
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 27.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 9.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Худалдаа Хөгжлийн банк, Монголын хөрөнгийн бирж ХК, Хаан банк ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК болон АПУ ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдсан бөгөөд ТОП-20 болон FTI индексүүд өсөлттэй хаагдсан бол MSE A, MSE B индексүүд бууралттай байлаа. Томоохон хувьцаануудын ханшийн өсөлт зах зээлийг дэмжсэн хэдий ч дунд болон жижиг үнэлгээтэй компаниудын сегментэд дарамт давамгайлсан дүр зураг ажиглагдав. ТОП-20 индекс 67,555.17 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.34%-иар өсөв. Энэ нь зах зээлийн үнэлгээ өндөр компаниудын хувьцаанд харьцангуй эерэг хөдөлгөөн давамгайлсныг харуулж байна. MSE A индекс 25,295.28 нэгж болж, 5.41%-иар буурсан нь долоо хоногийн хамгийн өндөр уналттай үзүүлэлт байлаа. Мөн MSE B индекс 15,187.54 нэгжид хүрч, 1.56%-иар буурсан байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 67,555.17 | +0.34% |
| MSE A Индекс | 25,295.28 | -5.41% |
| MSE B Индекс | 15,187.54 | -1.56% |
| FTI Индекс | 1,037.32 | +2.40% |
⇒ "ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 24%-ИАР ӨСЖЭЭ.
Монгол Улсын хэмжээнд CU сүлжээ дэлгүүрийн тоо 2026 оны III улирлын байдлаар 651-д хүрч, нийт үйлчлүүлэгчдийн тоо 62.4 сая болсон талаар"Премиум Нэксус" ХК мэдээллээ. Компанийн эхний есөн сарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 24 орчим хувиар нэмэгдэж, 725.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр ашиг 5.2 хувиар буурч, 24.9 тэрбум төгрөг болсон гэж тайланд дурджээ. 2025 болон 2026 оны III улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 515 дэлгүүрийн үзүүлэлтийг харьцуулахад өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо, борлуулалтын хэмжээ болон нэг худалдан авалтын дундаж дүн бүгд өссөн байна. Тайлант хугацаанд компани 117 шинэ салбар нээж, 11 салбараа хаасан бөгөөд үйл ажиллагаагаа 16 аймагт өргөжүүлжээ. Үүнтэй зэрэгцэн"Премиум Нэксус" ХК-ийн хувьцааны ханш он гарснаас хойш таван хувиар буурч, хамгийн сүүлд нэгж хувьцаа нь ойролцоогоор 300 төгрөгөөр арилжаа хаасан байна.
⇒ 3-Р УЛИРЛЫН БАЙДЛААР МОНЛОЖИСТИКС ГРУППИЙН ЦЭВЭР АШИГ 22.4%-ИАР ӨСӨВ.
2026 оны III улирлын байдлаар “Монложистикс Групп”-ийн борлуулалтын орлого 267.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Мөн компанийн цэвэр ашиг 22.4 хувиар өсөж, 12.4 тэрбум төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд тус компанийн нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 658 мянган тонн болж, жилийн өмнөхөөс 8.4 хувиар өссөн байна. Экспортын тээврийн хэмжээ 64.8 хувиар буурсан ч импортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 18.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин олон улсын тээврийн үйлчилгээний хэмжээ 297.2 хувиар өссөн нь онцлох үзүүлэлт болсон байна. Улирлын хугацаанд компани томоохон логистикийн төслүүд хэрэгжүүлсний дотор Герман улсаас 115 тонн жинтэй уул уурхайн хүдэр бутлах, нунтаглах тоног төхөөрөмжийг Монгол Улсад тээвэрлэсэн байна. Түүнчлэн БНХАУ-аас 50 МВт хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамжтай эрчим хүч хуримтлуулах системийн трансформатор болон холбогдох тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Эдгээр үзүүлэлт нь импортын тээвэрлэлтийн өсөлт болон олон улсын логистикийн үйлчилгээ өргөжсөнтэй холбоотойгоор “Монложистикс Групп”-ийн үйл ажиллагаа тогтвортой өсөлттэй байгааг харуулж байна.
⇒ “ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар тогтоолоор “Инвескор ББСБ” ХК-ийн нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 75,744,281 ширхэг энгийн хувьцааг 10:1 харьцаагаар хувааж, нэг бүр нь 22.7 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 757,442,810 ширхэг энгийн хувьцаа болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэрийн дагуу компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар албан шаардлагаар “Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааны арилжааг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо. Үнэт цаасны бүртгэлийн өөрчлөлт хийгдэж дууссаны дараа арилжааг сэргээхтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагуудаас тухай бүр хүргэх юм.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд харилцан адилгүй гүйцэтгэлтэй байлаа. Хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв, мөнгөний бодлогын чиг хандлага болон компанийн ашгийн өсөлтийн хэтийн төлөвийг анхааралтай үнэлж байгаа нь зах зээлийн хөдөлгөөнийг тодорхойлсон хэвээр байна. Технологийн салбарын сулрал АНУ-ын зах зээлд нөлөөлсөн бол Европын зах зээлүүдэд санхүү, аж үйлдвэр, хэрэглээний салбаруудын өсөлт дэмжлэг үзүүлж, Азийн зах зээлүүдэд улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын ялгаа илүү тод харагдсан долоо хоног болж өнгөрлөө.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралт давамгайлсан үзүүлэлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид томоохон технологийн компаниудын өсөлтийн хурдац, хиймэл оюун ухаантай холбоотой өндөр хүлээлтийн тогтвортой байдалд болгоомжтой хандаж, эрсдэлтэй хөрөнгийн ангиллаас тодорхой хэмжээгээр татгалзсан байна. Үүний зэрэгцээ зах зээлийн үнэлгээ харьцангуй өндөр түвшинд хэвээр байгаа нь ашиг түгжих үйл ажиллагааг нэмэгдүүлж, технологийн салбарын хувьцаанд дарамт үзүүлэв. Үр дүнд нь технологийн компаниудын жин өндөртэй Nasdaq индекс 2.27%-иар буурч, долоо хоногийн хамгийн сул гүйцэтгэлийг үзүүллээ. Мөн S&P 500 индекс 0.78%-иар буурсан нь өргөн хүрээний зах зээлд борлуулалтын дарамт байсныг харуулж байна. Харин Dow Jones индекс 1.05%-иар буурч, аж үйлдвэр, санхүү болон хамгаалалтын шинж чанартай салбаруудын хувьцаа харьцангуй тогтвортой байсан ч зах зээлийн нийт уналтыг нөхөж чадсангүй. Зах зээлийн оролцогчид эдийн засгийн өсөлтийн төлөв, мөнгөний бодлогын цаашдын чиг хандлага болон компанийн ашигт ажиллагааны хэтийн төлөвийг анхааралтай ажиглаж байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагад нөлөөлсөн хэвээр байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлт давамгайлсан үзүүлэлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид компанийн санхүүгийн тайлангууд хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан болон мөнгөний бодлогын орчин тогтворжих төлөвтэй байгааг эергээр үнэлсэн нь зах зээлийн өсөлтийг дэмжив. Мөн эрчим хүчний үнийн тогтвортой байдал болон Европын эдийн засгийн идэвхжил хүлээлтээс сайн үзүүлэлттэй гарсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэл авах сонирхлыг нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд Германы тэргүүлэх компаниудын гүйцэтгэлийг илэрхийлдэг DAX 40 индекс 2.31%-иар өсөж, гол индексүүдээс хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Мөн Францын зах зээлийн үзүүлэлт болох CAC 40 индекс 1.96%-иар өссөн бол Европын 600 том компанийн хөдөлгөөнийг нэгтгэн харуулдаг STOXX Europe 600 индекс 1.78%-иар өсөв. Харин Их Британийн FTSE 100 индекс 0.36%-иар өсөж, бусад зах зээлүүдтэй харьцуулахад илүү тогтуун өсөлт үзүүлсэн байна. Ерөнхийдөө Европын хөрөнгийн зах зээл долоо хоногийг эерэг өнгөөр өндөрлүүлж, аж үйлдвэр, санхүү болон хэрэглээний салбаруудын өсөлт зах зээлийн нийт гүйцэтгэлийг дэмжсэн дүр зураг ажиглагдав.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт харилцан адилгүй буюу холимог хөдөлгөөнтэй байлаа. Бүс нутгийн зах зээлүүдэд улс орнуудын эдийн засгийн төлөв, мөнгөний бодлого болон хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дур сонирхол ялгаатай нөлөөлсөн байна. Технологи, экспортын чиглэлтэй компаниудын гүйцэтгэл Япон, БНСУ-ын зах зээлүүдийг дэмжсэн бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх болгоомжлол Хятадын индексүүдэд дарамт учруулав. Үүний үр дүнд БНСУ-ын KOSPI индекс 4.21%-иар өсөж, гол индексүүдээс хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Мөн Японы Nikkei 225 индекс 1.35%-иар өссөн нь экспортын чиглэлтэй болон технологийн салбарын хувьцааны өсөлттэй холбоотой байв. Харин Хятадын зах зээл сул үзүүлэлттэй байсан бөгөөд CSI 300 индекс 2.28%-иар, Shanghai Composite индекс 1.96%-иар тус тус буурчээ.
⇒ ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ 3.75-4.00%-Д ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ БАЙР СУУРИА ОНЦЛОВ
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) аравдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар холбооны сангийн зорилтот хүүг 3.75-4.00%-ийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь есдүгээр сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлсний дараа гарч буй бөгөөд уг өсөлт нь 2023 оноос хойших анхны бодлогын хүүгийн өсөлт болсон юм.
Энэхүү шийдвэр зах зээлийн хүлээлттэй нийцсэн хэдий ч бодлого боловсруулагч хоёр гишүүн нэмэлтээр 25 суурь нэгжээр өсгөх байр суурь илэрхийлсэн байна.
ХНС мэдэгдэлдээ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа ч АНУ-ын эдийн засгийн өсөлт харьцангуй хүчтэй үргэлжилж байгааг онцоллоо. Өрхийн хэрэглээ тогтвортой хэвээр хадгалагдаж, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл мөн эерэг түвшинд байна. Ажлын байрны өсөлт хөдөлмөрийн хүчний тэлэлттэй уялдан үргэлжилж байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байна.
Нөгөөтээгүүр, инфляц зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байгааг төв банк тэмдэглэж, үнийн өсөлтийг 2 хувийн зорилтот түвшинд тогтвортой буцаан хүргэх зорилгодоо тууштай хэвээр байгаагаа дахин мэдэгдэв. Мөн цаашид нийтлэгдэх эдийн засгийн үзүүлэлтүүд нь мөнгөний бодлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үнийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын түвшнийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна.
Түүнчлэн ХНС-ийн дарга Уорш 2027 оноос эхлэн бодлогын хүүгийн шийдвэрт албан ёсоор санал хураалт явуулах мөнгөний бодлогын хурлын тоог бууруулахаар төлөвлөж буйг мэдэгдлээ. Энэ нь мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг илүү үр ашигтай, оновчтой болгоход чиглэсэн өөрчлөлт гэж үзэж байна.
⇒ ХОНКОНГИЙН МӨНГӨНИЙ УДИРДАХ ГАЗАР БОДЛОГЫН ХҮҮГ ӨӨРЧЛӨЛГҮЙ ХАДГАЛАВ
Хонконгийн Мөнгөний Удирдах Газар (HKMA) аравдугаар сарын 29-нд суурь хүүгээ 4.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өөрчлөлгүй хадгалсны дараа гарсан бөгөөд Хонконгийн мөнгөний бодлого АНУ-ын мөнгөний бодлогын чиглэлтэй нягт уялддаг онцлогтой.
Хонконг долларыг ам.доллартой 1 ам.доллар = 7.75-7.85 хонконг долларын хэлбэлзлийн хүрээнд уясан байдаг тул тус улсын хүүгийн бодлого АНУ-ын бодлогын хүүгийн өөрчлөлтийг дагах хандлагатай байдаг. Шийдвэр гарсан үеэр хонконг долларын ханш нэг ам.долларт 7.8452 хонконг доллар орчимд арилжаалагдаж байв.
HKMA мэдэгдэлдээ АНУ-ын бодлогын хүүгийн цаашдын өөрчлөлт нь инфляц, хөдөлмөрийн зах зээл болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвөөс шалтгаалах бөгөөд энэ нь Хонконгийн хүүгийн орчинд нөлөөлөхөөр байгааг онцоллоо.
Тус байгууллага мөн Хонконг долларын цаашдын чиг хандлага болон орон нутгийн банк хоорондын хүүд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөхийг онцолсон байна. Үүнд хөрөнгө оруулагчдын "carry trade" (хүүгийн зөрүүгээс ашиг олох зорилготой арилжаа)-д хандах сонирхол, Хонконг долларын зах зээл дэх хөрвөх чадварын нөхцөл байдал, хөрөнгийн зах зээлийн идэвхжил, түүнчлэн санхүүжилтийн эрэлтэд гардаг улирлын шинжтэй хэлбэлзэл зэрэг багтаж байгаа юм.
Энэхүү шийдвэр нь Хонконг улс дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан хандахын зэрэгцээ ханшийн уялдаат тогтолцооныхоо хүрээнд мөнгөний тогтвортой байдлыг хадгалах үүрэг амлалтаа тууштай баримталж буйг илтгэж байна.
⇒ ГЕРМАН УЛС ХЯТАДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ТЭНЦВЭРТЭЙ ЗАРЧИМ БАРИМТЛАХЫГ УРИАЛАВ
Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Хятад улсыг эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхдээ бусад улс орнуудыг өөрөөсөө хэт хамааралтай болгохгүй байхыг уриалж, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа нь тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлах ёстойг онцлон тэмдэглэв.
Тэрээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтынхаа өмнө Бээжингийн Их Сургуульд хэлсэн үгэндээ Хятад улс эдийн засгаа гадаад эрсдэл, сөрөг нөлөөллөөс хамгаалах, эдийн засгийн дархлаагаа нэмэгдүүлэхийг зорьж буйг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Хятадын эдийн засгийн бие даасан байдал нэмэгдэх нь худалдааны түнш орнуудын хувьд эрсдэл, эмзэг байдлыг бий болгох учиргүй гэдгийг онцолжээ.
Штайнмайерын энэхүү байр суурь нь Хятадтай хийж буй худалдааны тэнцвэргүй байдлын талаар Европын улс орнуудын дунд өсөн нэмэгдэж буйг илэрхийлж байна. Европын Холбоо (ЕХ) Хятадтай хийж буй худалдааны алдагдал тасралтгүй өсөж байгааг тогтвортой бус хандлага хэмээн үнэлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай бодлогын арга хэрэгслийг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Штайнмайер Европын бизнес эрхлэгчдийн Хятадын зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байдаг. Үүний зэрэгцээ Европын эдийн засгууд төрийн дэмжлэгтэй Хятадын импортын өсөлт нэмэгдэх, мөн Хятадаас нийлүүлдэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн экспортод тавигдаж буй хязгаарлалтуудтай тулгарсаар байна.
Эдгээр сорилт хэвээр байгаа хэдий ч Европ улс орнууд аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараа хадгалан хамгаалахад тууштай байр суурь баримталж буйг Штайнмайер дахин нотолж, Брюссель болон Бээжин талууд санал зөрөлдөөнөө харилцан яриа, хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.