
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 8.06 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 6.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр дүнгээр Хаан банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Голомт банк ХК, Инвескор ББСБ ХК болон Таван толгой ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлийн ихэнх голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. MSE A индекс 9.72%-ийн өсөлтөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байж, 24,429.44 нэгжид хүрсэн бол TOP 20 индекс 9.59%-иар өсөж 63,412.07 нэгжид, MSE B индекс 0.68%-иар өсөж 15,264.75 нэгжид тус тус хүрсэн байна. Харин FTI индекс 0.49%-иар буурч, 1,066.82 нэгж болсон үзүүлэлттэй гарлаа.
Индексүүдийн өсөлтөөс харахад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын идэвх, худалдан авах сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа MSE A болон TOP 20 индексүүд өндөр өсөлт үзүүлсэн нь зах зээлийн үнэлгээ өндөр, хөрвөх чадвар сайтай компаниудын хувьцаанд эрэлт нэмэгдсэнийг илтгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь банк, санхүүгийн салбарын хувьцаа болон уул уурхайн компаниудын өсөлт ихээхэн нөлөөлсөн ба TOP 20 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Таван толгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ ердөө нэг долоо хоногийн хугацаанд 37.7%-иар огцом өсөж, зах зээлийн үнэлгээ нь ₮3.16 их наяд-д хүрснээр ХААН Банкны (KHAN) дараа орох Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болжээ. MSE B индекс харьцангуй бага буюу 0.68%-ийн өсөлттэй байсан нь дунд болон бага үнэлгээтэй хувьцаануудын хөдөлгөөн тогтвортой байсныг харуулж байна.
Харин FTI индексийн 0.49%-ийн бууралт нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэлгээнд бага хэмжээний дарамт үүссэнийг илэрхийлж байгаа хэдий ч нийт зах зээлийн чиг хандлага эерэг хэвээр байлаа.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 63,412.07 | +9.59% |
| MSE A Индекс | 24,429.44 | +9.72% |
| MSE B Индекс | 15,264.75 | +0.68% |
| FTI Индекс | 1,066.82 | -0.49% |
⇒ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ОРЛОГООС НОГДУУЛАХ АРАХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 2040 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан бонд, хувьцаа болон бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг 2029 он байсныг 2040 он хүртэл сунгасан байна.
Тодруулбал:
Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулах таатай татварын орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын хувьд үнэт цаасны хөрөнгө оруулалтын өгөөжид эерэг нөлөө үзүүлэх боломжтой болж байна.
⇒ МОНГОЛБАНК 8 ДУГААР САРД 3.1 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
Монголбанкны мэдээлснээр 2026 оны 8 дугаар сард нийт 3,058.0 кг буюу 3.1 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр 2026 оны эхнээс өссөн дүнгээр Монголбанк тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.4%-иар өссөн бөгөөд эхний найман сарын дүнгээр сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ. 8 дугаар сард Монголбанкны 1 грамм алт худалдан авсан дундаж үнэ 507,274.76₮.
⇒ “DBM БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ
Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн нийтэд санал болгож буй “DBM бонд” (Транч 1)-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2026 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр дамжин явагдаж байна.
Хөрөнгө оруулагч та 10:00-13:00 цагийн хооронд захиалгаа өгөх боломжтой бөгөөд арилжаанд оролцохыг хүсвэл Эм Ай Си Си ҮЦК ХХК-аар дамжуулан захиалга өгч, оролцох боломжтой.
Бондын үндсэн нөхцөл
Захиалга авах хугацаа: 2026.09.07-2026.09.09
Арилжаа явагдах цаг: 10:00-13:00
“DBM бонд”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэт цаасны танилцуулгатай танилцаж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана уу. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө үнэт цаасны нөхцөл, эрсдэлийг сайтар судална уу.
⇒ БОГД БАНКНЫ ТОЛГОЙ КОМПАНИ NYSE AMERICAN-Д IPO ХИЙХЭЭР SEC-Д БҮРТГЭЛИЙН МАТЕРИАЛАА ХҮРГҮҮЛЛЭЭ
Монголын Богд Банкны толгой компани болох Bogd FT Limited нь Нью-Йоркийн NYSE American биржид “BOGD” тикерээр хувьцаагаа олон нийтэд санал болгохоор АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-д бүртгэлийн материалаа хүргүүлжээ. Тус компани 6.25 сая ширхэг хувьцааг $4–$6-ийн үнээр санал болгож, нийт $25–37.5 сая хүртэлх хөрөнгө татахаар төлөвлөж байна.
IPO-оос төвлөрүүлэх хөрөнгийн ойролцоогоор 70%-ийг зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд, үлдсэн хэсгийг технологийн хөрөнгө оруулалт болон борлуулалтын сувгаа тэлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсаас гадна Казахстан, Узбекистаны зах зээлд дижитал болон жижиг зээлийн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. АНУ-д AI болон технологийн хувьцаанууд зах зээлийг дэмжсэн ч хүчтэй ажил эрхлэлтийн мэдээлэл болон инфляцын эрсдэл ХНС-ийн хүүгийн төлөвт тодорхой бус байдал нэмэгдүүлэв. Европын зах зээлд нефтийн үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлсэн бол Азид технологийн хувьцааны хөдөлгөөн болон төв банкуудын бодлогын хүлээлт гол нөлөө үзүүлэв. Нийт зах зээлийн хувьд нефтийн үнэ, инфляц, Treasury-ийн өгөөж, төв банкуудын бодлого болон геополитикийн эрсдэл хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хандлагыг тодорхойлсон гол хүчин зүйлс байлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зах зээл холимог боловч технологийн хувьцааны дэмжлэгээр бага зэрэг өсөж, Nasdaq 0.52%, S&P 500 0.27%-иар нэмэгдсэн бол Dow Jones 0.09%-иар буурлаа. AI болон технологийн хувьцааны эрэлт зах зээлийг дэмжсэн хэвээр байсан ч нефтийн үнийн өсөлт, инфляцын дарамт болон засгийн газрын бондын өндөр өгөөж хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлэв. Долоо хоногийн эцэст АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан хүлээлтээс хүчтэй гарснаар 9 дүгээр сард ХНС хүү өсгөх магадлал нэмэгдэж, 2 жилийн засгийн газрын бондын өгөөж 4.42%-д хүрсэн нь 2025 оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин байлаа.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын зах зээл өнгөрсөн долоо хоногт сул үзүүлэлттэй байж, STOXX Europe 600 0.73%, DAX 40 1.58%, CAC 40 1.50%-иар буурсан бол FTSE 100 0.39%-иар өсөв. Ойрх Дорнодын нөхцөл байдал болон нефтийн үнийн өсөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, Европын төв банкуудын бодлогын хүүг өндөр түвшинд удаан хадгалах эрсдэлийг нэмэгдүүлсэн нь зах зээлд сөргөөр нөлөөлөв. Үүний зэрэгцээ Volkswagen-ийн бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө зэрэг компанийн түвшний эерэг мэдээ зарим хувьцааг дэмжсэн ч бүс нутгийн индексүүд долоо хоногийн дүнгээр буурсан байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн зах зээлүүд мөн холимог хөдөлгөөнтэй байсан бөгөөд KOSPI 1.11%-иар өсөж, Nikkei 225 0.99%, CSI 300 0.31%-иар буурсан бол Shanghai Composite 0.09%-иар бага зэрэг нэмэгдэв. Өмнөд Солонгосын зах зээл долоо хоногийн сүүлээр технологийн хувьцааны өсөлтөөр сэргэж, KOSPI нэг өдрийн дотор 1.1%-иар нэмэгдсэн боловч долоо хоногийн нийт гүйцэтгэл сул хэвээр байлаа. Японд Nikkei буурсан ч иений ханш чангарч, Японы Төв банкны хүү нэмэгдүүлэх хүлээлт нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв.
⇒ ТРАМП ХНС-Г ХҮҮГ БУУРУУЛАХЫГ ШААРДАЖ, ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛТАЙ УЛСУУДТАЙ ХУДАЛДААГ ЗОГСООХООР АНХААРУУЛАВ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9 дүгээр сарын 4-нд Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ бууруулахыг дахин шаардаж, хүү буурахгүй бол АНУ худалдааны алдагдалтай байгаа улс орнуудтай хийх худалдааг зогсоож болзошгүй гэж мэдэгдэв. Тэрээр Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ өндөр хүү АНУ-д бусад оронтой харьцуулахад өрсөлдөөний сул тал үүсгэж байна гэж үзэж, АНУ дэлхийн хамгийн бага хүүтэй байх ёстой гэж мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдэл АНУ-ын 8 дугаар сарын ажил эрхлэлтийн тайлан гарсан өдөртэй давхцав. Тус тайлангаар 162,000 ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.1%-д хэвээр үлдсэн нь хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс хүчтэй байгааг харуулсан байна. Тайлангийн дараа зах зээлд ХНС 9 дүгээр сард бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдсэн бөгөөд 2 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.37%-д хүрсэн байна.
Тус мэдэгдэл нь мөнгөний болон худалдааны бодлогын тодорхой бус байдлыг зэрэг нэмэгдүүлж байна. ХНС-ийн мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл гэсэн хуульд заасан зорилтуудад тулгуурладаг бөгөөд улс төрийн богино хугацааны нөлөөллөөс хараат бус шийдвэр гаргах зарчимтай.
Хэрэв худалдааны хязгаарлалт нэмэгдвэл импортын үнэ болон нийлүүлэлтийн зардлаар дамжин инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ ХНС-ийн хүүгийн талаарх улс төрийн дарамт нэмэгдэх нь төв банкны бодлогын хараат бус байдал болон зах зээлийн хүлээлтэд нөлөөлөх эрсдэл дагуулж байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд, хөрөнгө оруулагчдын анхаарал ХНС-ийн 9 дүгээр сарын 15–16-ны хурлын өмнөх инфляцын мэдээлэл, Засгийн газрын бондын өгөөж болон Трампын худалдааны бодлогын дараагийн алхамд төвлөрч байна.
⇒ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨРГӨЖИЖ, NVIDIA ЭКОСИСТЕМ ДЭХ НӨЛӨӨГӨӨ ТЭЛЖ БАЙНА.
Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалт чип болон дата төвөөс давж, тооцоолох хүчин чадал, санхүүжилт болон программ хангамжийн экосистемийг хамарсан өргөн хүрээнд тэлж байна. Boston Consulting Group-ийн тооцоолсноор 2026–2030 онд хиймэл оюуны дэд бүтцэд нийт $3.6 их наяд хүртэлх хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ нь дэд бүтцийн санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийн эрэлтийг нэмэгдүүлж байна.
Үүний нэг томоохон жишээ нь NVIDIA-ийн санхүүжилтийн санаачилга юм. Тус компани Apollo, BlackRock, Blackstone, Brookfield, Goldman Sachs болон KKR-тай хамтран хиймэл оюуны дэд бүтцийн санхүүжилтийн платформ байгуулахаар болж, урт хугацаанд $500 тэрбумаас дээш гуравдагч талын хөрөнгө татах зорилт тавьсан. NVIDIA-ийн мэдээлснээр уг платформууд нь дата төв болон тооцоолох хүчин чадлыг урт хугацааны институцийн хөрөнгө оруулалтад тохирох хөрөнгө оруулалтын ангилал болгон хөгжүүлэхэд чиглэж байна. NVIDIA мөн хиймэл оюуны экосистем дэх байр сууриа өргөжүүлж, AI загвар, өгөгдлийн сан болон хөгжүүлэлтийн хэрэгслээр хангадаг Hugging Face-ийг $12.93 тэрбумаар худалдан авах гэрээ байгуулсан. Хэлцэл 2027 оны эхний хагаст хаагдахаар төлөвлөгдсөн байна.
Үүний зэрэгцээ CME Group болон Intercontinental Exchange (ICE) GPU-ийн түрээсийн үнэ болон тооцоолох хүчин чадалтай холбоотой фьючерс бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа нь хиймэл оюуны дэд бүтцийн үнийн болон санхүүжилтийн эрсдэлийг удирдах шинэ боломж бүрдүүлэхээр байна.
Ийнхүү хиймэл оюуны хөрөнгө оруулалтын мөчлөг чипээс дата төв, институцийн санхүүжилт болон программ хангамж руу өргөжиж байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр ирээдүйн орлого, өгөөж болон өндөр үнэлгээг зөвтгөх чадвар нь хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд хэвээр байна.
⇒ НЕФТИЙН ҮНЭ ӨСӨЖ, ОРМУЗЫН ХООЛОЙН ТЭЭВРИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЭВ.
АНУ, Ираны хоорондын мөргөлдөөн дахин хурцдаж, Ормузын хоолой орчимд нефтийн танкеруудтай холбоотой халдлага гарснаар дэлхийн нефтийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж байна. 9 дүгээр сарын 7-ны байдлаар Brent нефтийн үнэ $96.80/баррель, WTI $92.14/баррель хүрсэн бөгөөд өмнөх долоо хоногт Brent 7.8%, WTI 10%-иар тус тус өссөн байна.
АНУ-ын тал бямба гарагт Ираны гурван нефтийн танкерт цохилт өгсөн бол Ираны Хувьсгалт гвардийн тэнгисийн хүчин мөн хэд хэдэн хөлөг онгоцыг онилсон гэж мэдээлсэн. Үүний зэрэгцээ Kpler-ийн мэдээллээр сүүлийн 10 хоногт Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 10 түүхий эдийн хөлөг нэвтэрсэн нь тавдугаар сараас хойших хамгийн бага түвшин болжээ.
Ормузын хоолойгоор мөргөлдөөн эхлэхээс өмнө дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг дамждаг байсан тул тээврийн хөдөлгөөн хэвийн бус хэвээр үргэлжилбэл нийлүүлэлтийн эрсдэл болон үнийн дарамт нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ OPEC+ 10 дугаар сарын олборлолтын бодлогодоо өөрчлөлт оруулаагүй байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд, нефтийн үнэ $100/баррельд ойртох нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төв банкуудын мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжид нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс зах зээлийн анхаарал нефтийн үнээс гадна Ормузын хоолой дахь тээврийн хөдөлгөөн болон нийлүүлэлтийн нөхцөл цаашид хэрхэн өөрчлөгдөхөд төвлөрч байна.