
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 3.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан Банк ХК, Хас Банк, Ард Даатгал ХК, АПУ ХК, болон Таван толгой ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл бага зэрэг бууралттай байлаа. Top 20 индекс 1.55%-иар, MSE A индекс 1.39%-иар, MSE B индекс 0.57%-иар тус тус буурч, зах зээлийн ерөнхий уур амьсгал болгоомжтой, идэвх багатай байсан байна. Зах зээлийн бууралтад уул уурхайн болон банк, санхүүгийн салбарын зарим томоохон компанийн хувьцааны ханш буурсан нь голлон нөлөөлжээ.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 49,125 | -1.55% |
| MSE A Индекс | 19,088 | -1.39% |
| MSE B Индекс | 14,270 | -0.57% |
⇒ МОНГОЛБАНК 2025 ОНЫ 10-Р САРД 2.8 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА.
2025 оны 10 дугаар сард Монголбанк нийт 2,829.0 кг үнэт металл (алт) худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн хүрсэн байна. Худалдан авалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.3%-иар буурсан ба Дaрхан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,532.9 кг алтыг тус тус худалдан авчээ. Алт худалдан авах дундаж үнэ тухайн сард 466,946.14 төгрөг байсан гэж мэдээлж байна.
Монголбанкны алт худалдан авалт улирлын бууралтад орсон ч үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь үнэт металлын стратегийн ач холбогдол хэвээр байгааг харуулж байна. Цаашид дэлхийн алтны ханш, геополитикийн нөхцөл, валютын ханшийн хөдөлгөөн нь Монголбанк болон алт олборлогч компанийн стратегид гол нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

⇒ "ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
“Премиум Нэксус” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 ба түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Энэхүү ажиллагааг “Премиум Коммерс” ХК-д хувьцааг худалдан авах зөвшөөрөл олгосонтой холбогдуулан зохион байгуулж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчид "Эм Ай Си Си ҮЦК" ХХК хүсэлт гаргах эсвэл “Голомт капитал ҮЦК” ХХК болон “Премиум Нэксус” ХК-ийн хаягаар холбогдох материалыг ирүүлэх боломжтой.
⇒ ТӨГРӨГ АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ.
2025 оны 9-р сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3 593.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 212.8 төгрөгөөр, өмнөх сараас 1.7 төгрөгөөр сулрав.
Мөн төгрөгийн ханш дараах гол валютуудтай харьцахдаа сулралттай байв:
Төгрөгийн ам.доллартай харьцах сулрал нь валютын ханшийн хэлбэлзэл, гадаад валютын урсгалын өөрчлөлт, импортын үнэ зэргээс улам илүү нөлөөг авч байгааг илтгэж байна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчдын хувьд валютын ханш, гадаад худалдааны нөхцөл, мөнгөний бодлогыг анхааралтай ажиглах нь чухал байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл нийтээрээ бууралттай байв. АНУ-ын гол индексүүд технологийн компаниудын санхүүгийн тайлан хүлээлтээс доогуур гарснаар доошилж, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын уналт нь зах зээлийн дарамтыг нэмэгдүүлэв. Европын хөрөнгийн зах зээлд инфляцын дарамт болон эдийн засгийн өсөлтийн сул төлөв хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулсан бол, Азийн зах зээлүүдийн хөдөлгөөн харилцан адилгүй байлаа. Япон, Солонгосын зах зээл уналттай байсан ч АНУ-БНХАУ-ын худалдааны тариф бууруулах мэдээ нь Хятадын зах зээлийг эергээр тэтгэв.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл ерөнхийдөө буурах хандлагатай байлаа. S&P 500 индекс 2.23%-иар, Dow Jones 1.49%-иар, харин Nasdaq 4.04%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байв. Технологийн салбарын төлөөлөгч компаниудын санхүүгийн тайлан хүлээлтээс доогуур гарсан нь Nasdaq индексийн уналтад нөлөөлсөн. Үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын хувьцаанууд мөн бууралттай байсан нь S&P 500 индексийн уналтыг гүнзгийрүүлэв. Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сангийн дараагийн хуралдаанд анхаарлаа хандуулж, хүүгийн түвшингийн ирээдүйн бодлого болон эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг ажиглаж байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл мөн бууралттай долоо хоногийг үджээ. Бүхэл Европыг хамарсан STOXX Europe 600 индекс 1.25%-иар, Германы DAX 40 индекс 1.75%-иар, Францын CAC 40 индекс 2.08%-иар тус тус унасан байна. Эдийн засгийн өсөлтийн төлөв сулрах болон инфляцын дарамт үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөв. Үйлдвэрлэл болон хэрэглээний салбарын компаниудын ашиг бууралттай гарсан нь индексүүдийн уналтыг гүнзгийрүүлсэн байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн голлох хөрөнгийн зах зээлүүдийн хөдөлгөөн ялгаатай байлаа. Японы Nikkei 225 индекс 4.04%-иар, Өмнөд Солонгосын KOSPI индекс 4.11%-иар тус тус огцом буурсан бол, Хятадын CSI 300 индекс 0.91%-иар, SSEC (Shanghai Composite) индекс 1.10%-иар өсжээ. Японы болон Солонгосын зах зээлд технологийн компанийн хувьцаануудын ханш эрс унаж, гадаад хөрөнгө оруулагчдын гаралт нэмэгдсэн нь индексүүдийн бууралтад голлон нөлөөлөв. Харин АНУ-аас БНХАУ-ийн импортод ногдуулсан тариф 10%-иар бууруулах тухай мэдээлэл гарсан бөгөөд энэхүү эерэг мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Хятадын индексүүд өсөхөд нөлөөлсөн байна.
⇒ БНХАУ: ЭКСПОРТ УНАЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ ЦОЧИРОО БОЛЛОО.
БНХАУ-аас АНУ руу экспортод ногдуулсан тариф 10%-иар буурснаар хоёр улсын худалдаа эргэн сэргэж магадгүй байна. Гэвч БНХАУ-ын 2025 оны 10 р сарын экспoртын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 1.1 %-иар буурч, сүүлийн жилүүдэд хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг болжээ.
Энэ бууралт нь хэд хэдэн гол хүчин зүйлтэй холбоотой байна:
Энэ уналт нь БНХАУ-ын гадаад зах зээлд гадаад орлогоороо хамааралтай байдал сулрах, мөн эдийн засагт экспортын “сэргэлт” нь түр зуурынх байж магадгүй гэдгийг илтгэж байна. Хэрвээ зах зээлд эрэлт буурах хандлага хадгалагдвал, 2026 оноос эхлэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац буурах эрсдэлтэй байна.
⇒ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ТЭГ ЗОГСОЛТ” ЭДИЙН ЗАСАГТ НОЦТОЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
АНУ-ын засгийн газар 2025 оны 10-р сарын 1-нээс эхлэн санхүүжилтгүй болсон нь төрийн олон үйл ажиллагааг зогсоосноор эдийн засагт шууд дарамт учруулж байна.
Энэ удаагийн “тэг зогсолт” нь өмнөх жилүүдийнхээс ялгаатай, удаан хугацаанд үргэлжилж байгаа нь онцлог. Засгийн газрын санхүүжилтгүй байдал, улс төрийн маргаан, эдийн засгийн эмзэг нөхцөл зэрэг нь нийлж, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Congressional Budget Office (CBO) ын мэдээлснээр, хэрвээ зогсолт дахин сунжирвал 2025 оны дөрөвдүгээр улирлын ДНБ нь нийт өсөлтөөс ойролцоогоор 2 нэгж хувиар доошлох эрсдэлтэй аж. Мөн дангаар нь гэхэд долоо хоног бүр 7 – 15 тэрбум ам.доллар орчмын алдагдалтай байж болзошгүй гэсэн тооцоо гарч байна.