Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.22

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.22

Уншсан既読Read 125
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монгол Улсын засгийн газар 2026 онд 3.7 их наяд төгрөгийн өр төлнө.
  • Мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгаллаа.
  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ. 
  • Евро бүс: Инфляц 2.0%-д хүрч, хэлбэлзэл буурч байна. 
  • АНУ: Холбооны нөөцийн систем 2025 онд анх удаа бодлогын хүүг буурууллаа. 
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 7.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8.26 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Премиум Нэксус ХК болон Эм Жи Эл Акуа ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:  

  • Хаан банк ХК-ийн (KHAN) 500 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,300 төгрөгөөр буюу нийт 650 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. 

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 99 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 8,369 төгрөгөөр буюу нийт 829 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. 

  • Премиум Нэксус ХК-ийн (CUMN) 2.5 сая ширхэг үнэт цаас нэгжийн 200 төгрөгөөр буюу нийт 500 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. 

  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 2.2 сая ширхэг үнэт цаас нэгжийн 225 төгрөгөөр буюу нийт 495 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан бөгөөд Top 20 болон MSE A индексүүдийн чиглэл өсөлттэй байлаа.  

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 48,985 +0.002%
MSE A Индекс 18,888 +0.111%
MSE B Индекс 14,529 -0.158%

 

 


⇒ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 

  • Инфляц улсын хэмжээнд 8.8%, Улаанбаатарт 9.8%-д хүрээд байна. Гол өсөлт нь мах, хүнсний ногоо, гурилын үнээс хамаарч байна. 
  • Энэ оны хоёрдугаар сараас хойш инфляц аажмаар буурч байгаа ч нийлүүлэлтийн хязгаар, импортын өртөг нэмэгдэж буй нь эрсдэл дагуулж байна. 
  • Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагаст 5.6%-д хүрсэн бөгөөд гол хөшүүрэг нь хөдөө аж ахуй байлаа. Харин хоёрдугаар хагаст зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэх болон шинэ төслүүдийн хэрэгжилтээр өсөлт үргэлжлэхээр байна. 

Хүүг тогтвортой хадгалсан нь эдийн засгийн өсөлт, инфляцын эрсдэл хоёрын тэнцвэрийг хадгалах зорилготой алхам гэвч богино хугацаанд зээлжих өртөг буурахгүй тул хөрөнгө их шаарддаг салбаруудад дарамт үүсгэж болзошгүй. 

 


⇒ ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСАН ҮЗҮҮЛЭЛТ 

Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны мэдээллээр төгрөгийн ам.доллар, евро, рубль, юаньтай харьцах сарын дундаж ханшийн өөрчлөлт нь Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд, ялангуяа гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн нөхцөл байдалтай нягт уялдаж байна.  

  • Монголбанкны мэдээлснээр 2025 оны наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3592.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 211.2 төгрөгөөр, өмнөх сараас 7.3 төгрөгөөр суларсан байна. 
  • Еврогийн эсрэг төгрөгийн дундаж ханш 4178.96 төгрөг болж, жилийн хувьд 454.9 төгрөгөөр суларсан ч өмнөх сараас 13.1 төгрөгөөр чангарсан байна. 
  • Рублийн эсрэг ханш 44.88 төгрөг болж, жилийн хувьд 7 төгрөгөөр суларсан ч сарын дүнгээр 0.4 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй гарлаа. 
  • Юаньтай харьцах дундаж ханш 500.67 төгрөг болж, жилийн хувьд 28 төгрөгөөр, сарын хувьд 0.8 төгрөгөөр суларсан байна. 

Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд валютын эрсдэлийг онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байна. 

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2025 оны 9-р сарын 15-наас 21-ний өдрүүдэд дэлхийн гол хөрөнгийн зах зээлүүдийн ихэнх нь өсөлттэй байв. АНУ-ын Холбооны Нөөцийн Систем бодлогын хүүг бууруулсан нь зах зээлд эерэг дохио өгч, технологийн хувьцаануудын өсөлтийг тэргүүлэв. Европт улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдалтай уур амьсгал давамгайлж, энэ нь хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлсөн бол, Азийн зах зээлүүд бодлогын дэмжлэг, экспортын хүлээлтээр дэмжигдсэн өсөлттэй байлаа. Харин Хятадад зарим салбаруудын гүйцэтгэл сул гарсан нь болгоомжлолыг хадгалсан хэвээр байна. 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.92%
  • Dow Jones: +1.02%
  • Nasdaq: +1.75%

Холбооны Нөөцийн Системийн хүүгийн бууралтын дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд өөдрөг уур амьсгал давамгайлав. Технологийн салбарын идэвхжил нэмэгдэж, ажилгүйдлийн статистик зарим талаар саарсан нь мөнгөний бодлогын дараагийн чиг хандлагад эерэг хүлээлт үүсгэв.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: -0.33%
  • DAX 40 (Герман): -0.61%
  • CAC 40 (Франц): +0.07%

Европын хөрөнгийн зах зээлд энэ долоо хоногт сөрөг хандлага давамгайллаа. Төв банкны шийдвэрээс хойших макро үзүүлэлтүүдийн эргэлзээ, ялангуяа Германд үйлдвэрлэл болон бизнест итгэх үзүүлэлтүүд хүлээлтээс доогуур гарсан нь DAX 40 индексийн уналтад нөлөөлсөн. Францын CAC 40 харьцангуй тогтвортой байсан ч бүс нутгийн түвшинд тодорхой бус байдал давамгайлсан хэвээр байна. 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.54%
  • KOSPI: +1.10%
  • CSI 300: : -0.73%

Азийн зах зээлүүд энэ долоо хоногт ерөнхийдөө өсөлттэй байсан ч, гүйцэтгэл нь бүс нутаг бүрт ялгаатай байв. Японд Nikkei 225 индекс иений ханшийн сулрал болон бизнесийн итгэлийн эерэг үзүүлэлтээр дэмжигдсэн бол, Өмнөд Солонгост KOSPI технологийн салбарын идэвхжилээр өслөө. Харин Хятадын CSI 300 индекс үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал, макро эдийн засгийн тодорхойгүй байдлаас шалтгаалан бууралттай байв. 

 


  ЕВРО БҮС: ИНФЛЯЦ 2.0%-Д ХҮРЧ, ХЭЛБЭЛЗЭЛ БУУРЧ БАЙНА.

Евро бүсийн хэрэглээний үнийн индекс (CPI) 2025 оны наймдугаар сард жилийн дүнгээр 2.0%-иар өссөн нь Европын Төв Банк (ECB)-ын инфляцын зорилтот түвшинд бүрэн нийцэж байна. Шинэ тоо баримт нь инфляцын дарамт суларч, үнийн өсөлт тогтворжиж эхэлж буйн дохио болж байгаа бөгөөд 2022–2024 оны хооронд үргэлжилсэн огцом хэлбэлзлээс зах зээл аажмаар ангижирч буйг илтгэж байна. 

Уг мэдээлэл нь ECB 9-р сарын хурлаараа бодлогын хүүг өөрчлөлгүй хадгалах шийдвэр гаргасны дараахан нийтэд хүрч байгаа бөгөөд инфляц зорилтот түвшинд дөхөж буй нь мөнгөний бодлогын үр нөлөө илэрч эхэлж байгааг харуулж байна. Эдийн засгийн идэвх сул хэвээр байгаа ч инфляцын чиг хандлага дунд хугацаанд тогтворжих хүлээлтийг бэхжүүлж байна. 

Монгол улсын хувьд, Евро бүсийн инфляц тогтворжиж, үнийн өсөлт нам түвшинд шилжсэн нь Европын зах зээлд экспорт хийх нөхцөлд эерэг хүлээлт үүсгэх боломжтой. Мөн евротой харьцах ханш харьцангуй тогтвортой хэвээр байснаар импортын бүтээгдэхүүний өртөг хэлбэлзэх эрсдэл буурч, валютын зах зээлийн тодорхой бус байдал саарахад хувь нэмэр оруулах боломжтой юм. 

 


⇒  АНУ: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН СИСТЕМ 2025 ОНД АНХ УДАА БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЛАА. 

Холбооны Нөөцийн Систем 2025 онд анх удаа бодлогын хүүг бууруулж, зорилтот хүүгийн түвшинг 4.25%-4.00% болголоо. Тус шийдвэр нь хөдөлмөрийн зах зээлийн тодорхой бус байдал, ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байгаатай зэрэгцэн, инфляцын түвшин буурах чиг хандлага ажиглагдаж байгаа ч одоогоор зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байгаатай уялдан гарсан талаар төв банкнаас мэдээлэв. Үүний зэрэгцээ, үйлдвэрлэл болон хэрэглээний үзүүлэлтүүд сул хэвээр байгаа нь мөн энэ удаагийн шийдвэрт нөлөөлсөн гэж тайлбарласан байна. 

Холбооны Нөөцийн Системийн албан мэдэгдэлд дурдсанаар, цаашид 2025 оны эцэс гэхэд бодлогын хүүг нийт 0.50 нэгж хувиар бууруулах боломжтойг илэрхийлжээ. Эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч, “зөөлөн буулт” хийх замаар инфляцыг зорилтот түвшинд хүргэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлахыг зорьж байгааг онцолсон байна. 

Монгол улсын хувьд, АНУ-ын бодлогын хүүгийн бууралт нь ам.долларын ханшид бууралт үзүүлэх, олон улсын санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө татах өртөг багасах зэрэг эерэг нөлөөлөлтэй байж болзошгүй. Энэ нь Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээний дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтын нөхцөл сайжрах боломжийг нэмэгдүүлэх юм. Гэсэн ч, АНУ дахь инфляц зорилтот түвшнээс өндөр хадгалагдсаар байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг үргэлжлүүлэн хадгалах үндсэн шалтгаан хэвээр буйг харуулж байна.