Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.02

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.02

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилна.
  • Монголбанк: Банкны зээлийн эрэлт I улиралд өндөр хэвээр хадгалагдана.
  • Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн Хөрөнгийн Биржид бүртгүүлэх боломж нээгдлээ.
  • Европын Төв банк гурав дахь жилдээ дараалан алдагдалтай ажиллав.
  • Netflix Warner Bros. Discovery-тэй хийх худалдан авалтын хэлцлээс гарав.
  • Fidelity International болон JPMorgan Asset Management Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх эрх авлаа.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 9.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Ард кредит ББСБ ХК, Таван толгой ХК болон Инновэйшн инвестмент ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын 3 удаагийн арилжаа зохион зохион байгуулагджээ. Тодруулбал:    

  • Ард кредит ББСБ ХК-ийн (ARD) 5.8 сая ширхэг үнэт цаас нэгжийн 120 төгрөгөөр буюу нийт 698.5 сая төгрөгөөр;  
  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 1.13 сая ширхэг үнэт цаас нэгжийн 1,300 төгрөгөөр буюу нийт 1.46 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд холимог гүйцэтгэл үзүүллээ. TOP-20 индекс 53,401.91 нэгжид хүрч, долоо хоногийн дүнгээр 0.86%-иар буурсан нь зах зээлийн жин ихтэй томоохон хувьцаануудад засвар хөдөлгөөн давамгайлсныг илтгэв. MSE A индекс 20,382.95 нэгжид хүрч, 0.54%-иар буурсан нь идэвхтэй арилжаалагддаг компаниудын хувьцаанд болгоомжлол үргэлжилснийг харуулж байна. Харин MSE B индекс 14,763.24 нэгжид хүрч, 0.47%-иар өссөн нь дунд, жижиг компанийн сегментэд сонгомол худалдан авалт нэмэгдсэнийг илтгэв.

Үүнтэй зэрэгцэн, 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаарх мэдээллүүд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үргэлжилж байна. Олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгийн хэмжээ, олгох нөхцөлийг зарлаж эхэлсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товууд ч дараалан зарлагдаж байгаа нь зах зээлийн идэвхийг дунд хугацаанд дэмжих эерэг хүчин зүйл болж байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 53,401.91

-0.86%

MSE A Индекс 20,382.95 -0.54%
MSE B Индекс 14,763.24 +0.47%

 


⇒  “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНД 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖ, НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөө болон хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг танилцууллаа. 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, үүнээс 27.6 сая тонныг борлуулан 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Үүний зэрэгцээ улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Нүүрсний дэлхийн зах зээл уналттай, үнэ буурсан нөхцөлд ч компанийн зүгээс 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь онцлох үзүүлэлт боллоо.

Компанийн ТУЗ-өөс 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгохоор тогтсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор байгаа юм. 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 сарын 30-ны өдөрт багтаан олгоно.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонныг борлуулан 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг компанийн удирдлагууд онцолсон байна. Энэ нь экспортын тогтвортой байдлыг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх стратегийн зорилготой уялдаж байгаа аж.  

 


 БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ I УЛИРАЛД ӨНДӨР ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА

Монголбанкны судалгаагаар 2026 оны эхний улиралд банкны зээлийн шалгуур, нөхцөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй, харин зээлийн эрэлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.

Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд 2022 оноос хойш арилжааны банкуудын шалгуур аажмаар суларч ирсэн бөгөөд 2026 оны эхний улиралд ч өөрчлөлтгүй байх төлөв аж. Зээлийн нөхцөл бага зэрэг сулрах нь 2024 оны сүүлчийн улиралд эрэлт огцом өссөнтэй уялдаж байна. Эрэлтийг голлон үйлчилгээ, худалдаа, барилга, хөдөө аж ахуйн салбарууд бүрдүүлж байгаа бөгөөд үүнийг гадаад нийлүүлэлт өсөх хүлээлт дэмжиж байгааг судалгаанд дурджээ.
Иргэдийн зээлийн хувьд малчны болон цалингийн зээлийн шалгуур чангарах төлөв ажиглагдаж байгаа бол  иргэдэд олгох бизнесийн зээлийн шалгуур суларч болзошгүй гэж банкууд илэрхийлжээ.

Судалгаанд дурдсанаар, иргэдийн зээлийн эрэлт хэвээр эсвэл өсөх хандлагатай бөгөөд өмнөх улирлуудтай харьцуулахад нийлүүлэлт саарсан нь анхаарал татаж байна. Үүнд банкуудын эх үүсвэрийн өртөг болон санхүүжилтийн боломж голлон нөлөөлсөн гэж үзжээ. Ийнхүү 2026 оны эхний улиралд банкны зээлийн зах зээлд эрэлт өндөр хэвээр хадгалагдах ч шалгуурын бодлого салбар бүрээр ялгаатай хэрэгжих төлөвтэй байна.

 


МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Монголын уул уурхайн компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, хөрөнгө оруулалт татах шинэ боломж нээгдэж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондон хотноо London Stock Exchange-ийн Гүйцэтгэх захирал Julia Hoggett-тай уулзаж, Монголын уул уурхайн компаниудыг тус биржид бүртгүүлэхэд дэмжих, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах, уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх өгөөжийг Баялгийн сангаар дамжуулан илүү үр ашигтай хүргэхэд хөрөнгийн зах зээлийн боломжийг ашиглах асуудлыг хэлэлцсэн байна. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, цахим платформын хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллахаар тохиролцсоныг мэдээллээ.

1801 онд байгуулагдсан Лондонгийн хөрөнгийн бирж нь дэлхийн томоохон санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд 60 гаруй улсын мянга орчим компани бүртгэлтэй, зах зээлийн нийт үнэлгээ нь ойролцоогоор 6 их наяд ам.доллар-т хүрдэг. Үүнээс уул уурхайн салбарын компанийн зах зээлийн үнэлгээ 700 тэрбум ам.доллар орчим байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын уул уурхайн компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ төрөлжүүлэх, цаашлаад олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт бүс нутгуудын гүйцэтгэл ялгаатай байсан ч Европ, Азид өөдрөг уур амьсгал давамгайлж, АНУ-д салбар хоорондын шилжилт ажиглагдлаа. Хөрөнгө оруулагчид богино хугацаанд болгоомжтой байр суурь баримталж, бүс нутгийн болон салбарын ялгаатай боломжийг илүүтэй онилох хандлага үргэлжилж байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.32%
  • Dow Jones: +0.36%
  • Nasdaq: -0.76%

АНУ-ын зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдлаа. Аж үйлдвэрийн салбарын хувьцаанууд харьцангуй тогтвортой байсан бол технологийн салбарт ашиг хураах, болгоомжлол давамгайлж, Nasdaq-д дарамт үзүүлэв. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн өгөгдөл болон мөнгөний бодлогын хүлээлтийг нягт ажигласан хэвээр байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +2.11%
  • STOXX Europe 600: +0.67%
  • DAX 40 (Герман): +1.17%
  • CAC 40 (Франц): +0.99%

Европын зах зээл өргөн хүрээтэй өсөлт үзүүллээ. Германы болон Францын индексүүд эдийн засгийн идэвх сэргэх хүлээлт, компанийн ашигт ажиллагааны эерэг дохионоос дэмжлэг авсан бол бүс нутгийн зах зээлд нийтдээ өөдрөг хандлага давамгайлав.  

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +3.56%
  • KOSPI: +5.78%
  • CSI 300: -0.35%
  • SSEC : +1.98%

Азийн зах зээлд эрсдэлд дуртай хандлага хүчтэй илэрлээ. Япон, Өмнөд Солонгосын зах зээлүүд огцом өсөлт үзүүлсэн нь экспорт, технологийн салбарын хувьцаануудын идэвхтэй худалдан авалттай холбоотой. Харин Хятадын зах зээлд өсөлт харьцангуй хязгаарлагдмал байв.

 


⇒  ЕВРОПЫН ТӨВ БАНК ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ

Хямралын үеийн мөнгөний бодлогын нөлөө үргэлжилж буйтай холбоотойгоор Европын Төв банк (ЕТБ) 2025 онд гурав дахь жилдээ дараалан алдагдалтай ажилласнаа мэдээллээ. Энэ нь тус банк түүхэндээ хамгийн удаан хугацаанд дараалан алдагдал хүлээсэн тохиолдол болж байна.
 
ЕТБ-ны тайланд дурдсанаар, 2025 оны алдагдал 1.3 тэрбум евро (ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх оны 7.9 тэрбум еврогийн алдагдлаас харьцангуй багассан үзүүлэлт юм. Алдагдал буурсан ч өндөр хүүгийн орчин, санхүүжилтийн зардал, активын өгөөжийн зөрүү нь банкны ашигт ажиллагаанд дарамт үзүүлсээр байгааг онцолжээ.
 
Ийнхүү Европын Төв банкны санхүүгийн алдагдал буурч байгаа ч мөнгөний хатуу бодлогоос үүдэлтэй дарамт, дотоод засаглалын асуудал нь ойрын жилүүдэд тус банкны өмнө тулгарах гол сорилтууд хэвээр байгааг шинжээчид онцолж байна.

 


⇒  NETFLIX WARNER BROS. DISCOVERY-ТЭЙ ХИЙХ ХУДАЛДАН АВАЛТЫН ХЭЛЦЛЭЭС ГАРАВ 

Netflix компани Warner Bros. Discovery-гийн кино бизнес болон HBO Max стримингийн үйлчилгээг худалдан авах хэлцлээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ.  Тэдний тайлбарласнаар, Warner Bros. Discovery нь Paramount-оос ирүүлсэн шинэ саналыг Netflix-тэй 2025 оны арванхоёрдугаар сард байгуулсан гэрээнээс илүү ашигтай гэж үзжээ. Анхны тохиролцоогоор Netflix нэгж хувьцаанд 27.75 ам.доллар төлөхөөр байсан бөгөөд компанийн өрийг багтаавал Warner Bros. Discovery-гийн нийт үнэлгээ 82.7 тэрбум ам.доллар-т хүрч байв.
 
Харин Paramount-ын зүгээс нэгж хувьцаанд 31 ам.доллар төлөх санал тавьсан нь хэлцлийн нийт үнийг 111 тэрбум ам.доллар-т хүргэхээр байгааг хэвлэлүүд онцолжээ. Үүнтэй холбоотойгоор Warner Bros. Discovery Netflix-ээс Paramount-ын саналаас давсан үнэ санал болгохыг хүссэн байна.
 
Гэвч Netflix-ийн удирдлагууд “энэ хэлцэл одоо санхүүгийн хувьд сонирхол татахаа больсон” хэмээн мэдэгдэж, өрсөлдөөнт саналын уралдаанд оролцохоос татгалзжээ. Хэрэв Paramount-тай хэлцэл хийгдвэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэгдэх гэрээг цуцалсантай холбоотойгоор Warner Bros. Discovery нь Netflix-д 2.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөлтэй байгаа аж.

Netflix энэ онд чанартай кино, цуврал бүтээлд ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, энтертайнментын санал болгож буй контентоо өргөжүүлэхээр байна. Мөн өөрийн капиталын хуваарилалтын бодлоготой уялдуулан хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь стриминг болон контентын салбар дахь нэгдэл, худалдан авалтын өрсөлдөөн хэрхэн хурцдаж, үнэлгээний эрсдэлд болгоомжтой хандахад хүргэж байгааг харуулж байна.

 


⇒  FIDELITY INTERNATIONAL БА JPMORGAN АМ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НЭВТРҮҮЛЭХ ЭРХ АВЛАА

Олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд Хятад улсын “cross-border” хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг зөвшөөрөх хөтөлбөрөөр Fidelity International болон JPMorgan Asset Management компаниуд Хятадын зохицуулагчдаас албан ёсны зөвшөөрөл авлаа.
 
Хятадын зах зээлийн зохицуулагчийн шийдвэрээр Fidelity International нь Hong Kong-ийн өрийн сангийн бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдад Хятадын эх газрын зах зээлээр дамжуулан санал болгох эрхийг авсан бол JPMorgan AM ч Mutual Recognition of Funds (MRF) хөтөлбөрийн хүрээнд өөр бүтээгдэхүүн гаргахаар зөвшөөрөгдсөн нь тус хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх боломжоор хангаж байна.
 
Энэ зөвшөөрлүүд нь Хятадын төв банк мөн төгрөгийн зах зээлд өргөн хэрэглэгддэг Хятад валютын хурдтай өсөлтийг тодорхой хэмжээгээр “томруулах” гэдгээр бус, хөрөнгө оруулалтын урсгалыг гадагш чиглүүлэх боломжийг бий болгох зорилготой гэж шинжээчид дүгнэж байна. Энэ арга нь валютын ханшийн дарамтыг зөөлрүүлэх, хөрөнгө оруулагчдад гадаад зах зээлд хандах шинэ платформ олгох боломж болгон харагдаж байна.  
 
Хятад нь хөрөнгө оруулалтын сувгуудыг олон талт болгох нь юанийн олон улсын нөлөөллийг нэмэгдүүлэх, валютын ханшийн дарамтыг зохицуулахад чухал алхам бөгөөд Хятадын хөрөнгө оруулагчдад гадаад зах зээл рүү хандах шинэ боломж нээж, хөрөнгө оруулалтын урсгалыг илүү олон сувгаар дамжуулах боломжийг бүрдүүлнэ.