
Монголын хөрөнгийн бирж дээр 02 сарын 16-ны өдөр нийт 577 сая төгрөгийн үнийн дүн бүхий 851 мянган ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Таван толгой ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын арилжаа зохион зохион байгуулагдаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж 02 сарын 16-ны өдөр арилжаа хийгдсэн ба гол индексүүдийн гүйцэтгэл харилцан адилгүй байлаа. ТОП-20 индекс 53,619.51 нэгжид хүрч 2.05%-иар буурсан бол MSE A индекс 20,565.07 нэгжид хаагдаж 2.67%-ийн бууралт үзүүлсэн нь идэвхтэй, өндөр үнэлгээтэй хувьцаануудын ханш суларсныг харууллаа. Харин MSE B индекс 14,439.10 нэгжид хүрч 1.31%-иар өссөн нь хоёрдогч ангиллын хувьцаанд тодорхой хэмжээний худалдан авалт нэмэгдсэнийг илтгэж байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 53,619.51 |
-2.05% |
| MSE A Индекс | 20,565.07 | -2.67% |
| MSE B Индекс | 14,439.10 | +1.31% |
⇒ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БҮТЭЭМЖИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД САЙЖИРЧ БАЙНА
2025 оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл болон хөдөлмөрийн бүтээмжийн шинэ мэдээлэл нь Монголын макро суурь үзүүлэлтүүд тогтворжиж буйг илтгэж байна. ҮСХ-ны мэдээлснээр, нэг ажиллагчид ногдох ДНБ 2025 онд 4.8%-иар өссөн бол IV улиралд 6.9 сая төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 7.3%-иар нэмэгдсэн байна. Энэ нь хөдөлмөрийн үр ашиг сайжирч, эдийн засгийн өсөлтийн чанарт эерэг өөрчлөлт гарч байгааг харуулж байна.
Гол үзүүлэлтүүд:
Салбарын бүтцийн хувьд, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарын бүтээмж хамгийн өндөр өсөлттэй гарсан бол уул уурхайн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг буурсан нь анхаарал татаж байна. Энэ нь экспорт төвтэй салбарын маржин болон олборлолтын үр ашигт дарамт үүсч болзошгүйг илтгэнэ. Нөгөө талаас, үйлчилгээний салбарын 10%+ өсөлт нь дотоод эрэлт, бизнесийн идэвхжил сэргэж байгааг илтгэж, санхүү, худалдаа, хэрэглээтэй холбоотой хувьцаанд дунд хугацаанд дэмжлэг үзүүлэх хүчин зүйл болж байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд ямар дохио вэ?
⇒ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 85% ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.2 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ
2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монголын үнэт цаасны зах зээлд идэвхжил эрчимжиж, нийт гүйлгээ 133.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 61.5 тэрбум төгрөгөөр буюу 85.2%-иар өссөн байна. Зах зээлийн өсөлтөд анхдагч зах зээлийн гүйлгээ огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад:
Хэдийгээр нийт гүйлгээ огцом өссөн ч арилжсан үнэт цаасны тоо 48.3 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 28.4%-иар буурсан нь зах зээлийн бүтцэд чанарын өөрчлөлт явагдаж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, том дүнтэй анхдагч арилжаа давамгайлсан нь гүйлгээний өсөлтийг тэтгэжээ.
Анхдагч зах зээлийн огцом тэлэлт болон зах зээлийн үнэлгээний өсөлт нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний төрөлжилт нэмэгдэж буйг харуулж байгаа ч хоёрдогч зах зээлийн идэвх суларч буй нь богино хугацаанд хөрвөх чадварын эрсдэлийг анхаарах шаардлагатайг илтгэж байна.
⇒ 2026 ОНЫ I САРД ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 906.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр, 2026 оны нэгдүгээр сард Монгол Улс дэлхийн 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 851.5 сая ам.доллароор өссөн эерэг үзүүлэлт бөгөөд экспортын огцом өсөлт, импортын бууралтаас голлон шалтгаалжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Харин сарын дүнгээр авч үзвэл экспорт 215.2 сая ам.доллар, импорт 263.9 сая ам.доллароор тус тус буурсан байна. Гадаад худалдааны бүтэц нь БНХАУ-аас өндөр хамааралтай хэвээр байна. Нэгдүгээр сард БНХАУ-тай хийсэн худалдаа 1.6 тэрбум ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн 88.9%-ийг дангаараа бүрдүүлжээ.
Экспортын бүтцээр:
Ийнхүү экспортын огцом өсөлтөөс шалтгаалж худалдааны ашиг түүхэн өндөр түвшинд хүрсэн ч бүтцийн хувьд уул уурхай болон нэг зах зээлээс хэт хамааралтай хэвээр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг хадгалсаар байгааг харуулж байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийн хувьд АНУ болон Европт эерэг хандлага давамгайлсан бол Азид холимог гүйцэтгэл ажиглагдлаа. Технологи, санхүүгийн салбарууд өсөлтийг дэмжиж, эрсдэлийн дуршил нэмэгдсэн нь барууны зах зээлүүдэд илүү тод харагдав. Харин Азийн зах зээл бодлогын тодорхой бус байдал, дотоодын хүчин зүйлсийн нөлөөгөөр илүү сонгомол хөдөлгөөнтэй байлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн арилжаагаар АНУ-ын гол индексүүд эерэг хаагдлаа. S&P 500 болон Nasdaq индексүүдийн өсөлтийг технологийн болон өсөлтийн компаниудын хувьцаа тэргүүлсэн бол Dow Jones харьцангуй даруухан өсөлт үзүүлэв. Хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын хүүгийн хүлээлт болон компанийн улирлын тайлангууд зах зээлийн уур амьсгалыг дэмжсэн хэвээр байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын зах зээлүүд өргөн хүрээтэй өсөлттэй байлаа. FTSE 100, STOXX Europe 600 болон CAC 40 индексүүд хүчтэй гүйцэтгэл үзүүлж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдсэнийг илтгэв. DAX 40 мөн эерэг хаагдсан нь бүс нутгийн эдийн засгийн хүлээлт тогтвортой байгааг харууллаа. Санхүү, аж үйлдвэр болон түүхий эдийн салбарын хувьцаанууд өсөлтийг дэмжсэн байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. Японы Nikkei 225 буурсан бол БНСУ-ын KOSPI технологийн салбарын идэвхжил, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр хүчтэй өсөлт үзүүлэв. Харин БНХАУ-ын CSI 300 болон SSEC индексүүд БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын улмаас арилжаа явагдаагүй тул өөрчлөлтгүй байсан нь бүс нутгийн нийт гүйцэтгэлд нөлөөллөө.
⇒ NIKKEI ИНДЕКС ХОЁР ӨДӨР ДАРААЛАН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
2026 оны хоёрдугаар сарын 11-ний мягмар гарагт Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед Nikkei 225 индекс 57,650 нэгжид хүрч, 2.3%-иар өсөн түүхэн дээд түвшинд дахин хүрлээ. Ингэснээр тус индекс хоёр өдөр дараалан шинэ дээд амжилт тогтоож, зах зээлийн өөдрөг хүлээлт үргэлжилж байгааг харуулж байна.
Арилжааны явцад Nikkei индекс богино хугацаанд 58,000 нэгжид хүрсэн бөгөөд өсөлтийг голчлон хагас дамжуулагч болон өндөр технологийн компаниудын хувьцаа дэмжжээ. Reuters агентлагийн мэдээлснээр, дэлхийн чипийн эрэлт сэргэж, АНУ болон Азийн технологийн салбарын эерэг хандлага Японы экспортлогч компаниудын үнэлгээнд дэмжлэг үзүүлсэн байна. Ялангуяа тоног төхөөрөмж, электроникийн салбарын томоохон компаниудын хувьцаа хүчтэй өссөн нь индексийн өсөлтийг түүчээлэв.
Зах зээлийн өсөлтөд улс төрийн тогтвортой байдал ч нөлөөлжээ. Ерөнхий сайд Такаичи Санаэ-гийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулснаар төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлэх мандат авсан. Хөрөнгө оруулагчид төсвийн зардлыг нэмэгдүүлэх, дотоодын эрэлтийг дэмжих бодлого нь эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэж үзэж байна.
Ийнхүү улс төрийн тогтвортой байдал, төсвийн тэлэх бодлого, технологийн салбарын өсөлт хослон Nikkei индексийг түүхэн дээд түвшинд хүргэж, Японы хөрөнгийн зах зээлийн эрчийг хадгалж байна.
⇒ ЕВРОПЫН ХОЛБОО: АНУ ТАТВАРЫН ТҮВШНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Европын Холбоо (ЕХ) АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн дараа Вашингтоны татварын бодлогод гарч болзошгүй өөрчлөлттэй холбоотойгоор өмнө байгуулсан худалдааны тохиролцооны нөхцөлийг баримтлах ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийллээ. ЕХ-ны зүгээс “гэрээ бол гэрээ” хэмээн онцолж, аль хэдийн тохиролцсон тарифын дээд хязгаарыг нэмэгдүүлэх аливаа алхмыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.
АНУ-ын Дээд шүүх өмнө нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан зарим тарифын арга хэмжээг хууль бус гэж үзсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс бүх импортод 10–15%-ийн шинэ тариф тогтоох боломжийг судалж буй талаар мэдээлэл гарсан нь Брюсселийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. ЕХ-ны албаныхны үзэж буйгаар тарифын бодлогын гэнэтийн өөрчлөлт нь нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулалтын урсгал, зах зээлийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.
Европын Комисс АНУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тогтоосон тарифын дээд хязгаарыг хүндэтгэх шаардлагатайг онцолж, хэрэв нэмэлт татвар ногдуулах оролдлого гарвал зохих хариу арга хэмжээг авч хэлэлцэхээ илэрхийлсэн байна.
Санхүүгийн зах зээлийн хувьд энэхүү маргаан нь трансатлантын худалдааны орчны тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, экспортод чиглэсэн компаниудын үнэлгээ болон хөрөнгө оруулагчдын итгэлд богино хугацаанд дарамт үзүүлэх магадлалтай гэж шинжээчид дүгнэж байна.
⇒ ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НЕФТИЙН ҮНИЙГ ДОЛООН САРЫН ДЭЭД ТҮВШИНД ХҮРГЭВ
АНУ ба Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ гурван өдөр дараалан өсөж, долоо хоногийн өсөлт 6.5%-д хүрч сүүлийн долоон сарын хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Лондоны ICE бирж дээр Brent төрлийн нефтийн үнэ баррель нь 72.34 ам.долларт, харин WTI төрлийн нефть 67 ам.долларт хүрч, өмнөх өдрөөс ойролцоогоор 1%-иар өссөн байна.
Үнийн өсөлтийн гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Тегеранд 10 хоногийн эцсийн хугацаа өгч, шахалт үзүүлсэнтэй холбоотой. Энэ мэдэгдэл нь бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн эрсдэлийг дахин төвд авчирлаа.
Ялангуяа дэлхийн нефтийн тээвэрлэлтийн 20% орчим нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн аюулгүй байдалд зах зээл онцгой анхаарч байна. Ираны тал тус хоолойг түр хугацаанд хааж, тэнгисийн цэргийн сургуулилалт явуулсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Phillip Nova компанийн шинжээч Приянка Сачдевагийн үнэлснээр, “зах зээл дэх түгшүүр өндөр түвшинд хадгалагдаж байгаа” бөгөөд геополитикийн эрсдэл богино хугацаанд нефтийн үнийг савлагаатай хэвээр байлгах төлөвтэй гэж үзэж байна. Ийнхүү нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдсэнээр эрчим хүчний зах зээлд эрсдэлийн шимтгэл өсөж, нефтийн үнэ ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах магадлал нэмэгдээд байна.