
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 7.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК Ард санхүүгийн нэгдэл ХК, Эм Жи Эл Акуа ХК болон Таван толгой ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

Өнгөрсөн долоо хоногт дотоодын хөрөнгийн зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдлаа. ТОП-20 индекс өсөлттэй хаагдсан бол MSE A, MSE B болон FTI индексүүд бууралттай байв. Зах зээлийн үнэлгээ өндөр томоохон компаниудын хувьцаа индексийг дэмжсэн ч дунд болон жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд борлуулалтын дарамт давамгайлав. Гадаад зах зээлд суурилсан FTI индекс дэлхийн хөрөнгийн зах зээлийн огцом засварлалтын нөлөөгөөр мэдэгдэхүйц унасан байна.
ТОП-20 индекс өмнөх долоо хоногоос 0.43%-иар өсөж, 67,843.10 нэгжид хүрлээ. Эрсдэлээс болгоомжилсон орчинд ч хөрөнгө оруулагчид хөрвөх чадвар өндөр, тэргүүлэх компаниудын хувьцааг илүүд үзсээр байгааг энэ нь харуулж байна. Харин MSE A индекс 0.10%-иар бага зэрэг буурч 25,268.96 нэгжид, MSE B индекс 0.68%-иар буурч 15,084.85 нэгжид хүрэв. Дунд болон жижиг компаниудын хувьцаанд эрэлт сул байсныг эдгээр үзүүлэлт илтгэж байна.
Долоо хоногийн хамгийн их уналтыг FTI индекс үзүүлж, 8.02%-иар буурч 954.13 нэгжид хүрчээ. FTI-ийн багцын тал хувь нь технологи, хиймэл оюуны компаниуд, 10 хувь нь эрчим хүчний компаниуд байдаг. Тиймээс АНУ-ын хөрөнгийн зах зээлд өрнөсөн технологийн хувьцааны борлуулалт болон газрын тосны үнийн уналт индексэд шууд нөлөөлсөн. Тухайн долоо хоногт АНУ-ын завсрын сонгуулийн дүнгийн дараа хиймэл оюуны салбарын зохицуулалт чангарах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн юм.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 67,843.10 | +0.43% |
| MSE A Индекс | 25,268.96 | -0.10% |
| MSE B Индекс | 15,084.85 | -0.68% |
| FTI Индекс | 954.13 | -8.02% |
⇒ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОЛОН УЛСЫН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС “ӨӨРЧЛӨЛТГҮЙ” ДҮГНЭЛТ АВЧЭЭ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн гурван жилийн үйл ажиллагаандаа олон улсын аудитын BDO компаниар хараат бус хөндлөнгийн аудит хийлгэн тайлан, дүгнэлтээ хүлээн авсан байна.
Аудитын үр дүнд тус компанийн санхүүгийн тайлангууд нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS) болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудын шаардлагыг хангаж байгаа гэж үзэж, аудитын байгууллагаас “өөрчлөлтгүй” буюу эерэг санал бүхий дүгнэлт өгчээ.
Энэхүү дүгнэлт нь компанийн үнэлгээг олон улсын түвшинд хийх, хөрөнгийн биржид бүртгүүлэх, цаашлаад нээлттэй хувьцаат компанийн статуст шилжих бэлтгэл ажлын чухал алхам болж байна. Аудитын явцад компани шаардлагатай бүх мэдээлэл, тайлбарыг бүрэн гаргаж өгсөн бөгөөд талууд удирдлагын түвшинд тогтмол уулзалт зохион байгуулж, аудитын хараат бус байдлыг чанд мөрдөн ажилласан гэж үнэлжээ.
Мөн гэрээний хүрээнд BDO компани санхүүгийн тайлангуудад олон улсын стандартын дагуу аудит хийж, зөвлөмж болон нэмэлт ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд хамтын ажиллагааны зорилго амжилттай хэрэгжсэн гэж хоёр тал дүгнэжээ.
Аудитлагдсан санхүүгийн тайлан, мэдээлэл нь олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад мэдээлэл хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх суурь бүрдсэн гэж талууд үзсэн байна. Иймд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажуулж, албан ёсоор гарын үсэг зуржээ.
⇒ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭГ ЖИЛИЙН ДОТОР БАРАГ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд дизель түлшний үнэ 89.1 хувиар өсөж, нэг литрийн үнэ 5,700 төгрөгт хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн АИ-92 автобензиний үнэ 38.7 хувиар нэмэгдэж, литр нь 3,592 төгрөг болсон үзүүлэлттэй байна.
Тодруулбал, дизель түлш өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр литр тутамдаа 3,014 төгрөг байсан бол энэ оны мөн үеийн байдлаар 2,686 төгрөгөөр өссөн байна. Харин АИ-92 автобензин нэг жилийн өмнө 2,590 төгрөг байсан бөгөөд түүнээс хойш 1,002 төгрөгөөр нэмэгджээ.
Мөн өнгөрсөн нэг сарын хугацаанд дизель түлшний үнэ 14.2 хувь, АИ-92 автобензиний үнэ 4.2 хувиар өссөн байна. Харин хамгийн сүүлийн долоо хоногийн байдлаар эдгээр түлшний үнийн түвшинд өөрчлөлт гараагүй байна.
⇒ “ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦААГ 10 ХУВААЖ, АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ.
Монголын хөрөнгийн бирж “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орсны дараа тус компанийн хувьцааны арилжааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дахин нээв.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар тогтоолын дагуу компанийн хувьцааг 10 хуваасан. Ингэснээр нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 75,744,281 ширхэг энгийн хувьцаа нэг бүр нь 22.7 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 757,442,810 ширхэг энгийн хувьцаа болов. Энэ өөрчлөлтийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны бүртгэлд тусгажээ.
Хувьцааг хуваах нь компанийн нийт хувьцааны нэрлэсэн үнийн дүнг өөрчлөхгүй. Хувьцаа эзэмшигч бүрийн эзэмшиж буй хувьцааны тоо 10 дахин нэмэгдэж, нэг хувьцааны нэрлэсэн үнэ 10 дахин буурна. Ийм алхам нь хувьцааны нэгжийн үнийг бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байдаг.
Дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд хиймэл оюуны (AI) хөрөнгө оруулалтын өсөлтийн тогтвортой байдалд үүссэн эргэлзээ, АНУ-ын технологийн салбарын зохицуулалттай холбоотой улс төрийн тодорхойгүй байдал, мөн хүлээлтээс давсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд голлон нөлөөлөв. Эдгээр хүчин зүйлс нь мөнгөний хатуу бодлого удаан хугацаанд үргэлжлэх хүлээлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг технологийн хувьцаанаас гарч, эрсдэл багатай хөрөнгө рүү шилжихэд хүргэснээр зах зээлийн савлагааг нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд Nasdaq долоо хоногийн хугацаанд 3.99 хувиар буурч АНУ-ын гол индексүүдээс хамгийн сул үзүүлэлттэй байсан бол Dow Jones 1.39 хувийн бууралтаар харьцангуй тогтвортой байлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч гол хүчин зүйл нь хиймэл оюуны хөрөнгө оруулалтын хэтийн төлөвт хийсэн дахин үнэлгээ байв. Хөрөнгө оруулагчид AI дэд бүтэц болон дата төвүүдэд чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалт хангалттай өгөөж өгөх эсэхэд эргэлзэж эхэлснээр технологи болон хагас дамжуулагчийн салбарын хувьцаанууд хүчтэй дарамтад оржээ. Үүний улмаас AI-тэй холбоотой хувьцаануудын өргөн хүрээний борлуулалт явагдаж, Nasdaq болон S&P 500 индексүүдэд сөргөөр нөлөөлсөн байна.
Мөн АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төрийн үйл явдлууд хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлсөн бөгөөд ялангуяа хиймэл оюун болон томоохон технологийн компаниудад тавигдах зохицуулалт чангарах магадлалд анхаарал хандуулжээ.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээлүүд ерөнхийдөө Wall Street - н чиг хандлагыг дагасан байна. Технологийн салбараас эхэлсэн дэлхийн хэмжээний борлуулалтын дарамт нь хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг бууруулж, ялангуяа өсөлтөд түшиглэсэн салбаруудад нөлөөлөв.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн нь дэлхийн хэмжээнд зээлжих өртөг өндөр хэвээр хадгалагдах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсэн. Германы DAX зэрэг экспортод түшиглэсэн зах зээлүүд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв сулрах болон технологийн салбарын эрч саарах эрсдэлд илүү мэдрэмтгий байлаа.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээлүүдийн хөдөлгөөн улс орон бүрийн салбарын бүтэцтэй холбоотойгоор ялгаатай байв. Японы Nikkei 225 болон БНСУ-ын KOSPI индексүүд хагас дамжуулагч болон технологийн хувьцааны уналтаас шалтгаалан хүчтэй дарамтад оржээ. Энэ нь АНУ-ын AI салбарт үүссэн болгоомжлол Азийн технологийн компаниудад дам нөлөө үзүүлснийг харуулж байна.
Харин Хятадын CSI 300 болон Шанхайн нийлмэл индекс (SSEC) харьцангуй тогтвортой байсан бөгөөд дотоодын эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлт, хөрвөх чадварын таатай нөхцөл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжжээ. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлийн савлагаа болон гадаад эрэлтийн тодорхойгүй байдал өсөлтийг хязгаарласан байна.
⇒ АРАВДУГААР САРД АЖИЛ ЭРХЛЭЛТ САЙЖИРСНААР КАНАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛ ЭРЧИМЖЖЭЭ.
Ivey Худалдан Авалтын Менежерийн Индекс (PMI)-ийн сүүлийн мэдээллээр, ажил эрхлэлт эрчимжсэнтэй холбоотойгоор Канадын эдийн засаг аравдугаар сард өмнөх сараас арай хурдтай тэлсэн байна.
Улирлын нөлөөллийг хассан Ivey PMI аравдугаар сард 58.3 болж, есдүгээр сарын 58.2 үзүүлэлтээс үл ялиг өссөн нь эдийн засгийн идэвхжил үргэлжлэн нэмэгдэж байгааг харуулжээ. Тус индексийн 50-аас дээш үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагаа тэлж байгааг илэрхийлдэг бөгөөд энэ нь Канад даяарх худалдан авалтын менежерийн индексийн сарын судалгаанд үндэслэдэг.
Ажил эрхлэлтийн нөхцөл мөн сайжирч, улирлын нөлөөллийг хассан ажил эрхлэлтийн индекс есдүгээр сарын 56.5-аас аравдугаар сард 58.3 болж өссөн байна. Харин үнийн индекс 82.8-аас 81.7 болж бага зэрэг буурсан нь үнийн дарамт тодорхой хэмжээнд саарч байгааг илтгэжээ.
Үүний зэрэгцээ улирлын нөлөөллийг тооцоогүй PMI аравдугаар сард өмнөх сарын 61.9 үзүүлэлтээс 56.4 болж буурсан байна.
⇒ ОУВС-ГИЙН ГЕОРГИЕВА: ТӨВ БАНКНУУД ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ӨСӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ ЁСТОЙ.
Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева төв банкнууд инфляцыг бууруулах бодлогоо боловсруулахдаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг тооцох шаардлагатай гэж мэдэгдлээ.
Тэрбээр Вашингтонд хэлсэн үгэндээ AI-ийн хөрөнгө оруулалтын өсөлтийн тогтвортой байдал болон хөрөнгийн өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлолууд зах зээлийн савлагааг нэмэгдүүлж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг хүндрүүлж байгааг онцлов.
Георгиевагийн хэлснээр, AI-тэй холбоотой хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зарим гадаад сөрөг нөлөөллийг сааруулж байгаа ч нөгөө талаас инфляцын дарамт болон санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Мөн хиймэл оюун ухаанаас үүдэлтэй өсөлтийн эрч сулрах эрсдэлийг харгалзан үзэх нь инфляцтай тэмцэх дараагийн алхмуудаа тодорхойлох төв банкнуудын хувьд чухал хүчин зүйл болно гэжээ.