
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 11.54 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Мик холдинг ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК болон Худалдаа Хөгжлийн банк ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бүгд уналттай хаагдаж, зах зээлийн төлөв харьцангуй тогтвортой хэвээр үргэлжиллээ. ТОР-20 индекс 0.02%-иар буурч 51,347.33 нэгжид хүрсэн бол MSE А индекс 0.80%-иар унаж 19,565.06 нэгжид хаагдсан нь зах зээлийн үнэлгээ өндөртэй компаниудын хувьцааны арилжааны идэвх суларсныг харуулж байна. Харин MSE В индекс хамгийн их уналт болох 0.91%-иар буурч 14,196.18 нэгжид хаагдсан нь жижиг компаниудын хувьцааны хөдөлгөөн харьцангуй идэвхгүй байсныг илтгэлээ. Индексүүдийн хөдөлгөөнөөс харахад уналт бүх сегментэд жигд тархалттай явагдсан байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 51,347.33 |
-0.02% |
| MSE A Индекс | 19,565.06 | -0.80% |
| MSE B Индекс | 14,196.18 | -0.91% |
⇒ БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар 2026 оноос Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 15 сая тонн нүүрс олборлон, үүнээс 10 сая тонныг экспортлох зорилт дэвшүүлээд байcaн билээ. Тус орд нь нийт 424 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 95 хувь нь сул коксжих, үлдсэн 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулж, нэмэлтээр 1 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтын үр дүнд Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн өндөр үнэлгээтэй санал ирүүлж, Бортээгийн ордын менежментийг хариуцан үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран олборлолт явуулахаар болсон байна.
Гэрээний нөхцөлийн дагуу Монголын талд ногдох өгөөж 70 хувь байхаар тооцогдсон бөгөөд эхний таван жилийн хугацаанд нийт 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авах боломж бүрджээ.
Харин сонгон шалгаруулалтад оролцсон БНХАУ-ын Baowu Resources компани 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон 51.7 хувийн өгөөж санал болгосон бол China Energy Materials & Technology Xuzhou 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон ч Монголын талд ногдох өгөөж нь 51 хувь байснаараа онцлог байв.
Гэсэн хэдий ч БНХАУ-тай өмнө байгуулсан урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээний хүрээнд Монгол Улс 16 жилийн хугацаанд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх үүрэг хүлээгээд байгаа нь анхаарал татаж байна. Иймээс тендерийн ялагч нь Монголын төрийн өмчит компани болсон хэдий ч өмнө байгуулсан гэрээний нөхцөлүүдийн улмаас ордын ашиглалтын бодит үр өгөөж буурах, мөн Хятадын тал эдийн засгийн хувьд илүү ашигтай байр суурь эзлэх эрсдэл байсаар байна.
⇒ ТҮҮХИЙ ЭДЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН РҮҮ: "ЦАГААН АЛТ" ХӨТӨЛБӨР ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?
Монголын эдийн засгийн нэг том сул тал бол уул уурхайн салбарт хэт төвлөрсөн байдал юм. Аж үйлдвэрийн салбарын 70 орчим хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд экспортын 86% нь Хятад улс руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт буурах, эсвэл түүхий эдийн үнэ унах бүрд манай эдийн засаг шууд цочирддог. Энэ байдлаас гарахын тулд бусад салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа бөгөөд тэдгээрийн дундаас ноолуурын салбар нь олон талын давуу талтай хамгийн боломжит гаргалгаа юм.
Монгол улс дэлхийн чансаатай ноос ноолуур нийлүүлэгчдийн тоонд багтдаг ч тэрхүү баялгаасаа хангалттай үр ашиг хүртэж чаддаггүй . Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлдэг ба өнгөрсөн жил эдийн засаг 7% өссөн хэдий ч салбарын өсөлт 8.9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш бага буюу 2023 онд ердөө $1.2 саяын хөрөнгө оруулалт татжээ. Хөдөө аж ахуйн экспортын 95% нь ноолуур боловч Монгол улс ноолуурынхаа ердөө 25%-ийг дотооддоо боловсруулдаг ба үлдсэн 75%-ийг түүхий эд хэлбэрээр шууд экспортолдог тул нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олдог ашиг маш бага байдаг. Тэдгээр түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулдаг болсноор жилд нэмэлтээр $1.5 тэрбум хүртэлх орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.
"Цагаан алт" үндэсний хөтөлбөр нь яг энэ дутагдалтай байдлыг засахад чиглэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд ₮2.2 их наядын төсвөөр дараах зорилгуудыг удирдлага болгон ажиллаж байна. Үүнд:
Түүнчлэн төслийн хүрээнд 8,200 гаруй шинэ ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа нь салбарын хувьд томоохон өөрчлөлт юм.
Харин одоогоор хөтөлбөр зорилтот бүлэгт хүрч хэрэгжиж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Санхүүжилтийн 31.2%-ийг улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг банкны зээлээр шийдэхээр төлөвлөсөн байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл авах нөхцөл хязгаарлагдмал байдлыг үүсгэж болзошгүй.
2026 оны 6 дугаар сарын эхний долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өндөр хэлбэлзэлтэй байлаа. Долоо хоногийн эхэнд АНУ болон Азийн зах зээлүүд технологийн салбарын өсөлтөөр түүхэн дээд түвшинд хүрсэн ч сүүлчээр АНУ-ын хүчтэй хөдөлмөрийн тайлангаас шалтгаалан бодлогын хүү өндөр хэвээр байх хүлээлт нэмэгдэж, зах зээл огцом буурлаа. Технологийн хувьцаанууд, ялангуяа хагас дамжуулагчийн салбар хүчтэй дарамтад орсон байна. Европын зах зээлүүд харьцангуй тогтвортой байсан ч геополитикийн тодорхойгүй байдал болон болгоомжлолын нөлөөгөөр сул гүйцэтгэлтэй байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын хандлага өөдрөгөөс болгоомжлол руу шилжсэн долоо хоног байлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт маш их хэлбэлзэлтэй байв. Долоо хоногийн эхэнд зах зээл хүчтэй өсөлттэй нээгдэж, гурван гол индекс зэрэг түүхэн дээд амжилтдаа хүрлээ. Nvidia компани шинэ хиймэл оюун ухааны чипээ танилцуулсны дараа S&P 500 индекс 7,599.96, Nasdaq 27,086.81, Dow Jones 51,078.88 нэгжид хаагдав. Пүрэв гарагт Dow Jones 874 нэгжээр өсөж 51,561.93 нэгжийн түүхэн рекорд тогтоосон боловч энэ өсөлт нь голчлон технологийн бус салбаруудтай хамааралтай бөгөөд хөрөнгө оруулагчид аажмаар технологийн салбараас гарч эхэлж байгаагийн дохио байлаа. Баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яам 5 дугаар сарын ажил эрхлэлтийн тайланг гаргахад хүлээлтийг бараг хоёр дахин давсан 172,000 ажлын байр шинээр бий болсон байсан бөгөөд үүний үр дүнд ХНС 2026 онд хүүгээ бууруулах магадлал багасаж зах зээл үүнд даруй хариу үйлдэл үзүүллээ. Nasdaq индекс 5.09%-иар буурч 25,709.43 нэгжид хаагдсан нь 2025 оны 4 дүгээр сараас хойших хамгийн том уналт байв. S&P 500 2.62%-иар, Dow Jones 0.58%-иар тус тус буурлаа. Үүнээс гадна Broadcom компани жилийн хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлтийн зорилтоо нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь салбарын хувьцааг дарамтад оруулж, уналтыг улам гүнзгийрүүлэв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын зах зээл технологийн хувьцааны эзлэх хувь харьцангуй бага байдгаас шалтгаалан АНУ болон Азийн зах зээлтэй харьцуулахад илүү тогтвортой байлаа. FTSE 100 индекс 0.29%-иар өсөж 10,368.05 нэгжид, STOXX Europe 600 индекс 0.23%-иар өсөж 622.66 нэгжид, Францын CAC 40 индекс 0.47%-иар өсөж 8,221.21 нэгжид тус тус хаагдав. Харин Германы DAX 40 индекс ганцаараа 0.98%-иар буурч 24,759.05 нэгжид хаагдлаа. Долоо хоногийн турш АНУ-Ираны эвлэрлийн хэлэлцээрийн явц болон Ойрх Дорнодын нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглалт хийж, зах зээлийн сэтгэл санаа хэвийн бус хэвээр үлдлээ.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өнгөрсөн долоо хоногт бүгд уналттай хаагдлаа. Японы Nikkei 225 индекс бүс нутгийн хамгийн тогтвортой үзүүлэлтийг харуулж, долоо хоногийн эхэнд 66,629.6 нэгжээс нээгдэж 66,588.12 нэгжид хаагдан ердөө 0.06%-иар буурсан нь дэлхийн зах зээлийн хэлбэлзлийг харьцангуй сайн тэсвэрлэснийг илтгэж байна. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс бүс нутагт хамгийн их уналттай байсан бөгөөд 8,485.67 нэгжээс 8,160.59 нэгж болж долоо хоногт 3.83%-иар унав. Энэ нь KOSPI индексэд чипийн болон технологийн хувьцааны эзлэх хувь өндөр байдагтай холбоотой бөгөөд Broadcom компанийн хиймэл оюун ухааны чипийн зорилтоо нэмэгдүүлэхгүй гэсэн мэдэгдлийн дараах дэлхий нийтийн технологийн хувьцааны уналт KOSPI-д хүчтэй нөлөөлсөн гэж үзэж болно. Хятадын зах зээл ч мөн сөрөг үзүүлэлттэй хаагдаж, CSI 300 индекс 4,897.9 нэгжээс 4,816.92 нэгжид буурч 1.65%-иар, SSEC индекс 4,067.16 нэгжээс 4,027.74 нэгжид буурч 0.97%-иар тус тус уналаа. АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж өсөж, ФЕД 2026 онд хүүгээ бууруулах магадлал буурсан нь дэлхийн хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлж, Азийн зах зээлд ч дарамт үзүүлсэн байна.
⇒ ANTHROPIC КОМПАНИ $965 ТЭРБУМ ҮНЭЛГЭЭТЭЙГЭЭР IPO-Д БҮРТГҮҮЛЖ, OPENAI-Н ҮНЭЛГЭЭГ ДАВЛАА
2026 оны 6 дугаар сарын 1-нд Anthropic компани АНУ-ын Үнэт цаасны комисс (SEC)-д S-1 маягтаар нууцлалтай бүртгүүлж олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалах анхны алхмыг хийлээ.
Энэ бүртгэл нь Anthropic $65 тэрбум хэмжээтэй H цуврал санхүүжилтээ хаасны дараахан гарч ирсэн бөгөөд үүний дагуу компанийн үнэлгээ $965 тэрбумд хүрч, өрсөлдөгч OpenAI-г гүйцэж түрүүллээ. Тодруулбал OpenAI нь энэ оны 3 дугаар сарын сүүлчээр $122 тэрбумын санхүүжилтийг авсны дараа $852 тэрбумаар үнэлэгдсэн билээ. Bloomberg мэдээлснээр Morgan Stanley болон Goldman Sachs нар энэхүү IPO-г удирдан явуулах гол банкнуудаар сонгогджээ.
Anthropic нь энэ онд $47 тэрбумын орлого олсон хэмээн тооцоологдсон ба энэ нь аудитын шалгалтаар гарсан бодит орлого биш, харин одоогийн хэмнэлд үндэслэн тооцсон таамаг юм. Anthropic-ийн хувьд хамгийн том өсөлтийг авчирсан бүтээгдэхүүн нь хиймэл оюун ухааны кодчиллын туслах программ болох Claude Code бөгөөд энэхүү программ нь 2025 оны 5-р сард нийтэд нээлттэй болсон цагаасаа аж ахуйн нэгжүүдийн программ хангамжийн багийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Одоогоор Anthropic нь жилд дор хаяж $1 сая зарцуулдаг 1,000 гаруй бизнес харилцагчтай бөгөөд Fortune 10 компаниудын 8 нь Claude хэрэглэгч болсон байна. Anthropic-ийн орлогын ойролцоогоор 80% нь корпорацын харилцагчдаас бүрддэг бол OpenAI компанийн хувьд энэ тоо 40% байдаг. Иймээс орлогын эх үүсвэр нь тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой хэмээн үзэж болно.
Түүнчлэн Anthropic нь АНУ-д Public Benefit Corporation (ашиг олохоос гадна нийгэм, байгаль орчин зэрэг нийтэд тустай зорилгыг хууль ёсоор тусгайлан тусгасан компанийн хэлбэр) хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг нь хөрөнгө оруулагчдын хувьд санхүүгийн тоон үзүүлэлтүүдээс гадна орхигдуулж болохгүй чухал хүчин зүйл болж байна. Ердийн корпорац хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэн тэргүүнд тавьдаг бол Anthropic нь бизнесийн салбарт ашиг олох болон хиймэл оюун ухааныг аюулгүй, хариуцлагатайгаар хөгжүүлэх эрхэм зорилгыг тэнцвэртэй хослуулах үүрэгтэй. Хөрөнгө оруулагчид энэхүү бүтцийг давуу тал гэж үзэх үү, эсвэл хязгаарлагдмал байдлаар хүлээн авах уу гэдэг нь эргэлзээтэй байна.
⇒ ИЗРАИЛ–ЛИВАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ?
Энэ оны 6 сарын 3-нд Израил болон Ливан улс Вашингтонд болсон хэлэлцээний үр дүнд гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн газрын тосны зах зээлд шууд нөлөөлж, өмнөх гурван өдрийн турш өсөөд байсан тосны үнийг бууруулав.
Тухайлбал, Брет төрлийн газрын тосны үнэ 0.69 хувиар буурч нэг баррель нь 97.14 ам.доллар болсон бол WTI төрлийн тосны үнэ 0.65 хувиар буурч 95.4 ам.долларт хүрсэн байна. Үүнээс өмнөх гурван өдрийн хугацаанд газрын тосны үнэ нийтдээ бараг 10 хувиар өсөөд байсан юм.
Иран улс Ливан дахь мөргөлдөөнийг зогсоохгүй бол АНУ-тай цөмийн асуудлаарх хэлэлцээрт ахиц гаргахгүй гэж мэдэгдэж байсан тул энэхүү гал зогсоох тохиролцоо нь Ираны цөмийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг урагшлуулах чухал алхам гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн хэдий ч газрын тосны үнэ буурсан ч нийлүүлэлтийн эрсдэл бүрэн арилаагүй хэвээр байна. Хормузын хоолойн нөхцөл байдал тогтворжоогүй байгаа бөгөөд худалдааны агуулахуудын нөөц зургаан долоо хоног дараалан буурчээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд нөөц 8 сая баррелиар багассан байна. Ийм хурдацтай бууралт нь урт хугацаанд газрын тосны үнийг дахин өсгөх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Нөгөө талаас, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ногдуулсан төлбөр, зардал сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн онтой харьцуулахад дээд түвшинд хүрээд байна. Үүний улмаас тус улсын төсвийн орлого буурч, газрын тосны экспортын бодлогод дарамт учруулж байгаа аж.
Эдгээр нөхцөл байдлын үр дүнд ОХУ гадаад зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээгээ бууруулах магадлал нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн эрсдэлийг улам өсгөж болзошгүй байна.