Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.29

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.09.29

Уншсан既読Read 60
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын Хөрөнгийн Биржийн тойм. 
  • Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 0.3%-иар өсөв. 
  • Төгрөгийн хадгаламж 23 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 13.9 % өсжээ. 
  • Уул уурхайн салбарын стратеги ба арилжааны төлөв. 
  • Мөнгөний ханш сүүлийн 14 жилд анх удаа унц нь $45 давлаа. 
  • Азийн эмийн компаниудын хувьцааны уналт. 
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм. 

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 18.39 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14.58 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Ард кредит ББСБ ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Премиум Нэксус ХК, Инвескор ББСБ ХК болон Хаан банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал: 

  • Премиум Нэксус ХК-ийн (CUMN) 2.4 сая ширхэг үнэт цаас нэгжийн 210 төгрөгөөр буюу нийт 505 сая төгрөгөөр; 
  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 53.7 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 8,160 төгрөгөөр буюу нийт 438 сая төгрөгөөр; 
  • Ард кредит ББСБ ХК-ийн (ADB) 9.14 сая ширхэг үнэт цаас нэгжийн 90 төгрөгөөр буюу нийт 822 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээр “Top 20” индекс 49,059 нэгж болж, өмнөх долоо хоногоос -0.045% буурсан байна. Харин MSE A индекс 19,147 нэгжид хүрч 1.487%-иар өссөн бол MSE B индекс 14,636 нэгжид хүрч 0.257%-иар нэмэгдлээ.  

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 49,059 -0.045%
MSE A Индекс 19,147 +1.487%
MSE B Индекс 14,636 +0.257%

 

 


⇒ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ ӨСЛӨӨ. 

2025 оны эхний 8 сард аж үйлдвэрийн борлуулалт 34 их наяд төгрөг хүрч, өмнөх оныхоос 0.3%-иар өсөв. Боловсруулах салбар 13%-ийн өсөлттэй гарсан бол нүүрс, газрын тос, алт зэрэг олборлолт буурсан. Харин зэс, төмрийн хүдэр, жоншны баяжмалын борлуулалт өссөн нь эерэг нөлөө үзүүлэв. 

2028 он хүртэл хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон төсөл эхэлж байна: 

  • Газрын тос боловсруулах үйлдвэр (дотоодын хэрэгцээний 55% хангана). 
  • Зэс боловсруулах цогцолбор (жилд 125,500 тн зэс үйлдвэрлэнэ). 
  • Ган болон нүүрс-химийн цогцолборууд. 

Эдийн засаг уул уурхайгаас хамаарал өндөр хэвээр байгаа ч нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл болон боловсруулах салбарын төслүүд нь зах зээлийг төрөлжүүлэх боломжтой. Төслүүдийн амжилттай хэрэгжилт нь хөрөнгө оруулалтын баталгаа, дэд бүтцийн чадвар, ажиллах хүчний чадавх, эрсдэл менежментээс шалтгаална. 

 


⇒ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ НЭМЭГДЛЭЭ. 

2025 оны наймдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 23 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 13.9 % өсжээ

  • Хадгаламжийн нийт хэмжээнд иргэдийн хадгаламж 87%, аж ахуйн нэгжийн хадгаламж 13%-ийг эзэлж байна.  
  • Мөн валютын хадгаламж 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 923.1 тэрбум төгрөгөөр (20.5 %) нэмэгдсэн байна.  
  • Харин бэлэн мөнгөний эргэлт өмнөх сартай харьцуулахад 24.1 тэрбум төгрөгөөр (1.9 %) буурч, 1.2 их наяд төгрөг болжээ. 

Энэ өсөлт нь иргэд, байгууллагуудын санхүүгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байгаа ч валютын хадгаламжийн өсөлт, бэлэн мөнгөний бууралт нь мөнгөний хэрэглээ, хөрвөх чадварт нөлөөлөх эрсдэлтэй.

 


⇒ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТРАТЕГИ БА АРИЛЖААНЫ ТӨЛӨВ. 

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны 2024–2028 оны уул уурхайн стратегийн дагуу Монголын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хариуцлагатай олборлолт, байгаль орчны стандартад нийцсэн төслүүдэд чиглэх хандлагатай. 

2025 оны есдүгээр сарын байдлаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа тогтвортой өсөлттэй байгаа ч олон улсын зах зээлийн хэлбэлзэл, дотоодын зардал, дэд бүтцийн хязгаарлалтууд тодорхой эрсдэл дагуулж байна. 

  • Судалгаагаар Монголын уул уурхай нь ДНБ-ийн ~27 %, улсын төсвийн орлогын ~19 %-ийг бүрдүүлдэг стратегийн салбар. 
  • Өмнөх 14 төслийн үнэлгээнд тал хувь нь санхүүгийн хүндрэлд орж, гол шалтгаан нь үнэ хэлбэлзэл, логистикийн асуудал, санхүүгийн тогтворгүй байдал байсан нь анхаарал татаж байна. 
  • Шинэ стратегид нүүрсний төслүүдийг хязгаарлаж, зэс, төмөр, жонш зэрэг “ногоон шилжилтэд” шаардлагатай түүхий эдийг түлхүү дэмжихээ илэрхийлжээ. 
  • Мөн дэд бүтэц, эрчим хүч, орон нутгийн оролцоо, засаглалын ил тод байдлыг сайжруулахад хөрөнгө оруулалт чиглүүлэхийг онцолсон байна. 

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2025 оны 9-р сарын 22-наас 28-ний өдрүүдэд хөрөнгийн зах зээл нийтдээ огцом өөрчлөлтгүй тогтуун боловч өсөлт бууралт хосолсон чиг хандлагатай байлаа. АНУ-д Холбооны Нөөцийн Сангийн дараагийн шийдвэртэй холбоотой тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн бол Европт эдийн засгийн эерэг дохио индексүүдийг дэмжсэн байна. Азид зах зээлийн гүйцэтгэл ялгаатай гарсан бөгөөд Өмнөд Солонгост технологийн салбарын уналт давамгайлсан бол Япон, Хятадын зах зээл өсөлттэй байсан юм.  

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.16%
  • Dow Jones: +0.09%
  • Nasdaq: -0.34%

АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх технологийн салбарын сул үзүүлэлт нь Nasdaq индексийн уналтад нөлөөлсөн бол голлох томоохон компаниудыг хамарсан S&P 500 индекс бага зэрэг бууралттай хаагджээ. Харин уламжлалт үйлдвэрлэл, үйлчилгээний салбар давамгайлдаг Dow Jones маш бага хэмжээний өсөлт үзүүлсэн байна. Инфляц болон Холбооны Нөөцийн мөнгөний бодлогын ирээдүйн таамаглалууд хөрөнгө оруулагчдын стратегид голлон нөлөөлсөөр байгаа харагдаж байна. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: +0.02%
  • DAX 40 (Герман): +0.73%
  • CAC 40 (Франц): +0.29%

Европын зах зээл харьцангуй өсөлттэй долоо хоногийг үджээ. Германд үйлдвэрлэлийн идэвх, бизнесийн хүлээлтийн зарим үзүүлэлт эерэг гарсан нь DAX 40 индексийн өсөлтийг дэмжсэн байна. Францад CAC 40 компаниудын таатай санхүүгийн тайлан, бизнесийн хүлээлтүүд өсөлтөд түлхэц болж, эерэг үр дүнг үзүүлэв. Гэвч STOXX Europe 600 индекс ерөнхийд нь тогтвортой хэвээр байсан ч Европ дахь улс төрийн маргаан, засаглалын тодорхойгүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хадгалсан хэвээр байв. 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +0.36%
  • KOSPI: -2.25%
  • CSI 300: : +0.84%

Японд иений ханшийн сулрал болон экспортын эерэг хүлээлт Nikkei 225-ийг өсөлтөд хүргэжээ. Нөгөө талаар Өмнөд Солонгост 9-р сарын 22-нд технологийн салбарын хувьцааны өсөлт индексийг түүхэн дээд түвшинд хүргэсэн ч хөрөнгө оруулагчид ашиг олох зорилгоор хувьцаагаа зарж эхэлсэн нь индексийн үнийг буурахад нөлөөлжээ. Мөн хөрөнгө оруулагчид гадаад нөхцөл байдал, макро эдийн засгийн мэдээлэлд анхаарлаа хандуулж, болгоомжтой хандаж эхэлсэн байна. БНХАУ-д технологийн компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийн, технологийн салбарын өсөлтийг дэмжиж байгаа нь CSI 300 индексийг эерэг гарахад нөлөөлжээ. 

 


  МӨНГӨНИЙ ХАНШ СҮҮЛИЙН 14 ЖИЛД АНХ УДАА УНЦ НЬ $45 ДАВЛАА.

2025 оны 9-р сарын 25-ны өдөр мөнгөний ханш 2.9%-иар өсөж, нэг унцын үнэ 45 ам.долларын босгыг давсан нь сүүлийн 14 жилийн хугацаанд үзэгдээгүй дээд түвшин болж байна. Энэ өсөлт нь АНУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдал болон дэлхийн геополитикийн хурцадмал нөхцөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид уламжлалт "аюулгүй хөрөнгө" болох алт, мөнгө рүү хөрөнгөө шилжүүлж байгаагийн шууд илрэл юм. 

Үүний дараа, 9-р сарын 26-ны Баасан гарагт мөнгөний ханш дахин 1.9%-иар өсөж 46.053 ам.доллароор хаагдсан ба ингэснээр он гарснаас хойш мөнгөний ханш нийтдээ 56%-иар өсөөд байна. 

Мөнгөний үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсээс: 

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын зөөлрөлт болон хүү буурах хүлээлт, 
  • Долларын ханшийн сулрал, 
  • Сэргээгдэх эрчим хүч болох нарны эрчим хүчний салбарт мөнгөний эрэлт тогтмол нэмэгдэж буй байдал гэх мэт макро болон салбарын хүчин зүйлүүдийг шинжээчид онцолжээ. 

 


⇒   АЗИЙН ЭМИЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-р сарын 1-нээс эхлэн АНУ-д үйлдвэргүй гадаадын брэндийн эм үйлдвэрлэгч компаниудад 100%-ийн тариф ногдуулах төлөвлөгөөг зарласны дараа Азийн эмийн компаниудын хувьцаа огцом унасан байна. 

Тус мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй байдал үүсгэж, эмийн салбарын томоохон компаниудын гүйцэтгэлд дарамт үзүүлжээ. 

  • Японд Sumitomo Pharma компанийн хувьцаа 4.3%-иар буурч, Otsuka Holdings болон Daiichi Sankyo зэрэг бусад эм үйлдвэрлэгчид ч уналттай байлаа. 
  • Австралийн CSL компанийн хувьцаа зургаан жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар тариф нь голчлон брэндийн эм бэлдмэлүүдэд чиглэж байгаа бөгөөд Хятад, Энэтхэгийн дийлэнх компаниуд голдуу generic (ерөнхий нэрийн) эм үйлдвэрлэдэг тул тэдгээрт шууд эрсдэл харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч тарифын бодлого хэрхэн хэрэгжихээс шалтгаалан зах зээлд богино хугацааны савлагаа үргэлжлэх төлөвтэй байна гэж үзжээ. 

Ирээдүйд олон улсын томоохон эмийн компаниуд АНУ-д үйлдвэр байгуулах замаар тарифын дарамтыг зөөлрүүлэх боломжтой ч ийм төслүүдийн хэрэгжилтэд олон жил шаардагдах учраас богино хугацаанд салбарын хувьд тодорхой бус байдал давамгайлах хандлагатай байна.