Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.12.15

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.12.15

Уншсан既読Read 15
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын Хөрөнгийн Биржийн тойм.
  • Монголбанк: Бодлогын хүүг 12 %-д хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн нөхцөлийг зөөлрүүллээ.
  • Экспорт буурсан ч худалдааны тэнцэл эерэг хэвээр хадгалагдлаа.
  • Хаан Банк ХК Азийн Хөгжлийн Банкнаас 100 сая ам.Долларын санхүүжилт татаж, хөдөө аж ахуй, орон нутгийн бизнесийг дэмжинэ.
  • Хөрөнгө оруулалтын зардал огцом өссөнөөр “Oracle”-ийн үнэлгээ буурлаа.
  • Broadcom-ийн ирээдүйн төлөв сул гарснаар AI салбар дахь хөрөнгө оруулалтын эрсдэл дахин анхаарал татлаа.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 35.16 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 20.55 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс АПУ ХК, Хаан Банк ХК, Мандал Даатгал ХК, Тэнгэр Даатгал ХК, болон Оллоо ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 5 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал: 

  • Мандал Даатгал ХК-ийн (MNDL) 12.35 сая ширхэг үнэт цаас нэгжийн 81 төгрөгөөр буюу нийт 995 сая төгрөгөөр;  
  • Хаан банк ХК-ийн (KHAN) 326 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,350 төгрөгөөр буюу нийт 440 сая төгрөгөөр;   
  • Оллоо ХК-ийн (OLL) 2.6 сая ширхэг үнэт цаас нэгжийн 140 төгрөгөөр буюу нийт 370 сая төгрөгөөр;   
  • АПУ ХК-ийн (APU) 1 сая ширхэг үнэт цаас нэгжийн 1180 төгрөгөөр буюу нийт 1.2 тэрбум төгрөгөөр;   
  • Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 665 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 853 төгрөгөөр буюу нийт 567 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.  

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл тогтвортой, өсөлт давамгайлсан байлаа. Top 20 индекс 0.91%-иар өсөж, зах зээлийн томоохон компаниудад эрэлт тогтвортой байгааг харуулсан бол MSE A индекс 0.86%-ийн өсөлттэй гарч, дундаж капиталтай компаниудын гүйцэтгэл эерэг байв. Харин MSE B индекс 0.45%-иар буурсан нь жижиг зах зээлийн хувьцаанд болгоомжлол давамгайлсныг харуулж байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 52,121.64

+0.91%

MSE A Индекс 19,778.6 +0.86%
MSE B Индекс 14,663.84 -0.45%

 

 


⇒ МОНГОЛБАНК: БОДЛОГЫН ХҮҮГ 12%-Д ХЭВЭЭР ХАДГАЛЖ, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛИЙГ ЗӨӨЛРҮҮЛЛЭЭ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 12 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд хуралдаж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дотоод болон гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой байна.

Хурлаар тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн зохицуулалтад тодорхой нөхцөлүүдийг зөөлрүүлэв. Эдгээр нь зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, тэтгэврийн зээлдэгчдийн сарын төлбөрийн дарамтыг хөнгөлөхөд чиглэж байна. Үүнд:

  • Уг төрлийн зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөцийн сууринаас хасаж тооцох;
  • Зээлийн нийт хугацааг нэг удаа 36 сар хүртэл сунгасан тохиолдолд тухайн активыг бүтэц өөрчлөгдсөнд тооцохгүй байх;
  • Мөн тэтгэврийн зээлд ногдуулж байсан 150 хувийн эрсдэлийн жинг 100 хувь болгон бууруулах шийдвэр багтлаа.  

Макро орчны үнэлгээ:

Инфляцын тухайд 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2%, Улаанбаатар хотод 8.7%-д хүрч, өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарлаа. Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн суурь нөлөө арилж эхэлсэн нь инфляц саарахад нөлөөлсөн ч ургацын тааруу байдал, хүнсний ногоо болон махны үнийн улирлын бус өсөлт хүнсний инфляцыг эрчимжүүлсэн хэвээр байна. Ирэх оноос цалингийн өсөлт инфляцын хүлээлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Эдийн засаг 2025 оны эхний гурван улиралд 5.9 хувиар өссөн нь хүлээлттэй нийцэж байгаа бөгөөд өсөлтийн голлох хэсгийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбар бүрдүүлжээ.  

Гадаад орчны хувьд АНУ-ын тарифын нөлөө хүлээлтээс бага гарч, дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв сайжирсан, мөн алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг Мөнгөний бодлогын хороо онцоллоо.
 



ЭКСПОРТ БУУРСАН Ч ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ЭЕРЭГ ХЭВЭЭР ХАДГАЛАГДЛАА.

2025 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 850 сая ам.доллароор буурсан ч импортын дүнгээс 3.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа. Экспортын бүтцэд зарим гол нэрийн бүтээгдэхүүний орлого өссөн нь нийт экспортын бууралтыг тодорхой хэмжээнд нөхсөн байна.

Экспортын гол өөрчлөлтүүд:

  • Зэсийн баяжмалын экспортын орлого 72.5%-иар өсөж, 3.5 тэрбум ам.долларт хүрэв.
  • Зэсийн баяжмалын биет хэмжээ 2.0 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 34.8%-иар нэмэгдэв.
  • Чулуун нүүрсний экспортын хэмжээ 0.3%-иар буурч, орлого нь үнийн уналтаас шалтгаалан 39%-иар буурч, 4.9 тэрбум ам.доллар болов.
  • Төмрийн хүдрийн экспорт 18.4%-иар өсөв.
  • Боловсруулаагүй нефть болон алтны экспорт 13–19%-иар буурав.

Импортын бүтцийн өөрчлөлт:

  • Түлшний импорт өмнөх оноос 37 мянган тонноор буурсан.
  • Дизель түлшний импорт 9.7%-иар өсөж, 1.6 сая тоннд хүрэв.
  • Нефтийн бүтээгдэхүүний импорт 1.8 тэрбум ам.доллар болж, нийт импортын 18.2%-ийг эзлэв.
  • Суудлын автомашины импорт 115.6 мянгаас 87 мянга болж буурсан.
  • Ачааны автомашины импорт ойролцоогоор 7 мянгаар багасав.

Экспортын бүтцэд зэсийн баяжмалын орлого давамгайлж, худалдааны тэнцэл эерэг хэвээр хадгалагдсан ч нүүрсний үнийн савлагаа болон зарим түүхий эдийн экспортын бууралт гадаад худалдааны эрсдэл хэвээр байгааг харуулж байна.

 


ХААН БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ.

Хаан Банк ХК Азийн Хөгжлийн Банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлж, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдээллээ. Энэхүү санхүүжилт нь Монгол Улс Азийн Хөгжлийн Банкнаас авч буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилтүүдийн нэг болж байна.

Тус санхүүжилт нь тав хүртэлх жилийн хугацаатай бөгөөд хөдөө аж ахуйн нэмүү өртгийн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Үүний хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуйн боловсруулсан үйлдвэрлэл, тариалан, мөн орон нутгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрээр хангах юм.

Гол зорилтууд:

  • Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх;
  • Экспортын орлогыг нэмэгдүүлэх;
  • Малчид, тариаланчид болон ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг сайжруулах;
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих;
  • Орон нутгийн бизнесийн технологи, бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх юм.

Азийн Хөгжлийн Банкны зүгээс энэхүү төсөл нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг тэлж, технологийн шинэчлэл хийх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж онцолжээ.
 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ холимог, болгоомжтой уур амьсгалтай байлаа. АНУ-д салбар хоорондын ялгаа тодорч, Европт зах зээл тогтуун, чиглэл тодорхойгүй хэвээр үлдэв. Азид Япон, Солонгосын зах зээл харьцангуй эерэг байсан ч Хятадын зах зээлд тодорхой бус байдал давамгайллаа. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид макро орчин, бодлогын хүлээлтэд мэдрэг, сонгомол хандлага баримталсан долоо хоног болов.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.69%
  • Dow Jones: +1.01%
  • Nasdaq: -1.87%

Тус хугацаанд АНУ-ын зах зээл холимог чиг хандлагатай байлаа. Dow Jones уламжлалт үйлдвэрлэл, санхүүгийн салбарын дэмжлэгээр өссөн бол S&P 500 болон Nasdaq индексүүд технологийн салбарын сулрал, ашиг хураалтын нөлөөгөөр бууралттай хаагдав. Энэ нь хөрөнгө оруулагчид салбар хооронд илүү сонгомол байр суурь баримталж байгааг илтгэж байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: +0.03%
  • DAX 40 (Герман): +0.71%
  • CAC 40 (Франц): -0.49%

Европын зах зээл нийтдээ тогтвортой, хязгаарлагдмал хөдөлгөөнтэй байв. Германы DAX 40 үйлдвэрлэл, экспортын хүлээлт сайжирснаар өсөлт үзүүлсэн бол Францын CAC 40-д зарим томоохон компанийн хувьцааны бууралт дарамт болов. STOXX Europe 600 бараг өөрчлөлтгүй хаагдсан нь бүсийн эдийн засгийн хүлээлттэй холбоотой болгоомжлол хэвээр байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.38%
  • KOSPI: +1.4%
  • CSI 300: +0.0%
  • SSEC -0.5% 

Азийн зах зээлд эерэг болон сөрөг хөдөлгөөн зэрэгцэв. Японы Nikkei 225 болон БНСУ-ын KOSPI индексүүд экспорт, технологийн салбарын дэмжлэгээр өссөн бол Хятадын зах зээлүүд тогтворгүй байж, CSI 300 өөрчлөлтгүй, SSEC бууралттай хаагдлаа. Энэ нь Хятадын эдийн засгийн сэргэлтийн талаарх болгоомжлол мөн хэвээр байгааг илтгэнэ.

 


 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ ОГЦОМ ӨССӨНӨӨР “ORACLE”-ИЙН ҮНЭЛГЭЭ БУУРЛАА.

“Oracle” хиймэл оюуны дата төвүүд болон бусад дэд бүтэц, тоног төхөөрөмжид чиглэсэн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэх болсноо зарласны дараа тус компанийн хувьцааны ханш сүүлийн 11 сарын хамгийн доод түвшиндээ хүрч буурлаа. Шинжээчдийн тооцооллоор тус компани өнгөрсөн улиралд дата төвийн хөрөнгө оруулалтад ойролцоогоор 12 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Түүнчлэн 2026 оны тавдугаар сард дуусах санхүүгийн жилд нийт хөрөнгө оруулалтын зардлаа 50 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн нь өмнөх сарын төсөөллөөс 15 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Компанийн зүгээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч улирлын орлогын үзүүлэлт нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бүрэн хангаж чадаагүй байна.

Дээрх мэдээллийн дараа Пүрэв гарагт “Oracle” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид 11%-иар унаж, 198.85 ам.доллароор хаагдлаа. Өнгөрсөн сарын 10-нд түүхэн дээд түвшинд хүрснээс хойших хаалтын үнээр тооцвол тус компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор гуравны нэгээр буураад байна. Үүний зэрэгцээ “Oracle”-ийн зах зээлийн эрсдэлийг илтгэх үзүүлэлт сүүлийн 16 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.
 


⇒  BROADCOM-ИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ СУЛ ГАРСНААР AI САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛ ДАХИН АНХААРАЛ ТАТЛАА.

Чип үйлдвэрлэгч компани болох Broadcom ирээдүйн ашгийн хэмжээ буурна хэмээн анхааруулсны дараа хувьцааны үнэ нь 11.4%-иар унасан байна. Broadcom компанийн орлогын ирээдүйн төлөв зах зээлийн хүлээлтээс доогуур гарснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлд, ялангуяа AI-тай холбоотой технологийн хувьцаануудад дарамт үүсэж, S&P 500 болон Nasdaq индексүүдийн фьючерс ханш буурсан байна.  

Шинжээчдийн үзэж байгаагаар Broadcom-ийн мэдээлэл нь хиймэл оюун ухааны салбарт төвлөрсөн их хэмжээний хөрөнгө оруулалт хэт хөөсрөх эрсдэлтэй байж болзошгүйг дахин сануулж, хөрөнгө оруулагчдыг илүү болгоомжтой байр суурь баримтлахад хүргэжээ. Уг нөхцөл байдал нь сүүлийн саруудад AI салбарт хурдацтай өссөн үнэлгээ цаашид тогтвортой үргэлжлэх эсэхэд зах зээлийн эргэлзээг нэмэгдүүлж байна.