Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 14.20 тэрбум төгрөгийн үнийн бүн бүхий 11.1 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Премиум Нэксус ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан бөгөөд Top 20 болон MSE A индексүүдийн чиглэл өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж 2025 оны 9-р сарын 5-ны А/358 тушаалаар бүртгэлтэй компаниудын 2024–2025 оны үзүүлэлтийг үндэслэн үнэт цаасны ангиллыг шинэчлэв.
+ Дэвшсэн компаниуд:
- Буурсан компаниуд:
ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
TOP 20 Индекс | 48,984 | +0.16% |
MSE A Индекс | 18,867 | +3.34% |
MSE B Индекс | 14,552 | -0.12% |
⇒ ЗАСГИЙН ГАЗАР 2026 ОНД 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГ ӨР ТӨЛНӨ.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд нийт 3.7 их наяд төгрөгийн өрийн үйлчилгээ төлөхөөр төсөвлөж байна. Үүнд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.3 их наяд багтаж буй нь улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхээр байна.
Өндөр өрийн үйлчилгээ нь төсвийн уян хатан байдлыг хязгаарлаж, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөх эрсдэлтэй. Валютын ханшийн савлагаа, дотоодын үнэт цаасны зах зээлийн багтаамж, төсвийн алдагдлын удирдлага зэрэг нь гол анхаарах шаардлагатай чиглэлүүд болж байна.
⇒ ИНФЛЯЦЫГ 2027 ОНД 5% ХҮРГЭХ ЗОРИЛТ
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлснээр, инфляцыг 2027 он гэхэд 5% түвшинд тогтворжуулах зорилт тавьжээ. Тэрээр 2026 онд эдийн засаг 5.6% орчим өсөх боломжтой гэж онцолсон ч, өнөөдрийн инфляц 8.1% байгаа нь зорилтот түвшнээс давсан үзүүлэлт болохыг дурдлаа.
Инфляцыг бууруулахад мөнгөний бодлогоос гадна, төсвийн сахилга бат, дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдалтай уялдуулах шаардлагатай гэж үзжээ.
2025 оны 9-р сарын 8-наас 14-ний өдрүүдийн дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтэд нь өөдрөг уур амьсгалтай, эерэг чиг хандлагатай байв. АНУ-ын инфляцын дараах Fed-ийн хүүгийн бууралтын хүлээлт, технологийн салбарын сэргэлт нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд голлон нөлөөлсөн бол, Европт улс төрийн тодорхойгүй байдал дунд тусгай салбарууд өсөлтийг дэмжив. Азийн гол зах зээлүүдэд бодлогын дэмжлэг болон экспортын өсөлтийн хүлээлт нь хүчтэй өсөлтийг өдөөсөн байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын зах зээлд хөрөнгө оруулагчид технологийн компаниудын хүлээлт, хиймэл оюун ухааны хөгжлийн боломж, мөнгөний бодлогын чиглэлд өөдрөг хандлагатай хандсан нь голлон нөлөөлсөн. Nasdaq индекс голлон тэргүүлж, өргөн хүрээтэй өсөлтийг S&P 500 дагалдсан бол уламжлалт салбар давамгайлдаг Dow Jones харьцангуй тогтуун хэвээр байв. АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн дараагийн бодлогын шийдвэртэй холбоотой таамгууд хөрөнгө оруулагчдын стратегид үргэлжлэн тодорхой чиглэл өгч байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээлд нийтлэг өсөлтийн хандлага ажиглагдсан ч бүс нутгийн ялгаа тодорхой байлаа. Европын төв банк хүүг өөрчлөлгүй хадгалсан нь зах зээлд эерэг дохио өгч, зарим салбарыг дэмжсэн бол улс төрийн тодорхойгүй байдал, ялангуяа Германы эдийн засгийн хүлээлт биелээгүй байдал нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлэв. Харин Францын зах зээлд компаниудын эерэг мэдээ болон улс төрийн шинэчлэлийн хүлээлт гол дэмжлэг болсон байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн гол зах зээлүүд энэ долоо хоногт хамгийн хүчтэй өсөлттэй байлаа. Японд иений ханшийн сулрал болон гадаад худалдааны хүлээлт хувьцааны эрэлтэд түлхэц өгсөн бол Өмнөд Солонгост технологийн салбарын өсөлт, дотоодын бодлогын таатай орчин хөрөнгө оруулагчдын итгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэв. Хятадын зах зээлд мөн төрийн дэмжлэг, мөнгөний бодлогын хүлээлт хөрөнгө оруулалтын уур амьсгалыг тогтворжуулсан байна. Гэхдээ макро эдийн засгийн эргэлзээ бүрэн арилаагүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлолтой хэвээр байлгаж байна.
⇒ АНУ: ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ДЭЭШ ГАРСАН Ч БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ХҮЛЭЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2025 оны 9-р сарын 11, Вашингтон – АНУ-ын хөдөлмөрийн статистикийн газрын мэдээлснээр, 2025 оны наймдугаар сард хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх сараас 0.4%-иар, өмнөх оны мөн үеэс 2.9%-иар өсөж, инфляцын түвшин сүүлийн долоон сарын дээд цэгт хүрлээ. Үнийн өсөлт нь түлш, түрээс болон автомашины даатгалын зардлуудтай холбоотой байсан бөгөөд ерөнхий инфляц зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан байна.
Үүний зэрэгцээ, ажилгүйдлийн тэтгэмжийн долоо хоног тутмын өргөдлийн тоо 262,000-д хүрч, хөдөлмөрийн зах зээлд сулрал үргэлжилж байгааг харууллаа. Энэ нь Холбооны Нөөцийн Системийн зүгээс инфляц өндөр хэвээр байгаа ч, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд саарч буйг харгалзан бодлогын хүүг бууруулах орон зай нээлттэй хэвээр байгааг илтгэж байна. Зах зээлд 9-р сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах хүлээлт өндөр хэвээр байна.
Монгол улсын хувьд, АНУ-ын инфляц хүлээлтээс өндөр гарсан нь гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа ч, бодлогын хүү буурах хандлага нь ам.долларын ханшид бууралт авчрах, Монгол Улсын гадаад санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөлд эергээр нөлөөлөх төлөвтэй байна.
⇒ ХЯТАД: ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА СУЛАРЧ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЧ БАЙНА.
2025 оны 9-р сарын 13, Бээжин – БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, 2025 оны наймдугаар сард үйлдвэрийн үйлдвэрлэл болон жижиглэн худалдааны өсөлт зах зээлийн хүлээлтээс доогуур гарлаа. Үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн дүнгээр 5.2%-иар өссөн нь эдийн засагчдын таамагласан 5.7%-иас доогуур байсан бол жижиглэн худалдаа 3.4%-иар өссөн нь мөн адил 3.9%-ийн хүлээлтэд хүрээгүй байна.
Харин үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөхцөл байдал улам дордож, орон сууцны үнэ өнгөрсөн сараас 0.3%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 2.5%-иар буурсан байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн хямрал эдийн засгийн сэргэлтэд саад учруулсаар байгааг харуулж байна. Мөн төрийн бус хөрөнгө оруулалт сул хэвээр байгаа нь хувийн секторын итгэл сул байгааг илтгэнэ.
Монгол улсын хувьд, Хятадын эдийн засгийн идэвх суларч, дотоод эрэлт буурах нь нүүрс, зэс зэрэг гол экспортын бүтээгдэхүүний эрэлт, үнэ хоёрт дарамт үүсгэх эрсдэлтэй. Мөн хилийн худалдаа, тээвэрлэлтийн хэмжээ буурах нь Монгол Улсын валютын орох урсгал, төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул БНХАУ-ын макро эдийн засгийн чиг хандлагыг нягт анхаарах шаардлагатай байна.