Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.23

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.03.23

ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2026 оны эхний хоёр сард 54%-иар өсөв.
  • Английн Төв банк бодлогын хүүг 3.75%-д хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
  • АНУ ын улсын өр 39 их наяд ам.доллар давлаа.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 7.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Талх Чихэр ХК  болон Шивээ овоо ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 27.1 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9,225 төгрөгөөр буюу нийт 250 сая төгрөгөөр;  
  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 1.9 сая ширхэг үнэт цаас нэгжийн 1,301 төгрөгөөр буюу нийт 2.5 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бууралттай хаагдлаа. TOP-20 индекс 52,006.19 нэгжид хүрч 1.51%-иар буурсан бол идэвхтэй арилжаалагддаг хувьцаануудыг илэрхийлдэг MSE A индекс 20,101.80 нэгжид хүрч 0.83%-иар буурсан байна. Харин дунд, жижиг компаниудын сегментийг илэрхийлдэг MSE B индекс 14,511.05 нэгжид хүрч 0.17%-иар буурсан нь тухайн сегментэд илүү хүчтэй засвар хөдөлгөөн ажиглагдсаныг харууллаа. Нийт зах зээлийн хувьд хөрөнгө оруулагчдын идэвх саарч, богино хугацаанд ашиг хураах хөдөлгөөн давамгайлсан долоо хоног боллоо.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 52,006.19

-1.51%

MSE A Индекс 20,101.80 -0.83%
MSE B Индекс 14,511.05 -0.17%

 


⇒  МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12%-Д ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 3-р сарын 18, 20-нд хуралдаж, дотоод эдийн засагт сайжрал гарч байгаа ч гадаад орчны геополитикийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.  

Үндэслэлүүд

  • Инфляц буурч, 2026 оны 2-р сард 6.5% болж зорилтот түвшинд ойртсон. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан ч хүнсний үнэ эрчимжсэн нь инфляцад дарамт үзүүлж байна. Шатахуун, хүнсний дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалсан эрсдэл нэмэгдэж байгаа нь инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй.
  • 2025 онд эдийн засгийн өсөлт 6.8% болж сайжрахад ХАА, уул уурхай, аж үйлдвэрлэл голлон нөлөөлсөн. 2026 онд уул уурхайн салбар болон томоохон төслүүд өсөлтийг дэмжих төлөвтэй байна.
  • Гадаад орчинд түнш орнуудын өсөлтийн төлөв сайжирч, алт, зэсийн үнэ өндөр байгаа нь худалдаанд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал, түүхий эдийн үнийн савлагааг нэмэгдүүлж байна.

Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж буурсан боловч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна.

Энэхүү шийдвэр нь:

  • Инфляцыг 2027 оноос 5% (+/-2%) түвшинд тогтворжуулах.
  • Дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

 


 АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 2026 ОНЫ ЭХНИЙ ХОЁР САРД 54%-ИАР ӨСӨВ.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний хоёр сард хүчтэй өсөлт үзүүлж, нийт үйлдвэрлэл 10.4 их наяд төгрөгт хүрэн, өнгөрсөн оны мөн үеэс 54% буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ өсөлт нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн эрчимжилт, зарим боловсруулах салбарын өсөлттэй шууд холбоотой байна.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт өсөлтөд уул уурхай давамгай байр суурь эзэлж, салбарын үйлдвэрлэл 66.8% буюу 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал:
  • Металлын хүдэр олборлолт – 2.3 дахин өсөж, 2.9 их наяд төгрөгийн өсөлт үзүүлсэн.
  • Чулуун нүүрс олборлолт – 17.3% буюу 449.3 тэрбум төгрөгөөр өссөн.
  • Үүнээс гадна зэсийн баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, чулуун нүүрсний биет үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 40.9–86.1% иар өссөн нь салбарын өсөлтийг улам түргэтгэсэн байна.

Гэсэн хэдий ч зарим ашигт малтмалын олборлолт буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Цэвэршүүлээгүй алт
  • Хайлуур жонш
  • Газрын тос
  • Мөнгөн ба цайрын баяжмал

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, самнасан ноолуур, шохой, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цемент зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2-83.7 хувиар нэмэгджээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний хоёр сарын байдлаар 12.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 77.3% буюу 5.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс уул уурхайн салбарын борлуулалт дангаараа 5.3 их наяд төгрөгөөр (99.7%) өссөн байна. Эдийн засгийн гол хөдөлгөгч салбаруудын нэг болох аж үйлдвэр өндөр өсөлттэй байгаа нь 2026 оны эдийн засгийн төлөвт эерэг дохио өгч байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд ерөнхийдөө болгоомжлол давамгайлсан уур амьсгал ажиглагдлаа. Геополитикийн нөхцөл байдал, ялангуяа Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нь эрчим хүчний зах зээлээр дамжин инфляц дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг тодорхой хэмжээнд өөрчилсөн байна. Нөгөө талаас, салбаруудын гүйцэтгэл харилцан адилгүй байж, технологи болон эрчим хүч зэрэг салбарууд зах зээлийн нөхцөлд өөр өөрөөр хариу үзүүлсэн нь бүс нутаг болон салбар хоорондын ялгааг тодотгож байна.  

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -2.52%
  • Dow Jones: -2.42%
  • Nasdaq: -3.25%

АНУ-ын хөрөнгийн зах зээлүүд бууралттай хаагдлаа. Энэ хугацаанд геополитикийн тодорхойгүй байдал, ялангуяа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал, мөн нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын эрсдэл зах зээлд нөлөөлөв. Үүний зэрэгцээ мөнгөний бодлого урт хугацаанд харьцангуй хатуу хэвээр хадгалагдах хүлээлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хандлагыг сулруулж, ялангуяа технологи болон өсөлтийн хувьцаанд дарамт үзүүлсэн байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -3.87%
  • STOXX Europe 600: -3.84%
  • DAX 40 (Герман): -4.69%
  • CAC 40 (Франц): -3.22%

Европын хөрөнгийн зах зээлүүд өргөн хүрээний бууралтад орсон нь эрчим хүчний үнийн өсөлт, үүнээс үүдэлтэй инфляц болон эдийн засгийн өсөлтийн төлөвт үзүүлэх нөлөөллийн талаарх болгоомжлолтой холбоотой байв. Ялангуяа Германы DAX индекс илүү өндөр уналт үзүүлсэн нь үйлдвэрлэл, экспортод суурилсан компаниудын ирээдүйн гүйцэтгэлийн хүлээлт сулрасантай холбоотой. Бүс нутгийн хэмжээнд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлсан байна.  

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: -0.48%
  • KOSPI: +4.91%
  • CSI 300: -3.65%
  • SSEC : -3.30%

Азийн зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. Японы Nikkei индекс буурсан нь валютын ханшийн хэлбэлзэл болон гадаад орчны тодорхойгүй байдлын нөлөөтэй байв. Хятадын зах зээлүүд мөн бууралттай хаагдсан нь гадаад эрэлт болон хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой. Харин БНСУ-ын KOSPI индекс өссөн нь хагас дамжуулагч болон технологийн салбарын эерэг хүлээлт, салбарын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа.

 


⇒  АНГЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГ 3.75%-Д ХЭВЭЭР ҮЛДЭЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА.

Английн Төв банк сүүлийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 3.75%-д хэвээр үлдээв. Хорооны бүх гишүүдийн санал (9:0) энэ шийдвэрийг дэмжсэн бөгөөд энэ нь сүүлийн 4.5 жилд ямар ч саналын зөрүүгүй гарсан анхны шийдвэр болжээ. Төв банк II улирлын инфляцын төлөвийг 3%, III улирлынхыг 3.5% болгон өсгөсөн байна.  

BoE-ийн албан мэдэгдлүүдэд дурдсанаар, шинээр дэгдсэн Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж дэлхийн эрчим хүчний үнэ огцом өссөн, нефть, хийн хангамжийн тогтвортой байдалд тодорхойгүй байдал үүссэн нь инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Эдгээр эрсдэлүүд нь инфляцын бууралтыг удаашруулж, богино хугацаанд дахин өсөх нөхцөл бүрдүүлж болзошгүй байна. Тиймээс хүүг бууруулах нь одоогоор эрт гэж үзжээ.

Европын Төв банк мөн бодлогын хүүг 2%-д өөрчлөлтгүй үлдээсэн бөгөөд инфляцын төлөвөө 1.9%-аас 2.6% болгон өсгөсөн байна.  
 


⇒  АНУ ЫН УЛСЫН ӨР 39 ИХ НАЯД АМ.ДОЛЛАР ДАВЛАА.

АНУ ын Сангийн яамны 2026 оны гуравдугаар сарын 17-нд гаргасан тоон мэдээллээр нийт өрийн хэмжээ 39 их наяд ам.долларт хүрсэн нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр түвшин төдийгүй өмнөх өсөлтийн хурднаас хавьгүй илүү огцом өсөлт болж байна. Өрийн өсөлт ердөө таван сарын дотор 1 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь дайн, төсвийн алдагдал, өндөр зардлын бодлого зэрэг хүчин зүйлсийн нийлбэр дүн юм.  

Ираны дайнд АНУ аль хэдийн 12 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь цаашид ч төсөвт дарамт нэмэх төлөвтэй байна. Мөн татвар бууруулсан бодлого, батлан хамгаалах зардлын өсөлт, ахмадын халамжийн системийн өндөр өртөг зэрэг нь нийт өрийг хурдтай тэлж байгаа шалтгаануудын гол хэсэгт орж байна. Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассеттийн хэлснээр энэ зардал зөвхөн цэргийн зардлаар хязгаарлагдахгүй, шатахууны үнэ өсөх, нийлүүлэлтийн тогтвортой байдал алдагдах зэргээр өрхийн эдийн засагт шууд болон дам нөлөө үзүүлж эхэлжээ. Энэ нь өрхийн хэрэглээ, бизнесийн зардал, улмаар АНУ ын дотоодын инфляцын дарамтыг нэмэгдүүлэх суурь болж байна.

Эдийн засагчид энэ өсөлтийг тогтвортой бус гэж үзэж, хэрэв энэ хэвээр үргэлжилбэл улсын өр 2026 оны намрын сонгуулиас өмнө 40 их наяд ам.доллар хүрнэ гэж анхааруулж байна. Өрийн өсөлт нь энгийн иргэдийн зээлийн хүүг өсгөж, бараа үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж АНУын Засгийн газрын Хариуцлагын Газар (GAO) тайлбарлав.