Монголын Хөрөнгийн Биржийн тойм.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2025 оны 8-р сард эерэг гарч, оны эхнээс тооцоолсон байдлаар 4.6 сая ам.долларын ашигтай боллоо.
III улиралд МХБ-ээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрч, зэсийн баяжмалын үнэ оны эхнээс 9.3 %-иар өсжээ.
Монголын СЗХ БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорацтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
АНУ: Холбооны Нөөцийн Сангийн хүүгийн хүлээлт үргэлжилж байна.
Хятад улс Шанхайн Үнэт цаасны биржээр дамжуулан үнэт цаасны опционы зах зээлийг гадаад хөрөнгө оруулагчдад нээлттэй болгожээ.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 3.58 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Хорин хоёрдугаар бааз ХК, Голомт Банк ХК, Хаан банк ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт нэг удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:
Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээр Top 20 индекс 49,254 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.40% өссөн байна. Харин MSE A индекс 19,128 нэгжид хүрч 0.10%-иар буурсан бол MSE B индекс 14,343 нэгж руу 2.00%-иар буурлаа.
ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
TOP 20 Индекс | 49,254 | +0.4 % |
MSE A Индекс | 19,147 | -0.10% |
MSE B Индекс | 14,636 | -2.00% |
⇒ ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ: 8-Р САРЫН ТӨВ ДҮН $4.6 САЯ АШИГТАЙ БОЛЖЭЭ.
Монголбанкны мэдээллээр, 2025 оны 8-р сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 4.6 сая ам.долларын ашигтай гарч, оны эхний хагаст бүртгэгдсэн 680 сая ам.долларын алдагдлыг нөхжээ. Экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, үйлчилгээний дансны алдагдал буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна.
Энэ үзүүлэлт нь эдийн засгийн сэргэлтийн эерэг дохио боловч экспортын үнийн хөдөлгөөн, гадаад өрийн дарамт зэрэг эрсдэл хэвээр байна.
⇒ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БАРАА МХБ-ЭЭР III УЛИРАЛД 2.8 ИХ НАЯД ₮-Т ХҮРЭВ.
Монголын Хөрөнгийн бирж (МХБ)-ээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн дүн 2.8 их наяд төгрөг буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, зэсийн баяжмалын үнэ оны эхнээс 9.3 %-иар өсжээ.
Төмрийн хүдэр өсөлттэй байж, 52 %-ийн хүдэр 73 ам.доллароор арилжигдан 2024 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр үнэ тогтоосон гэж мэдээлжээ. БНХАУ-ын дотоодын гангийн үйлдвэрүүдийн худалдан авалт болон нийлүүлэлтийн хязгаарлалт төмрийн хүдрийн үнэ өсөх нөхцөл үүсгэж байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өсөлт нь хөрөнгө оруулагчдын итгэлд сайн дохио ч үнэ тогтвортой байх эсэх, экспортын эрэлт болон нийлүүлэлтийн хязгаарлалт зэргээс үүсэх эрсдэлүүд хэвээр байна.
⇒ МОНГОЛ, БНСУ: ҮНЭТ ЦААСНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТАРНА
Монголын Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорац (Korea Securities Finance Corporation)-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Энэ хамтын ажиллагаа үнэт цаас зээлүүлэх, зээлдүүлэхтэй холбоотой зохицуулалт, техникийн болон эдийн засгийн зөвлөгөө, мэдээллийн солилцоо, сургалт зохион байгуулах зэргээр өргөжнө гэж СЗХ мэдээлэв.
Тус хамтын ажиллагаа Монголын үнэт цаасны зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэх, оролцогчдын итгэл нэмэгдүүлэх, зах зээлийн өсөлтийг түргэтгэх ч чадамжтай алхам болно.
2025 оны 9-р сарын 29-нээс 10-р сарын 4-ний хооронд дэлхийн хөрөнгийн зах зээл эерэг үзүүлэлттэй байлаа. АНУ-ын S&P 500, Dow Jones, Nasdaq индексүүд технологи, уламжлалт салбарын өсөлтөөр нэмэгдсэн бол Европын STOXX 600, DAX 40, CAC 40 индексүүд үйлдвэрлэл, бизнесийн эерэг үзүүлэлтээр дэмжигдэв. Азийн зах зээлд Япон, Хятад болон Өмнөд Солонгосын гол индексүүд эерэг өсөлттэй байж, технологи, экспорт болон үйлдвэрлэлийн салбарууд өсөлтийг түлхэц болгов. Холбооны Нөөцийн Сангийн хүү буурах хүлээлт, инфляц болон макро эдийн засгийн мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын стратегийн шийдвэрүүдэд нөлөөлж байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл эерэг чиг хандлагатай байв. Технологийн салбарын өсөлт Nasdaq индексийг 1.32%-иар, S&P 500 индексийг 0.81%-иар, Dow Jones индексийг 0.98%-иар дэмжсэн байна. Холбооны Нөөцийн Сангийн хүү бууруулах хүлээлт, инфляц болон макро эдийн засгийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын стратегид голлон нөлөөлсөөр байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт эерэг үзүүлэлттэй байлаа. Герман дахь үйлдвэрлэлийн идэвх, бизнесийн хүлээлтийн эерэг үзүүлэлт DAX 40 индексийг дэмжиж, Францад компанийн таатай санхүүгийн тайлан болон бизнесийн хүлээлт CAC 40 индексийн өсөлтөд түлхэц болжээ. STOXX Europe 600 индекс ерөнхийд нь тогтвортой өсөлттэй байж, зах зээлийн идэвх нэмэгдсэн байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Японы Nikkei 225 индекс иений сулрал, экспортын эерэг хүлээлтээр өсөлт үзүүлсэн бол Өмнөд Солонгосын KOSPI индекс технологийн салбарын эрчимтэй сэргэлтээр 4.82%-иар хүчтэй өсөв. Хятадын CSI 300 болон Шанхайн SSEC индексүүд технологи, үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгээр эерэг өсөлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн мэдээлэл, гадаад нөхцөл байдлыг анхаарч, болгоомжтой оролцлоо.
⇒ ХЯТАД: ҮНЭТ ЦААСНЫ ОПЦИОН ЗАХ ЗЭЭЛИЙГ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2025 оны 9-р сарын 30-ны өдөр Хятад улс Шанхайн Үнэт цаасны биржээр дамжуулан үнэт цаасны опционы зах зээлийг гадаад хөрөнгө оруулагчдад нээлттэй болгожээ. Энэ алхам нь юанийн хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад илүү татахуйц болгох зорилготой бөгөөд гадаадын институтийн хөрөнгө оруулагчид эрсдэлийг хамгаалах зорилгоор арилжаа хийх боломжтой болсон байна.
Шанхайн бирж дээр одоогоор таван төрлийн “ETF” суурилсан опционы бүтээгдэхүүн арилжаалагдаж байна. Гадаад хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бондын репо зах зээлд оролцоог өргөжүүлэн, өдөр тутмын арилжааны хязгаарыг нэмэгдүүлсэн.
Шанхайд төвтэй төв банкны дижитал юанийн үйл ажиллагааны төвийг нээх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь хөрөнгийн зах зээлийг илүү нээлттэй, олон улсын хөрөнгө оруулагчдад илүү татахуйц болгох алхмууд нь урт хугацаанд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой.
⇒ АНУ: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН ХҮҮГИЙН ХҮЛЭЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2025 оны 9-р сарын 29-нөөс 10-р сарын 3-ны хооронд АНУ-ын хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал давамгайллаа. Конгресс төсвийн хэлэлцээрт тохиролцож чадаагүйгээс засгийн газрын хэсэгчилсэн хаалт үүсэх эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн мэдээллүүд хойшлогдох төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлт саарч, инфляцын түвшин зорилтот 2%-д дөхөж байгаа тул хөрөнгө оруулагчид ирэх “FOMC” хурлаар Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэсэн хүлээлттэй байна. “Bank of America” болон “Goldman Sachs” зэрэг байгууллагууд мөн хүү бууралт энэ оны 10-р сард тохиох магадлал өндөр гэж таамаглажээ.
Гэсэн хэдий ч зарим Төв банкны удирдлагууд инфляц бүрэн хяналтад ороогүй хэмээн болгоомжлох байр суурь илэрхийлэв. Хэрвээ засгийн газрын хаалт удааширч, ажилгүйдлийн болон инфляцын мэдээллүүд хойшлогдвол зах зээлийн нөхцөл улам эрсдэлд орохыг санууллаа.