Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.46 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс, Инвескор ББСБ ХК, Тахь-ко ХК, Хаан банк ХК, Дархан зочид буудал ХК болон Таван толгой ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт нэг удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан бөгөөд индексүүдийн чиглэл өсөлттэй байлаа.
ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
TOP 20 Индекс | 48,980 | 0.53% |
MSE A Индекс | 18,258 | 1.46% |
MSE B Индекс | 14,570 | 0.73% |
⇒ “ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн 301 дүгээр тушаал болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/347 дүгээр тушаалын дагуу тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Шинэ зохицуулалтын хүрээнд компанийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 хувьцаа болгон нэгтгэж, бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн тооцсоны үндсэн дээр нэмж 61,063,549 ширхэг хувьцаа гаргасан байна.
⇒ МОНГОЛ УЛСЫН ДНБ 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 5.6%-ИАР ӨСЛӨӨ
Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 15.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6%-иар өссөн. Энэ удаад өсөлтийн гол хөдөлгөгч нь уул уурхай биш, харин хөдөө аж ахуйн салбар дангаараа өсөлтийн 3.6 нэгж хувийг бүрдүүлсэн нь онцлог.
Өнгөрсөн жилийн эхний хагас жилд өсөлт 5.7% байсан бол энэ жил саарч байгаа ч бүтцийн хувьд илүү тэнцвэртэй дүр зураг харагдаж байна.
⇒ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “В+” ТОГТВОРТОЙ ХЭВЭЭР ҮНЭЛЭВ
Олон улсын “Fitch Ratings” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ / тогтвортой” хэвээр хадгаллаа. Энэ шийдвэр нь эдийн засгийн сайн өсөлтийн төлөв ба өрийн тогтвортой бууралт зэрэг эерэг хүчин зүйлсийн дүнд гарсан ч гадаад орчны эрсдэл, экспортын хамаарал өндөр хэвээр байгааг харуулж байна.
Гол онцлох зүйлс:
Эрсдэл ба сорилт:
Шинжээчдийн хувьд энэ үнэлгээ нь Монголын эдийн засаг “эмзэг ч тогтвортой” гэсэн давхар дүр зургийг өгч байна. Уул уурхайгаас өндөр хамаарал, төсвийн өндөр зарлага нь эрсдэл дагуулж буй ч өрийн менежмент зэрэглэлийг хадгалж байна.
2025 оны 9-р сарын эхний долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд холимог чиг хандлагатай байв. АНУ-ын технологийн салбар сэргэж, Азийн гол зах зээлүүд тогтвортой өсөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын хандлагыг хэсэгчлэн дэмжсэн бол, Европт улс төрийн тогтворгүй байдал болон төсвийн асуудлууд эрсдэлийн мэдрэмжийг нэмэгдүүлэв. Энэ үед төв банкуудын бодлогын хүлээлт, эдийн засгийн үзүүлэлтүүд, салбарын чиг хандлагууд нь зах зээлийн хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлсэн хэвээр байлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт технологийн салбарын хүлээлтээр дэмжигдэж, холимог гүйцэтгэлтэй байлаа. Nasdaq +1.1%-иар өсөж технологийн хувьцаа давамгайлсан бол, S&P 500 индекс +0.3%-ийн хязгаарлагдмал өсөлт үзүүлсэн. Харин уламжлалт салбаруудын сул гүйцэтгэл нь Dow Jones-ийг –0.3%-иар буурахад хүргэв. Хөрөнгө оруулагчид инфляцын дараагийн мэдээллийг (2025 оны 9-р сарын 11-нд гарах) анхааран хүлээж, Холбооны Нөөцийн Системийн хүүгийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг таамаглаж байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт сул уур амьсгалтай байв. Улс төрийн тодорхойгүй байдал, ялангуяа Францын парламентын дотоод зөрчил, төсвийн сахилга баттай холбоотой эрсдэлүүд хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулсан. Германд эдийн засгийн сэргэлтийн хүлээлт биелээгүй хэвээр байгаа нь бүс нутгийн гүйцэтгэлд дарамт үзүүлж, нийт Европ даяар эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлсан долоо хоног болж өнгөрөв.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээлүүд энэ долоо хоногт тогтворжих хандлагатай, эерэг чиглэл давамгайлсан үзүүлэлттэй байв. Японы зах зээлд иений ханшийн сулрал, мөн экспортын чиглэлийн хувьцааны эрэлт нэмэгдсэн нь өсөлтийн гол хөдөлгөгч байлаа. Өмнөд Солонгост хөрөнгө оруулагчид технологийн салбарын хүлээлтэд тулгуурлан идэвхтэй байж, зах зээлийг дэмжсэн бол Хятадын зах зээл дотоодын зохицуулалт, бодлогын дэмжлэгээр тогтворжилт руу шилжих шинжтэй харагдав. Гэхдээ Хятадын эдийн засгийн талаарх тодорхой бус байдал нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг бүрэн арилгаагүй хэвээр байна.
⇒ АНУ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ СУЛАРЧ, ИНФЛЯЦИЙН ДАРАМТ БУУРЧ, БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ХҮЛЭЭЛТ НЭМЭГДЭВ
2025 оны 9-р сарын 6, Вашингтон – АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, 2025 оны наймдугаар сард ердөө 22,000 ажлын байр шинээр нэмэгдэж, эдийн засагчдын хүлээлтээс үлэмж доогуур үзүүлэлттэй гарлаа. Ажилгүйдлийн түвшин 4.3% болж өссөн нь 2021 оны 10-р сараас хойших хамгийн өндөр түвшин бөгөөд хөдөлмөрийн зах зээл суларч буйг илтгэнэ.
Хэдийгээр эрүүл мэндийн салбар 31,000 ажлын байр нэмсэн ч, үйлдвэрлэл, төрийн байгууллага болон уул уурхайн салбаруудын ажлын байр буурсан нь нийт өсөлтийг хязгаарласан байна. Мөн ажилгүй байх дундаж хугацаа 24.5 долоо хоногт хүрч, 2022 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Холбооны Нөөцийн Системийн Нью-Йорк дахь салбарын ерөнхийлөгч Жон Уильямс инфляц тарифын нөлөөгүй хэмээн онцолж, 9-р сард бодлогын хүүг бууруулах орон зай нээлттэй байгааг мэдэгдсэн нь зах зээлд мөнгөний бодлого зөөлрөх хүлээлтийг нэмэгдүүлээд байна.
Монгол улсын хувьд, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч, бодлогын хүү буурах хандлага хүчтэй байгаа нь ам.долларын ханшид бууралт, хөрөнгийн урсгалын өөрчлөлт зэрэг сувгаар дамжин Монгол Улсын гадаад санхүүгийн орчинд тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй.
⇒ OPEC+: ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, САУДЫН АРАБЫН НӨЛӨӨ НЭМЭГДЭЖ БАЙНА
2025 оны 9-р сарын 7, Виенна – OPEC+ бүлэг ирэх 10-р сараас эхлэн өдөрт 137,000 баррель газрын тос нэмэлтээр олборлохоор шийдвэрлэснээ зарлалаа. Энэ нь өмнөх 1.65 сая баррель/өдрийн нийлүүлэлтийн хязгаарлалтын бодлогыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлсэн шийдвэр болж байна.
Энэхүү нэмэлт нийлүүлэлт нь Саудын Арабын 2.2 сая баррель/өдрийн нөөц хүчин чадалд тулгуурлаж байгаа бөгөөд нийлүүлэлтийн идэвх султай ОХУ зэрэг гишүүдийн эзлэх орон зайг нөхөх замаар стратегийн давуу байр суурийг бүрдүүлж байна. Хэдий богино хугацаанд газрын тосны үнэд шууд нөлөөлөхгүй байж болох ч, энэхүү шийдвэр нь зах зээлийн итгэл сэргэх, нийлүүлэлтийн тогтвортой байдал нэмэгдэх талаасаа эерэг дохио өгч байна.
Монгол улсын хувьд, OPEC+-ийн нийлүүлэлтийн өөрчлөлт нь дотоодын шатахууны үнэ, тээврийн зардал, инфляцад шууд нөлөөлөх хандлагатай тул Саудын Арабын нийлүүлэлтийн стратеги, OPEC+-ийн бодлогод Монгол Улс онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Газрын тосны дэлхийн зах зээлийн хэтийн төлөв нь макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц хүчин зүйл хэвээр байна.