Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.11.03

Долоо Хоногийн Тойм Мэдээ 2025.11.03

Уншсан既読Read 23
ТүгээхShare共有する공유하기
— ТОВЧ АГУУЛГА —
  • Монголын Хөрөнгийн Биржийн тойм.
  • S&P Global Ratings: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-“ болгож ахиулав.
  • Монголбанк макро зохистой бодлогын асуудлаар анхны хурлаа хийв.
  • Netflix 1 хувьцаагаа 10 болгон хуваах төлөвлөгөөгөө зарлалаа.
  • Европын Төв банк бодлогын хүүгээ 2 хувьд хэвээр хадгаллаа.
  • Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.

 

► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 4.36 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.06 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Тэнгэр Даатгал ХК, Хаан Банк ХК, АПУ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • АПУ ХК-ийн (APU) 316.8 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,180 төгрөгөөр буюу нийт 373.9 сая төгрөгөөр;
  • Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 1.25 сая ширхэг үнэт цаас нэгжийн 800 төгрөгөөр буюу нийт 1 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Top 20 индекс 2.16%-иар, MSE A индекс 2.40%-иар, MSE B индекс 0.79%-иар өссөн ба зах зээлийн уур амьсгал эерэг байв. Зах зээл өсөхөд “Монголын хөрөнгийн бирж ХК”, “Хаан банк ХК” зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш өссөнөөс гадна зарим компанийн улирлын тайлан эерэг дүнтэй гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн байна. 

ИНДЕКС НЭГЖ ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног)
TOP 20 Индекс 50,096 +2.16%
MSE A Индекс 19,412 +2.40%
MSE B Индекс 14,455 +0.79%

 

 


⇒ S&P GLOBAL RATINGS: МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “BB-“ БОЛГОЖ АХИУЛАВ. 

Олон улсын үнэлгээний S&P Global Ratings байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” байснаас ахиулан “BB-“ болгож, урт хугацааны төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн байна. Ингэснээр тус байгууллага 13 жилийн дараа Монголын зэрэглэлийг “BB-“ түвшинд эргүүлэн аваачиж байна. 

Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна:

1.    Эдийн засгийн өсөлт, экспортын тэлэлт

  • Монгол Улсын эдийн засаг 2024 онд ~5.1% өсөх төлөвтэй, 2025 онд ~5.5% орчим өсөгдөх боломжтой гэж S&P тооцоолсон байна. 
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, ялангуяа зэсийн олборлолт, нүүрсний экспорт зэрэг өсөж байгааг онцолжээ. 

2.    Санхүүгийн хяналт, төсвийн сахилга бат сайжирсан

  • Монгол Улсын төсвийн төсөл, гүйцэтгэл илүү тогтворжиж, санхүүгийн хохирол багассан гэж үзэж байна.
  • Стратегийн уул уурхайн орлого нэмэгдсэн нь төсвийн орлогыг харьцангуй тэлж, өр / ДНБ харьцаа буурах суурь болжээ. 

3.    Гадаад салбарын нөхцөл байдлын сайжралт

  • Орлогын үндсэн гадаад эх үүсвэр нэмэгдэж, гаднаас авах өрийн дарамт, гадаад өрийн төлбөрийн нөхцөлүүд харьцангуй дээрдсэн гэж үзэж байна. 

4.    Удирдлага болон бодлогын хувьд тогтвортой байдал байгааг үнэлсэн

  • Улс төрийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байсан ч S&P нь бодлогын гол чиглэлүүд, төсвийн сахилга бат, санхүүгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн баримтлах боломжтой гэж үнэлжээ.


 


⇒ МОНГОЛБАНК МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГЫН АСУУДЛААР АНХНЫ ХУРЛАА ХИЙВ.

2025 оны 10 сарын 30-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын асуудлыг хэлэлцсэн анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар банкны салбарын эрсдэлийн байдлыг үнэлэхэд эрсдэл даах чадвар хэвийн гэж дүгнэж, бодлогын арга хэрэгслүүдэд өөрчлөлт оруулаагүй байна.

Системийн эрсдэлийн үнэлгээгээр банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн гэж дүгнэсэн бөгөөд гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал болохыг онцоллоо. Зээлийн өсөлт саарч байгаа ч бизнесийн зээл өндөр түвшинд, харин хэрэглээний зээл буурч буйг тэмдэглэжээ. Цаашид хэрэглээний зээлийн чанарт анхаарч, зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөсөн байна.

 

► ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2025 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 02-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнтэй байлаа. АНУ-ын индексүүд S&P 500 бага зэрэг буурч, харин Dow Jones болон Nasdaq эерэг хөдөлгөөнтэй байсан нь технологи болон хиймэл оюун, программ хангамжийн салбарын хувьцааны өсөлтөөс дэмжлэг авчээ. Европын зах зээлд STOXX Europe 600, CAC 40 болон DAX 40 индексүүдийн ихэнх нь бууралттай байж, Германы эдийн засгийн идэвхийн сулрал, үйлдвэрлэлийн бууралт, инфляцын дарамт голлох хүчин зүйл болжээ. Азийн хөрөнгийн зах зээлд Япон, Өмнөд Солонгосын зах зээлүүд эерэг өсөлттэй байхад Хятадын CSI 300 болон SSEC индексүүд бага зэрэг уналттай байсан нь зах зээлийн хүлээлт, санхүүгийн салбарын сулралттай холбоотой байлаа.

 

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • S&P 500: -0.08%
  • Dow Jones: +0.32%
  • Nasdaq: +0.80%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнтэй байлаа. S&P 500 индекс 0.08%-иар буурч, харин Dow Jones 0.32%-иар, Nasdaq 0.80%-иар тус тус өссөн байна. Технологийн салбарын тэргүүлэгч компаниудын ашиг өсөж, хиймэл оюун ухаан болон программ хангамжийн чиглэлийн хувьцаануудын ханш өссөн нь Nasdaq индексийн өсөлтийг дэмжсэн. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын хувьцаанууд бага зэрэг дарамттай байсан нь S&P 500-ийн хөдөлгөөнийг хязгаарлав. Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сангийн ирэх сарын хуралдааны шийдвэрийг хүлээж, инфляц буурах хандлага болон эдийн засгийн тогтвортой өсөлтөд анхаарлаа төвлөрүүлжээ.

 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • STOXX Europe 600: -0.86%
  • DAX 40 (Герман): -1.54%
  • CAC 40 (Франц): -1.41%

Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл уналттай долоо хоногийг үдлээ. STOXX Europe 600, DAX 40, CAC 40 индексүүд бууралттай хаагдсан нь Европын эдийн засгийн өсөлт болон бизнесийн идэвх сулрах, инфляц, төв банкнуудын бодлогын чиглэлийн хүлээлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөтэй холбоотой юм. Германы томоохон үйлдвэрлэл, экспортын компаниудын хувьцааны ханш уналттай байсан нь DAX 40-ийн бууралтыг дэмжсэн бол Францын санхүү, эрчим хүчний салбарын хувьцааны сулралт CAC 40-д нөлөөлжээ. Европын төв банкнуудын бодлогын хүлээлт, инфляцын мэдээ, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлүүд нь зах зээлийн сэтгэл зүйг дарж, STOXX Europe 600 индексийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

 

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Nikkei 225: +5.02%
  • KOSPI: +2.69%
  • CSI 300: -1.25%
  • SSEC : -0.36% 

Өнгөрсөн долоо хоногт Ази дахь хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнтэй байлаа. Японы Nikkei 225 индекс 5.02%-иар эрс өссөн бол Өмнөд Солонгосын KOSPI индекс 2.69%-иар нэмэгдсэн байна. Харин Хятадын CSI 300 индекс 1.25%-иар, SSEC индекс 0.36%-иар буурсан байна. Японы өсөлтөд технологи болон экспортын салбарын компаниудын хувьцааны ханшийн огцом өсөлт голлон нөлөөлжээ. Өмнөд Солонгост санхүү болон баталгаат хөрөнгө оруулалтын компанийн хувьцааны өсөлт KOSPI-ийг дэмжсэн бол Хятадын зах зээлд санхүүгийн болон үйлдвэрлэлийн салбарын сулралт CSI 300, SSEC-ийн уналтыг түргэсгэсэн байна. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлт, валютын хэлбэлзэл болон төв банкнуудын бодлогын хүлээлтэд анхаарлаа төвлөрүүлжээ.

 


 NETFLIX 1 ХУВЬЦААГАА 10 БОЛГОН ХУВААХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАЛАА. 

2025 оны 11 дүгээр сарын 10-нд Netflix (NASDAQ: NFLX) компани 1 хувьцааг 10 хувьцаа болгон нэмэгдүүлэх буюу хувьцаа хуваалт хийх шийдвэрийг зарлалаа. Энэ нь компанийн сүүлийн жилүүдэд хувьцааны ханш огцом өссөнтэй холбоотой бөгөөд илүү олон хөрөнгө оруулагчдыг татах стратегийн алхам гэж шинжээчид үзэж байна.

Хуваалтын дэлгэрэнгүй мэдээлэл

  • Хуваалтын харьцаа: 1 хувьцаа → 10 хувьцаа
  • Бүртгэлийн огноо: 2025 оны 11-р сарын 10 — энэ өдөр хүртэл хувьцаа эзэмшиж буй хөрөнгө оруулагч бүр хуваалтын эрхтэй болно.
  • Арилжаа шинэ үнээр эхлэх огноо: 2025 оны 11-р сарын 17
  • Нэгж хувьцаанд ногдох шинэ хувьцаа: 9 ширхэг нэмэлт хувьцаа (нийт 10 хувьцаа болох)

Хуваалтын дараа компанийн нийт хувьцааны тоо 10 дахин нэмэгдэх боловч нэгж хувьцааны үнэ 10 дахин буурах буюу компанийн нийт зах зээлийн үнэлгээ өөрчлөгдөхгүй байна.

Netflix-ийн хувьцаа сүүлийн 3 жилд 360% өсөж, олон жижиг хөрөнгө оруулагчдын хувьд нэгж хувьцааны үнэ хэт өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд хувьцаа хуваалт хийснээр үнэ буурч хөрөнгө оруулагчдын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хувьцааны тоо хэмжээ нэмэгдсэнээр арилжааны идэвх өсөж хөрвөх чадварыг сайжруулна.

Netflix-ийн хувьцаа хуваалтын мэдээ гарсны дараа NASDAQ дээр ханш бага зэрэг өссөн бөгөөд шинжээчид үүнийг “хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан алхам” гэж дүгнэж байна. Мөн тус компани 2025 онд орлогын өсөлтөө үргэлжлүүлэн хадгалах, шинэ зах зээлүүдэд өргөжин нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа нь урт хугацаанд хувьцааны үнэ тогтвортой өсөх хүлээлт үүсгэж байна.
 

 


⇒   ЕВРОПЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 2 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА.

2025 оны 11 дүгээр сарын эхээр Европын Төв банк ээлжит хурлаа хийж, бодлогын хүүгээ 2%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь инфляцын түвшин буурч байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт сул байгаа нөхцөлд мөнгөний бодлогоо болгоомжтой баримтлах хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой юм.

Европын Төв банкны Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Евро бүсийн инфляц тогтворжиж байгаа ч 2%-ийн зорилтот түвшинд бүрэн хүрэхэд хугацаа шаардлагатай” гэж онцолсон байна.
Тиймээс банк суурь хүүг 2%, хэт богино хугацааны зээлдүүлэх хүүг 2.25%, харин хадгаламжийн хүүг 1.75% түвшинд хэвээр үлдээжээ.

Инфляц ба эдийн засгийн төлөв

  • Евро бүсийн инфляц 2023 оны оргил үеэс хойш тогтмол буурч, 2025 оны 10 дугаар сард жилийн өсөлт 2.3% орчимд хүрээд байна.
  • Гэвч эдийн засгийн өсөлт хүлээлтээс сул, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд эрэлт багассан байдалтай байна.
  • Тиймээс Европын Төв банк инфляц буурах чиг хандлага тогтвортой эсэхийг цаашид ажиглах байр суурьтай байгаа юм.