Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 11.48 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Монложистикс Холдинг ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Хаан Банк, Голомт Банк ХК, болон Монголын хөрөнгийн бирж ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт нэг удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй байлаа. Top 20 индекс 0.63%-иар, MSE A индекс 0.13%-иар, MSE B индекс 0.68%-иар өссөн бөгөөд зах зээлийн уур амьсгал эерэг байв. Уул уурхай болон банк, санхүүгийн салбарын хувьцаануудын гүйлгээ идэвхжсэн нь уг өсөлтөд нөлөөллөө.
ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
TOP 20 Индекс | 49,561.89 | +0.63% |
MSE A Индекс | 19,153.08 | +0.13% |
MSE B Индекс | 14,440.59 | +0.68% |
⇒ ИНФЛЯЦ 2025 ОНЫ 9-Р САРД 9.0 % БОЛЖ ӨСӨВ.
Монгол Улсад 2025 оны 9-р сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт жилийн дүнгээр 9.0 % хүрч, өмнөх оны 6.3 %-аас нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Гол үзүүлэлтүүд:
Монголбанк 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тулгуурлан 2025–2026 онд эдийн засаг 5–6 %-ийн өсөлт үзүүлнэ гэж тооцжээ. Гэвч ирэх саруудад хүнсний бүтэгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц эрчимжиж, иргэдийн бодит худалдан авах чадварт дарамт үүсгэж байна.
Тус үзүүлэлт нь Монголбанкны зорилтот түвшнээс давж байгаа бөгөөд хүүгийн бодлого, валютын ханшийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул хөрөнгө оруулагчид үнийн өсөлтийн чиг хандлага, засгийн төсөв, нийлүүлэлтийн хүчин зүйлсийг ажиглах шаардлагатай.
⇒ АРИЛЖААНЫ БАНКНЫ ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ.
2025 оны сүүлчийн хагас жилд арилжааны банкны хувьцааны зах зээл сэргэж эхлэхтэй зэрэгцэн Монголын банкны секторын хувьцааны ханшид өсөлт ажиглагдаж байна.
Нөгөө талаас Төрийн банк ХК ба Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн хувьцаа бусдаасаа арилжааны идэвх муутай байгаа бөгөөд Хөгжлийн Банк ХК-ийн хувьцаа жилийн хугацаанд 13%-иар буурсан байна.
Банкны хувьцааны зах зээлд өсөлттэй байх шинжтэй ч өрсөлдөөн өндөр, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа тул хөрөнгө оруулагчид зах зээлийн үзүүлэлтүүд, томоохон банкнуудын гүйцэтгэл зэргийг харьцуулан судлах хэрэгтэй.
⇒ ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 2025 ОНЫ II УЛИРАЛД ₮35.5 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ.
2025 оны II улиралд Монгол Улсын Засгийн газрын нийт өр 35.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.5%-иар өссөн байна. Өрийн өсөлт нь гадаад болон дотоод эх үүсвэрээс санхүүжилт авахтай холбоотой бөгөөд валютын ханшийн хэлбэлзэл, төсвийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
Үндсэн үзүүлэлтүүд:
Гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь төсвийн зардал, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай холбоотой бол дотоод өр нь 8.9 дахин өссөн нь төсвийн бодлого болон нийтийн санхүүгийн зохицуулалтаас шалтгаалж байна.
2025 оны 10-р сарын 6-12-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээл холимог үзүүлэлттэй байлаа. АНУ-ын индексүүд сөрөг чиглэлтэй байсан бол Европын индексүүд мөн сулралтай байв. Азийн зах зээл холимог байж, Японы болон Өмнөд Солонгосын гол индексүүд өсөлттэй, харин Хятадын зарим индексүүд буурсан байна. Холбооны Нөөцийн Сангийн хүү буурах хүлээлт, инфляц, макро эдийн засгийн мэдээлэл болон худалдааны эрсдэлүүд хөрөнгө оруулагчдын стратегийн шийдвэрт голлон нөлөөлж байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт сөрөг чиглэлтэй хаагдсан. Худалдааны эрсдэлүүд, инфляцын дарамт болон макро эдийн засгийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын стратегийн шийдвэрт голлон нөлөөлжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараанд 100% татвар ногдуулахаар мэдэгдсэн нь зах зээлд сөргөөр нөлөөлсөн байдалтай тус долоо хоног өндөрлөсөн.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт сөрөг үзүүлэлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 1.18%-иар буурсан нь зах зээлийн нийт идэвх сулрах, гадаад худалдааны эрсдэл нэмэгдэхтэй холбоотой бол Германы DAX 40 индекс 0.48%-иар буурсан нь үйлдвэрлэл болон бизнесийн идэвхийн сулралтай холбоотой. J.P. Morgan компани Европын зах зээлийг "overweight" ангилалд оруулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн байна. Харин Францын CAC 40 индекс буурсан нь Ерөнхий сайд Сэбастьен Лекорнүгийн огцролттой холбоотойгоор улс төрийн тогтворгүй байдал үүссэнтэй холбогдож байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээл 2025 оны 10-р сарын 6-12-ны хооронд холимог үзүүлэлттэй байлаа. Японы Nikkei 225 индекс иений сулрал, экспортын эерэг хүлээлтээр 0.30%-иар өссөн бол Өмнөд Солонгосын KOSPI индекс технологийн салбарын сэргэлтээр 1.73%-иар өсөв. Харин Хятадын CSI 300 индекс сөрөг үзүүлэлттэй буюу 1.97%-иар буурсан нь дотоод зах зээлийн эрсдэл, экспортын нөхцөл байдлаас шалтгаалсан бол Шанхайн SSEC индекс 0.48%-иар өссөн байна.
⇒ "SAMSUNG ELECTRONICS”-ИЙН ХУВЬЦАА ТҮҮХЭН ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ.
Хиймэл оюун ухааны технологи болон чипийн салбарын өсөлтийн хүлээлт “Samsung Electronics”-ийн хувьцааны ханшийг өсгөж, Баасан гарагийн арилжааг түүхэн дээд түвшинд хаахад хүргэлээ. БНСУ-ын бүх нийтийн амралтын өдрүүдийн дараа зах зээлийн арилжаа хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд “Samsung Electronics”-ийн хувьцааны үнэ Баасан гарагт 5.2%-иар өсөж, 94,400 вон хүрснээр компанийн зах зээлийн үнэлгээ 555 их наяд вон буюу 390 тэрбум ам.долларт болсон байна.
Тус компанийн хувьцаа 2025 он гарсаар 76%-иар өссөн нь хиймэл оюун ухаанд зориулагдсан дэвшилтэт санах ойн чипийн эрэлт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсний илэрхийлэл болж байгаа юм.
⇒ ЯПОН: САНАЭ ТАКАЙЧИЙН СОНГУУЛИЙН ЯЛАЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨВ.
10-р сарын 4-ний өдөр Японы Либерал ардчилсан намын (LDP) ерөнхийлөгчийн сонгуульд Санаэ Такайчи ялалт байгуулж, Японы дараагийн Ерөнхий сайд болох нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл огцом өсч, Nikkei 225 индекс 10-р сарын 3-ны Баасан гарагаас 10-ны Баасан гарагийн хооронд 5.07%-иар, TOPIX индекс 2.19%-иар нэмэгджээ. Тус сонгуулийн үр дүн хөрөнгө оруулагчдад хувьцааны зах зээлийн эерэг дохиог өгсөн бол, эсрэгээрээ төсвийн тэлэлт болон мөнгөний зөөлөн бодлого үргэлжилнэ гэсэн хүлээлтээс үүдэн иений ханш ам.долларын эсрэг 147.5-аас 153.07 орчим хүртэл суларсан байна.
Гэсэн хэдий ч Комэйто нам LDP намын эвслээс гарч байгаагаа зарласнаар улс төрийн тодорхойгүй байдал хэвээр байгааг илэрхийлсэн бөгөөд үүнээс улбаалан Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 10-р сарын 6-нд 1.67% байснаас 10-р сарын 10-ны Баасан гарагт 1.69% болж 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.