Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.02.16

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.02.16

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаа олон нийтэд зарласан компаниуд.
  • Инфляц 7.5%-д хүрч, гадаад худалдааны ашиг түүхэн дээд түвшинд хүрлээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давж, жилийн өсөлт 2.1 дахин нэмэгдэв.
  • Nikkei индекс хоёр өдөр дараалан дээд түвшинд хүрлээ.
  • AI-д $660 тэрбумын хөрөнгө оруулалт: Технологийн аваргуудын үнэлгээ $900 тэрбумаар буурах эрсдэл.
  • Алт $5,000-ыг дахин давлаа: Инфляц саарч, бодлогын хүүг бууруулах хүлээлт нэмэгдэв.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 4.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.1 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инвескор ББСБ ХК, Голомт Банк ХК, Хаан банк ХК, ЛэндМН ББСБ ХК болон Хас Банк арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын 1 удаагийн арилжаа зохион зохион байгуулагджээ. Тодруулбал:  

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 74 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 7,905 төгрөгөөр буюу нийт 588 сая төгрөгөөр;
  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 147 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9,190 төгрөгөөр буюу нийт 1.35 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд өнгөрсөн долоо хоногт нийтэд нь өсөлттэй хаагдлаа. TOP 20 индекс 54,743.33 нэгжид хүрч, долоо хоногийн дүнгээр +0.30%-ийн өсөлт үзүүлсэн нь зах зээлийн голлох томоохон хувьцаанууд тогтвортой сэргэж буйг илтгэж байна. MSE A индекс 21,128.47 нэгжид хүрч, +0.26%-иар өссөн бол MSE B индекс 14,253.08 нэгжид хүрч, +0.56%-ийн өсөлтөөр бусдаасаа илүү гүйцэтгэлтэй байлаа. Ийнхүү бүх ангиллын индексүүд эерэг хөдөлгөөнтэй хаагдсан нь зах зээлийн өргөн хүрээний оролцоо нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын хүлээлт харьцангуй сайжирч байгааг харуулж байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 54,743.33

+0.30%

MSE A Индекс 21,128.47 +0.26%
MSE B Индекс 14,253.08 +0.56%

 


⇒  2025 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХАА ОЛОН НИЙТЭД ЗАРЛАСАН КОМПАНИУД (2026-02-13 БАЙДЛААР)

2026 оны 02-р сарын 13-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд 2025 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрээ Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор баталж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ.  

Ногдол ашгийг  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд мөнгөн хэлбэрээр шилжүүлэн олгоно.

 


 ИНФЛЯЦ 7.5%-Д ХҮРЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026 оны нэгдүгээр сард Монгол Улсын инфляц 7.5 хувь-тай гарч, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс ижил хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Үнийн өсөлтийн 3.4 нэгж хувь буюу 44.9 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн өсөлтөөс шалтгаалсан бол 11.5 хувь нь хувцас, бөс бараа, гутлын үнийн нэмэгдлээс хамаарчээ.

Бүлгээр нь авч үзвэл:

  • Барааны үнэ 7%
  • Үйлчилгээний үнэ 8.9%
  • Хүнсний бүлгийн үнэ 12.4%
  • Хүнсний бус барааны үнэ 5.6%-иар тус тус өссөн байна.

Ийнхүү инфляцын өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн нь дотоодын хэрэглээний дарамт үргэлжилж буйг харуулж байна.

Үүний зэрэгцээ гадаад худалдааны үзүүлэлтүүд эерэг гарлаа. 2026 оны нэгдүгээр сард нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.доллар-т хүрч, өмнөх оны мөн үеэс 30.1%-иар өссөн байна. Экспорт импортын дүнгээс 906.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрсэн гэж Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв.

Экспортын бүтцэд:

  • 9.7 сая тонн чулуун нүүрс экспортолж, өмнөх оноос 86.4%-иар өссөн, орлого нь 625.2 сая ам.доллар (нийт экспортын 35.7%)
  • 220 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 725.9 сая ам.долларын орлого олсон байна.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн нийлээд нийт экспортын орлогын 77.2%-ийг бүрдүүлжээ. Дүгнэвэл, дотоодод инфляцын дарамт хадгалагдаж байгаа ч экспортын огцом өсөлт, худалдааны ашиг тэлсэн нь гадаад сектор эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгааг илтгэж байна.

 


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС АЧИЛТ 5 САЯ ТОННЫГ ДАВЖ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 2.1 ДАХИН НЭМЭГДЭВ  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар 5,008,346 тонн-д хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй гарлаа.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 11-нд ачилт 2,432,026 тонн байсан бол энэ оны мөн өдөр 2,576,320 тонноор нэмэгдэж, 5 сая тоннын босгыг давсан байна.

Компанийн мэдээлснээр энэхүү өсөлт нь:

  • Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах,
  • Ачилтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Тээвэр, логистикийн зохион байгуулалтыг сайжруулах,
  • Экспортын тогтвортой нийлүүлэлтийг хангах бодлогын хэрэгжилтийн үр дүн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, үйлдвэрлэл болон логистикийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр баталсан төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ачилтын хэмжээ ийнхүү огцом өссөн нь компанийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч буйг харуулж байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Дэлхийн хөрөнгийн зах зээл бүс нутгаар ялгаатай чиглэлтэй байлаа. АНУ-д эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, индексүүд уналттай хаагдсан бол Европ харьцангуй тогтвортой, холимог гүйцэтгэлтэй байв. Харин Ази тивд Япон, Солонгосын зах зээлүүд хүчтэй өсөлт үзүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдсэнийг илтгэлээ. Ийнхүү дэлхийн зах зээлүүдийн чиг хандлага макро эдийн засаг, бодлогын хүлээлт болон бүс нутгийн онцлогоос хамааран ялгаатай хэвээр байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -1.17%
  • Dow Jones: -1.09%
  • Nasdaq: -1.44%

АНУ-ын гол индексүүд уналттай хаагдлаа. Технологийн салбарын хувьцаанууд илүү их дарамтад орж, зах зээлийн нийт гүйцэтгэлийг доош татав. Хөрөнгө оруулагчид бодлогын хүү, инфляцын төлөв болон эдийн засгийн өсөлтийн эрсдэлийг дахин үнэлж, эрсдэлтэй хөрөнгөөс тодорхой хэмжээнд зайлсхийсэн хандлага ажиглагдав.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +0.58%
  • STOXX Europe 600: -0.02%
  • DAX 40 (Герман): -0.40%
  • CAC 40 (Франц): +0.20%

Европын зах зээлүүд холимог, харьцангуй тогтвортой хөдөлгөөнтэй байлаа. Их Британийн зах зээл санхүү болон түүхий эдийн салбарын дэмжлэгтэйгээр эерэг хаагдсан бол Германд аж үйлдвэрийн болон экспортод суурилсан компаниудын гүйцэтгэл сул байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид бүс нутгийн эдийн засгийн төлөвийг болгоомжтой үнэлж байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225:+3.29%
  • KOSPI: +3.92%
  • CSI 300-0.45%
  • SSEC : -0.52%

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл ялгаатай байв. Япон болон БНСУ-ын индексүүд технологи, экспортын чиглэлийн компаниудын өсөлтөөр дэмжигдсэн бол Хятадын зах зээлд дотоодын эдийн засгийн идэвхжил, бодлогын тодорхойгүй байдалтай холбоотой болгоомжлол давамгайллаа.

 


 NIKKEI ИНДЕКС ХОЁР ӨДӨР ДАРААЛАН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026 оны хоёрдугаар сарын 11-ний мягмар гарагт Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед Nikkei 225 индекс 57,650 нэгжид хүрч, 2.3%-иар өсөн түүхэн дээд түвшинд дахин хүрлээ. Ингэснээр тус индекс хоёр өдөр дараалан шинэ дээд амжилт тогтоож, зах зээлийн өөдрөг хүлээлт үргэлжилж байгааг харуулж байна.
 
Арилжааны явцад Nikkei индекс богино хугацаанд 58,000 нэгжид хүрсэн бөгөөд өсөлтийг голчлон хагас дамжуулагч болон өндөр технологийн компаниудын хувьцаа дэмжжээ. Reuters агентлагийн мэдээлснээр, дэлхийн чипийн эрэлт сэргэж, АНУ болон Азийн технологийн салбарын эерэг хандлага Японы экспортлогч компаниудын үнэлгээнд дэмжлэг үзүүлсэн байна. Ялангуяа тоног төхөөрөмж, электроникийн салбарын томоохон компаниудын хувьцаа хүчтэй өссөн нь индексийн өсөлтийг түүчээлэв.
 
Зах зээлийн өсөлтөд улс төрийн тогтвортой байдал ч нөлөөлжээ. Ерөнхий сайд Такаичи Санаэ-гийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулснаар төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлэх мандат авсан. Хөрөнгө оруулагчид төсвийн зардлыг нэмэгдүүлэх, дотоодын эрэлтийг дэмжих бодлого нь эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэж үзэж байна.
 
Ийнхүү улс төрийн тогтвортой байдал, төсвийн тэлэх бодлого, технологийн салбарын өсөлт хослон Nikkei индексийг түүхэн дээд түвшинд хүргэж, Японы хөрөнгийн зах зээлийн эрчийг хадгалж байна.

 


⇒  AI-Д $660 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: ТЕХНОЛОГИЙН АВАРГУУДЫН ҮНЭЛГЭЭ $900 ТЭРБУМААР БУУРАХ ЭРСДЭЛ

Технологийн салбарын тэргүүлэгч компаниуд 2026 онд хиймэл оюуны (AI) дэд бүтэц, дата төв, чип болон үүлэн тооцоололд нийтдээ ойролцоогоор 660 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зах зээлд хүчтэй савлагаа үүсэв. Financial Times-ийн мэдээлснээр, энэ мэдэгдлийн дараа хөрөнгө оруулагчид зардлын огцом өсөлтөд болгоомжлон хандаж, хувьцааны ханшид дарамт үүсгэжээ.

Шинжээчдийн тооцоолсноор, зөвхөн Amazon, Alphabet (Google), Microsoft зэрэг компаниудын зах зээлийн үнэлгээ улирлын тайлангийн дараа нийлээд 900 тэрбум ам.доллароор агших эрсдэлтэй байна. Эдгээр компанийн нийт орлого жилийн дүнгээр 14 хувиар өсөж 1.6 их наяд ам.долларт хүрсэн ч,  өндөр капиталын зардал нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг намжааж чадсангүй.
 
Зах зээлийн болгоомжлол юунд төвлөрч байна вэ?

  • 2026 оны капиталын зардал 2025 оныхоос 60 хувиар өсөх төлөвтэй.
  • AI-д чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ зарим улсын ДНБ-ээс давсан түвшинд хүрэхээр байна.
  • AI стратегийн өгөөж богино хугацаанд бус, дунд болон урт хугацаанд илрэх магадлалтай.
  • “AI хөөсрөл” дахин сэдэрч болзошгүйг шинжээчид анхааруулав.

Капиталын зардлын огцом өсөлт нь AI технологийн бодит өгөөжийг бий болгоход илүү удаан хугацаа шаардагдаж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюунаас хурдан ашиг хүртэнэ гэсэн хүлээлт бодит байдалтай зөрчилдөж эхэлжээ.

 Гадаад орчны нэмэлт хүчин зүйлс

  • AI дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд дарамт үүсгэж байна.
  • Nvidia зэрэг AI чип үйлдвэрлэгчдийн орлого өссөн ч зах зээл зардлын тогтвортой байдлыг илүү анхаарч эхэлжээ.
  • Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлого, өндөр хүүгийн орчин нь өндөр зардалтай төслүүдийн өгөөжийн тооцоололд нөлөөлж байна.

Ийнхүү AI салбарын урт хугацааны өсөлтийн хүлээлт хэвээр байгаа ч богино хугацаанд өндөр капиталын зардал, өгөөжийн тодорхойгүй байдал нь зах зээлийн үнэлгээнд дарамт үзүүлж, технологийн аваргуудын хувьцаанд савлагаа үүсгэж байна.  
 


⇒  АЛТ $5,000-ЫГ ДАХИН ДАВЛАА: ИНФЛЯЦ СААРЧ, БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ХҮЛЭЭЛТ НЭМЭГДЭВ

2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар алтны ханш дахин 5,000 ам.долларын босгыг давж, сүүлийн өдрүүдийн уналтаа нөхөн сэргээв. АНУ-ын инфляцын үзүүлэлт зах зээлийн хүлээлтээс зөөлөн гарсан нь Холбооны Нөөцийн Сан (ХНС) энэ онд бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдсэн гэсэн хүлээлтийг бэхжүүлж, үнэт металлын эрэлтийг дэмжлээ.

Comex бирж дээрх фьючерсийн арилжаагаар алтны үнэ 5,000 ам.доллараас дээш түвшинд тогтож, ам.долларын индекс сулрах хандлага ажиглагдав. Долларын ханш буурах нь ам.доллараар үнэлэгддэг алтны хувьд гадаад худалдан авагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлдэг.

Шинжээчдийн үзэж буйгаар, инфляц саарч, мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт нэмэгдэх үед бодит өгөөж буурч, хүү төлдөггүй алтны хөрөнгө оруулалтын сонирхол өсдөг. Үүний зэрэгцээ геополитикийн тодорхойгүй байдал болон төв банкнуудын алтны худалдан авалт үргэлжилж буй нь ханшийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байна.

Ойрын хугацаанд зах зээл ХНС-ийн дараагийн мэдэгдэл, инфляцын шинэ өгөгдөлд анхаарлаа төвлөрүүлэх төлөвтэй байгаа бөгөөд алтны ханш өндөр түвшинд боловч савлагаатай хадгалагдах магадлалтай байна.