Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.01

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.01

Уншсан既読Read 49
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • МХБ: Үнэт цаасны зах зээлийн индексүүд буурах чиглэлтэй байлаа.
  • 2025 оны II улирлын санхүүгийн салбарын тойм.
  • “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн үнэт цаасны арилжаа түр зогсов.
  • АНУ-ын инфляц тогтворжиж, бодлогын хүү буурах магадлал нэмэгдэж байна.
  • Хятадын үйлдвэрлэл агшиж, үйлчилгээ салбар тогтвортой өсөж байна.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 5.39 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.14 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Мандал Ирээдүйн Өсөлт, болон Таван толгой ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд багцын арилжаа хийгдээгүй байна.  

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлд ТОП-20 индекс, MSE A болон MSE B индексүүд уналт үзүүлсэн байна.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 48,394 -0.43%
MSE A Индекс 17,995 -0.86%
MSE B Индекс 14,465 -0.13%

 


 

⇒ 2025 ОНЫ II УЛИРЛЫН САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ

Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны II улирлын зохицуулалттай санхүүгийн салбарын тоймыг хүргэсэн ба салбарын нийт хөрөнгийн дүн ДНБ-ий 26.6%-д хүрч, хөрөнгийн болон даатгалын зах зээл, ББСБ-ын үзүүлэлтүүд өсөлттэй гарлаа. Үндсэн онцлох үзүүлэлтүүдийг дараах байдлаар тоймлон хүргэж байна:

Үнэт цаасны зах зээл

  • Тус хугацаанд 503.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны үеэс 40.8%-иар, 2021 оноос 22.1%-иар буурсан үзүүлэлт юм.
  • ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.0%-иар, МЅЕ А индекс 3.5%-иар мөн МЅЕ Б индекс 7.6%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийт арилжаанд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) 33.4%, хувьцаа 22.1%, компанийн бонд 17.5%, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 15.5%, Засгийн газрын дотоод үнэт цаас (ЗГДҮЦ) 11.5%-ийг эзэлжээ.

Биржийн бус зах зээл

Тайлант улиралд биржийн бус зах зээлд 63 гаргагчийн 69 өрийн хэрэгсэл бүртгэгдэв. Үүнээс:

  • Төгрөгөөр: 709.4 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, бодитоор 538.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.
  • Ам.доллароор: 30.0 сая ам.долларын өрийн хэрэгсэл бүртгэгдэж, нийт 55.9 сая ам.доллар татан төвлөрүүлсэн.
  • Нийт бондын 58.3% нь 12 сарын, 26.4% нь 18 сарын, 12.5% нь 24 сарын, 2.8% нь 48 сар ба түүнээс дээш хугацаатай байв.

Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл

Тайлант улирлын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 174 удаагийн арилжаагаар 1,397.6 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 4.4 дахин буурсан үзүүлэлт юм. 

 


 

⇒ “ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО.

Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн үнэт цаасны арилжаа 2025 оны 8 сарын 27-ноос түр зогсов.

Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо болон МХБ-аас компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар гаргасан шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэлийн өөрчлөлт дуусах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2025 оны 8-р сарын 25-наас 31-ний хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлүүд эргэлзээ давамгайлсан уур амьсгалтай байж, голлох индексүүд сөрөг чиглэлд хэлбэлзэв. АНУ-д инфляц тогтвортой гарсан ч, Холбооны Нөөцийн Системийн бодлогын тодорхойгүй байдал, технологийн салбарын уналт нь болгоомжлол үүсгэв. Европт улс төр, геополитикийн эрсдэл нэмэгдэж, хувьцааны ханшид дарамт үзүүлсэн бол, Азид зах зээлийн тогтворгүй байдал зах зээлийн гүйцэтгэлд голлон нөлөөлсөн байна. Дэлхий даяар хөрөнгө оруулагчид эрсдэлийг зайлсхийх хандлагатай байсан нь зах зээлийн идэвхийг хязгаарлав.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.04%
  • Dow Jones: -0.13%
  • Nasdaq: -0.05%

АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийн туршид харьцангуй тогтвортой байсан ч, технологийн салбарын бууралтаас шалтгаалан Nasdaq болон Dow индексүүд бага зэргийн уналттай хаагдсан байна. Dell, Nvidia зэрэг компанийн ханшийн уналт нь зах зээлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн бол хэрэглээ, эрчим хүчний салбар харьцангуй тогтвортой үзүүлэлттэй байв. Холбооны Нөөцийн Систем хүүг бууруулах шийдвэрийг албан ёсоор зарлаагүй ч, инфляцын тогтворжилт нь хүлээлтийг хадгалж байна. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: -1.91%
  • DAX 40 (Герман): -1.36%
  • CAC 40 (Франц): -3.06%

Европын зах зээлүүд энэ долоо хоногт уналт давамгайлсан байдалтай өнгөрөв. Францын CAC 40 индекс 3.01%-иар буурсан нь улс төр, банк санхүүгийн салбар дахь тодорхойгүй байдлын үр дүн байлаа. Герман болон бүс нутгийн бусад индексүүд ч мөн төстэй бууралтад орсон бөгөөд үүнд АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт тодорхой бус хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хандлагад шилжүүлжээ.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -1.81%
  • KOSPI: -1.42%
  • CSI 300: +0.86%

Азийн зах зээлүүд сөрөг гүйцэтгэлтэй долоо хоногийг үдсэн ч, Хятадын CSI 300 индекс 0.86%-ийн өсөлт үзүүлж, бүс нутгийн эерэг онцлох цэг болов. Дотоодын бодлогын дэмжлэг болон банкны салбарын сэргэлт нь тус индексийг дэмжжээ. Харин Япон болон Өмнөд Солонгосын индексүүд технологийн хувьцааны дарамтаас шалтгаалан бууралтад орсон байна. Гадаад эрсдэлүүд болон хөрөнгө оруулагчдын болгоомжлол бүс нутгийн зах зээлийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байв.

 


 

 АНУ: ИНФЛЯЦ ТОГТВОРТОЙ ТҮВШИНД ХАДГАЛАГДАЖ, БОДЛОГЫН ХҮҮ БУУРАХ ХҮЛЭЭЛТИЙГ БЭХЖҮҮЛЭВ.

2025 оны 8-р сарын 29-нд АНУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр, Үндсэн Хувийн Хэрэглээний Зардлын Үнийн Индекс (Core PCE) жилийн өсөлтөөр 2.9% хүрч, шинжээчдийн таамагтай нийцлээ. Энэ нь инфляц тогтворжиж буйг илтгэх төдийгүй Холбооны Нөөцийн Системийн анхаарлын төвд байдаг гол инфляцын хэмжүүр юм.

Нийт PCE инфляц 2.6%-д тогтсон нь зорилтот 2%-д улам ойртож, бодлогын хүү буурах магадлалыг нэмэгдүүлж байна. Мөн 7-р сард өрхийн хэрэглээ 0.8%-иар өссөн ч зээлийн нөхцөл чангарч, ажилгүйдэл өссөн нь инфляцын дарамтыг сааруулж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдүүлж байна.

Монгол Улсын хувьд, АНУ дахь инфляцын тогтворжил нь олон улсын зах зээлд итгэл нэмэгдүүлэхийн сацуу түүхий эдийн үнэ болон хөрөнгө оруулалтын урсгалд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын гадаад орчны тогтвортой байдлыг дэмжих боломжтой. Гэсэн ч бодлогын хүүгийн өөрчлөлт нь валютын ханш болон хөрөнгийн хөдөлгөөнд огцом нөлөөлж болзошгүй тул гадаад орчны өөрчлөлтөд анхааралтай хандах шаардлагатай хэвээр байна.

 


 

⇒  ХЯТАД: ҮЙЛДВЭРЛЭЛ АГШИЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ӨСӨЛТӨӨ ХАДГАЛЖ БАЙНА.

2025 оны 8-р сарын 31-нд Хятадын Үндэсний Статистикийн Газраас мэдээлснээр, үйлдвэрлэлийн салбарын Худалдан авалтын менежерийн индекс (PMI) 49.4 нэгжид хүрч, өсөлт-агшилтын зааг болох 50 нэгжээс доогуур хэвээр үлдлээ. Энэ нь үйлдвэрлэлийн салбар дараалан тав дахь сардаа агшиж буйг илтгэж байгаа бөгөөд зах зээлийн эрэлт, шинэ захиалгын сул байдал үргэлжилж буйг харуулж байна. Засгийн газрын эдийн засгийг дэмжих арга хэмжээ одоогоор бүрэн үр дүнгээ өгөөгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Харин үйлчилгээ болон барилга, дэд бүтцийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж, албан бус PMI үзүүлэлт 50.3 нэгжид хүрснээр өсөлтийн бүсэд хадгалагдсан байна. Эдийн засгийн нийт чиг хандлагыг илэрхийлдэг нийлмэл PMI 50.5 болж, өмнөх сарын 50.2-оос өссөн нь зарим салбарын сэргэлт үргэлжилж байгааг харуулж байна.

Монгол Улсын хувьд, Хятадын үйлдвэрлэлийн удаашрал нь Монголын түүхий эдийн эрэлт, экспортын орлогод дарамт үзүүлэх эрсдэлтэй. Гэсэн ч үйлчилгээ, дэд бүтцийн салбарын өсөлт нь тодорхой чиглэлд боломж үүсгэж болзошгүй тул гадаад эрэлтийн бүтцийн өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.