
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 18.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 12.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК, Премиум Нэксус ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 5 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 2.25%-иар өсөж 52,527.04 нэгжид хүрсэн нь зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудын эрэлт нэмэгдсэнийг илэрхийлэв. MSE A индекс мөн өсөлттэй хаагдсан нь дунд ангиллын компаниудын хувьцаанд худалдан авах идэвх хадгалагдаж байгааг харууллаа. Харин MSE B индекс бага зэрэг буурсан нь жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд ашиг авалт ажиглагдсаныг илтгэж байна. Үүний зэрэгцээ FTI индекс 2.83%-иар буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ дарамтад орсныг харуулжээ.
Нийт дүнгээр зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч, харин жижиг үнэлгээтэй компаниуд болон хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдэд сонгомол арилжаа давамгайлсан дүр зураг ажиглагдлаа.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 52,527.04 |
+2.25% |
| MSE A Индекс | 19,985.68 | +0.94% |
| MSE B Индекс | 14,170.14 | -0.18% |
| FTI Индекс | 1,027.63 | -2.83% |
⇒ МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12%-Д ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Төв банк энэхүү шийдвэрийг инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа ч үнийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйлсээс үүдэлтэй, харин дотоод эдийн засгийн эрэлт болон уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаатай холбон тайлбарлав.
Монголбанк сүүлийн саруудад инфляц эрчимжихэд шатахуун болон хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Харин суурь инфляц харьцангуй тогтвортой, дотоод эрэлтийн дарамт хүчтэй нэмэгдээгүй байгаа тул инфляцын өнөөгийн өсөлтийг түр зуурын шинжтэй гэж үнэлжээ. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт саарахтай зэрэгцэн инфляц дунд хугацаанд зорилтот түвшин рүү аажмаар буурна гэсэн хүлээлттэй байгаа ч Ойрх Дорнод болон ОХУ–Украины мөргөлдөөн, цаг агаарын нөхцөл байдал, малын халдварт өвчин зэрэг геополитик болон нийлүүлэлтийн эрсдэлүүд үнийн дарамтыг хүлээлтээс удаан хугацаанд хадгалах боломжтойг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь Монголын экспортын төлөвт эерэгээр нөлөөлж байгаа бол алт, зэсийн дэлхийн зах зээлийн өндөр үнэ худалдааны нөхцөлийг дэмжиж байгаа ч эрчим хүчний үнийн өсөлт дэлхийн инфляцын дарамтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эрсдэл хэвээр байгааг Монголбанк онцоллоо.
Хөрөнгийн зах зээлийн хувьд бодлогын хүүг хэвээр хадгалсан нь мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах дохио болж байна. Гэвч инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул санхүүжилтийн өртөг ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Цаашдын мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцын өрнөл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарахаар байна.
⇒ УИХ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг эцэслэн баталлаа. Хуулийн өөрчлөлтийн ихэнх заалт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Шинэчилсэн багц хууль нь татварын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, татвар төлөгчдийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн зохицуулалтыг багтааж байна. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татвар төлөгчдийн хууль мөрдөлтийн түвшнийг үнэлэх шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр болсон нь татварын удирдлагыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх алхам болж байна.
⇒ "БАЯНТЭЭГ" ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛНА
"Баянтээг" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 3,960 төгрөгийн нэмэлт ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байна. Нэмэлт ногдол ашиг авах эрх нь 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх хувьцаа эзэмшигчдэд хамаарна. Компани ногдол ашгийг 2026 оны гуравдугаар улиралд багтаан олгохоор төлөвлөжээ.
Хөрөнгийн зах зээлийн хувьд нэмэлт ногдол ашиг хуваарилах шийдвэр нь компанийн санхүүгийн чадавх болон хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээх бодлогыг илэрхийлж байна. Тогтвортой ногдол ашгийн бодлого хэрэгжүүлдэг компаниуд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хадгалах, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг.
⇒ "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 421 дүгээр тушаал, мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/287 дугаар тушаалын дагуу "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэгдсэн 18,334 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд тусган, компанийн нийт бүртгэлтэй хувьцааны тоог 65,356,722 ширхэг болгон шинэчилжээ.
Ийм төрлийн бүртгэлийн шинэчлэл нь хоёр биржийн бүртгэлийн мэдээллийн уялдааг хангах ач холбогдолтой бөгөөд компанийн нийт гаргасан хувьцааны албан ёсны бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд геополитикийн эрсдэл тодорхой хэмжээнд буурсан ч мөнгөний бодлогын тодорхойгүй байдал зах зээлийн гол хөдөлгөгч хүчин хэвээр үлдлээ. Газрын тосны үнэ буурснаар инфляцын эрсдэл намжих эерэг нөхцөл бүрдсэн боловч төв банкууд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах магадлал хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг хязгаарлав. Үүний зэрэгцээ AI-тэй холбоотой өндөр үнэлгээтэй технологийн хувьцаануудын засвар хөдөлгөөн үргэлжилж, хөрөнгө илүү хамгаалалтын салбар болон тогтвортой мөнгөн урсгалтай компаниуд руу шилжих хандлага ажиглагдсан.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэлтэй байлаа. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч инфляцтай тэмцэх байр сууриа хадгалж, шаардлагатай тохиолдолд дахин хүү өсгөх боломжтой гэсэн дохио өгсөн нь өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанд дарамт үзүүлэв. Үүний зэрэгцээ АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн ахиц дэвшил газрын тосны үнийг бууруулж, инфляцын эрсдэлийг хэсэгчлэн намжаасан ч хөрөнгө оруулагчид мөнгөний бодлогын тодорхойгүй байдалд илүү анхаарал хандуулсан хэвээр байлаа. AI салбарын үнэлгээ өндөр хэвээр байгаа талаар болгоомжлол нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын нэг хэсэг технологийн салбараас илүү хамгаалалтын болон үнэ цэнийн хувьцаа руу хөрөнгө шилжүүлэв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан ч улс орон бүрийн гүйцэтгэл ялгаатай байв. АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн талаарх эерэг мэдээлэл эрчим хүчний үнийг бууруулж, Европын инфляцын дарамт саарах хүлээлтийг нэмэгдүүлсэн нь банк, аялал жуулчлал зэрэг салбаруудад дэмжлэг болсон. Харин экспортын чиглэлтэй аж үйлдвэрийн компаниуд дэлхийн өсөлтийн төлөв болон технологийн салбарын сулралтай холбоотойгоор дарамтад оржээ. Хөрөнгө оруулагчид Евро бүсийн инфляцын мэдээлэл болон Европын Төв банкны дараагийн бодлогын чиглэлийг анхааралтай ажигласан хэвээр байлаа.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш хэлбэлзэлтэй байлаа. Өмнөд Солонгосын зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны хүчтэй борлуулалт үргэлжилж, технологийн салбар бүс нутгийн индексүүдийг доош татав. Японд хөрөнгө оруулагчид мөнгөний бодлогын хүлээлт болон иений ханшийн өөрчлөлтийг үнэлж байсан бол Хятадын зах зээл үл хөдлөх хөрөнгийн салбарын сул байдал болон эдийн засгийг дэмжих шинэ бодлогын хүлээлтийн нөлөөн дор арилжаалагдлаа. Ерөнхийдөө бүс нутгийн зах зээлүүд дэлхийн технологийн салбарын савлагаа болон АНУ-ын өндөр хүүгийн орчны эрсдэлийг даган болгоомжтой хандсан хэвээр байв.
⇒ ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУД НЭГЭН ЗЭРЭГ ГҮН УНАЛТАД ОРОВ
Энэ долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл технологийн салбарын уналттай холбоотойгоор эрс цочролд орлоо. Азиас эхэлсэн энэхүү уналт Европ, Уолл Стрит рүү хурдан тархаж, олон хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэвээр байна.
Энэхүү цохилтод хамгийн хүчтэй өртсөн нь Өмнөд Солонгосын зах зээл байсан бөгөөд Samsung болон SK Hynix компанийн хувьцаа 12%-иар буусны улмаас KOSPI индекс нэг өдөрт 10% унаж, энэ нь цаашлаад барууны зах зээлүүд рүү хурдацтай тархав. Европт Stoxx 600 индекс 1% орчим, технологийн дэд индекс 3% буурч, ASMI болон STMicroelectronics хоёул 7%-иар уналаа. АНУ-д Nasdaq 2.21%, S&P 500 1.44%-иар тус тус буурсан бол Walmart, Procter & Gamble, Johnson & Johnson зэрэг технологийн бус компаниудын өсөлт тулгуур болсны ачаар Dow Jones ердөө 0.09%-ийн уналттай байв.
Энэхүү цочрол нь гол хоёр шалтгаантай бөгөөд тэдгээр нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд суурилсан компаниудын бодит байдалтай уялдахцуйц бус хэт өндрөөр үнэлэгдсэн байдал, хоёрдугаарт, АНУ-д зээлийн хүү өсөж болзошгүй тухай мэдээ байлаа. Тодруулбал, технологийн салбарын компаниуд нь их хэмжээний зээлд тулгуурласан хөрөнгө оруулалттай бөгөөд хөрөнгө оруулагчид зээлийн хүү өсөх тусам тухайн салбарын хувьцааг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж болгоомжилсон нь хувьцааны арилжааг эрчимжүүлж нийлүүлэлтийг огцом өсгөсөн байна. Түүнчлэн нөхцөл байдлыг улам хурцатгасан бас нэг хүчин зүйл нь SpaceX-ийн хувьцааны уналт ба уг хувьцааны 6-р сарын 12-нд хөрөнгийн зах зээлд оруулсан анхдагч үнэ нь $150 байсан бол түр хугацаанд $147 хүртлээ унажээ.
Шинжээчдийн олонх нь энэхүү уналтад хэт их санаа зовох шаардлагагүй гэж үзэж байна. Strategy Asset Managers-ийн захирал Том Хулик "зах зээлд мөнгөний урсгал хангалттай байгаа бөгөөд компаниудын ашгийн өсөлт хурдацтай хэвээр байна" хэмээн тайлбарлав. Тиймээс энэхүү үйл явдлыг зах зээл нуран унаж байна гэхээс илүү хэт огцом өсөлтийн дараах түр хугацааны тэнцвэрээ олох үйл явц гэж үзэх нь оновчтой. Цаашлаад удахгүй гарах томоохон компаниудын орлогын тайлан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадах эсэх нь ирээдүйн чиг баримжааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
⇒ АНУ–ИРАН ХЭЛЭЛЦЭЭР ДЭЛХИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДОРГИОВ
2026 оны 2-р сарын 28-нд АНУ болон Израил Иранд хамтарсан агаарын цохилт өгснөөр одоогийн түүхий эдийн хямрал эхэлсэн бөгөөд энэ нь Иран улсыг Ормузын хоолойг хаахад хүргэсэн юм. Олон улсын эрчим хүчний агентлаг энэхүү үйл явдлыг "дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн тасалдал" хэмээн тодорхойлж, 1970-аад оны эрчим хүчний хямралтай зүйрлэсэн. Өөрөөр хэлбэл эдгээр үйл явдлууд нь нийлүүлэлтийн хомсдол, валютын хэлбэлзэл, стагфляц болон эдийн засгийн уналтын эрсдэл нэгэн зэрэг дэгдсэнээрээ ижил төсөөтэй юм. Мөргөлдөөний үеэр брент төрлийн газрын тосны үнэ 50 гаруй хувиар өсөж, нэг баррель нь 120 доллараас давсан нь дэлхийн эдийн засагт томоохон цочролыг үүсгэж, инфляц огцом өсөхөд хүргэсэн билээ.
Олон сарын эрчимтэй олон талт хэлэлцээрийн эцэст 2026 оны 6-р сарын 17-нд Трамп болон Иран улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан "Исломобод тунхаглал"-д гарын үсэг зурсан нь шийдвэрлэх үйл явцад ахиц дэвшил болов. Энэхүү баримт бичигт 60 хоног галыг зогсоох, Ормузын хоолойг нээх, мөн хоёр тал Иран улсын цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээний асуудлыг хэлэлцэн тохиролцох тухай заасан байна. АНУ-ын талаас Ираны боомтуудад тавьсан далайн хориг арга хэмжээг цуцалж, ерөнхийлөгч Трамп "Дэлхийн хөлөг онгоцнууд аа, хөдөлгүүрүүдээ асаа. Нефть урсаг!" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Зах зээл энэхүү үйл явдалд хурдтай хариу үзүүлсэн нь 6-р сарын 13-ны байдлаар АНУ-ын WTI хэмжигдэхүүн 6 хувиар буурсан явдал бөгөөд энэ нь Ормузын хоолойн урсгал бүрэн сэргэнэ гэсэн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ долоо хоногт брент газрын тос нэг баррель нь $74.73 болж буурсан бол алтны үнэ 2025 оны 11-р сараас хойш анх удаа $4,000-оос доогуур буюу 3.4 хувиар унаж $3,978.67 болсон нь долларын ханш бэхжиж, хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байна гэсэн таамаглалаас улбаатай гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч Goldman Sachs банк Ормузын хоолой бүрэн нээгдээгүй тохиолдолд нефтийн үнэ жилийн эцэст $130-оос давж болзошгүйг анхааруулж, үүний гол шалтгаануудаар нөөцийн хангалттай бус байдал болон Персийн булангийн дэд бүтцэд учирсан хохирлыг дурдав. Түүнчлэн Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудал болон Израил Ливан дахь гал зогсоох нөхцөлийг зөрчсөн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь геополитикийн хурцадмал байдал дэлхийн зах зээлд дахин сөргөөр нөлөөлж уналтад оруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.