
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 8.57 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 8.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Худалдаа Хөгжлийн банк, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:
Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. MSE B Индекс 1.93 %-ийн өсөлтөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байж 15,428.24 нэгжид хүрсэн бол Top 20 Индекс 0.07%--иар өсөж 67,326.62 нэгжид хүрсэн байна. Харин MSE A Индекс 0.59%-иар буурч 26,742.58 нэгж, FTI Индекс 1.10%- иар буурч 1,012.96 нэгжид тус тус хүрсэн үзүүлэлттэй гарлаа.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 67,326.62 | +0.07% |
| MSE A Индекс | 26,742.58 | -0.59% |
| MSE B Индекс | 15,428.24 | +1.93% |
| FTI Индекс | 1,012.96 | -1.10% |
⇒ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.1 ДАХИН ӨСЖЭЭ
Үнэт цаасны зах зээлийн гүйлгээ өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээний дүн 2026 оны эхний 9 сард 1.51 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.
Нийт гүйлгээний 63.0% буюу 952.9 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлд, 37.0% буюу 559.2 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлд хийгджээ. Үнэт цаасны төрлөөр авч үзвэл компанийн бонд 57.7%, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15.7%, компанийн хувьцаа 14.1%, Засгийн газрын бонд 12.3%-ийг тус тус эзэлсэн байна.
Харин нийт арилжсан үнэт цаасны тоо өмнөх оны мөн үеэс 44.7%-иар буурч, 389.0 сая ширхэгт хүрсэн нь арилжааны мөнгөн дүн өссөн хэдий ч арилжсан үнэт цаасны ширхгийн тоо буурсныг харуулж байна.
2026 оны 9 дүгээр сарын байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.5%-иар, өмнөх сараас 11.9%-иар өссөн байна. ТОП-20 индексийн 9 дүгээр сарын дундаж 64,197.9 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 15,229.4 нэгжээр, өмнөх сараас 8,159.5 нэгжээр өсжээ.
⇒ ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ САРЫН 4.5 ХУВИАР ХЯЗГААРЛАВ
Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагуудын сарын зээлийн хүүг хуульд заасан дээд хэмжээ болох 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Хяналт шалгалтаар зарим цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч ББСБ-ууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг давуулан зээл олгож байсан нь тогтоогдсон байна. Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор уг зохицуулалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс мөрдүүлэхээр болсон.
Мөн зээлийн хүүгийн дээд хэмжээг зөрчсөн байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.
⇒ УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.9 ХУВЬД ХҮРЭВ
2026 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувьтай гарсан байна. Мөн суурь инфляц өмнөх сарын түвшнээс 0.4 хувиар өсөж, 7.2 хувьд хүрчээ.
Тайлант хугацаанд инфляц нэмэгдэхэд шатахууны үнийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн бөгөөд нийт инфляцын өсөлтийн 2.1 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Үүнээс дизель түлшний үнэ өмнөх сараас 11.8 хувиар, АИ-95 бензиний үнэ 13.8 хувиар тус тус өсжээ.
Харин дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, инфляцад үзүүлэх дарамт буурч байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ сарын дүнгээр 1.3 хувиар, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна.
Мөн шатахуунаас бусад импортын барааны инфляц 4.9 хувьд хүрч бага зэрэг өссөн бол импортын хүнсний бүтээгдэхүүний инфляц хоёр дахь сардаа дараалан буурч, 6.2 хувьтай гарлаа.
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээтэй хиймэл оюун ухаан (AI) болон технологийн компаниудын хувьцаанаас хөрөнгөө татан гаргаж, харьцангуй хямд үнэлгээтэй, жижиг болон дунд хэмжээний компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах хандлага давамгайллаа. Үүний зэрэгцээ эрчим хүчний үнэ өссөн, бондын өгөөж нэмэгдсэн, мөн геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилсэн нь дэлхий даяарх хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхолд сөргөөр нөлөөлөв.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш холимог үзүүлэлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөж, тогтвортой байдлын талаар эргэлзэж эхэлсэн бөгөөд томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан зах зээлийн хүлээлтийг бүрэн хангаж чадаагүй нь технологийн салбарын хувьцаанд дарамт үзүүлэв. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өсөж, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал эрчим хүчний үнийг өндөр түвшинд хадгалсан нь зах зээлийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн. Үүний үр дүнд технологийн томоохон компаниудын хувьцааны ханш буурснаар Nasdaq болон S&P 500 индексүүд уналттай хаагдсан бол хамгаалалтын шинж чанартай болон мөчлөг дагагч салбаруудын өсөлтөөр Dow Jones индекс өсөлт үзүүлэв. Мөн хөрөнгө оруулагчид илүү боломжийн үнэлгээтэй, дотоодын зах зээлд төвлөрсөн компаниудыг сонирхсоны улмаас жижиг компаниудын хувьцаа харьцангуй сайн гүйцэтгэлтэй байлаа.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээлүүд өргөн хүрээтэй уналттай байв. Франц дахь улс төрийн тодорхойгүй байдал, газрын тосны үнийн өсөлт болон тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хүлээлтээс доогуур санхүүгийн үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн. Ялангуяа Хятадын хэрэглээний эрэлт сул хэвээр байгаа нь тансаг хэрэглээний салбарын орлого буурахад нөлөөлж, тус салбарын хувьцаануудын үнэ огцом буурлаа. Зарим компани сайн үр дүн танилцуулсан хэдий ч эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын дарамт болон геополитикийн эрсдэлүүд хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг бууруулж, Европын гол индексүүдийг доош татав.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээлүүд бууралттай байлаа. Дэлхийн технологийн салбарын хувьцааны борлуулалтын дарамт Япон, БНСУ, Хонконг болон Тайванийн зах зээлд хүчтэй нөлөөлсөн бөгөөд эдгээр улсын индексүүдэд технологи, хагас дамжуулагчийн компаниуд өндөр жин эзэлдэг. Түүнчлэн дэлхийн хүүгийн түвшин өндөр хэвээр байх төлөв, газрын тосны үнийн өсөлт болон хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын ирээдүйн талаарх тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлэв. Харин БНХАУ-ын гуравдугаар улирлын ДНБ-ий өсөлт зах зээлийн хүлээлтээс давсан нь уналтыг тодорхой хэмжээнд хязгаарласан ч дотоод эрэлт сул, эдийн засгийн сэргэлт төдийлөн баталгаажаагүй хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд дарамт болсон тул эх газрын Хятадын хувьцаанууд бага хэмжээний алдагдалтай хаагдсан байна.
⇒ ЗАРДЛЫН ӨСӨЛТ БОЛОН УЛС ТӨРИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛЫН НӨЛӨӨГӨӨР ЕВРО БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРАВ
Аравдугаар сард Евро бүсийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширч, сүүлийн дөрвөн сарын хамгийн сул түвшинд хүрлээ. S&P Global Flash Eurozone Composite PMI индекс есдүгээр сарын 53.1 нэгжээс аравдугаар сард 51.9 нэгж болж буурсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон бөгөөд эдийн засгийн идэвхжил суларч байгааг харуулж байна. Хэдийгээр тус индекс 50 нэгжээс дээш хэвээр байгаа нь эдийн засаг тэлэлтийн бүсэд үргэлжилж буйг илтгэж байгаа ч өсөн нэмэгдэж буй эдийн засгийн сорилтуудын улмаас сэргэлтийн тогтвортой байдал эмзэг болж байгааг судалгааны үр дүн харуулжээ.
Эдийн засгийн өсөлт саарахад голлон нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь Франц улсын бизнесийн орчин доройтсон явдал байв. Тус улсын эдийн засгийн идэвхжил аравдугаар сард гэнэтийн байдлаар агшиж, компаниуд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний эрэлт буурсныг онцолсон байна. Үүнийг улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдсэн, санхүүгийн дарамт өссөн болон бизнесийн итгэл суларсантай холбон тайлбарлажээ. Мөн Францын төсвийн нөхцөл байдлын талаар хөрөнгө оруулагчдын санаа зовнил нэмэгдсэнээр Засгийн газрын бондын өгөөж өсөж, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн хурцадмал байдал болон өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалууд эдийн засгийн хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн байна.
Үүний зэрэгцээ Евро бүсийн хамгийн том эдийн засаг болох Герман улсын өсөлтийн хурд мөн саарч, бүс нутгийн эдийн засгийн төлөвийг сулрууллаа. Бүсийн хэмжээнд компаниуд эрчим хүч, шатахуун болон тээврийн зардлын өсөлтөөс шалтгаалсан орцын өртгийн дарамттай тулгарч байна. Газрын тосны өндөр үнэ болон геополитикийн хурцадмал нөхцөл байдал эдгээр зардлын дарамтыг улам нэмэгдүүлж, бизнесүүдийн үйл ажиллагааны зардлыг өсгөхийн зэрэгцээ инфляцын эрсдэлийг хадгалсаар байна.
Харин Их Британи-д бизнесийн идэвхжил хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, харьцангуй тогтвортой байдлаа хадгалсан байна. Гэсэн хэдий ч шатахууны үнийн өсөлт өрхийн худалдан авах чадварыг бууруулснаар хэрэглэгчдийн зарцуулалт суларч, жижиглэн худалдааны борлуулалт буурсан бөгөөд хэрэглэгчдийн итгэлцэл огцом муудсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь амьжиргааны өртөг өсөж буй нөхцөл байдал Европ даяар хэрэглээний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.
⇒ АМЕРИКЧУУДЫН ХУВЬЦААНД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ
Америкийн өрхүүд санхүүгийн нийт хөрөнгийнхөө урьд өмнө байгаагүй өндөр хувийг хувьцаанд байршуулсан байна. Холбооны Нөөцийн Сангийн Санхүүгийн Дансны тайлан-гийн хамгийн сүүлийн мэдээллээр, 2026 оны хоёрдугаар улиралд хувьцаа нь өрхүүдийн нийт санхүүгийн хөрөнгийн 48.2 хувийг эзэлсэн бөгөөд энэ нь 1945 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ хэмжээ нь технологийн салбарын хөөсрөлтийн оргил үеийн 38.7 хувь болон 2021 оны "meme stock" өсөлтийн дараах 41 хувийн түвшнийг ч давсан байна.
Үүний зэрэгцээ бэлэн мөнгө болон мөнгөтэй дүйцэх хөрөнгийн эзлэх жин харьцангуй буурчээ. АНУ-ын өрхүүд нийтдээ ойролцоогоор 74 их наяд ам.долларын хувьцаа эзэмшиж байгаа бол банкны хадгаламж болон мөнгөний зах зээлийн сангуудад 20 их наяд ам.доллар хадгалж байна. Өөрөөр хэлбэл, нэг долларын бэлэн мөнгө тутамд дунджаар 3.65 долларын хувьцааны хөрөнгө оруулалт ногдож байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Энэхүү чиг хандлага нь хөрөнгө оруулагчид зах зээлээс гадна хүлээгдэж буй томоохон хэмжээний бэлэн мөнгөний нөөц бараг байхгүй бөгөөд өрхүүдийн хөрөнгийн ихэнх хэсэг аль хэдийн хөрөнгийн зах зээлд байршсан болохыг харуулж байна. Хөрөнгийн хуваарилалтын өнөөгийн чиг хандлагаас үзвэл, зах зээл дээрх тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид хувьцаанд хөрөнгө оруулах сонирхлоо улам бүр нэмэгдүүлж байна.