Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.10.19

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.10.19

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • “СҮҮ 2.0” үйлдвэр албан ёсоор нээгдлээ.
  • Төрийн банкны цэвэр ашиг 78.7 хувиар өслөө.
  • Азийн бондын зах зээлээс гадаадын хөрөнгийн татан гаргалт 2020 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
  • ОУВС дэлхийн санхүүгийн тогтвортой байдалд учирч буй эрсдэлүүд нэмэгдэж байгааг анхааруулав.
  • Хятадын худалдааны ашиг экспортын өсөлтөөр огцом нэмэгдэв.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.
► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 16.27 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 168.64 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Газар Шим Үйлдвэр ХК, Хаан банк ХК, Сэндли ББСБ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Хаан банк ХК (KHAN) – 180,761 ширхэг үнэт цаасыг нэгжийн 1773 үнээр, нийт 320,489,253 төгрөгөөр;
  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) – 75 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 31 үнээр, нийт 2 тэрбум 325 сая төгрөгөөр;
  • Сэндли ББСБ ХК (SEND) - 6,118,267 ширхэг үнэт цаасыг нэгжийн 208  үнээр, нийт 1,272,599,536 сая төгрөгөөр;
  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) – 75 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 31 үнээр, нийт 2 тэрбум 325 сая төгрөгөөр арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. Top 20 Индекс 0.84%-ийн өсөлтөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байж 67,276.55 нэгжид хүрсэн бол  MSE A Индекс 0.75%-иар өсөж 26,900.49 нэгжид хүрсэн байна. Харин MSE B Индекс 1.42%-иар буурч 15,136.15 нэгж, FTI Индекс 4.15%- иар буурч 1,024.18 нэгжид тус тус хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь банк, санхүүгийн салбарын хувьцааны өсөлт ихээхэн нөлөөлсөн.  

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 62,276.55 +0.84%
MSE A Индекс 26,900.49 +0.75%
MSE B Индекс 15,136.15 -1.42%
FTI Индекс 1,024.18 -4.15%

 


⇒ “СҮҮ 2.0” ҮЙЛДВЭР АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ.

Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч Сүү ХК шинэ, бүрэн автоматжуулсан **СҮҮ 2.0 үйлдвэрээ албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал болон үйл ажиллагааны үр ашгийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор Сүү ХК-ийн хоногийн боловсруулах хүчин чадал 200 тонноос 400 тонн болж хоёр дахин өссөн бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхдийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрджээ. Компани ойрын 2-5 жилийн хугацаанд дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан байна.  

Төсөл нь “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд 2023 оноос хойш нийт 58 тэрбум төгрөгийн зээл авч, үүнээс 30 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа аж.

 


⇒ ТӨРИЙН БАНКНЫ ЦЭВЭР АШИГ 78.7 ХУВИАР ӨСЛӨӨ.

Төрийн банк 2026 оны эхний есөн сарын байдлаар 102.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс ашгаа 78.7 хувиар өсгөсөн байна. Энэхүү өсөлтөд цэвэр хүүгийн орлогын нэмэгдэл болон үйл ажиллагааны зарим зардлын бууралт голлон нөлөөлжээ.  

Тайлант хугацаанд тус банкны хүүгийн орлого 768.8 тэрбум төгрөгт хүрч 29.8 хувиар өссөн бол цэвэр хүүгийн орлого 273.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Мөн нийт хөрөнгө нь 7.56 их наяд төгрөгт хүрч, зээлийн багц 4.42 их наяд төгрөг болж өссөнөөр бизнесийн үйл ажиллагаагаа тэлснийг харуулжээ. 

Үүнээс гадна Төрийн банк 2.3 сая харилцагчдаа 150 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, дижитал үйлчилгээний шинэчлэлээ үргэлжлүүлж байгаагаа онцолсон байна. Санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсантай холбоотойгоор тайлан гарсны дараа банкны хувьцааны ханш 590 төгрөгт хүрч, он гарснаас хойш нийт 19.5 хувиар өсөөд байна.  

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2026 оны аравдугаар сарын 12-18-ны долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд харилцан адилгүй гүйцэтгэлтэй байлаа. АНУ-ын хөрөнгийн зах зээл буурч, Европын хувьцаанууд бага зэрэг өссөн бол Азийн зах зээлүүд, ялангуяа Японы зах зээл мэдэгдэхүйц сулралтай байсан байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -1.97%
  • Dow Jones: +0.46%
  • Nasdaq: -4.46%

S&P 500 индекс аравдугаар сарын 12-нд 7,813.04 нэгж байсан бол аравдугаар сарын 16-нд 7,659.44 нэгж болж, долоо хоногийн дүнгээр ойролцоогоор 1.97 хувиар буурлаа. АНУ-ын зах зээлд Засгийн газрын бондын өгөөж өссөн, зах зээлийн хэлбэлзэл нэмэгдсэн, мөн томоохон технологийн компаниудын хувьцаа огцом унаснаас дарамт үүсэв. Өндөр хүүгийн түвшин хувьцааны үнэлгээнд дарамт үзүүлсээр байх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын төлөвийг сулруулсан зэрэг  нь сөргөөр нөлөөлжээ.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: +3.13%
  • STOXX Europe 600: +1.92%
  • DAX 40: +1.65%
  • CAC 40: +1.66%

STOXX Europe 600 индекс аравдугаар сарын 12-нд 632.58 нэгж байсан бол аравдугаар сарын 16-нд 644.74 нэгж болж, долоо хоногийн дүнгээр 1.92 хувийн өсөлт үзүүлэв. Хөрөнгө оруулагчид санхүү, эрчим хүч зэрэг үнэ цэнэд суурилсан салбаруудыг түлхүү сонирхсон нь Европын зах зээлийг АНУ-аас илүү үзүүлэлттэй байхад нөлөөлсөн байна. Мөн компаниудын орлогын төлөв харьцангуй тогтвортой хэвээр байсан бөгөөд түүхий эдийн үнийн өсөлтөөс ашиг хүртэж буй компаниудад хөрөнгө оруулагчдын сонирхол үргэлжилжээ.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -3.75%
  • KOSPI: -13.84%
  • CSI 300: -3.14%
  • SSEC: -2.38%

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл харилцан адилгүй байсан ч Японы зах зээл хамгийн их дарамтад өртөв. Nikkei 225 индекс аравдугаар сарын 12-нд 67,866.50 нэгж байсан бол аравдугаар сарын 16-нд 65,324.29 нэгж болж, долоо хоногийн хугацаанд 3.75 хувиар буурсан байна. Энэхүү уналтад технологийн болон экспортын чиглэлийн хувьцаануудын сулрал, дэлхийн эрэлтийн талаарх болгоомжлол, АНУ-ын технологийн хувьцааны уналтаас үүдэлтэй эрсдэлээс зайлсхийх хандлага нөлөөлжээ. Түүнчлэн долоо хоногийн зарим үед иенийн ханш чангарсан нь экспортлогч компаниудын орлогын төлөвт сөргөөр нөлөөлсөн байна.

Харин Хятадын гол индексүүд харьцангуй тогтвортой байлаа. Зах зээлд төрөөс нэмэлт бодлогын дэмжлэг үзүүлнэ гэсэн хүлээлт эерэг нөлөө үзүүлсэн ч үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл болон эдийн засгийн сэргэлт жигд бус байгаа талаарх санаа зовнил өсөлтийг хязгаарласан байна.

 


⇒   АЗИЙН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ГАДААДЫН ХӨРӨНГИЙН ТАТАН ГАРГАЛТ 2020 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Есдүгээр сард гадаадын хөрөнгө оруулагчид Азийн бондын зах зээлээс цэвэр дүнгээр 8.2 тэрбум ам.долларын хөрөнгийг татан гаргасан нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээний сарын гадагшлах урсгал боллоо. Энэхүү борлуулалтын давлагаа нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн болон Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ цаашид нэмэгдүүлж болзошгүй гэсэн хүлээлтээс үүдэлтэй бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудын өрийн хэрэгслүүдийн хөрөнгө оруулалтын сонирхлыг бууруулжээ.

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж инфляцын дарамт болон газрын тосны өндөр үнийн нөлөөгөөр 5.36 хувьд хүрч, сүүлийн 24.5 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид бүс нутгийн хувьцааны зах зээлээс мөн хөрөнгөө татан гаргаж эхэлсэн нь Азийн зах зээлүүдэд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж байгааг харуулжээ.

Өмнөд Солонгос улс хамгийн их хэмжээний бондын хөрөнгө оруулалтын гадагшлах урсгалыг бүртгэсэн бол Тайланд, Энэтхэг, Малайз болон Индонезийн зах зээлүүдэд мөн гадаадын хөрөнгө оруулагчдын борлуулалт давамгайлсан байна. АНУ-ын бондын өгөөж өндөр хэвээр байгаа нь хөрөнгийг хөгжиж буй зах зээлүүдээс татах хандлагыг үргэлжлүүлэн дэмжиж байгаа бөгөөд энэ нь Азийн бонд болон хувьцааны зах зээлд дарамт учруулж, ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сул түвшинд хадгалах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

 


⇒   ОУВС ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД УЧИРЧ БУЙ ЭРСДЭЛҮҮД НЭМЭГДЭЖ БАЙГААГ АНХААРУУЛАВ

Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн санхүүгийн зах зээлд заналхийлж буй гурван гол эрсдэлийг онцоллоо. Үүнд хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгийн үнийн огцом засвар хөдөлгөөн, улсын бондын өгөөжийн өсөлт, мөн кибер халдлагын эрсдэл нэмэгдэж буй явдал багтаж байна. ОУВС-ын үзэж буйгаар санхүүгийн зах зээл дэх хөшүүргийн түвшин өсөж, хөрвөх чадвар хумигдаж, харилцан хамаарал улам гүнзгийрч байгаа нь аливаа сөрөг цочролын нөлөөг улам хүчтэй болгож болзошгүй юм.

ОУВС хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж буйг онцлон тэмдэглэжээ. Өгөгдлийн төвийн операторууд болон хөрөнгө оруулагчдын их хэмжээний зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт нь хиймэл оюун ухааны салбарын орлого хүлээлтэд хүрэхгүй тохиолдолд зах зээлийг эмзэг байдалд оруулж болзошгүй гэж үзэж байна. Хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгийн үнийн огцом уналт нь санхүүгийн зах зээл даяар өрийн дарамтыг бууруулах буюу хөрөнгийн албадан борлуулалтын давлагааг өдөөх эрсдэлтэй аж.

Үүний зэрэгцээ инфляцын дарамт болон төсвийн тогтвортой байдлын талаарх санаа зовнилоос шалтгаалан Засгийн газрын бондын өгөөж өсөх нь хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж, санхүүгийн системд барьцаа хөрөнгө болгон ашиглагддаг бондын үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй байна. Мөн кибер аюулгүй байдлын асуудал системийн хэмжээний томоохон эрсдэл болж байгааг ОУВС анхааруулжээ. Санхүүгийн байгууллагууд, төлбөр тооцооны системүүд эсвэл чухал технологийн үйлчилгээ үзүүлэгчдэд чиглэсэн кибер халдлагууд нь санхүүгийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг доголдуулж, зах зээлийн итгэлийг бууруулах аюултай гэж үзэж байна.

 


⇒   ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ АШИГ ЭКСПОРТЫН ӨСӨЛТӨӨР ОГЦОМ НЭМЭГДЭВ

Хятадын худалдааны ашиг есдүгээр сард хүлээлтээс даван өссөн бөгөөд үүнд экспортын огцом сэргэлт голлон нөлөөлжээ. Хагас дамжуулагч, цахилгаан автомашин болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүний дэлхийн эрэлт хүчтэй хэвээр байсан нь дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын сул талыг нөхөж чадсан байна.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар өсөж, хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Харин импорт 31.0 хувиар нэмэгдсэн нь худалдааны идэвх өндөр түвшинд хадгалагдаж байгааг илтгэж байна.

Үүний үр дүнд Хятадын худалдааны ашиг 2026 оны эхний есөн сарын байдлаар 938 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд зөвхөн есдүгээр сард л 133.5 тэрбум ам.долларын худалдааны ашиг бүртгэгджээ. Энэхүү үзүүлэлт нь Хятадын экспортын өрсөлдөх чадвар өндөр хэвээр байгаа бөгөөд дэлхийн зах зээл дэх өндөр технологийн бүтээгдэхүүний эрэлт худалдааны үзүүлэлтийг дэмжсээр байгааг харуулж байна.