Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.08.17

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.08.17

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын хөрөнгийн биржийн тойм.
  • Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хүргэж, мөнгөний бодлогыг чангарууллаа.
  • Мөнгөний нийлүүлэлт 25.2%-иар өсөж, зээлийн өсөлт харьцангуй өндөр хэвээр байна.
  • Улсын төсвийн алдагдал ₮2.2 их наядад хүрч, зарлагын өсөлт орлогийг давлаа.
  • АНУ-ын холбооны төсвийн алдагдал 7 дугаар сард $432 тэрбумд хүрч, төсвийн дарамт нэмэгдэв.
  • Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл $1.1 их наядад хүрч, өсөлт үргэлжилж байна.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 3.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 7.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Инновэйшн инвестмент ХК, Таван толгой ХК, болон Голомт Банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 1.67 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 300 үнээр, нийт 500 сая төгрөгөөр;
  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 845 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 296  үнээр, нийт 250 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.   

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. TOP-20 индекс 1.52%-иар, MSE A индекс 1.21%-иар өссөн нь томоохон болон тэргүүлэгч компаниудын хувьцаанд худалдан авах идэвх хадгалагдсаныг харуулж байна. Харин MSE B индекс 1.88%-иар буурсан бол FTI индекс 2.59%-иар өсөв. Энэ нь зах зээлийн өсөлт нийт сегментэд жигд бус байсан ч хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдэд харьцангуй өндөр байсныг илтгэлээ. МХБ-ийн үндсэн индексүүд нь зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхийг харгалзан тооцогддог тул TOP-20 болон MSE A-ийн өсөлтийг зах зээлийн тэргүүлэгч хувьцаануудын харьцангуй хүчтэй гүйцэтгэлтэй холбон үзэх боломжтой.

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 55,675.98

+1.52%

MSE A Индекс 21,296.03 +1.21%
MSE B Индекс 14,617.58 -1.88%
FTI Индекс 1,083.43 +2.59%

 


⇒  МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХҮРГЭЖ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛЛАА.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 12.5 хувьд, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт эдийн засгийн бусад хэсэгт дамжин нөлөөлөх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой.

2026 оны 7 дугаар сард инфляц 13.0 хувь хүрч, суурь инфляц 6.9 хувь болсон байна. Нийт инфляцын гол хэсгийг дотоодын хүнсний үнэ, шатахуун болон төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ. Ялангуяа шатахууны үнийн өсөлт тээвэр, үйлчилгээ болон бусад барааны өртөгт дамжин нөлөөлөх эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт 2026 оны эхний таван сард 7.3 хувьтай гарч, уул уурхай болон тээврийн салбар голлон дэмжсэн байна. Гадаад сектор мөн эерэг хэвээр бөгөөд эхний хагаст төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Бодлогын хүү болон заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн нь дотоодын эрэлтийг хэт тэлэхээс сэргийлэхийн зэрэгцээ инфляцын хүлээлтийг тогтворжуулахад чиглэж байна. Экспорт, валютын нөөцийн өсөлт макро тогтвортой байдлыг дэмжиж байгаа ч шатахуун, хүнсний үнэ болон геополитикийн эрсдэл үргэлжилбэл инфляц зорилтот түвшинд хүрэх хугацаа уртсах магадлалтай. Харин инфляцын хүлээлт тогтворжиж, нийлүүлэлтийн дарамт буурвал одоогийн чангаруулалтын үр нөлөө дунд хугацаанд илүү тодорхой илэрч болно.

 


 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 25.2%-ИАР ӨСӨЖ, ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА.

Үндэсний статистикийн хорооны 2026 оны 7 дугаар сарын “Мөнгө, зээл” статистикаар мөнгөний нийлүүлэлт (M2) оны 7 дугаар сарын эцэст 53.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.2%-иар өссөн байна. Өсөлтийг төгрөгийн хадгаламж 25.1%-иар, төгрөгийн харилцах 24.6%-иар, валютын харилцах 76.9%-иар нэмэгдсэн нь голлон дэмжжээ.

Нийт зээлийн үлдэгдэл 48.2 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 13.0%-иар өссөн ч өмнөх сараас 2.2%-иар буурсан байна. Нийт зээлийн 92.2% нь хэвийн зээл байгаа боловч чанаргүй зээлийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 17.2%-иар өссөн нь зээлийн чанарт анхаарах шаардлагатайг харуулж байна.

Харин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл II улирлын эцэст 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.3%-иар өссөн байна. Гэвч ББСБ-ын чанаргүй зээл 48.7%-иар өссөн нь санхүүгийн салбар дахь зээлийн чанарын эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.

Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн өсөлт нь эдийн засгийн идэвхийг дэмжиж байгаа ч инфляц өндөр үед мөнгөний өсөлт хэт хурдтай үргэлжлэх нь дотоодын эрэлтийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үүнтэй зэрэгцэн чанаргүй зээлийн өсөлт нь Монголбанкны 8 дугаар сарын мөнгөний бодлого чангаруулах шийдвэрийн цаашдын нөлөө болон санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг ажиглах чухал үзүүлэлт болж байна.

 


  УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ ₮2.2 ИХ НАЯДАД ХҮРЧ, ЗАРЛАГЫН ӨСӨЛТ ОРЛОГИЙГ ДАВЛАА.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр нийт орлого 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.6%-иар өссөн байна. Тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг болж, 11.0%-иар нэмэгджээ.

Гэхдээ төсвийн зарлага, цэвэр зээл орлогоосоо хурдан өсөж, 19.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15.5%-ийн өсөлттэй байна. Үүний үр дүнд тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийн 1.3 их наяд төгрөгийн алдагдлаас нэмэгджээ. Орлогын өсөлтийг татварын орлого голлон дэмжсэн бөгөөд эхний 7 сард татварын орлого 16.0 их наяд төгрөгт хүрч, 10.7%-иар өссөн байна. Нийгмийн даатгалын орлого 15.8%, НӨАТ 12.1%, орлогын албан татвар 9.8%-иар тус тус нэмэгджээ.

Зарлагын бүтцэд хөрөнгийн зардал онцгой өсөлттэй байж, 3.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.8%-иар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ бараа, үйлчилгээний зардал 18.3%-иар өссөн нь төсвийн зарлагын өсөлтийг нэмэгдүүлжээ.

Төсвийн орлого өсөж байгаа нь эдийн засгийн идэвх болон татварын суурь сайжирсныг харуулж байгаа боловч зарлага илүү хурдацтай нэмэгдэж буй нь төсвийн тэнцэлд дарамт үүсгэж байна. Ялангуяа хөрөнгийн зардлын өсөлт нь эдийн засгийн урт хугацааны бүтээмжийг дэмжих боломжтой ч инфляц өндөр байгаа үед төсвийн тэлэлт дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын дарамтыг нэмэх эрсдэлтэй. Иймээс цаашид орлогын өсөлтийг хадгалахын зэрэгцээ зарлагын үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж болон төсвийн алдагдлыг хянах нь макро эдийн засгийн тогтвортой байдлын хувьд чухал байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Дэлхийн зах зээлүүд ерөнхийдөө эерэг боловч жигд бус гүйцэтгэлтэй байлаа. АНУ-д гол индексүүд тогтвортой хадгалагдаж, Европт холимог хөдөлгөөн ажиглагдсан бол Азийн зах зээлд Япон, БНСУ-ын хүчтэй өсөлт онцгой байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил хэвээр байгаа ч инфляц, төв банкуудын бодлого, нефтийн үнэ болон геополитикийн эрсдэлүүд зах зээлийн цаашдын чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: +0.44%                            
  • Dow Jones: -0.63%     
  • Nasdaq: +0.18%     

8 дугаар сарын 10–16-ны долоо хоногт АНУ-ын зах зээл харьцангуй тогтвортой байж, S&P 500 0.44%, Nasdaq 0.18%-иар өссөн бол Dow Jones 0.63%-иар буурлаа. Хөрөнгө оруулагчид инфляцын мэдээлэл, ХНС-ийн цаашдын бодлогын чиглэл болон эрчим хүчний үнийн хөдөлгөөнийг анхаарч, зах зээл рекорд түвшинд ойр хэвээр байсан ч болгоомжтой байр суурь хадгалав.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • FTSE 100: -1.03%
  • STOXX Europe 600: -0.35%
  • DAX 40 (Герман): +0.30%
  • CAC 40 (Франц): -0.85%  

Европын зах зээлүүд холимог гүйцэтгэлтэй байж, DAX 40 0.30%-иар өссөн бол FTSE 100, STOXX Europe 600 болон CAC 40 тус тус буурлаа. Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл, нефтийн үнийн өсөлт болон мөнгөний бодлогын хүлээлт зах зээлийн гол анхаарлын төвд байсан ч компанийн ашиг орлого харьцангуй эерэг хэвээр байв.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +4.26%    
  • KOSPI: +10.65%     
  • CSI 300: -0.86%    
  • SSEC :-0.42% 

Азийн зах зээлүүдийн гүйцэтгэл ялгаатай байж, Nikkei 225 4.26%, KOSPI 10.65%-иар хүчтэй өссөн бол CSI 300 болон SSEC индексүүд бага зэрэг буурлаа. Япон, БНСУ-ын зах зээлийн өсөлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сэргэснийг харуулсан бол Хятадын зах зээлд өсөлтийн эрч харьцангуй сул байв. 

 


⇒   АНУ-ЫН ХОЛБООНЫ ТӨСВИЙН АЛДАГДАЛ 7 ДУГААР САРД $432 ТЭРБУМД ХҮРЧ, ТӨСВИЙН ДАРАМТ НЭМЭГДЭВ.

АНУ-ын холбооны төсвийн алдагдал 2026 оны 7 дугаар сард 432 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 48%-иар өссөн бөгөөд 2021 оны 3 дугаар сараас хойших хамгийн өндөр сарын алдагдал боллоо. Үүний зэрэгцээ 2026 оны санхүүгийн жилийн эхний 10 сарын хуримтлагдсан алдагдал 1.799 их наяд ам.долларт хүрч, 2025 оны бүтэн жилийн 1.775 их наяд ам.долларын алдагдлыг хэдийн давсан байна.

Холбооны засгийн газрын 7 дугаар сарын зарлага 766 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 22%-иар өссөн бол орлого 1%-иар буурч 334 тэрбум ам.доллар болсон байна. Гэхдээ зарим наймдугаар сарын тэтгэмжийг календарийн шалтгаанаар долоодугаар сард урьдчилан олгосон нь сарын зарлагыг ойролцоогоор 99 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Үүнийг тохируулсны дараа сарын алдагдал 333 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 18%-иар өссөн байна.

Төсвийн дарамтын нэг гол хүчин зүйл нь улсын өрийн хүүгийн төлбөр хэвээр байна. Долдугаар сард хүүгийн зардал 118 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 28%-иар өссөн бол Medicare-ийн зарлага мөн огцом нэмэгдсэн байна.

Нөгөө талд гаалийн татвар төсөвт хүлээгдэж байсан хэмжээнд орлого бүрдүүлж чадсангүй. Долдугаар сард тарифын буцаан олголт 33.4 тэрбум ам.долларт хүрч, тухайн сард шинээр төвлөрүүлсэн гаалийн татвараас давсан тул гаалийн цэвэр орлого сөрөг гарсан байна.  АНУ-ын Конгрессын Төсвийн алба гаалийн татварын жилийн орлогын төсөөллөө өмнөх тооцооллоос 250 тэрбум ам.доллараар бууруулсан байна.
 


⇒  ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИЙН ЗАХ ЗЭЭЛ $1.2 ИХ НАЯДАД ХҮРЧ, ХУДАЛДААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ӨСӨЖ БАЙНА.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээллээр нарны хавтан, салхин турбин, батарей, цахилгаан автомашин, дулааны насос зэрэг цэвэр эрчим хүчний технологийн дэлхийн зах зээл 2025 онд $1.1 их наяд хүрч, сүүлийн арван жилд жилд дунджаар 20 орчим хувиар өсжээ. Үүний зэрэгцээ технологийн өртөг буурч, нарны хавтангийн үнэ 2023–2025 онд ойролцоогоор 50%, батарейн үнэ 30%-иар буурсан байна.

Хятад улс үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтаар салбарт давамгайлж байгаа бол Европ, Өмнөд Солонгос, Энэтхэгт мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Гэвч үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтээс давсан, ялангуяа нарны хавтан болон батарейн үйлдвэрлэлд илүүдэл хүчин чадал үүссэн нь шинэ хөрөнгө оруулалтын өсөлтийг сааруулах хүчин зүйл болж байна.

Үүний зэрэгцээ тариф болон худалдааны хязгаарлалтууд нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээг дахин зохион байгуулах дарамт үүсгэж байна. Гэсэн хэдий ч IEA-ийн тооцоогоор өнөөгийн бодлого үргэлжилбэл цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд $2.6 их наяд давж болзошгүй.

Цэвэр эрчим хүчний салбарын өсөлт нь зөвхөн эрчим хүчний шилжилт бус, үйлдвэрлэл, худалдаа, технологийн өрсөлдөөний чухал чиглэл болж байна. Харин үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, худалдааны хязгаарлалт болон нийлүүлэлтийн сүлжээний төвлөрөл нь цаашдын хөрөнгө оруулалтын өгөөж, өсөлтийн хурдыг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна.