
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 21.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 27.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Премиум Нэксус ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Хаан банк ХК, Голомт Банк ХК болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын 2 удаагийн арилжаа зохион зохион байгуулагджээ. Тодруулбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэлтэй байлаа. TOP-20 индекс 54,916.32 нэгжид хүрч 0.09%-иар, MSE A индекс 21,101.92 нэгжид хүрч 0.17%-иар тус тус өссөн нь томоохон, идэвхтэй арилжаалагддаг хувьцаанууд харьцангуй тогтвортой байсныг илтгэнэ. Харин MSE B индекс 14,296.89 нэгж болж 1.10%-иар буурсан нь хоёрдогч зах зээлийн зарим хувьцаанд ашиг авалт, эрэлт сулрал ажиглагдсаныг харуулж байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 54,916.32 |
+0.09% |
| MSE A Индекс | 21,101.92 | +0.17% |
| MSE B Индекс | 14,296.89 | -1.10% |
⇒ 2025 ОН IPO-ГҮЙ ӨНДӨРЛӨЖЭЭ
2016 оноос хойш анх удаа Монголын хөрөнгийн зах зээлд бүтэн жилийн турш IPO хийгдсэнгүй. Цар тахлын дараах банкны реформ, биржид бүртгүүлэх сонирхол нэмэгдсэн ч 2025 онд зах зээлийн идэвх сул байлаа.
UBcab Holding IPO хийх зөвшөөрөл авсан боловч биржид гараагүй. Үүнтэй адил 2016 онд макро эдийн засгийн хүндрэл, таваарын үнийн уналтаас шалтгаалан IPO хийхээр бэлтгэгдсэн компаниуд арилжаанд орж чадаагүй тохиолдол ажиглагдсан. 2025 оны эхний хагаст таваарын зах зээлийн таагүй нөхцөл, эдийн засгийн тодорхой бус байдал IPO-г хойшлуулах гол хүчин зүйл болсон гэж үзэж байна.
⇒ АЛТНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ МОНГОЛ УЛС БҮРЭН АШИГЛАЖ ЧАДСАНГҮЙ
Сүүлийн жилд алтны үнэ олон удаа түүхэн дээд түвшнийг шинэчилж, 1-р сарын 28-ны өдөр унц нь $5,419.8-д хүрч он гарснаас хойш 25.1%-иар өсөөд байна. Гэвч Монгол Улс энэхүү үнийн өсөлтөөс хангалттай үр өгөөж хүртэж чадаагүй хэвээр байна.
2025 онд экспортолсон алтны хэмжээ өмнөх оноос 7.3%-иар, 2020 оныхоос 64.6%-иар буурч 10.8 тонн болсон нь сүүлийн таван жилийн хамгийн доод түвшин юм. Харин алтны үнэ огцом өссөнөөр экспортын орлого $1.2 тэрбумд хүрч, 2022 оны түвшинтэй ойролцоо хадгалагдсан байна. Энэ нь экспортын биет хэмжээ буурсан ч нэгж үнэ хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна. Нөгөө талд Монголбанкны алт худалдан авах үнэ бараг хоёр дахин өссөн ч худалдан авсан алтны хэмжээ 2020 оныхоос 31%-иар буурч, төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байна.
Алдагдсан боломжийн гол шалтгаан нь ашиглалтад орсон алтны ордын тоо хязгаарлагдмал байгаатай холбоотой. Бүртгэлтэй алтны ордуудын дийлэнх нь олборлолтод ороогүй хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой томоохон нөөц ашиглагдаагүй байна. Олон улс алтны үнийн өсөлтийг стратегийн давуу тал болгон ашиглаж буй энэ үед Монгол Улс хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтаа эрчимжүүлснээр алтнаас олох орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой хэвээр байна.
⇒ КАЗАХСТАН, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ $500 САЯД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВИВ
Казахстан болон Монгол Улс хоёр талын худалдааны эргэлтийг дунд хугацаанд $500 саяд хүргэх стратегийн зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилго нь одоогийн худалдааны хэмжээнээс ойролцоогоор 4 дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
2025 оны эхний 11 сарын байдлаар Казахстан–Монголын худалдааны нийт эргэлт $121.5 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5%-иар өссөн. Үүний:
Казахстанаас Монгол руу экспортолж буй гол нэр төрлийн бүтээгдэхүүнд:
Харин Монгол Улсаас Казахстан руу:
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Казахстаны тал Монгол Улсад худалдааны төлөөлөгчдийг илгээхээр төлөвлөжээ. Энэ нь хоёр улсын бизнес хоорондын шууд харилцааг хөгжүүлэх, Казахстаны аж үйлдвэрийн болон чөлөөт бүсүүдийг танилцуулах, экспортын шинэ боломжийг нээх зорилготой юм.
Мөн талууд хөдөө аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн онцолж, Казахстанаас Монгол руу:
Одоогийн $121.5 саяын худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх зорилт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах стратегийн алхам гэж үнэлэгдэж байна. Хэрэв худалдааны нэр төрөл, логистик, зах зээлийн хүртээмжийг тэлж чадвал Монгол Улсад экспортын шинэ боломж, импортын өрсөлдөөнт эх үүсвэр нэмэгдэх хүлээлттэй байна.
Дэлхийн голлох хөрөнгийн зах зээлүүдэд хөрөнгө оруулагчдын хандлага болгоомжтой, ялгаатай хэвээр байна. АНУ-д технологи болон уламжлалт салбаруудын гүйцэтгэл зөрүүтэй байж, Европт бүс нутгийн эдийн засгийн эрсдэл тодорхой хэмжээнд дарамт үзүүлэв. Харин Азид БНСУ болон Японы зах зээл харьцангуй хүчтэй байсан ч Хятадын зах зээлд сэргэлтийн талаарх эргэлзээ хадгалагдсаар байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдлаа. S&P 500 бага зэрэг өссөн нь томоохон компанийн хувьцаануудын тогтвортой байдлыг илтгэсэн бол Dow Jones болон Nasdaq буурсан нь үйлдвэрлэл, технологийн салбарт ашиг авалт давамгайлсныг харуулж байна. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн мэдээлэл болон мөнгөний бодлогын хүлээлтийг анхааралтай ажигласан хэвээр байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын зах зээл нийтэд нь тогтуун боловч ялгаатай гүйцэтгэлтэй байлаа. FTSE 100 болон STOXX Europe 600 өссөн нь зарим салбарын дэмжлэгийг илтгэж байгаа бол Германы DAX 40 огцом буурч, бүс нутгийн эдийн засгийн эрсдэл, компанийн тайлангуудтай холбоотой болгоомжлолыг тусгав. Францын CAC 40 бараг өөрчлөлтгүй хаагдсан нь зах зээлийн хүлээлт хүлээлтийн байдалтай байгааг харуулна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн зах зээлд эерэг ба сөрөг чиг хандлага зэрэгцэв. Японы Nikkei 225 болон БНСУ-ын KOSPI хүчтэй өсөлт үзүүлсэн нь экспорт, технологийн салбарын дэмжлэгтэй холбоотой. Харин Хятадын CSI 300 болон SSEC индексүүд буурсан нь дотоодын эдийн засгийн сэргэлтийн талаарх болгоомжлол үргэлжилж байгааг илтгэнэ.
⇒ АЛТ, МӨНГӨ ОГЦОМ УНАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЗАХ ЗЭЭЛД САВЛАГАА НЭМЭГДЭВ
Өнөөдөр алт, мөнгөний үнэ уналтаа үргэлжлүүлж, өнгөрсөн баасан гаргийн огцом уналтаар эхэлсэн алдагдлыг улам тэллээ. Ам.долларын ханш чангарч, ашиг авах хөдөлгөөн идэвхэжсэн нь хэдхэн хоногийн өмнө үнэт металлуудыг түүхэн дээд түвшинд хүргэсэн өсөлтийн эрчийг сулруулсан байна.
Алтны спот үнэ 5% буурч, нэг унц нь 4,617 ам.доллар боллоо. Баасан гарагт алт ойролцоогоор 10% унаж, 5,000 ам.долларын босгоос доош орсон нь зах зээлийг цочроосон үйл явдал байв. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь урт хугацааны чиг хандлага эвдэрсэн бус, харин хэт огцом өсөлтийн дараах засвар юм.
Мөнгөний үнэ мөн дарамтад орж, өнөөдөр 4%-иас дээш унаж, нэг унц нь 80.63 ам.доллар болжээ. Баасан гарагт 30%-ийн огцом уналт үзүүлсэн ч мөнгө оны эхнээс ~16%, харин 2025 онд нийтдээ 141% өсөөд байгаа нь урт хугацааны өсөлтийн суурь хадгалагдаж байгааг харуулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, уналт нь АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлттэй зэрэгцэн Холбооны нөөцийн сангийн удирдлагын талаарх хүлээлт огцом өөрчлөгдсөнтэй холбоотой. Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн бүрэн эрх дууссаны дараа түүнийг орлох хүнээр өмнөх Төв банкны удирдах албан тушаалтан Кевин Уорш-ийг нэр дэвшүүлсэн нь зах зээлд “хатуу бодлого”-ын дохио болж, ам.долларын ханшийг дэмжсэн байна.
⇒ НҮБ САНХҮҮГИЙН НОЦТОЙ ХЯМРАЛД ОРЖ, ДАМПУУРАХ ЭРСДЭЛ ОЙРТОЖ БУЙГ АНХААРУУЛЛАА
НҮБ санхүүгийн ноцтой хүндрэлд орж, ойрын саруудад дампуурах эрсдэл үүссэнийг Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гишүүн орнуудад илгээсэн захидалдаа анхаарууллаа. Тэрээр гишүүн орнууд татварын үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа, мөн зарцуулагдаагүй хөрөнгийг буцаан олгодог одоогийн дүрэм нь байгууллагын мөнгөн урсгалыг доголдуулж байгааг онцолсон байна.
Гол хүндрэлүүд
НҮБ-ын дүрмийн дагуу татварын хувь хэмжээ нь гишүүн орнуудын эдийн засгийн хэмжээнээс хамаардаг бөгөөд АНУ нийт төсвийн 22 хувь, Хятад улс 20 хувийг бүрдүүлдэг. Ялангуяа НҮБ-ын гол хандивлагчдын нэг АНУ олон талт хамтын ажиллагаанаас ухарч, байнгын төсөв болон энхийг сахиулах ажиллагааны төлбөрөө төлөхөөс татгалзаж байгаа нь хямралыг улам хурцатгажээ. Харин БНХАУ татвараа бүрэн төлсөн бол ОХУ дараа нь 71 сая ам.долларын өрөө барагдуулсан байна.
Гутерриш гишүүн орнуудыг санхүүгийн үүргээ бүрэн биелүүлэхгүй бол одоогийн дүрэм журмыг үндсээр нь өөрчлөх шаардлагатайг сануулсан байна. НҮБ 2026 оны төсвөө 7 хувиар танаж, 3.45 тэрбум ам.доллароор баталсан ч одоогийн нөхцөл үргэлжилбэл долоодугаар сар гэхэд байгууллага бэлэн мөнгөгүй болох эрсдэлтэй гэж анхааруулжээ.
⇒ TESLA-ИЙН ОРЛОГО АНХ УДАА БУУРЧ, РОБОТЫН СТРАТЕГИД ШИЛЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla 2025 онд түүхэндээ анх удаа жилийн орлого буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус компанийн орлого $94.8 тэрбум болж, өмнөх оноос 3%-иар буурсан нь Хятадын BYD тэргүүтэй үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн эрчимжиж, борлуулалт саарсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнээс гадна гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн идэвх, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаа тогтоосон нь Европын зах зээлд борлуулалтад сөргөөр нөлөөлжээ.
Гол үзүүлэлтүүд
Илон Маск тайлангийн хурлын үеэр Tesla стратегийн шинэ чиглэлээ танилцуулж, Model S болон Model X загваруудын үйлдвэрлэлийг зогсоон, Калифорни дахь үйлдвэртээ Optimus хүн дүрст робот үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдэв. Түүний хэлснээр, тус үйлдвэр цаашид жилд нэг сая робот үйлдвэрлэх зорилготой бөгөөд ойрын жилүүдэд үйлдвэрлэлийг хязгаарлах гол хүчин зүйл нь хиймэл оюуны зориулалттай чипийн хангамж байх аж.
Үүнтэй холбоотойгоор Маск АНУ-д “Terafab” нэртэй хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах боломжийг судалж байгаагаа илэрхийлж, геополитикийн эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд дотоодын үйлдвэрлэлийн чадавх стратегийн ач холбогдолтойг онцоллоо.