Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.10.20

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.10.20

Уншсан既読Read 93
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын Хөрөнгийн Биржийн тойм.
  • Moody’s Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B2”-оос “B1” болгон ахиулжээ.
  • 2025 оны 9-р сард Төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
  • АНУ: Мөнгөний бодлого ойрын хугацаанд зөөлрөх боломжтойг онцоллоо.
  • Алтны үнэ дэлхийн эдийн засгийн хурцадмал байдал, худалдааны зөрчил болон бодлогын хүүгийн бууралтын хүлээлтээс шалтгаалан түүхэн дээд түвшинд хүрлээ.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 7.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11.67 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инновэйшн инвестмент ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Хаан Банк, Таван толгой ХК, болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт нэг удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • Инновэйшн инвестмент ХК-ийн (QPAY) 8.9 сая ширхэг үнэт цаас нэгжийн 225 төгрөгөөр буюу нийт 2 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл холимог үзүүл байлаа. Top 20 индекс 0.27%-иар, MSE A индекс 1.01%-иар тус тус буурсан бол MSE B индекс 1.58%-иар өсч, хоёрдогч зах зээлийн идэвх харьцангуй нэмэгдсэн дүр зурагтай байв. Уул уурхай, банк, санхүүгийн салбарын зарим томоохон хувьцааны ханшийн уналт бууралтад нөлөөллөө.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 49,119.52 -0.27%
MSE A Индекс 18,934.5 -1.01%
MSE B Индекс 14,568.99 +1.58%

 

 


⇒ MOODY’S RATINGS АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B2”-ООС “B1” БОЛГОН АХИУЛЖЭЭ.

Moody's Ratings агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг “B2”-оос “B1” болгон ахиулж, төлөвийг “Тогтвортой” гэж үнэллээ. Монгол Улс түүхий эдийн экспортоо төрөлжүүлэхээр зорьж байгаагаас гадна бодлогын үр нөлөөг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад анхаарч байгаа нь зээлжих зэрэглэл ахиулахад гол нөлөө үзүүлснийг Moody's агентлаг онцолжээ.

Жич: 3 агентлагийн зээлжих зэрэглэлийн нэгжийг ижил хэмжээ рүү шилжүүлсэн болно. B+ зэрэглэл нь Moody’s агентлагийн зэрэглэлээр B1 болно.

Монголын экспортын талаас илүү хувийг эзэлдэг нүүрсний үнэ 2024 онд 30%-иар, 2025 он гарснаас хойш 27%-иар буурсан хэдий ч Монгол Улсын эдийн засаг түүхийн эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий байдал буурч байна гэж үзсэн байна. Мөн 2025 онд зэсийн экспортын хэмжээ нэмэгдсэн нь нүүрсний экспортын бууралтыг мэдэгдэхүйц нөхөж байгаа юм.

Үүнээс гадна алт, газрын ховор элемент зэрэг бусад ашигт малтмалын хайгуулын ажлыг идэвхтэй хийж байгаа бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр 3.1 сая тонн газрын ховор элементийн хүдрийн батлагдсан нөөц илрүүлсэн байна.

Эдийн засгийн хувьд бодит ДНБ 2024 онд 5.1%-иар өссөн бөгөөд 2025 онд 5.5%-иар,  2026 онд мөн адил түвшнээр өснө гэж таамаглаж байгаа юм. Харин өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ий 90 гаруй хувьтай тэнцэж байсан бол энэ онд 42.6% болж мэдэгдэхүйц буурчээ. Гэсэн хэдий ч Moody's өрийн дарамт 2028 он гэхэд ДНБ-ий 48%-д, төсвийн алдагдал 2025 онд ДНБ-ий 3% орчим, 2026-2028 онд дунджаар 4.5-6% хүртэл өснө гэж таамаглаж байна.

Moody’s Ratings нь Монгол Улсын гадаад хөрвөх чадварын эрсдэл өндөр хэвээр байх боловч удирдах боломжтой гэж үзэн “Тогтвортой” төлөвийг хадгалжээ.

 


⇒ 2025 ОНЫ 9-Р САРД ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ.

2025 оны эхний 9 сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1%-иар буурсан байна. Орлого буурахын зэрэгцээ нийт төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 11.3%-иар өссөн нь тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлжээ.

Төсвийн орлогын бууралтад орлогын албан татварын орлого 9.4%-иар, АМНАТ 45.2%-иар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 19.4%-иар, хөрөнгийн албан татварын орлого 35.8%-иар, НӨАТ-ийн орлого 1.8%-иар, гадаад үйл ажиллагааны орлого 5.8%-иар тус тус өссөн байна. Зардлын өсөлтийн хувьд голлон урсгал зардлын 15%-ийн өсөлт нөлөөлжээ.

Төсвийн тэнцэл өссөн дүнгээр 2024 оны 12-р сараас хойш тасралтгүй алдагдалтай гарч байгаа юм. Үүнд дараах хүчин зүйлүүд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Үүнд:

1. Орлогын бууралт

  • Татварын орлого төлөвлөснөөс доогуур байна. Ялангуяа нүүрсний экспортын орлого 2024 оны хоёрдугаар хагаст эрс багассан ба нүүрсний үнэ 2024 онд 30%-иар, 2025 он гарснаас хойш 27%-иар буураад байна.
  • Бусад түүхий эдийн экспорт, тухайлбал алт, төмрийн хүдэр, газрын тосны хэмжээ хангалттай нэмэгдээгүй тул орлогын бууралтыг нөхөж чадаагүй юм.

2. Зарлагын өсөлт

  • Төрийн зардал, хөрөнгө оруулалтын санхүүжилт, мөн цалин, тэтгэвэр, халамжийн зардал нэмэгдсэн.
  • Аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөл, зам тээврийн болон эрчим хүчний төслүүдийн санхүүжилт 2024 оны сүүлээр эрчимжсэн нь зарлагыг өсгөсөн.

3. Гадаад орчны нөлөө

  • 2025 оны эхний хагас жилд олон улсын худалдааны хурцадмал байдлаас үүдэн ам.долларын ханш огцом өссөн нь эдийн засагт ихээхэн нөлөөлсөн ба долларын ханш 2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 5.1%-иар өсөөд байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2025 оны 10-р сарын 13-19-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээл нийтлэг өсөлттэй байлаа. АНУ-ын индексүүд эерэг чиглэлтэй байсан ба Азийн зах зээл мөн өсөлт үзүүлсэн байна. Европын индексүүд голчлон өсөлттэй байсан болов ч Герман дахь эдийн засгийн удаашрал, инфляцын түвшин, экспортын бууралт зэрэг хүчин зүйлс DAX 40 индексийн бууралтад нөлөөлжээ. Холбооны Нөөцийн Сангийн хүү буурах хүлээлт, инфляц, макро эдийн засгийн мэдээлэл болон худалдааны эрсдэлүүд хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлж байна.

 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.63%
  • Dow Jones: +1.08%
  • Nasdaq: +0.45%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл бага зэрэг өсөлттэй байлаа. S&P 500, Dow Jones, Nasdaq индексүүд эерэг чиглэлтэй хөдөлсөн нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдсэнтэй холбоотой юм. Энэхүү өсөлтөд Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүг бууруулах хүлээлт, инфляцын түвшинг тогтворжуулах хандлага, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн таатай мэдээлэл нөлөөлсөн байна. Мөн зарим салбарын тэлэлтүүд нь зах зээлд дэмжлэг үзүүлжээ.

 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: +0.25%
  • DAX 40 (Герман): -2.22%
  • CAC 40 (Франц): +2.70%

Европын хөрөнгийн зах зээл холимог үзүүлэлттэй байсан ба STOXX Europe 600 индекс бага зэрэг өсөлттэй байсан бол DAX 40 буурсан нь Германы эдийн засгийн удаашрал, экспортын бууралт болон Европын банкны салбарын тогтворгүй байдлаас шалтгаалсан юм. Харин CAC 40 индекс өсөлттэй байсан нь Францын эдийн засгийн таатай үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнтэй холбоотой байна.

 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.29%
  • KOSPI: +5.60%
  • CSI 300: +0.52%
  • SSEC : +1.05% 

Японы Nikkei 225 бага зэрэг өсөлттэй байсан бол Өмнөд Солонгосын KOSPI эрчимтэй өсөлт үзүүлжээ. Хятадын зах зээлд CSI 300 болон SSEC индексүүд бага зэрэг өсөлттэй байсан нь хөрөнгө оруулагчдын таатай хүлээлт, макро эдийн засгийн тогтвортой үзүүлэлтүүд болон экспорт, үйлдвэрлэлийн мэдээллээс шалтгаалсан байна. Энэхүү хөдөлгөөн нь бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, худалдааны эрсдэл болон төв банкнуудын бодлогын хүлээлттэй уялдсан байна.

 


 АНУ: ЖЕРОМ ПАУЭЛЛ МӨНГӨНИЙ БОДЛОГО ЗӨӨЛРӨХ ШИНЖТЭЙ БАЙГААГ ОНЦОЛЖЭЭ.

2025 оны 10-р сарын 14-нд Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэлл мөнгөний бодлогын чиг хандлагын талаар мэдэгдэл хийж, мөнгөний хатуу бодлого ойрын хугацаанд зөөлрөх боломжтой байгааг илэрхийлэв. Тэрээр төв банкны тэнцвэрийн хуудасны хумилт дуусах шатандаа орсон гэж онцолсон нь зах зээл дэх хөрвөх чадвар нэмэгдэх, мөнгөний нийлүүлэлт тогтворжих хүлээлтийг бий болголоо.

Тус мэдэгдлийн дараа S&P 500 болон Nasdaq индексүүд өсөж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдэж, мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт хүчтэй байгааг харуулж байна. Гэвч тэрээр бодлогын хүүгийн цаашдын чиглэлд тодорхой удирдамж өгөөгүй, инфляц болон эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг болгоомжтой тэнцвэржүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Сүүлийн саруудад банк хоорондын зах зээлд хөрвөх чадварын дарамт нэмэгдэж, зарим санхүүгийн байгууллага Холбооны Нөөцийн богино хугацааны санхүүжилтийн хэрэгслийг илүү идэвхтэй ашиглаж эхэлсэн нь төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх дохио гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ, инфляцын түвшин жил бүрийн 2.8% орчимд хадгалагдаж байгаа нь бодлогын хүүг тогтвортой байлгах орон зайг бий болгож байна.

Гэвч хүү бууруулах шийдвэрийн тодорхойгүй байдал, инфляцын эрсдэл болон ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийн чиглэлээс шалтгаалан зах зээлийн тогтвортой байдал хэврэг хэвээр байна.

 


⇒   АЛТНЫ ҮНЭ ТҮҮХИЙН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ.

Өнгөрсөн Пүрэв гаригт алтны спот үнэ 0.6%-иар өсөж, нэг унц нь 4,233.06 ам.долларт хүрсэн бөгөөд, шинэ дээд түвшинд хүрсэн байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчил улам хурцдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын бараанд 100%-ийн нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон алт руу чиглүүлэх хөшүүрэг болж байна.

Үндсэн онцлох зүйлс:

  • Худалдааны маргаан, АНУ-ын бодлогын хүлээлт нь хөрөнгө оруулагчдыг найдвартай активд татаж байна.
  • Засгийн газрын түр зогсолт болон бодлогын хүүгийн бууралтаас үүдэн алтны үнэ тогтвортой өсөх магадлал өндөр байна.
  • Алтны үнэ оны эхнээс хойш 60%-иар өссөн бөгөөд оны эцэс гэхэд нэг унц нь 4400 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Дэлхийн эдийн засгийн хурцадмал байдал, худалдааны маргаан, бодлогын хүүгийн бууралт зэрэг хүчин зүйлс ирээдүйд алтны үнийг дэмжих гол хүчин зүйлс хэвээр байна.