 384.5 сая ам.доллароор буюу 1.4%-иар буурсан үзүүлэлт байлаа. Гэсэн хэдий ч экспортын дүн импортын хэмжээнээс 4.4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Экспортын бүтцийг авч үзвэл, эрдэс бүтээгдэхүүн нийт экспортын 99.2%-ийг бүрдүүлсэн бөгөөд чулуун болон хүрэн нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн болон цайрын хүдэр, боловсруулаагүй нефть зонхилжээ. 2025 онд нийт 83.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноос 5.6%-иар өссөн үзүүлэлт болж, нүүрсний экспортын орлого 5.6 тэрбум ам.долларт хүрэв.
Мөн 2.28 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 5.8 тэрбум ам.долларын орлого олсон нь анхаарал татаж байна. Ийнхүү нүүрс болон зэсийн баяжмалын экспорт нийлээд нийт экспортын орлогын 72.4%-ийг бүрдүүлж, Монгол Улсын гадаад худалдааны эерэг тэнцлийг хадгалахад голлох үүрэг гүйцэтгэлээ.
Гадаад худалдааны нийт эргэлт бага зэрэг хумигдсан ч уул уурхайн гол бүтээгдэхүүний экспортын хэмжээ, орлого өндөр түвшинд хадгалагдсанаар 2025 онд Монгол Улс гадаад худалдааны тогтвортой, ашигтай тэнцлийг бүрдүүлж чадсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европ болон Азийн хөрөнгийн зах зээлүүд нийтэд нь өсөлттэй байлаа. АНУ-д технологи болон томоохон компанийн хувьцааны өсөлт, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах хүлээлт зах зээлийг дэмжсэн бол Европт инфляцын дарамт суларч, Европын Төв банкны бодлого зөөлрөх хүлээлт индексүүдэд эерэг нөлөө үзүүлэв. Харин Азийн зах зээлүүдэд Япон, БНСУ, БНХАУ-ын индексүүд эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлт болон гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнээр эрсдэлийн дуршил мэдэгдэхүйц сайжирсан байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл нийтэд нь өсөлттэй байлаа. S&P 500 болон Nasdaq индексүүд технологийн болон томоохон компаниудын хувьцааны өсөлтөөр дэмжигдсэн бол Dow Jones уламжлалт үйлдвэрлэл, санхүүгийн салбарын хүчтэй гүйцэтгэлээр бусдаасаа илүү өсөлт үзүүлэв. Инфляцын дарамт аажмаар суларч буй дохио, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулах боломжтой гэсэн хүлээлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж, зах зээлийн уур амьсгалыг эерэг болгосон долоо хоног боллоо.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл нийтээрээ өсөлттэй байлаа. FTSE 100, STOXX Europe 600, DAX 40 болон CAC 40 индексүүд бүгд эерэг гүйцэтгэл үзүүлсэн нь инфляцын дарамт сулрах хандлага, Европын Төв банкны мөнгөний бодлого зөөлрөх хүлээлттэй холбоотой байв. Ялангуяа Германы DAX 40 индексийн өсөлт үйлдвэрлэл, экспортын салбарын хүлээлт сайжирсантай уялдан бусдаас илүү хүчтэй гарсан нь бүсийн эдийн засгийн төлөвт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнийг илтгэж байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Азийн голлох хөрөнгийн зах зээлүүд хүчтэй өсөлттэй байлаа. Японы Nikkei 225 иений ханшийн харьцангуй тогтвортой байдал, экспортын компаниудын гүйцэтгэл сайжирснаар өссөн бол БНСУ-ын KOSPI технологийн салбарын огцом сэргэлт, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнээр хамгийн өндөр өсөлт үзүүлэв. Харин БНХАУ-ын CSI 300 болон Шанхайн SSEC индексүүд дотоодын эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсний нөлөөгөөр өсөлттэй хаагдаж, бүс нутгийн зах зээлийн эрсдэлийн дуршил мэдэгдэхүйц нэмэгдсэн долоо хоног боллоо.
⇒ БНХАУ-Д ДЕФЛЯЦЫН ДАРАМТ ҮРГЭЛЖИЛЖ, ҮНЭ ӨСӨЛТ ЗОРИЛТОД ТҮВШНЭЭС ДООГУУР БАЙНА
Хүнсний бүтээгдэхүүний өртөг өссөнөөр БНХАУ-ын инфляц 12 дугаар сард сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөн нь өмнөх сараас бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт боловч Төв банкны 2 хувийн зорилтоос доогуур хэвээр байна. Энэ нь дотоод эрэлтийн сэргэлт хангалтгүй байгааг илтгэж байна.
Нөгөө талд, үйлдвэрлэлийн салбарт үнийн дарамт үргэлжилсээр байгаа бөгөөд үйлдвэрлэгчийн үнийн индекс 1.9%-иар буурч, 39 дэх сардаа дараалан агшсан хэвээр үлдлээ. Үнийн энэхүү уналт нь аж үйлдвэрийн ашигт ажиллагааг шахаж, эдийн засгийн дефляцын эрсдэлийг улам гүнзгийрүүлж байна.
Шинжээчдийн үнэлгээгээр эдийн засгийн өргөн хүрээний үнийн чиг хандлагыг илэрхийлдэг ДНБ-ий дефлятор 2025 онд гурав дахь жилдээ дараалан буурах төлөвтэй байна. Энэ нь БНХАУ зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хамгийн удаан үргэлжилсэн дефляцын мөчлөг болж болзошгүйг харуулж байна.
Гол үзүүлэлтүүд:
Инфляц богино хугацаанд нэмэгдсэн ч БНХАУ-ын эдийн засагт дефляцын суурь эрсдэл арилаагүй хэвээр байна. Дотоодын эрэлтийг бодитоор дэмжих, үл хөдлөх хөрөнгийн салбарын итгэлийг сэргээх цогц бодлого хэрэгжихгүй тохиолдолд үнийн тогтвортой өсөлт ойрын хугацаанд бүрдэхэд хүндрэлтэй хэвээр байх төлөвтэй байна.
⇒ ALPHABET INC. APPLE INC.-ЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ДАВЖ, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ӨСӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ
Google-ийн толгой компани болох Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрч, сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа Apple-ыг давлаа. Нэгдүгээр сарын 7-ны арилжаагаар Alphabet-ийн хувьцаа 2%-иас дээш өссөн бол Apple-ийн хувьцаа сүүлийн хэд хоногт 4%-иас илүү буурсан нь энэхүү байр солилцооны гол шалтгаан болов.
Шинжээчдийн дүгнэж буйгаар, Alphabet-ийн өсөлтийг хиймэл оюун ухаанд чиглэсэн идэвхтэй хөрөнгө оруулалт тодорхойлж байна. Тус компани 2025 онд Ironwood нэртэй AI чип, Gemini 3 загварыг танилцуулж, мөн үүлэн технологийн салбарт 1 тэрбум ам.доллароос давсан томоохон гэрээнүүд байгуулсан нь орлогын өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд Alphabet-ийн хувьцаа өнгөрсөн онд 65%-иар өссөн нь олон жилийн дээд үзүүлэлт болсон байна.
Харин Apple хиймэл оюун ухааны шинэчлэлд удаашралтай хандаж, Siri-ийн AI-д суурилсан шинэ хувилбарыг 2026 он хүртэл хойшлуулсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Зах зээл ийнхүү AI болон үүлэн технологид бодит ахиц гаргаж буй компаниудад илүү өндөр үнэлгээ өгч эхэлж байгааг энэ өөрчлөлт тод харуулж байна.