Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.01.19

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.01.19

Уншсан既読Read 6
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм. 

  • МХБ ТОП-20 индексийн багцаа шинэчиллээ. 

  • Монголбанк хэрэглээний зээлийн шалгуурыг чангатгаж, заавал байлгах нөөцийг нэмэгдүүллээ. 

  • “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгууллаа. 

  • Хятад улсын худалдааны тэнцэл түүхэн дээд түвшинд хүрлээ.  

  • Европын Холбоо – Меркосур: Өргөн хүрээтэй чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. 

  • АНУ–Европын худалдааны зөрчил хурцдаж, хариу татварын эрсдэл нэмэгдэв. 

  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм. 

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 4.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан банк ХК, АПУ ХК, Голомт Банк ХК,  Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн болон ЛэндМН ББСБ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын арилжаа зохион байгуулагдаагүй байна.  

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл харьцангуй тогтуун, холимог хөдөлгөөнтэй байлаа. Top 20 индекс болон MSE A индекс тус тус бага зэргийн бууралт үзүүлсэн нь томоохон болон I ангиллын хувьцаанд ашиг авах хандлага давамгайлсныг илтгэж байна. Харин MSE B индексийн өсөлт нь дунд, жижиг компанийн хувьцаанд хөрөнгө оруулагчдын сонирхол хадгалагдаж, зах зээлийн идэвх тодорхой сегментэд шилжсэнийг харуулж байна. 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 54,864.17

-0.07%

MSE A Индекс 20,970.70 -0.27%
MSE B Индекс 14,287.98 +0.53%

 


⇒  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТОП-20 ИНДЕКСИЙН БАГЦАА ШИНЭЧИЛЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчилж, 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. Шинэчилсэн багц нь 2025 оны зах зээлийн үнэлгээ, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх зэрэг шалгуурт тулгуурлан бүрдсэн байна. Шинэ багцад өмнөх бүрэлдэхүүнээс 18 компани хэвээр үлдсэн бөгөөд: 

⬇️ Багцаас хасагдсан компаниуд 

  • Ард кредит ББСБ ХК 
  • Монгол шуудан ХК 

⬆️ Багцад шинээр нэмэгдсэн компаниуд 

  • Улсын их дэлгүүр ХК 
  • Эм жи эл акуа ХК

Багцын дотор банк, санхүү, уул уурхай, хүнс, даатгал, үйлчилгээ зэрэг салбарын томоохон компаниуд зонхилж, зах зээлийн үнэлгээ, арилжааны үнийн дүн, арилжааны өдрийн дундаж гүйлгээ өндөр байгаа нь индексийн суурь тогтвортой байдлыг хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, банкны салбарын томоохон хувьцаанууд индексийн жингийн гол хэсгийг эзэлж, хоёрдогч зах зээлийн идэвхтэй байдалд чухал нөлөө үзүүлсээр байна. 


 МОНГОЛБАНК ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ШАЛГУУРЫГ ЧАНГАТГАЖ, ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ээлжит бус хуралдаан хийж, банкны салбарын зээлийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро зохистой бодлогын нэмэлт арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. 

Гол шийдвэрүүд: 

  • Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа (DTI)–ны дээд хязгаарыг 45% болгон шинэчлэн тогтоов. 
  • Төгрөгийн заавал байлгах нөөц: 14% (+1 нэгж хувь). 
  • Гадаад валютын заавал байлгах нөөц: 19% (+1 нэгж хувь). 

Монголбанкнаас мэдээлснээр, мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа хэдий ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна. Ялангуяа хэрэглээний зээлийн тэлэлт нь эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх, бизнесийн зээлийн эх үүсвэрийг шахах, улмаар импортын хэрэглээг тэтгэснээр валютын ханш болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах эрсдэлтэй гэж үзжээ. 

Эрсдэлийн үнэлгээ: 

  • Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн гаралтай инфляцыг өдөөх; 
  • Бизнесийн зээлд чиглэх эх үүсвэрийг хумих; 
  • Импортын хэрэглээг нэмэгдүүлж, валютын ханш болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах магадлалтай. 

Иймд Мөнгөний бодлогын хороо эдгээр эрсдэлийг бууруулж, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, мөн банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Цаашид макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлтөөс хамааран бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэхээ Монголбанк онцоллоо. 


 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВИЙГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Шинээр байгуулагдсан төв нь хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, санал гомдлыг шүүхийн шатанд хүргэхээс өмнө хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. Одоогийн байдлаар бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль, тэдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй 40 орчим зохицуулалт байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд бодит хүндрэл болж байгааг холбогдох байгууллагууд онцолж байна. 

Тус төв нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд хүргэх зорилгоор мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах бөгөөд Монгол Улсыг хөрөнгө оруулалтад илүү ээлтэй, тогтвортой орчинтой улс болгоход бодит дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. 

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд чиглэл зөрүүтэй хөдөлгөөнтэй байлаа. АНУ-д болгоомжлол давамгайлж индексүүд буурсан бол Европт салбар хоорондын ялгаатай гүйцэтгэл ажиглагдав. Харин Азид БНСУ-ын зах зээл хүчтэй өсөлтөөр ялгарч, бүс нутгийн эрсдэлийн дуршил хэсэгчлэн сайжирсан ч Хятадын зах зээлд болгоомжлол хэвээр байв. Нийт зах зээлүүдэд макро орчны тодорхойгүй байдал голлох нөлөөг үзүүлсэн долоо хоног боллоо. 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.53%
  • Dow Jones: -0.28%
  • Nasdaq: -0.26%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зах зээл нийтэд нь сул гүйцэтгэлтэй байлаа. S&P 500, Dow Jones болон Nasdaq индексүүд бүгд буурсан нь хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн тодорхойгүй байдал, мөнгөний бодлогын чиг хандлагын талаар болгоомжтой хандаж эхэлснийг илтгэв. Ялангуяа технологийн салбарт ашиг түгжих хөдөлгөөн нэмэгдэж, зах зээлийн өсөлтийн эрч саарсан долоо хоног болов. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +1.09%
  • STOXX Europe 600: +0.88%
  • DAX 40 (Герман): +0.19%
  • CAC 40 (Франц): -1.19%

Европын зах зээл харьцангуй тогтвортой, холимог хөдөлгөөнтэй байлаа. FTSE 100 болон STOXX Europe 600 өсөлттэй хаагдсан нь эрчим хүч, санхүүгийн салбарын дэмжлэгтэй холбоотой бол Германы DAX 40 бага зэрэг өсөв. Харин Францын CAC 40 буурсан нь зарим томоохон компанийн хувьцаанд дарамт үүссэнтэй холбоотой байв. 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225:+1.04%
  • KOSPI: +4.33%
  • CSI 300:+0.00%
  • SSEC : -1.07%

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл ялгаатай байлаа. Японы Nikkei 225 иений ханшийн хөдөлгөөн болон экспортын компанийн гүйцэтгэлээр дэмжигдэн өссөн бол БНСУ-ын KOSPI технологийн салбарын огцом сэргэлтээр хүчтэй өсөлт үзүүлэв. Харин Хятадын зах зээлүүдэд эдийн засгийн сэргэлтийн талаарх болгоомжлол үргэлжилж, SSEC буурч, CSI 300 тогтворгүй хэвээр үлдлээ. 

 


 ХЯТАД УЛСЫН ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ 

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, тус улсын гадаад худалдааны эргэлт 2025 онд өмнөх оныхоо түвшнээс 3.8%-иар өсөж, нийт 45.47 их наяд юань (ойролцоогоор 6.48 их наяд ам.доллар) болсон нь экспорт, импортын идэвхжилтэй байгааг харуулж байна. Экспортын хэмжээ 26.99 их наяд юань, импортын хэмжээ 18.48 их наяд юань байснаар Хятадын худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд түвшинд буюу ойролцоогоор 1.19 их наяд ам.долларт хүрчээ. 

Хятад улс дэлхийн 240 гаруй улс, бүс нутагтай худалдаа хийдэг бөгөөд энэ дундаас “Нэг бүс, нэг зам” санаачилгад оролцогч орнуудтай хийсэн гадаад худалдааны хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, нийт гадаад худалдааны 51.9%-ийг эзэлж байна. Мөн АСЕАН, Латин Америк болон Африкийн орнуудтай хийсэн худалдааны хэмжээнүүд өнгөрсөн онд мөн өссөн байна. 

Худалдааны ашиг тэнцлийн ийм өндөр үзүүлэлт нь Хятадын эдийн засгийн бүтцийг тогтвортой байлгах, гадаад эрэлттэй уялдсан экспортын салбарын өсөлтийг хадгалах стратегийн үр дүн гэж Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид онцолжээ. Гэсэн хэдий ч олон улсын худалдааны орчин дахь тодорхойгүй байдал, эрэлт, нийлүүлэлтийн дарамт шахалт үргэлжилж байгаа тул цаашид тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангах тал дээр анхаарал шаардлагатай хэвээр байна. 

Товч онцлох үзүүлэлтүүд: 

  • Гадаад худалдааны нийт эргэлт: 45.47 их наяд юань 
  • Экспорт: 26.99 их наяд юань (+6.1%) 
  • Импорт: 18.48 их наяд юань (+0.5%) 
  • Худалдааны тэнцлийн ашиг: ~1.19 их наяд ам.доллар (түүхэн дээд) 

Эдгээр өсөлт нь Хятадын гадаад худалдааны байр суурийг бататгаж, бүс нутгийн болон олон улсын худалдааны хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурийг хадгалах хүчин зүйлийг бэхжүүлж байна. 


⇒  ЕВРОПЫН ХОЛБОО – МЕРКОСУР: ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Европын Холбоо болон Өмнөд Америкийн Меркосур эдийн засгийн холбооны хооронд байгуулсан өргөн хүрээтэй худалдааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Парагвай улсын нийслэл Асуньон хотод боллоо. Уг гэрээнд Европын Холбоо болон Меркосурын гишүүн орнууд болох Бразил, Аргентин, Парагвай, Уругвай улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. 

Ингэснээр Европ болон Өмнөд Америкийн нийт 27 улсыг хамарсан, дэлхийн хамгийн томд тооцогдох чөлөөт худалдааны бүсүүдийн нэг албан ёсоор бүрэлдлээ. Ёслолын ажиллагаанд Европын зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар оролцож, энэхүү гэрээ нь урт хугацааны хамтын ажиллагаа, шударга худалдааг дэмжих стратегийн сонголт гэдгийг онцлов. 

Хэлэлцээ анх 2000 онд эхэлж, 25 жилийн турш үргэлжилсэн бөгөөд дэлхийн худалдааны бүтэц, геополитикийн орчин эрчимтэй өөрчлөгдөж буй үед талууд харилцан буулт хийж, гэрээг эцэслэн байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь Европ болон Өмнөд Америкийн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн уялдааг гүнзгийрүүлэх шинэ боломжуудыг нээж, бүс нутаг хоорондын стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна. 


⇒  АНУ–ЕВРОПЫН ХУДАЛДААНЫ ЗӨРЧИЛ ХУРЦДАЖ, ХАРИУ ТАТВАРЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭВ 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландын асуудлаарх байр сууринаас нь шалтгаалан Европын найман улсын бараанд 10%-ийн татвар ногдуулах шийдвэрээ хэрэгжүүлбэл Европын Холбоо (ЕХ) хариу арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ. Үүнд Америкийн бараанд татвар тогтоох, мөн АНУ-ын компаниудын Европ дахь үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тавих хувилбарууд багтаж байна. 

Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд Брюссель хотноо ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчдын ээлжит бус уулзалт болж, АНУ-ын дарамтад нэгдсэн байдлаар хариу өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоогоор виски, нисэх онгоцны сэлбэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг 93 тэрбум ам.долларын Америкийн бараанд хариу татвар ногдуулах хувилбар яригдаж байна. 

Түүнчлэн энэхүү маргааны улмаас АНУ–ЕХ хоорондын Атлантын далай дамнасан худалдааны гэрээг Европын парламент соёрхон батлах боломж багассан бөгөөд геополитикийн хурцадмал байдал худалдаа, эдийн засгийн харилцаанд шууд нөлөөлж эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв талууд бодит татварын арга хэмжээ авбал дэлхийн худалдааны орчинд шинэ эрсдэл үүсэх магадлал өндөр байна.