Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.11.23

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.11.23

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм
  • Өсөлт өндөр ч өрхийн худалдан авах чадвар суларсаар байна
  • БНСУ-ын какаобанк “М Банк”-ны 15%-ийг эзэмшиж, стратегийн түншлэл байгууллаа
  • Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх саналыг Засгийн Газар дэмжлээ
  • Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд юанийн ханш 2027 онд үргэлжлүүлэн чангарна гэж таамаглаж байна
  • Газрын тосны үнэ гурав дахь долоо хоног дараалан буурах төлөвтэй байна
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 8.1 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хөсөг трейд ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК, Таван толгой ХК, болон Худалдаа Хөгжлийн банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Премиум Нэксус ХК (CUMN) – 962 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 260 үнээр, нийт 250 сая  төгрөгөөр;
  • Хөсөг трейд ХК (HSG) – 83 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 48,200 үнээр, нийт 4 тэрбум  төгрөгөөр арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт дотоодын хөрөнгийн зах зээлд бууралт давамгайлсан хэвээр байлаа. ТОП-20 болон MSE B индексүүд буурсан бол MSE A индекс бага зэрэг өсөж хаагдав. Гадаад зах зээлд суурилсан FTI индекс дэлхийн хөрөнгийн зах зээл дэх технологийн хувьцааны огцом уналтын нөлөөгөөр хоёр долоо хоногийн өмнөх шиг мэдэгдэхүйц буурав.

ТОП-20 индекс 0.39%-иар буурч, 66,788.80 нэгжид хүрлээ. Индекс хоёр долоо хоног дараалан буурсан ч уналтын хурд саарсан нь томоохон компаниудын хувьцаанд борлуулалтын дарамт сулрах шинжтэй байгааг харуулж байна. MSE A индекс 0.11%-иар бага зэрэг өсөж 24,980.89 нэгж болсон бол MSE B индекс 3.05%-иар буурч 14,588.29 нэгжид хүрэв. MSE B-ийн уналт дотоодын индексүүдээс хамгийн өндөр байсан бөгөөд энэ нь жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд эрэлт сул хэвээр байгааг илтгэж байна.

FTI индекс 5.90%-иар буурч, 933.22 нэгжид хүрлээ. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд хиймэл оюун ухааны салбартай холбоотой хувьцаанууд огцом унасантай холбоотой. NVIDIA компанийн улирлын орлого хүлээлтээс давсан ч томоохон хэмжээний түрээс, үүлэн үйлчилгээний гэрээний үүргээ тайлагнасны дараа хагас дамжуулагчийн хувьцаанууд огцом буурав. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан 12-р сард бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт өндөр хэвээр байгаа нь зах зээлд нэмэлт дарамт үзүүлэв. TradingKey-ийн мэдээлснээр тухайн долоо хоногт Nasdaq Composite индекс 10 орчим хувиар, S&P 500 индекс 8 гаруй хувиар буурсан байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 66,788.80 -0.39%
MSE A Индекс 24,980.89 +0.11%
MSE B Индекс 14,588.29 -3.05%
FTI Индекс 933.22 -5.90%

 


⇒ ӨСӨЛТ ӨНДӨР Ч ӨРХИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР СУЛАРСААР БАЙНА.

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний есөн сарын байдлаар 7.3 хувиар өссөн ч өндөр инфляц өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, худалдан авах чадварыг бууруулсан хэвээр байна.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх оны мөн үеэс 2.2 хувь буюу 61,100 төгрөгөөр буурч, 2.7 сая төгрөгт хүрсэн байна. Мөн энэ үзүүлэлт өмнөх улирлаас 0.3 хувиар буурчээ.

Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн экспорт байсан боловч 13.4 хувийн жилийн инфляц орлогын өсөлтийг сааруулж, өрхийн амьжиргааны түвшинд дарамт учрууллаа.

Өрхийн бодит хэрэглээ мөн буурсан бөгөөд сарын дундаж мөнгөн зарлага 2.4 сая төгрөг болсон байна. Хүнснээс бусад бараа, үйлчилгээний зардал мэдэгдэхүйц буурсан бол хүнсний зардал 2 хувиар өсжээ. Нэг өрх дунджаар сар бүр 873 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хүнсний үнэ бага орлоготой өрхүүдэд хамгийн их дарамт болж байна.

Аравдугаар сарын байдлаар хүнсний инфляц улсын хэмжээнд 19.8 хувь, харин баруун бүсэд 25.1 хувь хүрсэн нь өрхийн бодит орлогыг улам шахаж, амьжиргааны өртгийг нэмэгдүүлж байна.

 


⇒ БНСУ-ЫН КАКАОБАНК “М БАНК”-НЫ 15%-ИЙГ ЭЗЭМШИЖ, СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛЛАА.

Өмнөд Солонгосын тэргүүлэх дижитал банкуудын нэг болох КакаоБанк Монголын анхны бүрэн дижитал банк болох“М банк”-ны хувьцааны 15 хувийг эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь дижитал банкны үйлчилгээ, зээлийн эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Түншлэлийн хүрээнд “М банк” нь КакаоБанкны технологи, туршлагыг нэвтрүүлж, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүргэх санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн зээлийн түүх багатай болон огт зээлийн түүхгүй иргэдийн төлбөрийн чадварыг үнэлэх илүү уян хатан тогтолцоог нэвтрүүлэхээр болсон нь санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.

  • КакаоБанкны эзэмших хувь: 15%
  • КакаоБанкны харилцагчдын тоо: 27 сая+
  • КакаоБанкны хөрөнгийн хэмжээ: ~60 тэрбум ам.доллар
  • Монгол дахь стратегийн түнш: М банк

 


⇒  МОНГОЛБАНКНЫ 6.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХУРИМТЛАГДСАН АЛДАГДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ САНАЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ.

Монголбанкны 2012–2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төв банк 2012 оноос хойш орон сууцны ипотекийн зээл, үнэ тогтворжуулах зэрэг хөтөлбөрүүдээр нийт 15.8 их наяд төгрөгийн квази-фискал санхүүжилт олгосон нь алдагдлын гол шалтгаан болжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргаж, Монголбанкинд эзэмшүүлэх саналыг дэмжлээ. Эхний таван жилд үндсэн төлбөр болон хүү төлөхгүй тул 2027–2031 онд улсын төсөвт шууд зардал үүсэхгүй юм.

Энэ алхам нь төв банкны санхүүгийн чадавхыг сэргээж, инфляцтай тэмцэх бодлогын үр нөлөөг сайжруулах зорилготой. Өнөөдрийн байдлаар 2026 оны 10-р сард жилийн инфляц 13.4 хувьд хүрсэн бөгөөд эдийн засаг 7.6 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан байна. 
 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2026 оны 11-р сарын 16-20-ны долоо хоногт дэлхийн хувьцааны зах зээлүүд огцом уналтад орсон бөгөөд үүний гол шалтгаан нь хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хөрөнгө оруулалтын төлөвийг хөрөнгө оруулагчид дахин үнэлсэн явдал байв. АНУ-ын технологийн хувьцаанууд уналтыг тэргүүлж, Nasdaq индекс 9.00%-иар буурсан бол S&P 500 индекс 8.03%-иар унаснаар засварын бүсэд (correction territory) орлоо. Европын зах зээлүүд мөн АНУ-ын араас буурч, хагас дамжуулагч болон технологийн хувьцаанууд сүүлийн жилүүдийн хамгийн огцом уналтыг үзүүлэв.

Азийн зах зээлүүд ч мөн адил дарамтад өртсөн бөгөөд ялангуяа технологийн жин өндөртэй Япон, Өмнөд Солонгосын индексүүд ойролцоогоор 8%-иар буурсан байна. Харин Бодлогын арга хэмжээнүүд болон хөрөнгийн үнэлгээ илүү сонирхолтой түвшинд хүрсэн нь Хятадын хувьцааны зах зээлд харьцангуй тэсвэртэй байдлыг бий болгож, CSI 300 болон Шанхайн нэгдсэн индексийн (Shanghai Composite) алдагдлыг хязгаарлаж чадлаа. Бүс нутгуудын хэмжээнд AI-д зарцуулах зардлын тогтвортой байдалд эргэлзэх болсон явдал, төв банкуудын мөнгөний хатуу бодлогын хүлээлт, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарна гэсэн болгоомжлолууд нь зах зээлийн сулралын гол хүчин зүйлүүд байв.

 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -8.03%
  • Dow Jones: -7.88%
  • Nasdaq: -9.00%

S&P 500 индекс хөрөнгө оруулагчид AI-тай холбоотой хөрөнгө оруулалтын байр сууриудыг эрчимтэй бууруулснаар сүүлийн 18 гаруй сарын хамгийн муу долоо хоногийн үзүүлэлтээ бүртгэлээ. AI-д оруулах хөрөнгө оруулалтын тогтвортой байдалд үүссэн эргэлзээ, хагас дамжуулагчийн салбарын сулрал, мөн Nvidia болон бусад технологийн тэргүүлэгч компаниудын хувьцааны үнэ огцом унаснаар эрсдэлээс зайлсхийх хандлага өргөн хүрээнд нэмэгдсэн. Үүн дээр Холбооны Нөөцийн Сангийн (Fed) хатуу байр суурийг илэрхийлсэн мэдэгдлүүд болон инфляцын тогтвортой дарамт нэмэгдэн хувьцааны зах зээлийг улам шахав.

Dow Jones индекс зах зээлийн өргөн хүрээний эрсдэл бууруулах ажиллагаа, мөнгөний бодлого цаашид чангарах магадлал болон AI-тай холбоотой хөрөнгө оруулалтын сааралт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас огцом буурлаа. Ялангуяа аж үйлдвэр болон санхүүгийн салбарын мөчлөгт мэдрэмтгий хувьцаанууд ихээхэн борлуулалтын дарамтад өртсөн байна.

Nasdaq индекс технологи болон хагас дамжуулагчийн компаниудын удирдсан уналтын улмаас 2020 оны 3-р сараас хойших хамгийн муу долоо хоногийн үзүүлэлтээ үзүүлэв.

 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -5.10%
  • STOXX Europe 600: -5.80%
  • DAX 40: -7.36%
  • CAC 40: -5.46%

FTSE 100 индекс АНУ-ын технологийн зах зээлээс үүдэлтэй эрсдэлээс зайлсхийх хандлага дэлхий даяар тархсаны улмаас буурсан. Уул уурхай, банк санхүү болон мөчлөгт мэдрэмтгий салбарууд дэлхийн эдийн засгийн өсөлт саарах болон мөнгөний нөхцөл чангарна гэсэн болгоомжлолын нөлөөгөөр суларчээ.

Европын хувьцааны зах зээлүүд 2025 оны эхэн үеэс хойших хамгийн огцом долоо хоногийн уналтаа үзүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид AI-тай холбоотой хөрөнгө оруулалтаа бууруулсан байна. Хагас дамжуулагч болон технологийн хувьцаанууд ихээр унаж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах эрсдэл мөчлөгт салбаруудад нэмэлт дарамт болсон.

Германы экспорт болон технологийн салбарт төвлөрсөн зах зээл бусад томоохон зах зээлүүдээс илүү муу үзүүлэлттэй байлаа. Томоохон аж үйлдвэрийн болон хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаанд хүчтэй борлуулалт явагдсан бөгөөд хөрөнгө оруулагчид дэлхийн эрэлт сулрах болон технологийн салбарын хөрөнгө оруулалтын төлөв муудаж байгаад улам ихээр санаа зовниж эхэлсэн.

Францын зах зээл технологи, аж үйлдвэр болон тансаг хэрэглээний салбарын хувьцаануудын их хэмжээний уналтаас шалтгаалан буурлаа. Макро эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид өсөлтөд чиглэсэн салбарууд дахь хөрөнгө оруулалтаа бууруулснаар зах зээлийн төлөв байдал муудлаа.

 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -8.01%
  • KOSPI: -8.21%
  • CSI 300: -0.76%
  • SSEC: -2.15%

Японы хувьцааны зах зээл дэлхийн технологи болон хагас дамжуулагчийн хувьцааны өргөн хүрээний уналтын нөлөөгөөр огцом буурлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын хүчтэй борлуулалт болон AI-тай холбоотой эрэлтийн төлөвт үүссэн эргэлзээ нь экспортлогч томоохон компаниуд болон чип үйлдвэрлэлтэй холбоотой компаниудад дарамт учруулж байна.

Өмнөд Солонгосын технологийн жин өндөртэй зах зээл хагас дамжуулагч болон электроникийн компаниудын хувьцааны огцом уналтад өртөв. Дэлхийн AI салбарын талаарх сөрөг хандлага болон АНУ-ын зохицуулалтын байгууллагууд чип үйлдвэрлэгчдэд тавих хяналтаа нэмэгдүүлж болзошгүй гэсэн болгоомжлолууд борлуулалтыг нэмэгдүүлсэн байна.

Хятадын эх газрын томоохон компаниудын хувьцаанууд дэлхийн бусад зах зээлүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байлаа. Засгийн газрын үргэлжилсэн дэмжих бодлогууд, харьцангуй сонирхол татахуйц үнэлгээ, мөн зах зээлийг цаашид тогтворжуулах арга хэмжээ авах хүлээлт нь дэлхий даяарх эрсдэлээс зайлсхийх хандлагын үед ч алдагдлыг хязгаарлахад тусалжээ.

Shanghai Composite индекс дэлхийн зах зээлүүдийн сулрал болон олон улсын хөрвөх чадвар хумигдах хүлээлтийн нөлөөгөөр буурсан боловч дотоодын бодлогын дэмжлэг, мөн Хятадын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой хэвээр байна гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл алдагдлыг хязгаарласан байна.

 


⇒ ДЭЛХИЙН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУД ЮАНИЙН ХАНШ 2027 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЧАНГАРНА ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудын үзэж буйгаар БНХАУ-ын экспортын тогтвортой өсөлт болон их хэмжээний худалдааны ашиг нь юанийн ханшийн чангарлыг дэмжиж, энэхүү хандлага 2027 онд үргэлжлэх төлөвтэй байна.

Шинжээчдийн олонх нь БНХАУ-ын Ардын Банк (PBOC) юанийн ханшийг аажмаар өсгөх бодлогоо үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч тус төв банк санхүүгийн байгууллагуудын заавал байлгах гадаад валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь бодлого боловсруулагчид юанийн ханш хэт хурдан өсөхөөс болгоомжилж буйг харуулж байна.

Юанийн ханш энэ оны эхнээс хойш ам.долларын эсрэг 4.8 хувиар чангарсан байна. Дэлхийн зургаан том хөрөнгө оруулалтын банкны дундаж төсөөллөөр юанийн ханш 2027 оны эцэст нэг ам.доллар 6.44 юаньтай тэнцэх түвшинд хүрэхээр байгаа нь баасан гаргийн 6.6691 юань байсан ханшаас дахин 3.6 хувиар өсөх боломжтойг илтгэж байна.

 


⇒  ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ГУРАВ ДАХЬ ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

Баасан гарагийн арилжаагаар түүхий газрын тосны үнэ баррель тутамд 82 ам.доллар орчимд хүрч, сүүлийн гурван сарын хамгийн доод түвшинд тогтлоо. Ингэснээр газрын тосны зах зээл гурав дахь долоо хоног дараалан уналттай хаагдах төлөв бүрдэж байна. Энэхүү бууралтад Ираны асуудлаарх геополитикийн эрсдэлээс илүүтэйгээр дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн өсөлтийн төлөв давамгай нөлөөлж байна.

АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт хэвийн түвшиндээ эргэн сэргэж байгаатай холбоотойгоор Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны урсгал түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ АНУ, БНХАУ болон ОХУ-ын төлөөлөгчид пүрэв гарагт (11/19/2026) болсон гурван талт уулзалтаар боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Долоо хоногийн эхээр Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) дэлхийн газрын тосны зах зээлд улирлын хэмжээнд өдөрт дунджаар 2 сая баррелийн илүүдэл нийлүүлэлт үүсэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Мөн Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк ирэх онд ч зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үргэлжлэх эрсдэл байгааг анхааруулсан байна.

Геополитикийн нөхцөл байдлын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой асуудлаар яаралтай шийдвэр гаргах шаардлагагүй гэж мэдэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд АНУ-аас Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулах магадлал нэмэгдэж байгаа талаар мэдээллүүд нийтлэгдээд байна.